Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 2024/ШЦТ/96

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж

 

Нарийн бичгийн дарга М.Э

Улсын яллагч Д.З

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Э

Шүүгдэгч А.Ш нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны  1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О овогт А-ы Ш-д холбогдох эрүүгийн ... тоот хэргийг 2024 оны 09 сарын 04-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр ... аймгийн ... суманд төрсөн, ..., ... настай, боловсрол, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ..., ... аймгийн ... сум ... тоотод оршин суух, урьд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ... оны ... сарын ...-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, О овогт А-ы Ш /РД: .../

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Ш нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх хугацаанд буюу 2024 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 00 цаг 30 минутын орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Нефтын 2 дугаар гудамжинд Тоёота приус-30 маркийн ... дугаартай тээврийн хэрэгслийг жолоодсон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч А.Ш мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2024 оны 05 сарын 04-ний өдрийн оройны 22 цагийн үед Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3-р баг Модны ... тоотод байрлах найз Э-д очиход Э нь ганцаараа гэртээ байж байсан. Бид хоёр юм ярьж байгаад хоёулаа нэг шил архи авч уух уу гэж ярилцаад би архи зардаг хүнсний дэлгүүр орж нэг шил 0,75 гр-ын Хараа нэртэй архи, ус ундаа тамхи аваад буцаад Э найзындаа ирсэн. Бид хоёр юм ярингаа авчирсан архиа уусан, тэгтэл шөнийн 23 цаг өнгөрч байхад Э-ийн эхнэр У залгаад орой болсон байна унаа олдохгүй байна охин бид хоёрыг ирээд аваач гэж ярьсан. Найз Э архи уугаад их согтсон байсан болохоор найзынхаа ... улсын дугаартай приус-30 маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод найз Э-ийн эхнэр, хүүхдийг нь авахаар явсан. Э-ийн гэрийн гаднаас хөдлөөд бараг 100 м яваагүй байхад хашааны булан эргээд цагдаад баригдаад саатуулагдсан. Тухайн үед би архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан учир согтуурал хэмжих багажаар шалгуулахад 1,77 хувийн согтолттой байсан. Миний унаж явсан тээврийн хэрэгслийг цагдаагийн журмын хашаанд хийсэн. Тэгээд маргааш нь ирж цагдаа дээр тайлбар байцаалтаа өгсөн. Би тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг 2012 оны 11 сарын 26-ны өдөр 10 жилийн хугацаатай аваад, үнэмлэхийн хүчинтэй хугацаа 2022 оны 11 сарын 26-ны өдөр дуусгавар болсон тэрнээс хойш үнэмлэхээ дахин аваагүй байх хугацаандаа тухайн зөрчлүүдийг гаргасан бусдаар эрхээ хасуулсан зүйл байхгүй зөвхөн жолоодох эрхийн үнэмлэхгүй байхдаа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зөрчил гаргасан гэжээ.  /хх-ийн 11-12/   

Шүүгдэгч А.Ш шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мэдүүлэг өгөхгүй гэв.

Гэрч Т.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Хэлтсийн даргын баталсан хуваарь томилгооны дагуу тухайн өдөр шөнийн эргүүлийн үүргийг 21:00-03:00 цаг хүртэл үүрэг гүйцэтгэх явцад Замын-Үүд сумын 3-р баг Өргөн гудамжинд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт тавьж ажиллаж байхад Нефтын 2-р гудамжнаас ... улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийг шалгахад иргэн А.Ш гэх залуу бичиг баримтаа шалгуулж “би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн уучлаарай” гэх бөгөөд, “Та хаанаас хаана хүртэл тээврийн хэрэгсэл жолоодсон бэ?” гэж асуухад “Элгэн баян худалдааны төвөөс нефтын гудам хүртэл барьсан” гэсэн. “Та хэр их хэмжээний согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бэ?” гэхэд “би 2 шил архи уусан би худлаа ярихгүй” гэх бөгөөд “саяхан эрхээ хасуулсан юм аа уучлаарай” гэсний дагуу “Та манай хэлтэс рүү явж драгер багаж үлээгээд согтолтын хэмжээгээ шалгуулчих” гээд үлээлгэхэд 1.77% согтолттой байсан тул тээврийн хэрэгслийг түр саатуулж тэмдэглэл үйлдэн эрх бүхий албан тушаалтанд шилжүүлсэн гэжээ. /хх-ийн 18-19/

Гэрч Р.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Тухайн өдөр найз Ш манай гэрт ирээд хүнсний дэлгүүр орж Ш нэг шил архи авч хамт архи ууж байсан чинь манай эхнэр У утсаар залгаад ирээд аваач хүүхэдтэй болохоор явж чадахгүй байна гэхээр нь манай гэрийн хашаанд байсан ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг найз Ш бариад явсан. Тухайн үед би архи уугаад их согтуу байсан учраас Ш машин барьсан. Би арын суудал дээр суугаад хашаанаас гараад 200-300 метр зайд бариад явж байхад эргүүлийн цагдаа нар таарч саатуулагдсан тэгээд цагдаа орж Ш миний машиныг журмын хашаанд хийлгэж 4 хоногийн дараа журмын хашаанаас авсан. Миний машиныг Ш согтууруулах ундаа уусан үедээ манай эхнэрийг авах гэж яваад саатуулагдсан өөр зүйл болоогүй. ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний нэр дээр байдаг машин. Би энэ машиныг худалдан аваад 1 жил болж байгаа. Ш манай аавын дүүгийнх нь хүүхэд бид хоёр үеэлүүд. Ш бид хоёр хамт архи ууж байгаад манай эхнэрийг айлаас авах гэж байгаад согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож саатуулагдсан нь үнэн гэжээ. /хх-ийн 22-23/

 Гэрч Б.У мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Тухайн өдөр би найзындаа хүүхэдтэйгээ хамт байж байгаад гэртээ харих гээд нөхөр Э лүү залгасан чинь манай нөхөр утсаа аваад “за би очоод авъя” гэхээр нь айлд хүлээж байсан чинь ирэхгүй удаад байхаар нь гайхаад дахиад нөхрийн гар утас руу залгасан чинь “Ш бид хоёр цагдаад баригдсан” гэж хэлэхээр нь гайхаад хүүхдээ тэврээд гэртээ харьсан. Гэртээ орж ирээд хүүхдээ унтуулаад амарсан. Тэгтэл өглөө нь намайг очиж авах гээд Ш манай нөхөр хоёр хамт явж байгаад цагдаад саатуулагдсан байсан би архи ууж байгааг мэдээгүй. ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл манай нөхөр Р.Э-ийн нэр дээр байдаг машин. Би энэ хоёрыг хамт архи ууж байгааг би мэдээгүй намайг эзгүй хойгуур манай гэрт Шижиртуяа ирээд архи ууж байхад нь би ирээд ав гэж хэлсэн. Би архи уусан байсан бол ирж ав гэж хэлэхгүй байсан даанч мэдээгүй эрүүл байгаа юм байна гэж бодоод нөхрийгөө дуудаж ирээд ав гэж хэлсэн. Архи уучхаад манай нөхөртэй хамт Ш манай машиныг бариад явж байгаад цагдаад саатуулагдсан байсан би өөр юм мэдэхгүй байна гэжээ. /хх-ийн 26-27/

Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 05/

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 29-31/

Шүүгдэгчийн гэмт хэрэг зөрчилд холбогдож байсан мэдээлэл /хх-ийн 48-51/

... улсын дугаартай тээврийн хэрэгслийн  ... дугаартай гэрчилгээ /хх-ийн 52/

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ... оны ... сарын ...-ны өдрийн ... дугаартай шийтгэвэр, мөн шүүхийн 2024 оны 07 сарын 18-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 54-56, 60-62/

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57/

Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 64/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газар Баян-Өлгий аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 09 сарын 03-ны өдрийн ... дугаартай албан бичгээр шүүгдэгч нь ... оны ... сарын ...-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоол оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгийн торгуулийн ялыг 2024 оны 08 сарын 23-ны өдөр төлж барагдуулсан болохыг тодорхойлсон /хх-ийн 67/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Гэм буруугийн хувьд:

Шүүгдэгч А.Ш нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх хугацаанд буюу 2024 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 00 цаг 30 минутын орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Нефтын 2 дугаар гудамжинд Тоёота приус-30 маркийн ... дугаартай тээврийн хэрэгслийг жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, гэрч Т.Ц-ийн “...эргүүлийн үүргийг 21:00-03:00 цаг хүртэл үүрэг гүйцэтгэх явцад Замын-Үүд сумын 3-р баг Өргөн гудамжинд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт тавьж ажиллаж байхад Нефтын 2-р гудамжнаас ... улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийг шалгахад иргэн А.Ш гэх залуу бичиг баримтаа шалгуулж “би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн уучлаарай” гэсэн. ...“Та хэр их хэмжээний согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бэ?” гэхэд “би 2 шил архи уусан би худлаа ярихгүй” гэх бөгөөд “саяхан эрхээ хасуулсан юм аа уучлаарай” гэсний дагуу “Та манай хэлтэс рүү явж драгер багаж үлээгээд согтолтын хэмжээгээ шалгуулчих” гээд үлээлгэхэд 1.77% согтолттой байсан тул тээврийн хэрэгслийг түр саатуулж тэмдэглэл үйлдэн эрх бүхий албан тушаалтанд шилжүүлсэн.” /хх-ийн 18-19/ гэх мэдүүлэг, гэрч Р.Э-ийн “...Тухайн үед би архи уугаад их согтуу байсан учраас Ш машин барьсан. Би арын суудал дээр суугаад хашаанаас гараад 200-300 метр зайд бариад явж байхад эргүүлийн цагдаа нар таарч саатуулагдсан тэгээд цагдаа орж Ш миний машиныг журмын хашаанд хийлгэж 4 хоногийн дараа журмын хашаанаас авсан. Миний машиныг Ш согтууруулах ундаа уусан үедээ манай эхнэрийг авах гэж яваад саатуулагдсан өөр зүйл болоогүй.” /хх-ийн 22-23/ гэх мэдүүлэг,  жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 05/, Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ... оны ...сарын ...-ны өдрийн ... дугаартай шийтгэвэр /хх-ийн 54-56/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч А.Ш нь 2024 оны 01 дүгээр сарын 24-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т зааснаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан болох нь хэрэгт авагдсан Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ...оны ... сарын ...-ны өдрийн ... дугаартай шийтгэврээр тогтоогдож байх тул тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон болох нь жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлээр 1,77% үзүүлэлт илэрсэн нь “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгохоор тайлбарласнаас дээш үзүүлэлт тул согтуурсан, “тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг ойлгохоор тус тус хуульчилсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд гэмт хэргийн улмаас хохирол, хор уршиг учраагүй тул шүүгдэгч А.Ш-г энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжээр хэлбэрийн болон материаллаг бүрэлдэхүүнтэй гэж ангилдаг.

Эрүүгийн хуульд гэмт хэргийн хэлбэрийн бүрэлдэхүүний шинжээр нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно,

материаллаг бүрэлдэхүүний шинжээр нь мөн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж тус тус тодорхойлсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “...Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж заасан нь уг гэмт хэргийг хэлбэрийн бүрэлдэхүүний шинжээр хуульчилжээ. Өөрөөр хэлбэл хохирол, хор уршиг учирсан байхыг шаардахгүй бөгөөд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийснээр гэмт хэргийг төгссөн гэж үзэхээр байна.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлд заасан гэм буруугийн хэлбэрийг санаатай, эсхүл болгоомжгүй хэлбэрээр хуульчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцохоор заасан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн” гэх хэргийг болгоомжгүй гэмт хэрэг гэж үзэх боломжгүй юм.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч А.Ш нь 2024 оны 01 дүгээр сарын 03-ний өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулснаа мэдэж байгаа, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсны дараа дахин согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох нь хууль бус болохыг мэдэж байгаа атлаа тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэж тээврийн хэрэгсэл жолоодох нь хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн буюу гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч А.Ш-ийн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч А.Ш-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт хураагдан ирээгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгчийн ажил эрхлэлтийн байдал, цалин, орлогыг харгалзан үзээд оногдуулсан торгуулийн ялыг хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О овогт А-ы Ш-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А-ы Ш-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 4,000 /дөрвөн мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 4,000,000 /дөрвөн сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ш нь оногдуулсан 4,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 төгрөгөөр торгох ялыг 1 жил 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтож, шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ш-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, хяналт тавихыг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.

5. Шүүгдэгч А.Ш нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, энэ хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримт болон иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Ш-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймаг Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Э.Б