Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2025 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2025/00171

 

 

Д.Э-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Н.Батчимэг, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 192/ШШ2025/02654 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 210/МА2025/01094 дүгээр магадлалтай

Д.Э-гийн нэхэмжлэлтэй,

Д.Л-т холбогдох

Эд хөрөнгөд учирсан хохирол 9,184,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл,

хохиролд 7,319,700 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г, хариуцагчийн өмгөөлөгч Ч.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Д.Э нь хариуцагч Д.Л-т холбогдуулж эд хөрөнгөд учирсан хохирол 9,184,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, хохиролд 7,319,700 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

2.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 192/ШШ2025/02654 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Л-аас гэм хорын хохиролд 9,184,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Э-д, нэхэмжлэгч Д.Э-гаас 3,119,700 төгрөг гаргуулж хариуцагч Д.Л-т тус тус олгож, сөрөг нэхэмжлэлээс үлдэх 4,200,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 162,000 төгрөг, хариуцагчаас төлсөн 132,066 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Л-аас улсын тэмдэгтийн хураамжид 162,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Э-д, нэхэмжлэгч Д.Э-гаас улсын тэмдэгтийн хураамжид 64,865 төгрөг гаргуулж, хариуцагч Д.Л-т тус тус олгож шийдвэрлэжээ.

3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 210/МА2025/01094 дүгээр магадлалаар: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 192/ШШ2025/02654 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4.Хариуцагч Д.Л-ын хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025.06.27-ны өдрийн 210/МА2025/01094 дүгээр магадлалыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172 дугаар зүйлийн 172.2.2, 172.2.3-т тус тус заасныг удирдлага болгон дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Үүнд:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.2-т заасан "хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн" үндэслэл: Д.Л-аас нэхэмжлэгч Д.Э-д гэм хор учруулсны нөхөн төлбөрийг гаргуулан үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангахад хууль зүйн хувьд нэхэмжлэгчийн шаардах эрх хангагдах дараах урьдчилсан нөхцөлүүд бүрдсэн байхаар Иргэний хуулийн 497.1 дэх хэсэгт болон гэм хорын эрх зүйн зохицуулалтад тусгагдсан. Тодруулбал, уг нөхцөлд: гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас гэм хор учирсан байх, тухайн үйлдэл, эс үйлдэхүй болон учирсан хохирлын хооронд шалтгаант холбоо байх, гэм хор учруулагч нь санаатай эсхүл илт болгоомжгүй хэлбэрийн гэм буруутай байх шалгуур хамаарч байна. Энэ утгаар Иргэний хуулийн 497.2 дахь хэсэгт "Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө" гэж заасан. Тэгвэл уг хэргийн хувьд, хариуцагч Д.Л нь дараах нотлох баримтуудаар гэм буруугийн санаатай эсхүл илт болгоомжгүй хэлбэр бүхий сэтгэхүйн харьцаа уг үйл баримтад байгаагүй, түүний зэрэгцээ Д.Э-гийн өөрийн хууль болон Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн зөрчлүүдийн улмаас хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдож байхад анхан болон давж заалдах шатны шүүхүүд эдгээр баримтыг хэрэгт хамааралтай, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлэх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан журмыг баримтлаагүйгээр хэргийг шийдсэн нь хэргийн шийдэл хууль болон бодит байдалд нийцэхгүй гарахад нөлөөлсөн.

