Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 102/шш2022/00151

 

 

 

 

   

 




     

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

......дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: ......дүүрэг, 6 дугаар хороо, ......дугаар хороолол, ......дугаар байр, ......тоотод оршин суух, ...... овогт Х.Х /РД:....../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ......дүүрэг, 6 дугаар хороо, ......дугаар хороолол, ...... дугаар байр, ......тоотод оршин Б.Г,

Хариуцагч: ......дүүрэг, 2 дугаар хороо, ......дугаар хороолол, өөрийн байранд байрлах, ......ХХК /РД:....../ нарт холбогдох,

Авто зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Э, ...... ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баяржаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Х.Х нь ......дүүргийн 6 дугаар хорооны иргэн бөгөөд гэр бүлийн хамтаар 13 хорооллын ......дугаар байрны ......тоотод 2004 оноос хойш өнөөдрийг хүртэл амьдарч байгаа. 2006 оны 4 сарын 25-ны өдөр өөрийн амьдарч буй байрны ...... тоотод амьдарч байсан Солонгос иргэнээс орчуулагч Б.Г дамжуулан тус байрны доорх 29 тоот авто зогсоолыг 3500 ам.доллароор худалдан авч байсан бөгөөд тухайн үед бүх авто зогсоол үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гардаггүй байсан тул гэрчилгээгүй байсан.

Бид тус зогсоолыг худалдаж авснаас хойш 14 жилийн туршид эзэмшиж ашиглаж, мөн харьяа Сууц өмчлөгчдийн холбоондоо бүртгүүлж, орон сууцны төлбөрийн тооцоон дээр зогсоолын төлбөр тооцоог өнөөдрийг хүртэл байнга төлсөөр ирсэн.

Х.Х миний бие болон нөхөр С.М бид Солонгос иргэнээс уг зогсоолыг авахдаа хоёул хамт гарын үсгээ зурж, баримт үйлдэж байсан бөгөөд нөхөр маань өвчний улмаас 2010 онд нас барсан. Бид энэ зогсоолыг эзэмшээд даруй 14 жил болж байгаа бөгөөд зогсоолын эзэмшил болон өмчлөлийн талаар хэн нэгэнтэй маргаан байхгүй байдаг. Бидний зүгээс тухайн үед зогсоол худалдаж авсан үнийн дүн буюу 3500 ам долларыг бүгдийг нь орчуулагч Б.Гоор дамжуулан Солонгос улсын иргэнд хүлээлгэн өгч энэ зогсоолын төлбөрийг бүрэн төлж дуусгасан байдаг юм.

Ингээд 2006 оноос эхлэн авто зогсоолд өмчлөх эрхийн гэрчилгээ гардаг болсон тул өмчлөх эрхийн гэрчилгээг авахаар ......дүүргийн Эд хөрөнгө бүртгэлийн газар хандахад уг барилгыг барьсан ......  ХХК-аас Эд хөрөнгө бүртгэлийн газарт шаардлагатай нотлох баримт хавсаргах шаардлагатай гэсний дагуу уг компанид хандахад манай зүгээс баримт гаргаж өгөх боломжгүй, уг барилгатай холбоотой бүх баримтууд байхгүй болсон бөгөөд уг авто зогсоолын төлбөр нь бүрэн төлөгдсөн тул одоо манайд хамааралгүй гэсэн хариултыг өгч байна.

Иймд Шурагтай овгийн Х.Х намайг ......дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хорооллын ......дугаар байрны доорхи ......тоот автомашины зогсоолын өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компани нь 2004 онд ......дүүргийн 6 дугаар хороо, 13 хорооллын ......дугаар байрыг барьсан бөгөөд тухайн байрны доор байрлах В-1 давхрын ......тоот авто зогсоолыг БНСУ-ийн иргэнд худалдсан. Тухайн үед улсын бүртгэлийн гэрчилгээ гардаггүй байсан. Энэхүү авто зогсоолыг манай компани нэхэмжлэгчид худалдаагүй бөгөөд манайхаас худалдаж авсан Солонгос иргэн нэхэмжлэгчид худалдсан юм байна. Энэ авто зогсоолтой холбоотой баримтыг нэхэмжлэгч манай компаниас сүүлийн хэдэн жил шаардаж байгаа. Өөр хүн энэ авто зогсоолтой холбоотой асуудлаар манай компанид хандаж байгаагүй. Тиймээс манай нэхэмжлэгч нь тухайн авто зогсоолын өмчлөгч нь нэхэмжлэгч мөн эсэх талаар маргахгүй байна. Иймд хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар: Зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Х нь хариуцагч ...... ХХК болон Б.Г нарт холбогдуулан ......дүүргийн 6 дугаар хороо, 13 хорооллын ......дугаар байрны доорхи ......тоот авто зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Нэхэмжлэгч нь тус хэргийн хамтран хариуцагч Б.Гоос татгалзсан хүсэлтийг шүүх хуралдаанд гаргаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагч Б.Гоос татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...2006 онд БНСУ-ын иргэн Жин Мин гэгчээс ......дүүргийн 6 дугаар хороо, 13 хорооллын ......дугаар байрны доорхи ......тоот авто зогсоолыг орчуулагч Б.Гоор дамжуулан худалдан авсан. Тухайн үед авто зогсоолд гэрчилгээ гардаггүй байсан. Харин авто зогсоолд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гардаг болсноос хойш тухайн авто зогсоолын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг авах гэсэн боловч уг барилгыг барьсан компанид барилгатай холбоотой баримтууд байхгүй болсон гэх шалтгаанаар авч чадахгүй байна гэж тайлбарласан.

 

Хариуцагч нь 2004 онд ......дүүргийн 6 дугаар хороо, 13 хорооллын ......дугаар байрыг ......  ХХК нь барьсан бөгөөд тус байрны доор байрлах ......тоот авто зогсоолыг БНСУ-ын иргэнд худалдсан. Тухайн үед авто зогоолд өмчлөх эрхийн гэрчилгээ гардаггүй байсан гэж тайлбарлаж байх бөгөөд ......  ХХК нь 2006 онд нэрээ ...... ХХК гэж өөрчлөн, улсын бүртгэлийн гэрчилгээг дахин авчээ.

 

Нэхэмжлэгч нь өөрийн нөхөр С.Мын хамт 2006 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр БНСУ-ын иргэнээс ......дүүргийн 6 дугаар хороо, 13 хорооллын ......дугаар доор байрлах ......тоот авто зогсоолыг худалдан авч, өнөөдрийг хүртэл хугацаанд эзэмшин, ашиглаж байгаа болох нь зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан гэрээ, хорооны засаг даргын тодорхойлолт, Содон саарал СӨХ-ны тодорхойлолт, авто зогсоол ашиглалтын төлбөр төлж байсан баримт зэргээр тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгчийн нөхөр болох С.М нь 2010 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр нас барсан байх бөгөөд нэхэмжлэгч нь 2018 онд тухайн 29 тоот авто зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээг авахаар улсын бүртгэлийн байгууллагад хүсэлт гаргасан боловч орон сууц захиалгын гэрээ, төлбөр тооцоо дууссан баримт болон холбогдох бусад баримтууд дутуу үндэслэлээр хүсэлтийг хүлээн аваагүй байх бөгөөд уг баримтуудыг барилга барьсан тал болох хариуцагчаас шаардсан боловч тус баримтуудыг гаргаж өгөх боломжгүй, байхгүй болсон гэх үндэслэлээр өгөөгүй, нэхэмжлэгчээс өөр хүн уг авто зогсоолтой холбоотой асуудлаар хариуцагч талд хандаж байгаагүй болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх бөгөөд энэхүү үйл баримтыг талаар талууд маргаагүй.

 

Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгийг арав буюу түүнээс дээш жилийн турш хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байсан эзэмшигч уг эд хөрөнгийг өмчлөх эрхийг тэргүүн ээлжинд олж авах давуу эрхтэй байна гэжээ.

 

Хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон зохигчийн тайлбараар нэхэмжлэгч Х.Х нь ......дүүргийн 6 дугаар хороо, 13 хорооллын 23 дугаар байрны доорхи 29 тоот авто зогсоолыг 2006 оноос хойш нийт 15 жилийн хугацаанд эзэмшиж, ашиглаж байгаа бөгөөд уг авто зогоолд өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаагүй болох нь тогтоогдож байна.

 

Иймд дээрх үндэслэлээр буюу Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч Х.Хг ......дүүргийн 6 дугаар хороо, 13 хорооллын ...... дугаар байрны доорхи ......тоот авто зогсоолын өмчлөгч мөн болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Х /РД:....../-г ......дүүргийн 6 дугаар хороо, 13 хорооллын ......дугаар байрны доорхи ......тоот авто зогсоолын өмчлөгч мөн болохыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нь хариуцагч Б.Гоос татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 82,038 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 82,038 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА