Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 128/ШШ2019/136

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Өлзийжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: О ХХК

Хариуцагч: Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтэс

Нэхэмжлэлийн шаардлага: Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж, 4******* байрны Зоорийн давхарын ******* тоот хаягт байрлах авто зогсоолын зориулалттай улсын бүртгэлийн 0063******* тоот, Ү-220504******* дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг хүчингүй болгуулах;

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч М.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Э.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

О ХХК-ийн гүйцэтгэх захирал Р.Г болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.А нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 онд Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж, Elegance town хотхоны 4******* байрны зоорийн давхарт ******* тоот авто зогсоолын зориулалтаар иргэн Н.Мд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг олгосон байдаг. Үүний дараагаар иргэн Н.М нь иргэн Б овогтой А-д өмчлөх эрхээ шилжүүлсэн байдаг.

Аливаа барилгын компани орон сууц барих зураг төслөө холбогдох эрх бүхий төрийн захиргааны байгууллагаар хянуулж, батлуулж, зөвшөөрөл авсны үндсэн дээр барилгыг барьж, барилга зураг төслийн дагуу явагдсан эсэхэд холбогдох мэргэжлийн хяналтын байгууллагууд хяналтаа тавьж, эцэст нь улсын комисс хүлээн авч орон сууцыг ашиглалтад оруулдаг. Гэтэл Барилгын батлагдсан ерөнхий зураг болон улсын комисс тухайн барилгыг хүлээж авсан зураг төсөлд иргэн Б.А-д олгосон ******* тоот авто зогсоолын газарт огт автомашины зогсоол байрлуулсан тухай тэмдэг, тэмдэглэгээ, барилгын зураг хийгдээгүй. Харин тус газрыг нэхэмжлэгч миний өмчлөлийн талбай руу орох, гарах ганц гарц байгаа юм. Өөрөөр хэлбэл тус талбайг хэн нэгэн хувь хүний хувийн өмчөөр тогтоож үл хөдлөхийн гэрчилгээ гаргах боломжгүй бөгөөд ямар баримт бичгийг үндэслэн иргэнд авто зогсоолын гэрчилгээ олгосон нь тодорхойгүй байдаг.

Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтэст тус асуудлаар удаа дараа гомдол гаргасан боловч хариу ирүүлдэггүй. Бүртгэлийн баримт бичигтэй танилцах хүсэлтийг гаргахад иргэнд бүртгэлийн мэдээллийг танилцуулдаггүй шаардлагатай бол хууль шүүхийн байгууллагад гаргаж өгдөг гэж хариу хэлсэн.

Гэтэл Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтсээс барилгын план зургат огт тэмдэглэгдээгүй газарт буюу оршин суугчдын дундын өмчлөлийн газар, миний өмчлөлийн талбайруу орох, орц, гарц дээр авто зогсоолын зориулалттай үл хөдлөхийн гэрчилгээ олгосон нь үндсэн зогсоол эзэмшигчдийн болон нэхэмжлэгч миний хууль ёсны өмчлөх эрхийг зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Улсын бүртгэгч нь тухайн гэрчилгээг олгохдоо хариуцлагагүй хандсан эсэх, холбогдох баримтуудыг нягтлан шалгасан эсэх, ямар баримтуудыг үндэслэж өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон зэргийг шалгуулах буюу эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан мэдүүлэгт хавсаргах баримт бичгийн жагсаалтыг мэдүүлэг гаргагч нь үнэн зөв мэдүүлсэн эсэхийг шалгуулахаар Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт хүсэлт өгсөн. ОӨУБЕГ-аас 2018 оны 01 сарын 02-ны өдөр 4/17 дугаартай албан бичгээр ...өмчлөлд бүртгэсэн нь хууль тогтоомж, зөрчсөн гэх үндэслэлгүй байна... та шүүхэд хандаж шийдвэрлүүлнэ үү гэж хариу ирүүлсэн.

Иймд Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс Ү-220504******* дугаартай ******* тоот авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ олгож бүртгэсэн нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн холбогдох заалтуудыг ноцтой зөрчсөн гэж үзэн Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханз Дамдинбазарын гудамж, 4******* байрны зоорийн давхрын ******* тоот хаягт байрлах авто зогсоолын зориулалттай улсын бүртгэлийн Ү-220504******* дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг хүчингүй болгуулж өгнө үү гэжээ.  

Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын харьяа Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн 17 дугаар хороо 4 дүгээр хороолол Жалханз хутагт Дамдинбазарын гудамж 4******* байрны зоорийн давхрын ******* тоот авто зогсоолыг иргэн Н.М-ын тус байгууллагад гаргасан мэдүүлэг, өргөдөл, М ХХК-ийн албан бичиг, захиалгын гэрээ, фото, план зураг зэргийг үндэслэн 2013 оны 05 дугаар сарын 14-ний өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-220504******* дугаарт бүртгэн өмчлөх эрхийн 000******* тоот гэрчилгээ олгосон байна. Уг бүртгэлд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд заагдсан мэдүүлэг буцаах үндэслэл байхгүй байна.

2013 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн худалдах худалдан авах гэрээгээр иргэн Н.М-ийн өмчлөлд шилжсэн. 2013 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 40 м.кв талбайтай гэрчилгээг 15 м.кв болгож залруулж өгөхийг хүссэн иргэний өргөдөл болон М ХХК-ийн албан бичиг зэргийг хавсарган мэдүүлэг бөглөн хүлээн авахад өгсөн ба бүртгэлд залруулга үйлчилгээ хийгдэхдээ тус байгууллагын улсын бүртгэгчийн хайхрамжгүйгээс дахин 40 м.кв талбайтайгаар хэвлэгдэн гарчээ.

2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн бэлэглэлийн гэрээгээр иргэн Б.А-ийн өмчлөлд шилжсэн. Дээрх хувийн хэргийн нотлох баримтуудаас харахад дээрх бүртгэлүүд нь холбогдох хууль журмын дагуу хийгдсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.П болон Э.Э нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.А нь Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 4******* дүгээр байрны зоорийн давхрын ******* тоот хаягт байрлах авто зогсоолын зориулалттай улсын бүртгэлийн Ү-220504******* дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөг мөн.

Нэхэмжлэгч нь хариуцагчийг хууль зөрчиж үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээг олгосон байж болзошгүй гэж үзэж нэхэмжлэл гаргажээ.

Миний бие Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс нь хууль зөрчиж авто зогсоолын гэрчилгээ олгох, бүртгэлийг хийх боломжгүй мөн шаардлагагүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийг хууль зүйн үндэслэл гэж үзэж байна гэжээ.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О ХХК Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж, 4******* дугаар байрны зоорийн давхрын ******* тоот хаягт байрлах автомашины зогсоолын зориулалттай улсын бүртгэлийн 0063******* тоот, Ү-220504******* дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Дээрх хаягт байрлах маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг анх 2013 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Н.М авто зогсоолын зориулалтаар өмчилж авсан байна[1]. Үүний дараа 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдөр уг авто зогсоолыг Б.М******* шилжүүлэн авч өмчилсөн[2] байх бөгөөд 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр гуравдагч этгээд Б.А-ийн өмчлөлд шилжүүлэн улсын бүртгэлд бүртгэсэн байна.[3]

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн хууль/ 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт Иргэн, хуулийн этгээд нь энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх тухай мэдүүлгийг тухайн үл хөдлөх эд хөрөнгө оршин байгаа нутаг дэвсгэрийн эрхийн улсын бүртгэлийн төрийн захиргааны байгууллагад бичгээр гаргана, 13.5 дахь хэсэгт Мэдүүлэгт энэ хуулийн 17.1-д заасан зүйлийг тусгах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана гэж заасны дагуу иргэн Н.М нь М ХХК-аас гаргаж өгсөн барилгын зоорийн давхар дахь авто зогсоолын план зураг, авто зогсоолуудыг улсын бүртгэлд бүртгүүлэхээр өгсөн хүсэлт, фото зураг, уг авто зогсоолыг өмчлөх эрхтэйг нотолсон Авто машины зогсоол захиалан бариулах тухай гэрээ, авто зогсоолын байршлыг харуулсан зоорийн давхрын план зураг, дөрвөн талаас нь бүтэн харуулсан гэрэл зураг, өргөдөл зэрэг материалаа бүрдүүлэн Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтэст өгчээ.

Ийнхүү иргэн Н.М нь маргаан бүхий авто зогсоолыг улсын бүртгэлд бүртгүүлэхээр хуульд заасан баримт бичгийг[4] бүрдүүлж өгсөн байх бөгөөд улсын бүртгэгч Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн хууль/ 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасан мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй байна гэж үзэж, улсын бүртгэлд бүртгэсэн нь мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт заасан Мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт нь энэ хуулийн 13 дугаар зүйлийн шаардлагыг хангасан бөгөөд 14 дүгээр зүйлд заасан бүртгэхээс татгалзах үндэслэл байхгүй бол улсын бүртгэгч нь энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэж, мэдүүлэг хүлээн авсан өдрөөр эрхийн улсын бүртгэлийн дугаар өгч, хувийн хэрэг нээн бичилт хийж, гарын үсэг зуран, хувийн дугаар бүхий тэмдэгээ дарна гэсэн хуулийн заалтын дагуу бүртгэл хийжээ.

Нэхэмжлэгч О ХХК нь уг авто зогсоолыг бидний үйлчилгээний зориулалттай газар руу орох, гарах орц, гарцыг хаасан, анхнаасаа авто зогсоол төлөвлөөгүй гэж маргаж байна.

Анх уг барилгыг барьсан М ХХК-ийн зоорийн давхрын нэгдсэн зохион байгуулалтын зургаас[5] үзвэл уг барилгын зоорийн давхарт авто зогсоол төлөвлөөгүй байжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд иргэн Н.М нь 2013 онд Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтэст маргаан бүхий авто зогсоолыг өөрийн өмчлөлд бүртгүүлэхээр хүсэлт[6] гаргахад уг зогсоолын ханыг битүүлсэн байсан нь хэрэгт авагдсан фото зургаас[7] харагдаж байх бөгөөд нэхэмжлэгч ...тухайн үед машин орж, гарах шаардлагагүй байсан тул караоке ажиллуулах зорилгоор ханыг барьсан... талаар шүүхэд гаргасан тайлбартаа мэдүүлжээ[8]. Мөн О ХХК нь анх өөрийн өмчлөлийн барилгын зоорийн давхраа авто зогсоолын зориулалтаар төлөвлөгдсөн[9] байсныг улсын бүртгэлийн газарт үйлчилгээний зориулалттайгаар өөрчлүүлж бүртгүүлсэн, караоке ажиллуулж байсан зэргээс үзвэл нэхэмжлэгч уг ханыг барьсан нь тогтоогдож байна.

Түүнчлэн Н.М-ыг гэрчээр асуусан гэрчийн мэдүүлэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд хэлсэн тайлбар[10], Онцгой байдлын ерөнхий газрын албан бичиг[11] зэргээс үзвэл 2013 онд нэхэмжлэгч өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байсан болохыг мэдэж байсан боловч 5 жилийн хугацаанд холбогдох байгууллага болон шүүхэд бүртгэлийг хүчингүй болгуулахаар хандаагүй байна.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэж үзвэл нэхэмжлэгч нь анхнаасаа өөрөө уг орц, гарцыг хааж хана барьсан, иргэн Н.М авто зогсоолын зориулалтаар ашиглаж байхад бүртгэлийг хүчингүй болгуулахаар холбогдох байгууллага болон шүүхэд олон жилийн турш хандаагүй нь хууль ёсны өмчлөгч болох гуравдагч этгээд Б.А-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх үндэслэл болохгүй гэж шүүх дүгнэлээ.

Мөн шүүхээс хийсэн үзлэг, туршилт, хэрэгт авагдсан зураг зэрэг баримтаас үзэхэд О ХХК-ийн үйлчилгээний зориулалттай хэсэг рүү орж, гарах орц, гарцыг бүрэн хаасан зүйл байхгүй, нэг эгнээгээр машин орж, гарах боломжтой байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн хууль/ 13 дугаар зүйлийн 13.1, 13.5, 13.5.1, 13.5.5, 13.5.6, 13.5.7, 13.5.8, 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч О ХХК-ийн Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж, 44ф дугаар байрны зоорийн давхрын ******* тоот хаягт байрлах автомашины зогсоолын зориулалттай улсын бүртгэлийн 0063******* тоот, Ү-220504******* дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ШҮҮГЧ Л.ӨЛЗИЙЖАРГАЛ

 

 

 

 

 

 

 

[1] 1 дүгээр хавтаст хэргийн 39 дүгээр хуудас

[2] 1 дүгээр хавтаст хэргийн 40 дүгээр хуудас

[3] 1 дүгээр хавтаст хэргийн 31 дүгээр хуудас

[4] 1 дүгээр хавтаст хэргийн 25-55 дугаар хуудас

[5] 1 дүгээр хавтаст хэргийн 13 дугаар хуудас

[6] 1 дүгээр хавтаст хэргийн 32 дугаар хуудас

[7] 1 дүгээр хавтаст хэргийн 38 дугаар хуудас

[8] 2 дугаар хавтаст хэргийн 153 дугаар хуудас

[9] 1 дүгээр хавтаст хэргийн 53 дугаар хуудас

[10] 1 дүгээр хавтаст хэргийн 181 дүгээр хуудас

[11] 1 дүгээр хавтаст хэргийн 162 дугаар хуудас