Дараах нотлох баримтуудыг шүүхүүд үнэлээгүй. Д.Л нь зөрчлийн 2208002072 дугаартай хэрэгт холбогдогчоор татагдан оролцоогүй, энэ утгаараа тус хэрэгт "Ц" гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллагын шинжээчээр оролцож гаргасан дүгнэлттэй зөрчлийн хэрэгт оролцогч биш тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу маргах боломжгүй байсан. Д.Л нь өөрийн өмчлөлд тооллогод хамрагдсан бүртгэгдсэн үхэр, малыг шүүхүүдийн буруутгасан шиг Замын хөдөлгөөний дүрмийн 27.2.3-т зааснаар "...хариулгагүй мал, тэжээвэр амьтдыг оруулахгүй байх шаардлагыг зөрчөөгүй буюу мал хариулагчаар иргэн О.А-г томилон ажиллуулж байсан, энэ утгаараа гэм буруугийн илт болгоомжгүй хэлбэр нь Иргэний хуулийн 501.2 дахь хэсэгт зааснаар үгүйсгэгддэг. Мал хариулагч О.А нь тухайн хэрэг явдал болсон өдөр буюу 2022.07.22-ны өдөр Цаг уур, орчны шинжилгээний газраас тодорхойлсноор дуу цахилгаантай усархаг бороо 6.0-18.0 мм /нийт 24 цагийн хугацаанд 26.0-32.0 мм/ орж, салхины хурд ихэссэн цаг хугацаанд хувцас нь бүхэлдээ норсон байсныг солих хооронд уг осол гарсан. Энэ талаар гэрчүүдийн мэдүүлэг хэрэгт авагдсан. Hap жаргасан цагийг тодорхойлох цахим хуудас буюу https://www.timeanddate.com/sun/mongolia/ulaanbaatar вэб хуудас нийтэд илэрхий байдлаар авагдсан мэдээлэлд Монгол Улс, Улаанбаатар хотод 2022.07.22-ны өдөр нар жаргасан цаг нь 20:41 ба иргэний нүдэнд нарны гэгээ тасрах хугацаа 21:18 байснаас үзэхэд саадыг холоос тогтоож зогсоох арга хэмжээг авах боломжтой байсан боловч нэхэмжлэгч Д.Э хууль зөрчиж жолоог шилжүүлсэн, замын хөдөлгөөнд оролцох эрхгүй этгээд болох Д.Ц нь гэгээтэйд уг ослыг үйлдсэн. Гэрчийн мэдүүлгээр энэ нь мөн тогтоогддог. Замын хөдөлгөөн судлалын хүрээлэнгийн 2024.11.13-ны өдрийн мэргэжлийн дүгнэлтээр, тухайн осол гаргасан жолооч саадыг холоос тогтоож зогсоох арга хэмжээг авах боломжтой байсан гэж үзнэ. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 239 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан "Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм"-ийн Арван хоёрдугаар зүйл "Тээврийн хэрэгслийн хурд"/-ийн 12.1-д "Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна", 12.2-т "Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна", 12.3-т "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэж тус тус заасан. Цаг уур, орчны шинжилгээний газрын тодорхойлолтоор тухайн цаг үед замын гадаргуугийн нөхцөл бороотой, зам дугуйн барьцалт багассан нөхцөлд хурдаа багасгаж тохируулж явах үүрэгтэй байсан тухай мэргэжлийн дүгнэлтийг гаргасан. Энэхүү дүгнэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дэх хэсэг, Өмгөөллийн тухай хуулийн 3.1.11-т заасан эрх, үүргийн дагуу нотлох баримтаар гаргаж өгснийг анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэл хэсгийн 2.2-т "нотлох баримтаар үнэлэх боломжгүй" гэж дүгнэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил болсон ба энэ нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байна. "А" ХХК-ийн 2022.09.04-ний өдрийн №193 тоот "Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан"-д үхэр мөргүүлж үхсэн, ослын дараах үзлэгээр тээврийн хэрэгслийн "машины радиатор гулзайж сэнсний хүрээ хагарсан, капут цөмөрч хонхойж нугарч зурагдсан, капутны нугас 2ш гулзайсан, урд буфер хагарч цуурч бутарсан, баруун урд гэрэл хагарсан, нүүр сетка хагарсан, урд буферийн хөөс хагарч хугарсан, урд салхины шил цуурч хагарсан, улсын дугаар гулзайж гэмтсэн, улсын дугаарын хүрээ хугарсан, капутны салхи зүсэгч хагарч хугарсан, баруун урд радиаторын босоо хаалт хугарсан, баруун урд буферийн тогтоогч зам хугарсан, урд карказ гажсан, баруун урд шанаа, гэрлийн ар суурь гулзайж нугарсан, баруун урд крыло халцарч зурагдаж нугарсан, зүүн урд крыло хонхойж будаг хагарч зурагдсан, урд дээд хөндөл нугарч гулзайсан" эвдрэл үүсэн, үхэр мөргүүлэхдээ 2 метр үсэрч шидэгдэж зовж үхсэн зэргээс үзэхэд жолооч замын тухайн нөхцөл байдалд тохируулан хурдыг сонгох, тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээг авах үүргийг хангалттай хэрэгжүүлж чадаагүй гэж үзэх үндэслэлтэй талаарх нөхцөл байдлыг анхан болон давж заалдах шатны шүүхүүд мөн дүгнээгүй, бүхэлд нь орхигдуулсан. Гэтэл энэхүү нөхцөл байдлыг зайлшгүй харгалзан үзэхийг Иргэний хуулийн 229.2 дахь хэсэгт "...гэм хор учирсан нөхцөл байдлыг...харгалзан үзнэ" гэж заасан. Нэхэмжлэгч Д.Э нь хөдөлгөөнд оролцох эрхгүй этгээдэд жолоог шилжүүлснээр Д.Ц нь олон эгнээт замын баруун захыг барьж зорчоогүй, тухайн чигийн хамгийн зүүн буюу гуравдугаар эгнээгээр зорчиж явсан нь Замын хөдөлгөөний дүрмийн 11.6-д "Суурин газрын гаднах замд... тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн баруун гар талын захад аль болох ойр явах бөгөөд баруун гар талын зөвшөөрөгдсөн эгнээ чөлөөтэй байхад (зүүн гар тийш буюу буцаж эргэхийн тулд байр эзлэхээс бусад тохиолдолд) түүний зүүн гар талын аль ч эгнээгээр явахыг хориглоно", 11.8-д "Нэг чигт гурав буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замын тухайн чигийн хамгийн зүүн гар талын эгнээнд зөвхөн зүүн гар тийш буюу буцаж эргэхийн тулд байр эзлэх, мөн хөдөлгөөний эрчим ихтэй, бусад эгнээ чөлөөгүй үед байрлан явахыг зөвшөөрнө" гэснийг зөрчсөн, энэ талаар Д.Ц нь зургаан эгнээт зам дээр голлон явж байтал үхэр 5 метрийн зайнд харагдаж гэнэт гарч ирсэн гэж өөрөө мэдүүлдэг, хөндлөнгөөс харсан бусад гэрчүүдийн мэдүүлэг авагдсан байхад эдгээрийг мөн үнэлэхгүй орхигдуулсан. Мөргүүлсэн үхрийн урд хоёр үхэр зам хөндлөн гарсан, түүний араас явж буй үхрийг мөргөсөн гэх нөхцөл байдлаас үзэхэд Замын хөдөлгөөний дүрмийн 26.5-д зааснаар мал амьтан "гүйцэд гаргаж амжаагүй байхад ойртон ирсэн тээврийн хэрэгслийн жолооч зам тавьж өгнө" гэснийг зөрчсөн нөхцөл байдлыг мөн шүүхүүд дүгнэхгүй орхигдуулсан.

