Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 111

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж,

нарийн бичгийн дарга Б.Нарантуяа,

улсын яллагч Н.Ням-Очир,

шүүгдэгч Ц.Ягаанцэцэг, түүний өмгөөлөгч Д.Ганхуяг /ҮД: 1484/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Тайж овогт Цэцэгсүрэнгийн Ягаанцэцэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 124.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201626023149 дугаартай хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1970 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, цэцэрлэгийн багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хүү, зээ хүү нарын хамт Улаанбаатар хотын Налайх дүүргийн Шинэ налайх хорооллын 1 дүгээр байрны 3-33 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2008 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн шүүхийн 352 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 124.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Тайж овогт Цэцэгсүрэнгийн Ягаанцэцэг /РД: УХ70090800/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ц.Ягаанцэцэг нь 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл Э.Рэгзэдмаа, А.Отгонзаяа нарыг, 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүртэл Д.Мөнхчулуун, А.Тунгалаг нарыг биеэ үнэлэхэд зуучилсан, биеэ үнэлэхийг байнга зохион байгуулсан, тээврийн хэрэгсэл, орон байраар үйлчилсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                  

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч Ц.Ягаанцэцэг: “...Би Рэгзэдмаа, Отгонзаяа, Тунгалаг, Мөнхчулуун нарыг биеэ үнэлэхэд зохион байгуулж, ажиллуулж, орон байраар хангаагүй. Би өөрөө биеийн  амрыг бодоод тэнэг ухаанаар эд нарыг дагаад биеэ үнэлье, хамт явъя гэж бодоод явсан. Надтай явсан хүүхнүүд урьд нь Эрээн гараад үзчихсэн, массаж нэрийн дор ажилладаг саунуудаар орж биеэ үнэлдэг, биеэ үнэлэхийг мэддэг хүмүүс байсан. Бид нар “Оргил” саунд ажиллаж байхдаа танидаг болсон. Энэ миний буруу, би буруугаа ойлгож байгаа. Ийм байдалд хүрнэ гэж би бодоогүй, хүн болгон амьдралаа яриад байсан болохоор хань татаад би өөрөө биеийнхээ амрыг бодоод аваад явсан. Миний хувьд ажлуулаад, орон байраар хангаад, унаа тээврийг нь бэлдсэн зүйл байхгүй. Би Өвөрхангай аймагт нэг жил амьдраад наймаа эрхэлдэг байхдаа Хятад улсын Сэхэ гэдэг боомтоор гарч гутал оруулж ирэх гэж явсан. Тэгээд үсчин гэсэн хаягтай газар орж үсээ янзлуулах гээд Жаран гэдэг Өвөрмонгол хүнтэй танилцаад ийм газар байдаг юм байна гэж мэдэж авсан. Хохирогч бид нар байнга холбоотой байдаг, дандаа уулздаг, наашаа цаашаа ирж очиж явдаг болохоор бие биедээ ийм санал тавиад гарсан. Би өөрийнхөө бурууг ойлгож байна...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч Э.Рэгзэдмаа мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2015 оны хавар буюу 04 дүгээр сарын үед Сараа эгч Өмнөговийн Шивээ хүрэнгийн боомтоор гараад Хятадын Сэхэ боомтод биеэ үнэлдэг газар байна, тэнд Эрээн хот шиг дэлгүүр хоршоо багатай мөнгө цуглуулчихаар газар байна явах уу гэхээр нь би зөвшөөрөөд Отгонзаяа, Уянгаа, Сараа эгч нарын хамт Сэхэ боомт руу гарч Жаран гэж Өвөр монгол авгайгийн гэрт очиж биеэ үнэлэгч нарыг байрлуулдаг газар нь байрлаж биеэ үнэлж байгаад 10 гаруй хоноод буцаж Монголдоо ирсэн. 2015 оны 05 дугаар сард буцаад Сэхэ боомтод очиж биеэ үнэлж байгаад тэнд нэг Өвөр монгол залуутай танилцаж биеэ үнэлэхээ болиод уг залуугийн хамт амьдарч байгаад 2015 оны 6 дугаар сарын эхээр Монгол улсад гэртээ ирсэн. ...Миний хувьд 2015 оны 05 дугаар сараас хойш биеэ үнэлээгүй. Мөн Сэхэ боомт руу гарсан Уянгаа гэж охин бас Өвөрмонгол хүнтэй суугаад хүүхэд гаргасан сурагтай байсан. ...Сараа эгчийг би Ягаанцэцэг гэдэг нэрээр нь мэдэхгүй. Сараа эгч биеэ үнэлдэг байсан. ...Сараа эгч мөнгө авдаггүй байсан. Харин Жаран авгай бид нарын хүнтэй унтаж олсон мөнгөнөөс 40 хувийг авдаг байсан. ...Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Миний хувьд өөрөө амьдралын эрхэнд сайн дураараа явж биеэ үнэлж байсан. ...Миний хувьд Сэхэ боомт руу Сараа эгчийг л дагаж явсан. Сараа эгч надад санал тавихаар нь дагаж явсан...” /1хх-ийн 50-52/ гэсэн,

 

Хохирогч А.Отгонзаяа мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2015 оны 05 дугаар сарын 17-ны өдөр санагдаад байна ...Сараа эгч над руу утсаар яриад Хятадын хил дээр ажил байна, одоо явах гэж байна хамт явах уу гэхээр нь биеэ үнэлэх ажил байна гэж ойлгоод зөвшөөрөөд явъя гэсэн. Ингээд тэр өдрөө шууд Драгон авто зогсоол дээр очиход урьд нь Оргил сауны газар хальт харж байсан Эмма буюу Э.Рэгзэдмаа, бас нэг танихгүй өөрийгөө Уянга гэх эмэгтэй, Сараа эгч бид дөрөв машинд суугаад Өмнөговь аймгаас урагшаа Хятадын хил рүү гардаг Сэхэ нэртэй боомтоор гарч Жаран гэж настай Өвөрмонгол авгайгийн гэрт очсон. Уг Жаран гэх авгайг Сараа эгч таньдаг юм байна лээ. ...Жаран авгайгийн байрлуулсан газар 10 гаруй хоног биеэ үнэлж байгаад Рэгзэдмаа бид хоёр 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Монгол улс руугаа буцсан. Би уг газар биеэ үнэлж байхдаа нэг удаа бэлгийн харьцаанд орохдоо 200 юань, үүнээс 50 юанийг нь Жаран авгайд өгдөг байсан. ...Сараа эгч бид нарын биеэ үнэлсэн мөнгөнөөс авдаггүй байсан байх. ...Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” /1хх-ийн 65-66/ гэсэн,

Хохирогч Д.Мөнхчулуун мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би А.Тунгалаг буюу Мишээл гэж нэрээр дууддаг найзынхаа хамт 2015 оны 07 дугаар сарын сүүлээс 08 дугаар сарын эхэн хүртэл 14 хоногоор Сараа эгчийн дуудсанаар Хятад улсын Сэхэ боомтод очиж Жаран гэж авгайгийн охидыг байрлуулж биеийг нь үнэлүүлдэг газар байрлаж 10 хоног биеэ үнэлсэн. Сүүлийн 4 хоног нь Хятадын Сэхэ боомтын цагдаа нарт баригдаад саатуулагдаж байгаад Тунгалаг бид хоёр шууд Монгол Улс руугаа буцсан. ...2015 оны 07 дугаар сарын сүүлээр Тунгалаг бид хоёр луу Сараа эгч утсаар яриад Өмнөговь аймгийн Гурван тэс сумын хилээр Хятадын Сэхэ боомт руу гарч байна. Эгч нь энд байна, шинэ газар гайгүй юм байна, хүрээд ир, хотоос унаа явж байгаа суугаад ир гэхээр нь Тунгалаг бид хоёр гадаад паспорт шинээр захиалж аваад Сэхэ боомт руу явсан. Сэхэ боомт дээр очиход Сараа эгч болон Жарангийн нөхөр гэх бас нэг залуугийн хамт ирж тосож авсан. Ингээд Жаран авгайн охидыг байрлуулдаг газар биеэ үнэлдэг байсан. Сараа эгч Сэхэ боомтод ирж биеэ үнэлэх талаар санал тавихаар нь зөвшөөрөөд очсон. ...Би Сараа эгчийг дундаас нь мөнгө авдаг байсан эсэхийг мэдэхгүй байна. Жаран авгай л бид нарын биеэ үнэлж олсон мөнгөний 30 хувийг авдаг байсан. ...Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” /1хх-ийн 60-61/ гэсэн,

 

