Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 1077

 

2020         08           25                                           2020/ДШМ/1077

Ц.М, С.А нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Б.Батзориг, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Яндаг,

яллагдагч Ц.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгч Ж.Энхтуяа,

яллагдагч С.Аын өмгөөлөгч Г.Гантуяа,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 2020/ШЗ/1424 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Г.Яндагийн бичсэн 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 47 дугаартай эсэргүүцлээр Ц.М, С.А нарт холбогдох эрүүгийн 2008008360690 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржав илтгэснээр хянан хэлэлцэв.

1. ...................., 19...... оны .......... дүгээр сарын ............-ний өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 52-26 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:.........../,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 204 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 120 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 1 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн;

2. ..........., 19....... оны ......... дугаар сарын ...........ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эмээ, эгч, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Сансар 10 дугаар гудамжны 37 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:............../,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 901 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 120 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 7 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 111 дугаартай захирамжаар 7 сар 10 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан;

Ц.М, С.А нар нь бүлэглэн 2020 оны 2 дугаар сарын 5-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Сансарын 4-80 тоот хашааны гадна байрлуулсан байсан 52-45 УББ улсын дугаартай “Тоёота Филдэр” загварын тээврийн хэрэгслээс иргэн Т.Ганхуягийн монетон бөгж 1 ширхэг, гар утас, нүдний шил, иргэний үнэмлэх, гоо сайхны хэрэгслүүд, түрийвч, бэлэн 50.000 төгрөг зэрэг нийт 583.300 төгрөгийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч, хулгайлах гэмт хэргийг бага хэмжээнээс дээш хохирол учруулж үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Ц.М, С.А нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан атал прокурор яллагдагч С.Ад холбогдох хулгайлах үйлдлүүдийг нэгтгэлгүйгээр ял сонсгон тус тусад нь яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ. Тодруулбал, тус шүүхэд яллагдагч С.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулсан эрүүгийн 2008008360690 болон 2008011050519 дугаартай хэргүүд цаг хугацааны хувьд ар араасаа зэрэгцэн шилжиж ирсэн байна. Шүүхийн журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед эрүүгийн хэргүүдийг нэгтгэх хууль зүйн боломжгүй, мөн анхан шатны шүүх яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлтэд тусгасан хэргийн хэмжээнээс хэтрүүлэх эрх хэмжээгүйг дурдахын зэрэгцээ шүүх нэгтгэлээ гэж үзэхэд шүүх хуралдаанд аль прокурор нь аль яллах дүгнэлтээр яллаж оролцох нь ойлгомжгүй нөхцөл байдал үүслээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт шударга ёсны зарчмыг хуульчлахдаа нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна хэмээн заасан байхад нэг прокурорын газраас нэг хүнд холбогдох нэг гэмт хэргийг хоёр тусад нь яллахаар хэргийг шүүхэд ирүүлсэн байгааг прокурорын хяналтын хүрээнд онцгой анхаарвал зохино. Дээрх нөхцөл байдлуудаас нэгтгэн дүгнэвэл, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгэхээр яллагдагч Ц.М, С.А нарт холбогдох эрүүгийн 2008008360690 дугаартай хэргийг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт буцааж, яллагдагч Ц.М, С.А нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очтол хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Прокурор Г.Яндаг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 1424 дугаартай шүүгчийн захирамжийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Учир нь, яллагдагч С.А нь Ц.Мтэй бүлэглэн 2020 оны 2 дугаар сарын 5-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Сансарын 4-80 тоот хашааны гадна байрлуулсан байсан 52-45 УББ улсын дугаартай “Тоёота Филдэр” маркийн тээврийн хэрэгслээс иргэн Т.Ганхуягийн монетон бөгж 1 ширхэг, гар утас, нүдний шил, иргэний үнэмлэх, гоо сайхны хэрэгслүүд, түрийвч, бэлэн 50.000 төгрөг зэрэг 583.300 төгрөгийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдын эд хөрөнгийг тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч, бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилж, 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр прокуророос 584 дугаартай яллах дүгнэлт үйлдэн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Мөн яллагдагч С.А нь Б.Баясгалан, Х.Эрдэнэбаатар нартай бүлэглэн 2020 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд нарангийн 9-232 тоотод оршин суух Ж.Жаргалсайханы эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай өвлийн сууц вакум цонхыг түлхэн нэвтэрч, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, бэлэн 105.000 төгрөгийг хулгайлан авч, 605.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зуйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилж, 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр прокуророос 507 дугаартай яллах дүгнэлт үйлдэн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. Яллагдагч С.Аын үйлдсэн хулгайлах гэмт хэргүүд нь тус тусдаа цаг хугацаа, орон зайд үйлдэгдсэн байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үргэлжилсэн гэмт хэрэг гэж үзэх хуулийн үндэслэлгүй юм. Яллагдагч С.А, Ц.М нарт холбогдох эрүүгийн 2008008360693 дугаартай хэрэг мөн С.А, Б.Баясгалан, Х.Эрдэнэбаатар нарт холбогдох эрүүгийн 2008011050519 дугаартай хэргүүд нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжин ирсэн байх ба Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар бүлэгт заасан “Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, шүүх хуралдааны бэлтгэл хангах ажиллагааг” шийдвэрлэхдээ тус хуулийн 33.2 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт заасан 2 эрүүгийн хэргийг нэгтгэн шийдвэрлэх хууль зүйн боломжтой атал шүүхийн журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед эрүүгийн хэргүүдийг нэгтгэх хууль зүйн боломжгүй гэж дүгнэсэн, мөн шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ямар мөрдөн шалгах нэмэлт ажиллагааг хийлгэхээр прокурорт буцааж байгаа нь ойлгомжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт заасан шүүхэд олгосон эрх хэмжээг ямар тохиолдолд хэрэглэх талаар үндэслэл бүхий дүгнэлт тайлбар хийлгүйгээр хэргийг прокурорт буцаан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн заалттай нийцэхгүй, мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, ...дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй” гэж дүгнэхээр байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүйгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байх тул тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 1424 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

Яллагдагч Ц.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгч Ж.Энхтуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байна.” гэв.

Яллагдагч С.Аын өмгөөлөгч Г.Гантуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байна. Нэг дүүргийн хоёр прокурор хэргийг нэгтгэлгүйгээр тус тусдаа яллах дүгнэлт үйлдэн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг. Хэргийг нэгтгээд анхан шатны шүүхэд шилжүүлэх боломжтой байсан. Энэ нь яллагдагчийн эрх зүйн байдалд сөргөөр нөлөөлөх байгаа.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Ц.М, С.А нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Ц.М, С.А нарт холбогдох эрүүгийн хэргийг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт буцаасан шүүгчийн захирамж нь хууль зүйн үндэслэлтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5-д “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна.” гэж, мөн хуулийн 2.2 дугаар зүйлийн зүйлийн 3-д “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж тус тус заажээ.

Хавтас хэргээс үзэхэд, яллагдагч С.Ад Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэрэгт холбогдуулан хоёр тусдаа яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн ба түүний үйлдлүүд хоорондоо 19 хоногийн зайтай үйлдэгдсэн байх бөгөөд хулгайлах гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангажээ.

Гэтэл Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас дээрх үйлдлүүдэд 13 хоногийн зайтай тус тусад нь яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь яллагдагчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэхээр байна.

Иймд дээрх зөрчлийг арилгуулахаар прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 2020/ШЗ/1424 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Г.Яндагийн бичсэн 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 47 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ,

                        ШҮҮГЧ                                                                        Д.ОЧМАНДАХ

ШҮҮГЧ                                                                        Б.БАТЗОРИГ         

 

ШҮҮГЧ                                                                        Д.МЯГМАРЖАВ