Хариуцагч талаас шүүхийн журмаар цуглуулж бүрдүүлсэн нотлох баримтаар Д.Э-гийн жолоо шилжүүлж өгсөн Д.Ц нь Монгол Улсын Жолоочийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, 4.1.1, 4.1.2, 4.1.3, 5.2 дахь хэсэгт заасныг зөрчиж замын хөдөлгөөнд оролцох эрхгүй, хориглосон байхад уг ослыг гаргасан байхад энэ талаар шүүхүүд илтэд буруу дүгнэсэн. Магадлалын 4 дүгээр хуудасны 3.6 дахь хэсэгт дээрх нөхцөл байдлыг тогтоосон баримтыг үнэлэхгүй орхихдоо, "жолооч Д.Ц нь Замын хөдөлгөөний дүрмийн аль нэг заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй талаар шинжээч дүгнэсэн тул замын хөдөлгөөнд оролцох эрхгүй этгээд жолоо барьсан үйл баримтыг үнэлээгүй гэх хариуцагчийн гомдлыг хангахгүй" гэж дүгнэсэн нь хуулийн дээрх тодорхой зохицуулалтыг баримтлаагүй. Энэ утгаараа, Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт зааснаар нөхцөл байдлыг зөвөөр дүгнэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Д.Л-ын өрхийг тухайн "мал бордох" хэсэг бүхий нэгж талбар газраас өөр газарт шилжин нүүх нөхцөл байдал бүрдээгүй, газар зохион байгуулалтын хувьд дэд бүтэц шийдэгдээгүй хүлээгдэж байгаа гэх Засаг даргын тодорхойлолт авагдсаныг мөн анхан, давж заалдах шатны шүүхүүд үнэлээгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг хэргийн шийдэлд нөлөөлөхүйц хэмжээнд зөрчсөн тул шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шинжийг хангаагүй байна.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.3-т заасан хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн үндэслэл: Улсын дээд шүүхийн хуралдааны 2025.04.08-ны өдрийн 001/XT2025/00073 дугаартай тогтоолд зам дээр бод малыг мөргөснөөс үүдэлтэй гэм хорын нөхөн төлбөрийн маргааныг шийдвэрлэхдээ дараах дүгнэлтүүдийг хийсэн байна. Тогтоолын 18 дахь хэсэгт "Гэрээний бус үүрэг буюу гэм хор учруулснаас үүсэх үүрэг нь зөрчлийн улмаас үүсэх үүрэг бөгөөд гэм хорын хариуцлага хүлээлгэхэд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасан үндэслэл бүрдсэн байхыг шаарддаг. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн шаардах эрх хангагдах урьдчилсан нөхцөлүүд бүрдсэн байх ёстой. Тухайлбал, гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд гэм хор учирсан байх, тухайн үйлдэл эсхүл эс үйлдэхүй болон учирсан хохирлын хооронд шалтгаант холбоо байх, гэм хор учруулагч нь гэм буруутай байх гэсэн нөхцөл бүрдсэн үед гэм хорыг арилгах үүрэг үүсэх үндэслэлтэй. Харин гэм буруу нь санаатай эсхүл болгоомжгүй гэсэн хоёр хэлбэртэй байх бөгөөд гэм хор учруулагчийн санаа зориг, сэтгэхүйн үйлдэлтэй холбоотойгоор гэм буруугийн санаатай хэлбэрийг шууд, шууд бус гэж, харин болгоомжгүй хэлбэрийг нь хөнгөмсгөөр найдсан, хайхрамжгүй хандсан гэх байдлаар ялгаатай авч үздэг”, мөн тогтоолын 21 дэх хэсэгт "Хариуцагчийн тайлбараас үзэхэд түүний өмчлөлийн тэмээ хатуу хучилттай зам дээр шөнийн цагаар явж байснаас осол гарсан тул Х-ийг Замын хөдөлгөөний дүрмийн 27.2.3-т заасан хатуу хучилттай замд 50 метрээс дотогш хариулгагүй мал оруулахгүй байх заалтыг зөрчсөн эс үйлдэхүй гаргасан гэж үзэхээр байна. Тэрээр энэ дүрмийн дагуу өдрийн цагаар малаа замаас холдуулдаг боловч шөнийн цагаар хотлуулах боломжгүй гэдгээр тэмээг орхисноос осол гарсан байх тул түүнийг гэм буруутай гэж дүгнэх хэдий ч гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй буюу хайхрамжгүй хандсан гэж үзнэ. Улмаар хариуцагч Х-ийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн энэ заалтыг зөрчсөн эс үйлдэхүйгээс зам тээврийн осол гарч нэхэмжлэгчийн эд хөрөнгөд гэм хор учирсан байх тул түүний эс үйлдэхүй, хохирлыг харилцан шалтгаант холбоотой ч уламжлалт мал аж ахуйд хол хөлийн мал буюу бод малыг хариулгагүй, бэлчээрээр явдаг мал гэж үздэг нөхцөлийг харгалзан үзэх нь зүйтэй" гэсэн. Уг хэргийн хувьд Д.Л нь өөрийн малыг хариулгагүй орхиогүй, шилжин нүүх газрын дэд бүтэц шийдэгдээгүй хугацаанд тухайн газар байрлаж байсан. Тус тогтоолын 22, 23 дахь хэсэгт "Хариуцагч Х тэмээний эзний хувьд гэм хорыг хариуцах үндэслэлтэй хэдий ч уг осол гарахад дан ганц хариуцагчийг буруутай гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл, энэ зам тээврийн осол гарахад нөлөөлсөн бусад нөхцөл байдлын талаар хяналтын шатны шүүх дүгнэлт хийнэ.

Замын хөдөлгөөний дүрэмд "Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчих бөгөөд дүрмийн өөрт хамаарах заалт, шаардлагыг мэддэг, сахин биелүүлэх үүрэгтэй. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна. "Харанхуй үе" гэж үдшийн бүрийгээс үүрийн гэгээ орох хүртэлх хугацааг хэлэх ба харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэжээ.

Осол нь хатуу хучилттай засмал зам дээр өвлийн улиралд, харанхуй үед 21.40-22 цагийн орчимд болсон. Хэдийгээр тээврийн хэрэгслийг жолоодож осол гаргасан жолооч Э-г хурд хэтрүүлсэн эсхүл хэтрүүлээгүй гэж дүгнэх баримт хэрэгт авагдаагүй ч /тогтоолын 14/ ослын маргааш буюу 2023.02.03-ны өдөр хийгдсэн ослын газрын гэрэл зургийн үзүүлэлт гэсэн баримт, 2023.02.07-ны өдөр "В" ХХК-ийн гаргасан үнэлгээний тайланд тээврийн хэрэгсэлд үзлэг хийх үед ямар байсан тухай тэмдэглэлээр Toyota Land Cruiser Prado маркийн том оврын суудлын автомашинд үүссэн эвдрэлийн байдал болон хохирлын үнэлгээг 31,726,400 төгрөгөөр тогтоосон байна. Түүнчлэн мөргүүлсэн тэмээ замын хажуу руу унасан зэргээс үзэхэд жолоочийг Замын хөдөлгөөний дүрмийн "харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэж заасныг зөрчсөн гэж дүгнэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т нийцнэ.” гэжээ.

Дээрх тогтоолоор, хэдийгээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад дүгнэгдсэн гэх үйл баримтыг гэм хорын эрх зүйн нийтлэг болон тусгай зохицуулалтаар шийдвэрлэхдээ иргэний хэргийн шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийг баримтлах нь тодорхой ойлгогдож байна. Өөрөөр хэлбэл, зөрчлийн хэрэгт явагдсан нотлох ажиллагаа нь иргэний хэрэгт нотлох ажиллагаа явуулах, нотлох баримтыг үнэлэхэд саад болохгүй талаар Улсын дээд шүүхийн дээрх тогтоол болон бусад олон тооны тогтоол, тайлбарууд байна. Гэтэл уг хэргийн хувьд уг тогтоолоос өөрөөр буюу хариуцагчийн оролцож байгаагүй зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад авагдаагүй, дүгнэгдээгүй үйл баримтуудыг үнэлж дүгнэхгүй орхигдуулсан, үнэлж дүгнэхдээ нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчсөн байдлаар үнэлсэн нь буруу гэж үзэж байна. Түүнчлэн гэм хор учрахад тухайн хохирол хүлээсэн этгээдийн өөрийн буруутай үйл ажиллагаа хэрхэн нөлөөлсөн болохыг зайлшгүй харгалзан үзэхийг дүгнэсэн байх бөгөөд хууль хэрэглээний нэгдмэл байдалтай шийдвэр, магадлалыг нийцээгүй гэж үзэж байна. Иймд, дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

5.Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025.09.26-ны өдрийн 001/ШХТ2025/00909 тогтоолоор хариуцагч Д.Л-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

ХЯНАВАЛ:

6.Хариуцагч Д.Л-ын хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

7.Нэхэмжлэгч Д.Э нь хариуцагч Д.Л-т холбогдуулан 9,184,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ тайлбарлахдаа “... охин Д.Ц нь 2022.07.22-ны өдөр орон нутгаас хот руу машин барьж явж байхдаа хуучнаар 22-ын товчооны тэр хавьд 21 цаг 20 минутын орчимд хариуцагч Д.Л-ын үхрийг мөргөсөн. Тухайн үед бороотой байсан учраас хараагүй гэдэг талаар эрх бүхий албан тушаалтанд мэдүүлэг өгсөн. Д.Эгийн эзэмшлийн ... улсын дугаартай, Toyota highlander маркийн тээврийн хэрэгсэлд 9,184,000 төгрөгийн гэм хор учирсан. Хорооны Засаг дарга тухайн газарт мал бэлчээж болохгүй гэсэн шийдвэр гарсан талаар тодорхойлолт гаргасан. Хариуцагч Д.Л нь мал бэлчиж болохгүй газар өөрийн эзэмшлийн малаа хайхрамжгүй орхисноос Д.Э-д хохирол учруулсан гэж үзэж байна. Зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж дуусаад, эрх бүхий албан тушаалтны шийдвэр гарсан тухайд маргахгүй. Жолооч Д.Ц-ийн 2022.09.16-ны өдрийн мэдүүлэгт үхрийг мөргөсөн гэдгээ, түүнчлэн зэрэгцээд явж байсан хоёрдугаар эгнээний тээврийн хэрэгсэл миний араас дахин тэр үхрийг мөргөсөн гэсэн байдаг. 2-3 машин үхрийг мөргөсний дараа аргагүй байдалд орж, жоохон явсны дараа машинаа зогсоож, 102-т дуудлага өгсөн. Гэрч нар осол гарах үед бороо орж байсан тухай болон уг газар нутагт үхэр бэлчихийг хориглодог гэдгийг зөвшөөрдөг. Хариуцагчийн хайхрамжгүй, хариуцлагагүй байдлаас болж тус осол гарсан гэж үзэж байна” гэжээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, “ .... зөрчлийн хэрэгт авагдсан нотлох баримтыг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шууд маргаангүй байдлаар үнэлэх боломжгүй, “Ц” НҮТББ-ын гаргасан дүгнэлтийг уг иргэний хэрэгт эцсийн дүгнэлт гэж үзэхгүй. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн зохицуулалтаар зөрчлийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрийг тооцох журмыг Улсын ерөнхий прокурор батална гэж тус тус зааснаас үзэхэд, нэхэмжлэгч хэрэв зөрчилтэй холбоотойгоор хохирол нөхөн төлүүлэх агуулгаар нэхэмжлэл гаргаж байгаа тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.3-т зааснаар шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, хэргийг хэрэгсэхгүй болгохоор байна. Нөгөө талаар, би тухайн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд холбогдогчоор оролцоогүй, санаатай буюу илт болгоомжгүй үйлдэл гаргаагүй, гэм хор учруулсан гэх гэм буруугүй байхад, хариуцагч гэж буруутгаж байгаа нь үндэслэлгүй байна. Иргэн Д.Э нь өөрийн тээврийн хэрэгслийг шилжүүлэн өгсөн жолооч Д.Ц нь Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 дахь хэсэгт “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.3 дахь хэсэгт “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасныг зөрчсөний үр дагаварт бусдын мал амьтан амь хохирч, эд хөрөнгийн алдагдал хүлээсэн байхад энэ талаарх нөхцөл байдлыг зөвхөн өөрийн өнцгөөс явцууруулан тайлбарлахыг хичээж, зөвхөн өөрийн ашиг сонирхлыг тулган шаардаж хэрэг явдалд хандаж байгааг зөвшөөрөхгүй байна. Тухайн цаг үед дуу цахилгаантай усархаг бороо орж, 6-18 мм хур тунадас буусан, нийт 24 цагийн турш 26-32 мм хур тунадас буусан, салхины хурд 16 метр хүрч ширүүссэн байсан ба мал хариулж байсан хүн цаг агаарын хүчний нөлөөлөлд өртсөн байсан зэрэг баримт байгаа. Ослын газарт очиход тээврийн хэрэгсэл үхэр дайраад, 100 метр өнгөрч зогссон байдалтай, мөргүүлсэн үхрийг 150 килограмм жинтэй гэж бодоход нэхэмжлэгчийн тээврийн хэрэгслийн копут, шил гээд бусад эвдэрсэн зүйлсийг харахад их хурдтай явж байсан нь мэдэгдсэн. Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар жолооч замд саад байгааг харсан тохиолдолд зайлшгүй хурдаа сааруулж, машинаа зогсоох үүрэгтэй. Гэтэл хурдаа сааруулахгүйгээр мөргөсөн. Жолооч замын хөдөлгөөний дүрмийг дагаж мөрдөх ёстой. Иймээс нэхэмжлэгч өөрийгөө болон хүний малыг хохироож, замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлээгүй буюу хариуцлагагүй хандсаныхаа төлөө хариуцлагаа өөрөө үүрэх ёстой” гэж маргаж, сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

Сөрөг нэхэмжлэлд “...үхэр 2022 оны 07 сард нялх тугалтай байсан, ослын дараа өнчин тугал нь тэжээлгэж байгаад үхсэн, үхэр үүнээс хойш 3 удаа тугал гаргах хугацаа өнгөрсөн байна. Миний үхэр Ангус үйлдвэрийн эрлийз, сүүний чиглэлийн үнээ байсан, үнэлгээний байгууллага 3,119,700 төгрөг гэж үнэлсэн. Сүүний чиглэлийн үхэр учраас  саалийн сүүний орлого 4,200,000 төгрөг, нийт 7,319,700 төгрөгийн хохирол учирсныг нэхэмжлэгчээс гаргуулна” гэжээ.  

Нэхэмжлэгч талаас сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбарт “...тухайн үхрийг бид мөргөж хүний эд хөрөнгийг хохироосон. Үхрийн үнэлгээ болох 3,119,700 төгрөгийг хүлээн зөвшөөрнө, үлдэгдэл 4,000,000 төгрөгт маргаж болно гэж охин Д.Ц нь хэлсэн тухай тайлбарлаад, хариуцагч Д.Л-ын хувьд мал тэжээхийг хориглосон бүсэд мал маллаж байсан. Мөн малыг хариулгагүйгээр орхисноос осол аваар гарсан гэдгийг цагдаагийн эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоосон. Иймд сөрөг нэхэмжлэлийг хангахгүй орхиж өгнө үү” гэсэн агуулгатай тайлбар гаргасан байна.

8.Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн. Үндсэн нэхэмжлэлийн тухайд дүгнэхдээ “... Зохигчид зам тээврийн осол гарсан үйл баримт болон машин, үхрийн өмчлөгчийн тухайд маргаагүй, харин гэм буруугийн тухайд маргасан. Нэхэмжлэгч нь эрх бүхий албан тушаалтны магадалгаа, шинжээчийн дүгнэлт зэргийг үндэслэн зам тээврийн осол гарахад жолоочийн буруутай үйлдэл тогтоогдоогүй тул өөрт учирсан хохирлоо үхрийн эзэн буюу өмчлөгчөөс шаардсан. Осол гарах үед хариуцагчийн малыг О.А маллаж, үхрийг осол эндэгдэлгүй, дутаахгүй, бэлчээрт хариулах үүргийг хариуцаж байсан бөгөөд тэрээр Замын хөдөлгөөний дүрмийн 27.2-т хатуу хучилттай замд 50 м-ээс дотогш хариулгагүй мал, тэжээвэр амьтдыг оруулахгүй байх гэсэн заалтыг зөрчсөнөөс нэхэмжлэгчид хохирол учирсан. Түүнчлэн ... зам тээврийн осол гарсан 32 дугаар хорооны Бордоо, Баруун түрүүн хэсэг нь мал маллахыг хориглосон бүс болох нь тогтоогдсон. Хариуцагч нь мал хориглосон бүсэд мал тэжээж, малыг хариулгагүй орхисон гэм буруутай үйлдлээс нэхэмжлэгчид хохирол учирсан” үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан байна. Мөн Д.Л нь өөрт учирсан хохирлоо үхрийг хариулах үүрэг бүхий этгээдэд холбогдуулан шаардахад энэхүү шийдвэр саад болохгүй гэдгийг дурдсан байна.            

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ “... хариуцагч нь өөрт нь учирсан гэм хорын хохирлыг шаардах эрхтэй хэдий боловч зам тээврийн осол нэхэмжлэгч болон жолоочийн гэм буруугаас үйлдэгдээгүй талаар дээр дүгнэсэн тул сөрөг нэхэмжлэл бүхэлдээ хангагдах үндэслэлгүй. Гэвч нэхэмжлэгч талын шүүх хуралдаанд гаргасан ... нэгэнт хүний үхрийг мөргөчихсөн тул үхрийн үнийг үндсэн нэхэмжлэлээс суутгуулан төлөхөд татгалзахгүй... гэсэн тайлбарыг үндэслэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд үхрийн үнэ 3,119,700 төгрөгийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн гэж үзэх боломжтой тул энэ хэмжээгээр сөрөг нэхэмжлэлээс хангаж, үлдэх 4,200,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэсэн агуулгатай дүгнэлт хийжээ. 

9.Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч гаргасан дүгнэлтдээ “... нэхэмжлэлийн шаардлагаас үхрийн үнэ 3,100,000 төгрөгийг хасаж, үлдэх мөнгийг нэхэмжлэгчид олгох саналтай байна” гэжээ.

10.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхдээ “... анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хариуцагч Д.Л-аас 9,184,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Э-д олгуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасанд нийцсэн. Шүүх “... үхрийн үнийг үндсэн нэхэмжлэлээс суутгуулан төлөхөд татгалзахгүй” гэх нэхэмжлэгч талын тайлбарыг үндэслэн үхрийн үнэ 3,119,700 төгрөгийг нэхэмжлэгч Д.Э-гаас гаргуулж, хариуцагч Д.Л-т олгуулахаар шийдвэрлэсэн тухайд нэхэмжлэгч гомдол гаргаагүй” гэж дүгнэжээ.  

11.Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үхрийн үнийг нэхэмжлэгчээс гаргуулж, олох байсан орлого буюу сүүний үнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдвэрийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээснийг хариуцагч тал эс зөвшөөрч, хяналтын журмаар гомдол гаргасан байна.

12.Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгчийн охин Д.Ц нь 2022.07.22-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодон орон нутгаас нийслэл рүү буцах замдаа хариуцагчийн өмчлөлийн үхрийг мөргөснөөс үхэр үрэгдсэн, автомашинд эвдрэл үүссэн, үхрийг малчин О.А хариуцан маллаж байсан үйл баримт тогтоогдсон, зохигч эдгээр үйл баримтын тухайд маргаагүй байна. Харин зам тээврийн осол гарахад тээврийн хэрэгслийн жолооч эсхүл үхрийн өмчлөгч гэм буруутай эсэхэд маргасан, зохигчийн гэм буруугийн талаар хоёр шатны шүүхийн хийсэн дүгнэлтийг үндэслэл бүхий гэж үзэх боломжгүй байна.

13.Д.Ц-ийн жолоодож явсан тээврийн хэрэгсэл нь нэхэмжлэгч Д.Э-гийн өмчлөлийн хөрөнгө болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тогтоогдож байх тул тэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар өөрийн эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирлыг буруутай этгээдээс шаардах эрхтэй.

14.”Эрх бүхий албан тушаалтан”-ы 2022.09.12-ны өдрийн тогтоолоор шинжээч томилж, 2022.09.14-ний өдөр 22/112 дүгнэлт гарсан, мөн 2022.09.16-ны өдрийн “Эрх бүхий албан тушаалтан” -ы магадалгаагаар ...Замын хөдөлгөөний дүрмийн 27.2... хатуу хучилттай замд 50 м-ээс дотогш хариулгагүй мал, тэжээвэр амьтдыг оруулахгүй байх гэсэн заалтыг О.А зөрчсөн байх үндэслэлтэй, Toyota highlander загварын ... улсын дугаартай автомашины жолооч Д.Ц нь замын хөдөлгөөний дүрмийн ямар нэг зүйл заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна хэмээн дүгнэсэн. Харин 2022.09.16-ны өдрийн шийтгэлийн хуудсаар О.А-д Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 52 дахь хэсэгт заасны дагуу 20,000 төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулсан тухай баримтууд хэрэгт авагджээ.

