| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2024/0102/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/98 |
| Огноо | 2024-09-23 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | О.А |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 2024/ШЦТ/98
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж
Нарийн бичгийн дарга М.Э
Улсын яллагч О.А
Шүүгдэгч М.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж овогт М-ийн М-д холбогдох эрүүгийн ... тоот хэргийг 2024 оны 09 сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ний өдөр ... аймгийн ... суманд төрсөн, ... настай, ..., яс үндэс халх, ... боловсролтой, ... мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ..., ... аймгийн ... сум ... тоотод оршин суух, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, Ж овогт М-ийн М /РД: .../
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.М нь 2024 оны 05 сарын 22-ны өдрөөс 2025 оны 05 сарын 22-ны өдрийн хооронд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ 2024 оны 07 сарын 03-ны өдөр 15 цаг 10 минутын орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ... улсын дугаартай Foton маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч М.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2024 оны 07 дугаар сарын 02-ны орой Замын-Үүд сумын 2 дугаар баг Шалганы ... айлын ... тоотод гэртээ хэдэн найзуудын хамтаар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тэгээд маргааш нь буюу 07 дугаар сарын 03-ны өдөр 15 цагийн орчимд монголын хил дээрээс ирж машинаа ав гэхээр нь найзаараа хүргүүлээд өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай Foton маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахад цагдаа зогсоогоод шалгаж драгер багаж үлээхэд 2.28 хувийн согтолттой байсан. Тэгээд миний жолоодож явсан тээврийн хэрэгслийг түр саатуулах хашаа руу хийж саатуулсан. Миний бие 2024 оны 07 дугаар сарын 02-ны орой Улаанбаатар хотоос манай хоёр найз ирээд бид гурав ЭКС нэртэй 0,75 литрийн 2 шил архийг 07 дугаар сарын 03-ны шөнө 04 цаг хүртэл ярьж сууж байгаад хувааж ууж дуусаад унтаж амарсан. 15 цагийн орчимд миний тээврийн хэрэгслийг барьж гарсан хүн 1 машин монголын хил дээр орж ирсэн машинаа ав гэхээр нь би очиж машинаа аваад унаад хилээр гарч ирсэн чинь цагдаагийн алба хаагч шалгасан. ... улсын дугаартай Foton маркийн тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл. Би 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож яваад тээврийн хэрэгсэл жолоодож эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулж байсан. Миний биеийн байдал хэвийн, ямар нэг өвчин одоогийн байдлаар байхгүй. Миний бие дахин архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож болохгүй талаар сайн ойлгож мэдсэн гэжээ. /хх-ийн 38-40/
Шүүгдэгч М.М шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ:07 сарын 02-ны өдөр найзууд ирж архи уусан. Өөрийн машинаа хүнд хөлсөөр бариулаад урагшаа явуулсан байсан юм. Тэгтэл 03-нд нь машин чинь гурвын хаалтын энд явахгүй эвдэрчихлээ ирж машинаа аваарай гэж хэлсэн. Тэгээд 07 сарын 03-ны өдрийн 15 цагийн үед гурвын хаалт орж машинаа авсан. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байснаа мэдэж байгаа. Дахин архи ууж машин барьсан нь миний буруу гэв.
Гэрч Л.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр миний бие Цагдаагийн хэлтсийн замын чиглэлээр өдрийн эргүүлийн үүрэг гүйцэтгээд Замын-Үүд сум 1 дүгээр багийн нутаг дэвсгэр буюу 3-н хаалт дээр үүрэг гүйцэтгэж байхад хилийн бүсээс ... улсын дугаартай Foton маркийн тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад тухайн тээврийн хэрэгслийн жолооч Маамуугийн Мөнхдорж нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэх талаар шалгахад 2,28 хувийн согтолттой байсан тул материалыг бүрдүүлж ажилласан. Хилийн бүсээс 3-н хаалтаар гарч ирсэн гэжээ. /хх-ийн 25/
Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 05/
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ... оны ... сарын ...-ны өдрийн ... дугаартай шийтгэвэр /хх-ийн 18-21/
Драгер багажны үзүүлэлт /хх-ийн 22/
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 30-32/
Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44-45/
Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 52/
Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 56-57/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Гэм буруугийн хувьд:
Шүүгдэгч М.М нь 2024 оны 05 сарын 22-ны өдрөөс 2025 оны 05 сарын 22-ны өдрийн хооронд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ 2024 оны 07 сарын 03-ны өдөр 15 цаг 10 минутын орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ... улсын дугаартай Foton маркийн тээврийн хэрэгслийг жолоодож гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, гэрч Л.О-ын “2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр миний бие Цагдаагийн хэлтсийн замын чиглэлээр өдрийн эргүүлийн үүрэг гүйцэтгээд Замын-Үүд сум 1 дүгээр багийн нутаг дэвсгэр буюу 3-н хаалт дээр үүрэг гүйцэтгэж байхад хилийн бүсээс ... улсын дугаартай Foton маркийн тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад тухайн тээврийн хэрэгслийн жолооч Маамуугийн Мөнхдорж нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэх талаар шалгахад 2,28 хувийн согтолттой байсан тул материалыг бүрдүүлж ажилласан. Хилийн бүсээс 3-н хаалтаар гарч ирсэн.” /хх-ийн 25/ гэх мэдүүлэг, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 05/, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ... оны ... сарын ...-ны өдрийн ... дугаартай шийтгэвэр /хх-ийн 18-21/, драгер багажны үзүүлэлт /хх-ийн 22/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч М.М нь 2024 оны 05 сарын 22-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т зааснаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан болох нь хэрэгт Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ... оны ... сарын ...-ны өдрийн ... дугаартай шийтгэвэр тогтоогдож байх тул тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон болох нь жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлээр 2,28% үзүүлэлт илэрсэн нь “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгохоор тайлбарласнаас дээш үзүүлэлт тул согтуурсан, “тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг ойлгохоор тус тус хуульчилсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд гэмт хэргийн улмаас хохирол, хор уршиг учраагүй тул шүүгдэгч М.М-ийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжээр хэлбэрийн болон материаллаг бүрэлдэхүүнтэй гэж ангилдаг.
Эрүүгийн хуульд гэмт хэргийн хэлбэрийн бүрэлдэхүүний шинжээр нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно,
материаллаг бүрэлдэхүүний шинжээр нь мөн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж тус тус тодорхойлсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “...Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж заасан нь уг гэмт хэргийг хэлбэрийн бүрэлдэхүүний шинжээр хуульчилжээ. Өөрөөр хэлбэл хохирол, хор уршиг учирсан байхыг шаардахгүй бөгөөд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийснээр гэмт хэргийг төгссөн гэж үзэхээр байна.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлд заасан гэм буруугийн хэлбэрийг санаатай, эсхүл болгоомжгүй хэлбэрээр хуульчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцохоор заасан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн” гэх хэргийг болгоомжгүй гэмт хэрэг гэж үзэх боломжгүй юм.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч М.М нь 2024 оны 07 сарын 03-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох нь хууль бус болохыг мэдэж байгаа атлаа тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэж тээврийн хэрэгсэл жолоодох нь хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн буюу гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч М.М-ийн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч М.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт хураагдан ирээгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгчийн ажил эрхлэлтийн байдал, цалин, орлогыг харгалзан үзээд оногдуулсан торгуулийн ялыг хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж овогт М-ийн М-ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М-ийн М-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 3,000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.М нь оногдуулсан 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтож, шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.М-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, хяналт тавихыг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.
5. Шүүгдэгч М.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, энэ хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримт болон иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймаг Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.Б