| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2024/0096/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/91 |
| Огноо | 2024-08-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.З |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 08 сарын 28 өдөр
Дугаар 2024/ШЦТ/91
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,
Нарийн бичгийн дарга М.Э
Улсын яллагч Д.З
Шүүгдэгч А.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт А-ийн М-т холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр ... аймгийн ... суманд төрсөн, ... настай, ..., ... боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ..., ... хамт ... аймгийн ... сумын ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт А-ийн М /РД: .../
Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч А.М нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын сумын 4-р багт байрлах өндөр улаан худгийн сагсны талбай дээр 2024 оны 06 сарын 13-ны орой тоглож байхдаа Б.М-той маргалдаж улмаар түүний зүүн хацар руу гараараа нэг удаа алгадсаны улмаас биед нь зүүн чихний хэнгэрэг хальсанд цус хуралт, зүүн чихний дэлбэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч А.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2024 оны 06 сарын 13-ны өдөр орой 23:00 цагаас 23:40 цагийн хооронд 3х3 сагсны талбайд сагс тоглож байгаад манай багт тоглож байсан залуу дундуур орж ирээд “ингэж болохгүй чи мэддэг юм уу” гээд муудалцаад уурандаа алгадсан. Алгадуулсныхаа дараа хэсэг сууж байгаад хэл амаар доромжлоод эгч нь цагдаад дуудлага өгөөд дараа нь цагдаа ирээд аваад явсан. Би үл таних хүүхдийн зүүн хацарт нь баруун гараараа 1 удаа алгадсан гэжээ. /хх-ийн 32-33/
Шүүгдэгч А.М шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид 400,000 төгрөг, эрүүл мэндийн даатгалд 181,000 төгрөгийг төлсөн гэв.
Насанд хүрээгүй хохирогч Б.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2024 оны 06-р сарын 13-ны оройны 23 цагийн үед Замын-Үүд сумын 4-р багт байрлах өндөр улаан худгийн хажуу талд байрлах хүүхдийн тоглоомын хажуу талын сагсны талбай дээр тоглож байхад хамт тоглож байсан бордуу царайтай ахтай тоглоомоос болж маргалдсан. Тэгтэл тэр ах миний зүүн хацар луу гараа нэг удаа хүчтэй алагдсан тэр үед би газарт унасан. Тэр үед миний төрсөн эгч Б.М хажууд байсан учир цагдаа дуудаж намайг алгадсан ахтай хамт цагдаа дээр ирж гомдол гаргасан. Өөр зүйл болоогүй. Би тэр ахтай сагс тоглож байгаад маргалдсан тэр ах намайг хөл мууг мэдсээр байж хөл рүү нь бөмбөгөө гарга гээд байхаар нь “миний хөл муу” гэсэн чинь “би мэдэж байна сагсны шүүгч хийдэг” гэх зэргээр намайг дээрэлхээд байхаар нь би өөдөөс нь “за тэгвэл би чимээгүй байж байя” гэсэн чинь мөрөөрөө түлхэхээр нь би арагшаа сагсны шийдийн хашлага налж унасан босож ирээд “та яаж тоглоод байгаа юм бэ” гэсэн нь намайг гараараа нэг удаа алгадсан ийм л зүйл болсон. Миний бие зүгээр байгаа. Сайншанд сумын эмнэлэг явж үзүүлж эмчилгээний зардал гэж 400,000 мянган төгрөг авсан. Гомдол санал байхгүй. Би сэтгэцэд учирсан гэм хорын дүгнэлт гаргуулахгүй. Шүүх хуралд суухгүй. А.М ахаас нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ. /хх-ийн 28-29/
Иргэний нэхэмжлэгч Д.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Монгол улсын Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж заасан байдаг бөгөөд тухайн гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал гарч уг зардал нь тус санд эргэн төлөгдөхгүй төрийн ашиг сонирхол зөрчигдөж, төрд хохирол учруулах явдал байгаа бөгөөд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан хуулийн заалт хэрэгжихгүй байгаа явдалд Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газраас намайг томилсон тул эрүүгийн хэрэгт нэхэмжлэл гарган оролцож байна. Тухайн гэмт хэргийн улмаас иргэн Б.М нь Эрүүл мэндийн Даатгалын сангаас 181,309 төгрөгийн зардал Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгээс тусламж үйлчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч А.М-аас гаргуулж Эрүүл мэндийн Даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь ... дугаартай дансанд төлүүлж өгнө үү гэжээ. /хх-ийн 56-57/
Гэрч А.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би Замын-Үүд сумын 4-р баг, Өндөр улаан худгийн баруун талд сагсны талбайд 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 22 цагийн үед найз залуу М, түүний төрсөн Б, Л нарын хамтаар сагс болон тоглоомын талбай дээр тоглохоор ирсэн. Энэ үед М, Л болон таксины жолооч нар сагсны талбайд сагс тоглохоор орсон ба тухайн талбайд бага насны 4-5 хүүхэд тоглож байсан. Би Б-ийн хамтаар талбайн дотор талын сандал дээр сууж байсан. Тэгтэл манай найз залуу М нь тухайн хүүхдэд үл ойлголцох байдлаар маргаад байх шиг байсан. Би ч түүнийг тоогоогүй сууж байтал нэгэн эмэгтэй М-ын загнаж, "Би чамайг гишгэх газаргүй болгоно, чи муу юу юм" гэх байдлаар хараагаад байсан. Ингэж байтал цагдаа нар болон түүний ээж аав ирсэн. Ээж аав ирээд бага зэргийн бухимдах үйлдэл гаргаж, М-ыг "Чи яасан танхай нөхөр бэ, яагаад хүүхэд ингэж байгаа юм" гээд л загнаад байсан гэжээ. /хх-ийн 11/
Гэрч Б.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би Замын-Үүд сумын 4-р баг, өндөр улаан худгийн баруун талд сагсны талбайд дээр 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 23 цагийн үед дүү М-ын хамтаар тоглож байсан. Манай дүү хөлөө хугалчихсан болохоор хамт явж байгаа юм. Одоо хөл нь эдгэрч байгаа тул хөдөлгөөнтэй болоод сагс тоглож байсан юм. Би дүүтэйгээ сагс тоглож байгаад хожигдоод талбай нэг талд очиж суугаад хэрхэн тоглож байгааг нь хараад байж байтал 3 залуу манай дүү М болон түүний найзуудтай сагс тоглохоор болж тоглох явцдаа залуучууд нь хожигдоод хоорондоо ярилцах үедээ тэр хүүхдийн хөл рүү шидээд бай гэж манай дүүг цохисон залуу нь нөгөө хоёртоо хэлсэн. Энэ үед манай дүү тухайн залуучуудад хандаад "яагаад байгаа юм бэ" гэхэд нөгөөх залуу нь /М/ өөдөөс нь яадаг юм гэх байдлаар дээрэлхэж харьцаад байсан. Би түүнийг нь тоохгүй сууж байтал манай дүүгийн зүүн чих, шанаа орчимд 1 удаа цохиод авсан. Би түүнтэй дээр очиж "Хүүе ээ яагаад байгаа юм бэ, яагаад хүүхэд цохиод байгаа юм" гэж хэлсэн. Үүний дараа аав руугаа залгаад болсон зүйлсийн талаар хэлж, аав ээж ирээд бөөнөөрөө цагдаагийн хэлтэс рүү явсан. Би түүнийг огт хэл амаар доромжлоогүй, ойролцоо байсан хүмүүс нь бүгд мэдэж байгаа. Манай дүү М-ын 1 найз, надтай хамт явж байсан эмэгтэй дүү Т, найз Х нар хамт байсан уг үйл явдлыг харсан. Манай дүүг цохисон залуугийн найзууд 2-3 хүн тухайн талбайд болсон нөхцөл байдлыг хараад сууж байсан гэжээ. /хх-ийн 12/
Шинжээчийн 2024 оны 07 сарын 02-ны өдрийн 02/286 дугаартай дүгнэлтэд 1.Б.М-ын биед зүүн чихний хэнгэрэг хальсанд цус хуралт, зүүн чихний дэлбэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. /хх-ийн 14/
Эрүүгийн хэрэг бүртгэлийн хэрэг нээж, харьяаллын дагуу шилжүүлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 01-02/
Б.М-ын нас тоолсон тэмдэглэл, төрсний гэрчилгээ /хх-ийн 20-21/
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 35-37/
Иргэний нэхэмжлэгч байгууллагын 2024 оны 08 сарын 12-ны өдрийн ... дугаартай албан тоот, даатгалын сангаас зарцуулсан зардлын лавлагаа, хохирол төлөгдсөн Хаан банкны гүйлгээний баримт /хх-ийн 48-50/
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59-64/
Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 67-98/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Гэм буруугийн хувьд:
Шүүгдэгч А.М нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын сумын 4-р багт байрлах өндөр улаан худгийн сагсны талбай дээр 2024 оны 06 сарын 13-ны орой тоглож байхдаа Б.М-той маргалдаж улмаар түүний зүүн хацар руу гараараа нэг удаа алгадсаны улмаас биед нь зүүн чихний хэнгэрэг хальсанд цус хуралт, зүүн чихний дэлбэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч Б.М-ын “...сагсны талбай дээр тоглож байхад хамт тоглож байсан бордуу царайтай ахтай тоглоомоос болж маргалдсан. Тэгтэл тэр ах миний зүүн хацар луу гараа нэг удаа хүчтэй алагдсан тэр үед би газарт унасан.” /хх-ийн 28-29/ гэх мэдүүлэг, гэрч Б.М-ийн “...манай дүү М болон түүний найзуудтай сагс тоглохоор болж тоглох явцдаа залуучууд нь хожигдоод хоорондоо ярилцах үедээ тэр хүүхдийн хөл рүү шидээд бай гэж манай дүүг цохисон залуу нь нөгөө хоёртоо хэлсэн. Энэ үед манай дүү тухайн залуучуудад хандаад "яагаад байгаа юм бэ" гэхэд нөгөөх залуу нь /М/ өөдөөс нь яадаг юм гэх байдлаар дээрэлхэж харьцаад байсан. Би түүнийг нь тоохгүй сууж байтал манай дүүгийн зүүн чих, шанаа орчимд 1 удаа цохиод авсан.” /хх-ийн 12/ гэх мэдүүлэг, шинжээчийн 2024 оны 07 сарын 02-ны өдрийн 02/286 дугаартай дүгнэлт /хх-ийн 14/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ. Шүүгдэгч А.М-ын гэм буруутай үйлдэл, насанд хүрээгүй хохирогч Б.М-д учирсан эрүүл мэндийн хохирол, хор уршиг хоёр хоорондоо шалтгаант холбоотой байна.
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирлын хувьд:
Шүүгдэгч А.М нь насанд хүрээгүй хохирогч Б.М-д 400,000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч байгууллагын хохиролд 181,309 төгрөгийг төлж барагдуулсан нь хохирогч, иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч нарын тайлбар, Хаан банкны шилжүүлгийн баримт /хх-ийн 50/ зэргээр тогтоогдож. Иймд шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын хувьд:
Шүүгдэгч А.М нь анх удаа хэрэг үйлдсэн, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн, хохирол, хор уршгийг төлж барагдуулаагүй байдал, хувийн байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг харгалзан үзэж торгох ялыг оногдуулсан болно.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүхэд эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, түүнээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн шатанд торгуулийн ялыг хэсэгчлэн төлүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт А-ийн М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А-ийн М-т 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.М нь оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол хуулийн хүчинтэй болох хүртэл хугацаанд шүүгдэгч А.М-т урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.Б