| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 102/2021/02735/И |
| Дугаар | 102/ШШ2021/03262 |
| Огноо | 2021-12-07 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 102/ШШ2021/03262
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Бдүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Бдүүрэг, ................................................тоотод оршин суух, Ж.Х /РД: ...................../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Бдүүрэг, ...................................................оршин суух, Г.М /РД: ................../-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай үндсэн,
гэр бүлийн дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсэг болох 12 300 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б, хариуцагч Г.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Х шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2002 онд Г.Мтэй танилцаж, 2003 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлж гэр бүл болсон. Хамтран амьдрах хугацаанд 2003 онд М.Б, 2009 онд М.А, 2014 онд Б нар маань төрсөн. Нөхөр Г.М 2016 оны 4 дүгээр сараас тусдаа амьдарч эхэлсэн. 2019 оны 6 дугаар сард эвлэрүүлэн зуучлах төвд хандаж эвлэрэхээр болж, эвлэрлийн гэрээ байгуулсан. Гэтэл эвлэрлийн гэрээ байгуулснаас хойш ахин огт гэртээ ирээгүй. Иймд бидний гэрлэлтийн цуцалж, 3 хүүхдийг миний асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ж.Хтай 2002 онд танилцаж, 2003 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Хамтран амьдрах хугацаандаа 3 охины ээж аав болсон. Хоорондын таарамжгүй харилцааны улмаас 2016 оноос эхлэн тусдаа амьдарч байгаа бөгөөд цаашид хамтран амьдрах боломжгүй тул гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрч байна. Харин том охин М.Б нь 2021 онд 18 нас хүрч байна. Эцэг хүний үүргээ биелүүлэх зорилгоор бага охин М.Б, М.А нарыг өөрийнхөө асрамжид авах хүсэлтэй байна. Иймд хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Хариуцагч Г.М шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Бид хамтран амьдарч байхдаа Бдүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж, 44а дугаар байр, 6 тоот хаягт байршилтай, 37.82 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг худалдан авсан. Миний бие урьдчилгаа 29 900 000 төгрөгийг, мөн байрны зээлийг 2016 он хүртэл төлсөн.
Гэтэл 2021 оны 3 дугаар сард Ж.Х надтай ирж уулзаад “надад итгэмжлэл хийгээд өгөөч, би байраа зармаар байна. Учир нь хуучин орон сууц 3 охиныг дааруулаад байна, байраа шинэчилмээр байна” гэж хэлсэн тул үгэнд нь итгэж, бас 3 охиноо бодож итгэмжлэл хийж өгсөн. Гэтэл тус орон сууцыг бусдад худалдсан болохыг шүүхийн шатанд мэдлээ. Энэ хүний санаа нь намайг орон сууцны өмчлөлөөс хасаж, намайг юу ч үгүй үлдээх л бодолтой байж. Учир нь надаас орон сууц худалдахыг зөвшөөрсөн итгэмжлэл аваад шүүхэд гэрлэлтээ цуцлуулах өргөдөл өгсөн байсан.
Иймд бидний дундын эд хөрөнгөөс надад оногдох хэсэг 12 300 000 төгрөгийг Ж.Хгаас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ж.Х сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг гардаж авлаа. Хуульд заасан хугацаа авах шаардлагагүй, бид харилцан тохиролцох боломжтой гэв.
Талууд шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Ж.Х миний бие сөрөг нэхэмжлэл болох 12 300 000 төгрөгийг өөрийн хүүхдүүд болох М.Б, М.А нарын тэтгэлэгт 2023 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл харилцан тооцуулахаар хүлээн зөвшөөрч тохиролцов. 2023 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс хойш хуульд заасан хэмжээгээр тэтгэлгийг цаашид үргэлжлүүлж төлөх үүрэг хүлээв.
Г.М нь 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр том охин М.Б 10 000 000 төгрөгийн туслалцаа үзүүлэхээр харилцан тохиролцов гэжээ.
Зохигчийн шүүхэд гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Х нь хариуцагч Г.Мд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай үндсэн, хариуцагч Г.М нь нэхэмжлэгч Ж.Хд холбогдуулан гэр бүлийн дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсэг болох 12 300 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргасан байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Ж.Х болон хариуцагч Г.М нар 2003 оны 02 дугаар сарын 02-ны өдөр гэр бүл болж, 2003 оны 10 дугаар сарын 22-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, 2003 оны 12 дугаар сарын 05-ний өдөр охин М.Б, 2009 оны 12 дугаар сарын 24-ний өдөр охин М.А, 2014 оны 3 дугаар сарын 26-ны өдөр охин М.Б нар төрсөн болох нь 143, 0345134 Г-88, 1107001419 дугаартай төрсний гэрчилгээ болон 703 дугаар гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээгээр тус тус нотлогдож байхаас гадна талууд дээрх үйл баримтын талаар маргаагүй байна.
Талууд хоорондын таарамжгүй харилцаанаас болж 2016 оноос хойш тусдаа амьдарч байгаа, гэрлэлт цуцлахыг харилцан зөвшөөрч байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар талуудад эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.
Гэрлэгчдийг тусдаа амьдрах үеэс эхлэн охин М.Б, М.А, М.Б нар нь эхийн асрамжид байгаа, талууд хүүхдүүдийг эхийн асрамжид үлдээх талаар маргаагүй байхаас гадна хүүхдүүдийн насны онцлого, санал болон Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх... тухайгаа ...харилцан тохиролцож болно” гэж заасныг үндэслэн охин М.А, М.Б нарыг эхийн асрамжид үлдээв. Харин 2003 оны 12 дугаар сарын 05-ны өдөр төрсөн охин М.Б нь 18 нас хүрсэн байх тул түүний асрамж болон түүнд тэтгэлэг тогтоох болон гэрлэгчдийн буюу хариуцагч нь “2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр том охин М.Б 10 000 000 төгрөгийн туслалцаа үзүүлэх”-р харилцан тохиролцсоныг батлах шаардлагагүй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно.
Гэрлэгчид охин М.А, М.Б нарт тэтгэлэг тогтоох хэмжээ, хугацааг хариуцагчийн сөрөг шаардлага болох 12 300 000 төгрөгийг харилцан тооцож тохиролцсон нь хүүхдүүдийн эрх ашигт харшлаагүй байна. Өөрөөр хэлбэл, охин М.А, М.Б нарт 2023 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх тэтгэлэгт хариуцагч нь 12 300 000 төгрөгийн сөрөг шаардлагаа харилцан тооцсон нь Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хэмжээнээс их байх тул хүүхдийн эрх ашгийг хөндөөгүй гэж үзэв.
Дээрх үндэслэлээр гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдийг эхийн асрамжид үлдээж, хариуцагч нь охин М.А, М.Б нарт 2023 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх тэтгэлэгт 12 300 000 төгрөг төлснийг сөрөг нэхэмжлэлд харилцан тооцож, мөн өдрөөс Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хэмжээ, хугацаагаар түүнээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан М, Х нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2009 оны 12 дугаар сарын 24-ний өдөр төрсөн охин М.А, 2014 оны 3 дугаар сарын 26-ны өдөр төрсөн охин М.Б нарыг эх Ж.Хгийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 14.5-д заасныг баримтлан хариуцагч Г.М нь охин М.А, М.Б нарт 2023 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх тэтгэлэгт 12 300 000 төгрөг төлснийг сөрөг нэхэмжлэлд харилцан тооцож, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2023 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2009 оны 12 дугаар сарын 24-ний өдөр төрсөн охин М.А, 2014 оны 3 дугаар сарын 26-ны өдөр төрсөн охин М.Б нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/, насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг сар болгон эцэг Г.Мгээс гаргуулан олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280 800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 280 800 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг даалгасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН