Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2021/03120

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2021/03120

Улаанбаатар хот

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б дүүрэг, 1.............................тоотод оршин суух, Х.С /РД: ................../-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б дүүрэг, 2............................ байранд байрлах, “Д” ТӨХК /РД: 2664623/-д холбогдох,

 

16 128 000  төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие “Д” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 6/88 дугаар тушаалаар өндөр насны тэтгэвэрт гарч, хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Миний бие тус байгууллагад хүнд нөхцөлийн улмаас тэтгэвэрт гарсан. Миний бие ДЦС-3 ТӨХК-д 1983-2000 он хүртэл, ДЦС-2 ТӨХК-д 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх ажилласан.

 

“Д” ТӨХК-ийн 2019-2020 оны хамтын гэрээний 5.15-д “компанийн захиргаа, ажилтан өндөр насны тэтгэвэрт гарахад уг салбарт ажилласан жилийг ХХДХ-т 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр үржүүлэн бодож, нэг удаагийн тэтгэмж олгоно” гэсэн заалтыг надад орхигдуулсан. Иймд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин үржүүлж тэтгэмж олгох ёстой тул 1 344 000 төгрөг, мөн 2-р цахилгаан станцын хамтын гэрээнд зааснаар 11-15 жил ажилласан бол 12 сартай тэнцэх хэмжээний тэтгэмж олгон гэж заасны дагуу нийт 16 128 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Д” ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт “Ажил олгогч нь энэ хуулийн 37.1.6, 40.1.1, 40.1.2, 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно.”, 42.3-т “Төсвийн байгууллагаас энэ хуулийн 42.1-т заасан нэг удаагийн тэтгэмж олгохтой холбогдсон харилцааг зохицуулсан нийтлэг журмыг Засгийн газар батална.” гэж тус тус заасан.

 

Үүний дагуу Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолоор “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”, Засгийн газрын 2011 оны 38 дугаар тогтоолоор “Цэргийн албан хаагчид нэг удаагийн тэтгэмж олгох журам”-ууд батлагдсан гарсан бөгөөд үүгээр төрийн албан хаагчдад нэг удаа тэтгэмж олгох харилцааг зохицуулдаг.

 

Харин хариуцагч “ДЦС-2” ТӨХК нь цахилгаан, дулаан үйлдвэрлэх, цахилгаанаар болон дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлийн хүрээнд үндсэн үйл ажиллагаагаа явуулдаг 100 хувийн Төрийн өмчит хувьцаат компани бөгөөд Төрийн албаны тухай хууль болон дээр журмуудын хамрах хүрээнд хамаардаггүй.

 

Х.С нь 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдөр тус байгууллагын Аж ахуйн хэлтэст автын механикаар анх ажилд орсон бөгөөд ажиллаж байх хугацаандаа тус хэлтсийн барилгын засварчнаар 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдөр шилжин ажиллаж байгаад 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хөнгөлөлттэй нөхцөл /хэвийн бус буюу хүнд/-өөр өндөр насны тэтгэвэрт гарсан.

 

Нэхэмжлэгч Х.С нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т зааснаар 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүсээгүй бөгөөд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 /3/-т “нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй хугацаагаар хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн, ...бол өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй.” гэсэн заалтаар хөдөлмөрийн хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэрт гарч, уг нөхцөлөөр тэтгэврээ тогтоолгосон.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 18 дугаар зүйлд хамтын гэрээгээр зохицуулах харилцааг тодорхой заасан байдаг. Тус зүйлийн 18.1.1-д “Үндсэн цалингийн хэмжээг тогтоох, нэмэгдүүлэх, түүний хэлбэр, олгох хугацаа, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, шагнал урамшуулал, нэмэгдэл, тэтгэвэр, тэтгэмж, тусламж, хөнгөлөлт  зэргийн хэмжээг тогтооно”, Эрчим хүчний салбарын “2019-2020 оны хамт /тариф/-ын хэлэлцээр”-ийн 5.19-д “Нийгмийн хамгаалалтай холбоотой асуудлыг тухайн байгууллага эдийн засгийн боломждоо тулгуурлан хамтын гэрээгээрээ зохицуулна.” гэж тус тус заасан.

 

Үүний дагуу “ДЦС-2” ТӨХК-ийн Захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан “2019-2020 оны Хамтын гэрээ”-ний 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн нэмэлт өөрчлөлт /№01/-ийн 5.15-д “Компанийн захиргаа нь тус станцад 5 ба түүнээс дээш жил ажилласан ажилтныг өндөр насны тэтгэвэрт гарахад нь тус салбарт ажилласан жилийг салбарын ХХДХ-г 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр үржүүлэн бодож нэг удаагийн тэтгэмж олгоно.” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Х.С нь тус компанид 1 жил 1 сар ажилласан байдаг.

 

Иймд Х.Сыг өндөр насны тэтгэвэрт шилжихэд Хөдөлмөрийн тухай хууль болон дээрх Хамтын гэрээний заалтын шаардлагыг хангаагүй учир тэтгэмжийг олгоогүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х.С нь хариуцагч “Д” ТӨХК-д холбогдуулан 20 428 800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэлийн хэмжээгээ 16 128 000 төгрөг болгон багасгасан.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...өндөр насны тэтгэмж гаргуулах” гэж тодорхойлсон, хариуцагч нь уг шаардлагыг үгүйсгэн маргасан.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Хариуцагч “Д” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Б/124 дугаар тушаалаар нэхэмжлэгч Х.Сыг 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс Аж ахуйн хэлтэст туршилтын 3 сар хүртэлх хугацаанд автын механикчаар ажиллуулж, сарын цалинг 1 047 600 төгрөгөөр тогтоожээ. Улмаар мөн захирлын 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн Б/208 дугаар тушаалаар Х.Сыг дээрх албан тушаалаас 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөр чөлөөлж, мөн өдрөөс тус хэлтэст барилгын засварчнаар шилжүүлэн томилж, цагийн тарифт цалингаар цалинжуулахаар шийдвэрлэжээ.  

 

Ажил олгогч “Д” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Б/88 дугаар тушаалаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн үндэслэлээр Х.Сыг аж ахуйн хэлтсийн барилгын засварчны үүрэгт ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.

 

Нэхэмжлэгч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, үүнээс 12 жил 7 сар хөдөлмөрийн хүнд буюу халуун нөхцөлд ажилласан нь “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-ийн 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн хөдөлмөрийн нөхцөлийн тодорхойлолт, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар болон архивын лавлагаагаар тус тус нотлогдож байна. Түүнчлэн, дээрх үйл баримтын талаар талууд маргаагүй. Иймд нэхэмжлэгчид Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3-ийн 2/-т заасан хөнгөлөлттэй нөхцөлөөр түүний тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн гэж үзэхээр байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар ажил олгогч нь энэ хуулийн 37.1.6, 40.1.1, 40.1.2, 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгох үүрэгтэй. Харин Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3-ийн 2/-т зааснаар нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй хугацаагаар хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн бол өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалт нь зөвхөн хуульд заасан хөнгөлөлттэй нөхцөлөөр өөрийн хүсэлтээр тэтгэвэр тогтоолгох эрх үүсдэг ажилтанд хамаарахгүй.

“Д” ТӨХК-ийн захиргаа, ҮЭ-ийн хооронд байгуулсан 2019-2020 оны хамтын гэрээний 5.15-т “компанийн захиргаа ажилтанг  өндөр насны тэтгэвэрт гарахад тус салбарт ажилласан жилийг салбарын ХХДХ-г 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр үржүүлэн бодож нэг удаагийн тэтгэмж олгоно /тэтгэмжийг ажилласан сард нь харгалзан олгоно/” гэснийг 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн нэмэлт, өөрчлөлтөөр “компанийн захиргаа нь тус станцад 5 ба түүнээс дээш жил ажилласан ажилтанг өндөр насны тэтгэвэрт гарахад тус салбарт ажилласан жилийг салбарын ХХДХ-г 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр үржүүлэн бодож нэг удаагийн тэтгэмж олгоно” гэж өөрчилсөн байх бөгөөд хамтын болон нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээ хүчин төгөлдөр байна. Иймд нэхэмжлэгч нь “Д” ТӨХК-д 5 ба түүнээс дээш жил ажиллаагүй байх тул уг хамтын гэрээнд заасан хэмжээгээр түүнд өндөр насны тэтгэмж авах эрх үүсээгүй байна. 

 

Ажил олгогч “Д” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Б/88 дугаар тушаалд хариуцагч нь нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуульд заасан өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн үндэслэлээр, эсхүл Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3-ийн 2/-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан эсэхийг тодорхой заагаагүйн улмаас нэхэмжлэгчийг эрх зүйн байдал дордсон байна. Өөрөөр хэлбэл, ажилтан хөнгөлөлттэй нөхцөлөөр буюу өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгон эрх үүссэн нь ажил олгогчийн санаачилгаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болохгүй. Гэтэл ажил олгогч “Д” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Б/88 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн үндэслэлээр өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хуульд нийцээгүй байх боловч нэхэмжлэгч нь уг тушаалын талаар шаардлага гаргаагүй.

 

Иймд хариуцагчийн дээрх тушаал нь ажилтны эрх зүйн байдлыг дордуулсан буюу өндөр насны тэтгэмж авах эрхийг зөрчсөн байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар түүнд нэг сарын дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгох үндэслэлтэй байна.

 

Хариуцагчийн  2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн Б/208 дугаар тушаалаар Х.Сын цалинг цагийн тарифаар цалинжуулахаар шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчийн нэг цагийн цалинг 5 760 төгрөгөөр тогтоосон байх бөгөөд тэрээр 2021 оны 4,5,6 дугаар сард нийт 504 цаг ажилласан байна. Иймд нэхэмжлэгчид олгох өндөр насны улмаас тэтгэвэрт гарсны тэтгэмжийн дундаж хэмжээ 852 768 төгрөг болж байна. /5076 төгрөг * 504 цаг=2 558 304 төгрөг/3 сар/

 

Дээрх үндэслэлээр хариуцагчаас 852 768 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 15 275 232 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасныг баримтлан хариуцагч “Д” ТӨХК-иас 852 768 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Сод олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 15 275 232 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдөр төлсөн 260 094 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 25 016 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          М.БАЯСГАЛАН