15.Анхан болон давж заалдах шатны шүүх дээрх баримтыг үндэслэл болгон “…Д.Л-ын малыг хариулах үүрэг бүхий этгээд О.А хатуу хучилттай замд 50 м-ээс дотогш хариулгагүй мал, тэжээвэр амьтдыг оруулахгүй байх гэсэн заалтыг зөрчсөн, хариуцагчийн хориглосон бүсэд малыг хариулгагүй орхисон гэм буруутай үйлдлээс нэхэмжлэгчид хохирол учирсан” гэж дүгнэж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ хэргийн баримтыг хуульд зааснаар үнэлж чадаагүй, шийдвэр, магадлалын үндэслэл Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8, 4 дүгээр зүйлийн 4.1, 4.3-т нийцээгүй тул хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангана.

16.Энэхүү маргааны өмнө Д.Ц-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Б, О.А нарт холбогдох эд хөрөнгөд учирсан хохирол 9,184,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэл, 3,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.10.30-ны өдрийн 102/ШШ2023/03896 шийдвэрээр үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон үйл баримт тогтоогдсон ба тухайн хэргийн баримтууд энэ хэрэгт авагдсан байна.

17.2022.09.16-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтны магадалгаанд холбогдогч буюу малчин О.А-г хатуу хучилттай замд 50 метрээс дотогш хариулгагүй мал, тэжээвэр амьтдыг оруулахгүй байх гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй гэсэн. Харин жолооч Д.Ц-ийг замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй гэж тодорхойлсон байх бөгөөд уг магадалгаанд О.А гарын үсэг зураагүй  байна. /I-xx-21/ Энэ баримтыг нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгосон.

Түүнчлэн Хорооны Засаг дарга тухайн газарт мал бэлчээж болохгүй гэсэн шийдвэр гарсан талаар тодорхойлолт гаргасан. Хариуцагч Д.Л нь тухайн зам болон газар нутгаар мал бэлчиж болохгүй газар өөрийн эзэмшлийн малаа хайхрамжгүй орхиж, Д.Э-д хохирол учруулсан гэж үзжээ.

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Д.Л нь Сонгинохайрхан дүүргийн ... хороо ... тоот, нэгж талбарын ... дугаар бүхий 700 м2 талбайтай, гэр бүлийн зориулалттай газар эзэмших эрхийн ... дугаар гэрчилгээг 2018.04.06-ны өдөр авч, газар эзэмших гэрээг 15 жилийн хугацаатайгаар байгуулсан, 2022 оны 12 сарын 01-ний өдрийн мал тооллогын баримтаар 23 үхэр тоолуулсан байна. Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны Засаг даргын 2022.09.20-ны өдрийн 1303 тодорхойлолтоор “Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/266 дугаар захирамж, дүүргийн Засаг даргын 2020 оны A/232 дугаар захирамжаар тус хорооны Бордоо, Баруун түрүүн хэсэг нь мал хориглосон бүс болохыг тодорхойлов” гэсэн боловч 2022.10.31-ний өдрийн 1631 тодорхойлолтоор “… Тус хорооны …Ц.Б нь 18 тооны малтай. Хориглосон бүсэд мал бүхий өрхүүдэд газар олголт хийсэн боловч дэд бүтэц шийдэгдээгүйн улмаас хүлээгдэж байна” гэжээ. /I-xx-18,223/ Үүнээс үзэхэд хариуцагчийг мал хориглосон бүсэд зөвшөөрөлгүй бууж, амьдарсан гэж үзэхгүй, нөгөөтэйгүүр малчнаар үхрээ хариулуулж байсан байна.

18.Малчин О.А-г Замын хөдөлгөөний дүрмийн дээрх заалтыг зөрчсөн үндэслэлээр 20 нэгжээр торгохоор шийдвэрлэсэн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2022.09.16-ны өдрийн ... дугаартай шийтгэлийн хуудаст О.А-гийн гарын үсэг зурагдаагүй байх боловч тэрээр энэ шийтгэлийн талаар гомдол гаргасан тухай баримтгүй байна. /I-xx-49/

19.Эрх бүхий албан тушаалтны 2022.07.29-ний өдрийн “Зөрчлийн хэрэг нээх тухай” тогтоолоор зам тээврийн осол үйлдсэн Д.Ц-д холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт зааснаар зөрчлийн хэрэг нээсэн байх бөгөөд хэрэг бүртгэлтийн хугацааг хэд хэдэн удаа сунгуулсан, хамгийн сүүлд 2022.09.25-ны өдөр хүртэл сунгасан боловч хэрхэн шийдвэрлэгдэж дууссан нь тодорхойгүй байна. /I-xx-28-31/

20.“Ц” НҮТББ-ыг Эрх бүхий албан тушаалтны 2022.09.12-ны өдрийн тогтоолоор томилсон ба шинжээч Б.Г-ын гаргасан 2022.09.14-ний өдөр дүгнэлтэд малчин О.А-г замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн, харин жолооч Д.Ц-ийг дүрмийн аль нэг заалтыг зөрчөөгүй гэсэн байх ба уг дүгнэлтийг танилцуулсан тухай 2022.09.15-ны өдрийн тэмдэглэл нь малчин О.А гарын үсэггүй, харин Д.Ц шинжээчийн дүгнэлттэй санал нэг гэсэн тэмдэглэгээтэйгээр түүний гарын үсэг зурагдсан байна. /II-xx-25-27/

21.Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023.05.12-ны өдрийн 1996 дугаар дүгнэлтэд “...ослын шалтгаан нөхцөлийг сэргээн тогтоох зорилгоор шинжилгээ хийж, ... улмаар асуултад хариулахаас шинжээч татгалзсан” байна. /I-xx-25-27/

22.Тээврийн цагдаагийн албаны Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал буюу 2022.07.22-ны өдрийн үзлэгийн тэмдэглэлээс үзэхэд осол гарах үеийн хурд, гэрчийн тодорхойлолт болон тоормосны мөрний хэмжээ тогтоох гэсэн хүснэгтүүд тус тус (-) тэмдэглэгээтэй, мөн зорчигчийн тоог 3 гэсэн байна. Түүнчлэн үзлэг хийсэн тухай Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэлээс үзэхэд уг үзлэгийг хийхэд хөндлөнгийн гэрч байгаагүй, малчин О.А-гийн гарын үсэг зурагдаагүй байна.

23.Хэргийн 2 дугаар хавтасны 110 дахь талд авагдсан шүүх хуралдааны тэмдэглэлд жолооч Д.Ц “…малыг хараад тоормос гишгэсэн боловч очоод мөргөсөн” гэж мэдүүлсэн, нэхэмжлэгч Д.Э-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2025.04.04-ний өдрийн шүүх хуралдаанд “…охин Д.Ц нь ... машин барьж явж байхдаа хуучнаар 22-ын товчооны тэр хавьд 22 цаг 30 минутад хариуцагч Д.Л-ын эзэмшлийн үхрийг нь мөргөсөн. Тухайн үед бороотой байсан учраас хараагүй гэдэг талаар эрх бүхий албан тушаалтанд мэдүүлэг өгсөн” гэж, мөн тайлбар гаргасан /III-xx-1/, 2022.09.09-ний өдрийн хохирогчоос авсан мэдүүлэгт Д.Ц нь “…эсрэг талын урсгалаас нэг үхэр гэнэт гараад ирсэн, тухайн үед нэлээн харанхуй болсон бас бороотой байсан, үхрийг 5-6 метрийн зайнд л харсан, тоормос гишгээд яг тулаад мөргөчихсөн. Надтай зэрэгцэж явсан 2-р эгнээний машин дахиад үхрийг мөргөсөн. Үхэр замын далан руу гараад тэгээд үхчихсэн” гэж мэдүүлсэн. /I-xx-40/ Гэрч Ц.Б “...үхэр үхсэн байдалтай замын ургаа модыг хугалаад ойчсон байсан, ...арьс нь нэлээн язарсан, урагдсан байсан” гэж мэдүүлжээ. /II-xx-170/ Хэрэгт мөргүүлсэн гэх үхрийн ямар нэгэн зураг, баримт байхгүй. Түүнчлэн жолооч Д.Ц-ийн “...үхрийг дахин өөр машин мөргөсөн” гэх тайлбартай холбоотой баримт, гэрчийн мэдүүлэг байхгүй, тухайн үед жолоочтой хамт 2 зорчигч явж байсан байна.

24.Зам тээврийн осол болсон цагийг нэхэмжлэгч тал 21.20 цаг, 22.30 цаг гэж 2 өөрөөр, хариуцагч нь орой 8 цаг арай болоогүй байхад осол болсон тухай мэдсэн гэж, зам тээврийн ослын үзлэгийн тэмдэглэлд 21.40 цагт минутад үзлэг хийхэд осол 21.20 цагт гарсан гэжээ. Малчин О.А нь “... норсон хувцсаа солиод 18 цагийн үед буцаад гарахад ... үхрийг мөргүүлсэн талаар мэдсэн” /I-xx-40/ гэж, гэрч Ц.Б мэдүүлгээр гэртээ 19 цагт ирсэн, 19.30 үед үхрийн тухай мэдсэн, цагдаа 21 цаг өнгөрч, 22 цагийн орчимд ирсэн гэж, гэрч Д.О ...үхэр дайрагдсан байхаар очиж үзэхэд Д.Л-ын үхэр байсан, ... гэгээтэй байсан” /II-xx-170,173/ гэж тус тус өөр өөрөөр мэдүүлсэн байна.

25.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын ... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, мөн зүйлийн 497.2-т “Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө” гэж, 497.3-т “Гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь  уг гэм хорыг хамтран хариуцах ...” гэж тус тус заасан. 

26.Гэм хорын хариуцлага хүлээлгэхэд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасан үндэслэл бүрдсэн байхыг шаарддаг. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн шаардах эрх хангагдах урьдчилсан нөхцөлүүд бүрдсэн байх ёстой. Тухайлбал, гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд гэм хор учирсан байх, тухайн үйлдэл эсхүл эс үйлдэхүй болон учирсан хохирлын хооронд шалтгаант холбоо байх, гэм хор учруулагч нь гэм буруутай байх гэсэн нөхцөл бүрдсэн үед гэм хорыг арилгах үүрэг үүсэх үндэслэлтэй. Харин гэм буруу нь санаатай эсхүл болгоомжгүй гэсэн хоёр хэлбэртэй байх бөгөөд гэм хор учруулагчийн санаа зориг, сэтгэхүйн үйлдэлтэй холбоотойгоор гэм буруугийн санаатай хэлбэрийг шууд, шууд бус гэж, харин болгоомжгүй хэлбэрийг нь хөнгөмсгөөр найдсан, хайхрамжгүй хандсан гэх байдлаар ялгаатай авч үздэг. 

27.Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8-д зааснаар “замын хөдөлгөөний аюулгүй байдал гэж замын хөдөлгөөнд оролцогчийг зам тээврийн осол, түүнээс үүдэн гарах хор уршгаас хамгаалсан байдлыг” хэлэх бөгөөд Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр дагаж мөрдөх замын хөдөлгөөний нэгдсэн журмыг Замын хөдөлгөөний дүрмээр тогтоох бөгөөд энэ дүрмийг Засгийн газар батална. 

28.Замын хөдөлгөөний дүрмийн 27.2 дахь хэсэгт замын хөдөлгөөнд оролцогчоос бусад иргэн, хуулийн этгээдийн үүргийг тодорхойлсон ба 27.2.з-т “хатуу хучилттай замд 50 метрээс дотогш хариулгагүй мал, тэжээвэр амьтдыг оруулахгүй байх” гэж заасан байх бөгөөд хариуцагч Д.Л нь тухайн өдөр осолд өртсөн үхрийн эзэн буюу өмчлөгч нь байх ба түүнийг энэ үүргийг зөрчсөнөөс зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болсон гэж үзэх үндэслэлгүй байна. Учир нь, хариуцагч өөрийн өмчлөлийн 19 үхрийг малчин О.А-д хариуцуулан маллуулж, зохих хөлс төлдөг байх тул хариуцагчийг малаа хариулгагүй орхисон гэж үзэхгүй, түүнийг гэм буруутай гэж үзэхгүй. Харин түүний малчин О.А нь бороонд норж, хувцсаа солихоор явах хооронд буюу үхрийг хариулгагүй орхисон үед хариуцагчийн үхэр машинд мөргүүлсэн үйл баримт тогтоогдсон, малчин үхрийг хариулгагүй орхиж, гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр бусдад хохирол учруулсан байна.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ.” гэсний дагуу нэхэмжлэгч Д.Э нь хариуцагч Д.Л-аас хохирол шаардах эрхтэй байна. 

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-т Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө хэмээн заасан.

29.Хариуцагч Д.Л-ыг түүний малчин О.А-гийн бусдад учруулсан гэм хорыг хариуцах үндэслэлтэй гэж үзэх хэдий ч уг осол гарахад тээврийн хэрэгслийн жолоочийн гэм буруугийн тухайд дүгнэлт хийх ёстой. Замын хөдөлгөөний дүрэмд “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчих бөгөөд дүрмийн өөрт хамаарах заалт, шаардлагыг мэддэг, сахин биелүүлэх үүрэгтэй. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна. “Харанхуй үе” гэж үдшийн бүрийгээс үүрийн гэгээ орох хүртэлх хугацааг хэлэх ба харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэжээ.

30.Маргааны үндэслэл болсон зам тээврийн осол нь хатуу хучилтай засмал зам дээр зуны улиралд, бороотой, харуй бүрийд гарсан. Үхрийг мөргөсөн жолооч Д.Ц-ийг  хурд хэтрүүлсэн эсхүл хэтрүүлээгүй гэж дүгнэх баримт хэрэгт авагдаагүй ч зам тээврийн ослын үзлэгийн тэмдэглэлд осол гарах үеийн хурд, гэрчийн тодорхойлолт болон тоормосны мөрний хэмжээ тогтоох гэсэн хүснэгтүүд тус тус (-) тэмдэглэгээтэй байгаагаас үзэхэд хурдыг  тодорхойлоогүй, энэ талаар ямар нэгэн хүсэлт гаргасан болон ажиллагаа хийгдсэн тухай баримт байхгүй. Жолооч Д.Ц-ийн “…малыг хараад тоормос гишгэсэн боловч очоод мөргөсөн, …эсрэг талын урсгалаас нэг үхэр гэнэт гараад ирсэн, тухайн үед нэлээн харанхуй болсон бас бороотой байсан, үхрийг 5-6 метрийн зайнд л харсан, тоормос гишгээд яг тулаад мөргөчихсөн” гэж мэдүүлсэн.

Түүнчлэн гэрч Ц.Б-гийн “...үхэр үхсэн байдалтай замын ургаа модыг хугалаад ойчсон байсан, ...арьс нь нэлээн язарсан, урагдсан байсан” гэх мэдүүлэг, "Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан"-гийн дүгнэлтээр "машины радиатор гулзайж сэнсний хүрээ хагарсан, капут цөмөрч хонхойж нугарч зурагдсан, капутны нугас 2ш гулзайсан, урд буфер хагарч цуурч бутарсан, баруун урд гэрэл хагарсан, нүүр сетка хагарсан, урд буферийн хөөс хагарч хугарсан, урд салхины шил цуурч хагарсан, улсын дугаар гулзайж гэмтсэн, улсын дугаарын хүрээ хугарсан, капутны салхи зүсэгч хагарч хугарсан, баруун урд радиаторын босоо хаалт хугарсан, баруун урд буферийн тогтоогч зам хугарсан, урд карказ гажсан, баруун урд шанаа, гэрлийн ар суурь гулзайж нугарсан, баруун урд крыло халцарч зурагдаж нугарсан, зүүн урд крыло хонхойж будаг хагарч зурагдсан, урд дээд хөндөл нугарч гулзайсан" эвдрэл том оврын Jeep Toyota highlander маркийн машинд үүссэн зэргээс үзэхэд тээврийн хэрэгслийн жолоочийг “…өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн дүрмийг зөрчсөн гэж үзэхээр байна.

Иймээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1-д зааснаар тээврийн хэрэгслийн жолооч бусдад учруулсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд зөвхөн малчин О.А-г Зөрчлийн хуулийн дагуу торгосноор энэ осол гарахад дан ганц хариуцагч талыг гэм буруутай, хохирлыг бүхэлд нь хариуцах ёстой гэж үзэх боломжгүй тул зам тээврийн осол гарч, хохирлыг бий болгосон жолооч болон хариуцагч нар хохирлыг тус тус 50 хувиар хариуцна. Түүнчлэн малыг засмал замаас 50 метр дотор хариулгагүй орхиж болохгүй гэсэн малчны үүргийн зэрэгцээ Замын хөдөлгөөний дүрмийн 26.5-д зааснаар “Малыг зам хөндлөн буюу гүүрээр тууж гаргахдаа … ойртон ирж яваа тээврийн хэрэгсэлгүй үед гаргана. Ингэхдээ аль болох түргэн, бөөнөөр нь гаргах бөгөөд гүйцэд гаргаж амжаагүй байхад ойртон ирсэн тээврийн хэрэгслийн жолооч зам тавьж өгнө” гэж жолоочийн үүргийг тусгайлан заасныг дурдах нь зүйтэй.

31.Сөрөг нэхэмжлэлийн тухайд: Зам тээврийн осол гарахад жолоочийг гэм буруутай гэж үзсэн тул нэхэмжлэгч Д.Э нь автомашины өмчлөгчийн хувьд Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д зааснаар гэм хорыг хариуцах үндэслэлтэй. Ослын улмаас түүний үхэр үрэгдсэн, үхэр 3,119,700 төгрөгөөр үнэлэгдсэн, хоёр шатны шүүх нэхэмжлэгчээс үхрийн үнийг гаргуулж, хариуцагчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Хариуцагч саалийн сүүгээр олох ёстой байсан орлого гэж 4,200,000 төгрөгийг гаргуулахаар сөрөг шаардлага гаргасан боловч энэ шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлоогүй байх тул сөрөг шаардлагыг бүхэлд нь хангуулах тухай гомдлыг хангахгүй.

32.Хяналтын шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар нэхэмжлэгчийн эд хөрөнгөд учирсан гэм хор 9,184,000 төгрөгийн 50 хувь болох 4,592,000 төгрөгийг хариуцагч Д.Л-аас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагч талын хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 210/МА2025/01094 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 192/ШШ2025/02654 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар гэм хорын хохиролд хариуцагч Д.Л-аас 4,592,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Э-д, нэхэмжлэгч Д.Э-гаас 3,119,700 төгрөгийг гаргуулан хариуцагч Д.Л-т тус тус олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,592,000 төгрөг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,200,000 төгрөгийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж, шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын “хариуцагч Д.Л-аас улсын тэмдэгтийн хураамжид 162,000 төгрөг гаргуулж” гэснийг “хариуцагч Д.Л-аас улсын тэмдэгтийн хураамжид 88,422 төгрөг гаргуулж” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтаас “56.1” гэснийг хасаж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Д.Л-ын хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангасугай. 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдөр төлсөн 224,870 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Э.ЗОЛЗАЯА

                                          ШҮҮГЧИД                                Н.БАТЧИМЭГ

                                                                                          Б.УНДРАХ

                                                                                           Д.ЦОЛМОН

                                                                                           Х.ЭРДЭНЭСУВД