Хохирогч А.Тунгалаг мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2015 оны 07 дугаар сарын сүүлээр найз Мөнхчулууны хамт Хятад улсын Сэхэ боомт руу гарч Сараа эгч дээр очиж уулзаад биеэ үнэлж байсан газар нь очиж Мөнхчулуун бид хоёр 20 орчим хоног биеэ үнэлж байгаад Хятадын цагдаад баригдаад Монгол улс руугаа орж ирсэн. ...Тухайн үед би 1,700,000 төгрөгийн өрөнд орсон, нөхөр, хүүхдээсээ салсан, сэтгэл санаа тогтворгүй байсан үе. Тэгтэл Мөнхчулуунтай Сараа эгч утсаар яриад Хятадын Сэхэ боомтод биеэ үнэлж байна гэхээр нь мөнгө олж өрөө дарах санаатай Мөнхчулуунтай хамт явж Сараа эгч дээр очиж түүний байрлаж байсан Жаран гэх авгайгийн биеэ үнэлэгч нарын байрлуулдаг газар байрлаж 20 орчим хоног биеэ үнэлсэн. ...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” /1хх-ийн 71-72/ гэсэн,

 

Шүүгдэгч Ц.Ягаанцэцэг мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр байх Хятад улсын Сэхэ боомтоор гарч тэнд үйл ажиллагаа явуулдаг, биеэ үнэлэгч нарыг байрлуулдаг Жаран гэх Өвөрмонгол авгай дээр очиж 7 хоног биеэ үнэлсэн ...2015 оны 5 дугаар сарын 17-ны өдөр байх Сэхэ боомт руу дахиж явахаар болоод Улаанбаатар хотод байхдаа Эмма буюу Рэгзэдмаа, Отгонзаяа, Уянгаа нартай утсаар холбогдоод урагшаа явж биеэ үнэлэх ажил байна, явах уу гэхэд бүгд хүлээн зөвшөөрөөд хамт явъя гэсэн. Бид дөрөв Драгон төвийн авто зогсоол дээрээс машинд суугаад Өмнөговь аймгийн Гурван тэс сумын Шивээ хүрэнгийн боомт дээр бууж тэндээсээ Хятад улсын Сэхэ боомтоор гарах Жарангийн нөхөр бид дөрвийг тосож авсан. ...Отгонзаяа, Рэгзэдмаа хоёр 10 гаруй хоног биеэ үнэлж байгаад Монгол улс руугаа буцсан. ...2015 оны 07 дугаар сарын 23-ны өдөр буцаад Сэхэ боомтоор гарч Жаран авгай дээр очиж биеэ үнэлж байхад Тунгалаг гэж охин над руу яриад таныг урд байгаа гэж сонссон, өр шир ихтэй аягүй хэцүү байна, наана чинь очиж ажил хийе гэхээр нь хүрээд ир гэсэн чинь Тунгалаг, Мөнхчулуун хоёр 2015 оны 07 дугаар сарын сүүлээр Сэхэ боомтоор гарч ирсэн...” /1хх-ийн 85-86/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Шүүгдэгч Ц.Ягаанцэцэг, хохирогч Э.Рэгзэдмаа, Д.Мөнхчулуун, А.Отгонзаяа, А.Тунгалаг нарын хилээр нэвтэрсэн тухай лавлагаа /1хх-ийн 196-198/,

- Шүүгдэгч Ц.Ягаанцэцэгийн хувийн байдалтай холбоотой гэрч Я.Бадамцэцэгийн мэдүүлэг /1хх-ийн 78/ болон бусад баримтууд /1хх-ийн 95/,

- Тодорхойлолт /1хх-ийн 94/,

- Шүүгдэгч Ц.Ягаанцэцэгийн иргэний үнэмлэхийн хуулбар, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 93, 102/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

 

Шүүгдэгч Ц.Ягаанцэцэг нь 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл Э.Рэгзэдмаа, А.Отгонзаяа нарыг, 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүртэл Д.Мөнхчулуун, А.Тунгалаг нарыг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Сэхэ боомтод биеэ үнэлэхэд зуучилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Э.Рэгзэдмаа, А.Отгонзаяа, Д.Мөнхчулуун, А.Тунгалаг нарын мэдүүлгүүд, шүүгдэгч Ц.Ягаанцэцэг, хохирогч Э.Рэгзэдмаа, Д.Мөнхчулуун, А.Отгонзаяа, А.Тунгалаг нарын хилээр нэвтэрсэн тухай лавлагаа, шүүгдэгч Ц.Ягаанцэцэгийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Ягаанцэцэгийг дээрх цаг хугацаанд нэр бүхий хохирогч нарыг биеэ үнэлэхэд зуучилсан, биеэ үнэлэхийг байнга зохион байгуулсан, тээврийн хэрэгсэл, орон байраар үйлчилсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

Биеэ үнэлэхийг байнга зохион байгуулсан гэдэг нь өөр ямар нэгэн үйл ажиллагаагаар халхавчлан биеэ үнэлэгч нарыг байлгах, орогнуулах, тэдний хүсэлтээр болон хүсэлтгүйгээр тэднийг худалдаж авах хүмүүсийг бэлдэж, өөр хооронд нь холбож өгөх, биеийг үнэлүүлэхийг зохион байгуулсны төлөө тодорхой хэмжээгээр төлбөр авахийг,

Тээврийн хэрэгсэл, орон байраар үйлчилсэн гэдэг нь биеэ үнэлэхэд гэр, орон сууц, зочид буудал, өрөө тасалгааг ашиглуулах, түрээслэх, хөлслөх бөгөөд биеэ үнэлж буйг мэдсээр байж машин унаагаар тусалж дэмжсэн биеэ үнэлэгчдийг зөөвөрлөсөн байхыг тус тус ойлгоно. Хохирогч Э.Рэгзэдмаа, Д.Мөнхчулуун, А.Отгонзаяа, А.Тунгалаг нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Ц.Ягаанцэцэг нь нэр бүхий хохирогч нарыг биеэ үнэлэхийг байнга зохион байгуулсан, тээврийн хэрэгсэл, орон байраар үйлчилсэн гэх үйл баримт хангалттай тогтоогдохгүй байх тул “биеэ үнэлэхийг байнга зохион байгуулсан, тээврийн хэрэгсэл, орон байраар үйлчилсэн” гэх үйлдлийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иймд шүүгдэгч Ц.Ягаанцэцэгийг биеэ үнэлэхэд зуучилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Харин шүүгдэгч Ц.Ягаанцэцэгийн 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл Э.Рэгзэдмаа, А.Отгонзаяа нарыг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Сэхэ боомтод биеэ үнэлэхэд зуучилсан үйлдэл нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан хугацаанд хамаарч байх тул дээрх үйлдлийг мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хохирогч нар хохирол төлбөр нэхэмжлээгүй тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй болно.

Шүүгдэгч Ц.Ягаанцэцэг урьд нь 2008 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн шүүхийн 352 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 124.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх хэсэгт зааснаар түүнийг ялгүй гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ц.Ягаанцэцэгт ял оногдуулахад хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд хорих ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганхуяг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Ягаанцэцэгт оногдуулах хорих ялыг тэнсэж хянан харгалзаж өгнө үү гэсэн саналыг шүүхэд гаргасан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйл нь шүүхэд үүрэг болгосон заалт биш бөгөөд шүүгдэгч Ц.Ягаанцэцэгийн хувийн байдал /1хх-ийн 10-13/, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзах боломжгүй гэж үзэв.

 

Эрүүгийн 201626023149 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, бусад төлөх төлбөргүй, хохироч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 286, 290, 294, 295, 296 дугаар зүйл, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц.Ягаанцэцэгт холбогдох хэргээс 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл Э.Рэгзэдмаа, А.Отгонзаяа нарыг, 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүртэл Д.Мөнхчулуун, А.Тунгалаг нарыг биеэ үнэлэхэд байнга зохион байгуулсан, тээврийн хэрэгсэл, орон байраар үйлчилсэн гэх үйлдлийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ягаанцэцэгийн 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл Э.Рэгзэдмаа, А.Отгонзаяа нарыг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Сэхэ боомтод биеэ үнэлэхэд зуучилсан үйлдлийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

3. Шүүгдэгч Тайж овогт Цэцэгсүрэнгийн Ягаанцэцэгийг бусдыг биеэ үнэлэхэд зуучилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 124.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ягаанцэцэгийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ягаанцэцэгт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн 201626023149 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хохироч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.Ягаанцэцэгт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.Ягаанцэцэгт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                         Д.АЛТАНЖИГҮҮР