| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашхүүгийн Цолмон |
| Хэргийн индекс | 183/2024/07958/И |
| Дугаар | 001/ХТ2025/00172 |
| Огноо | 2025-10-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2025 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 001/ХТ2025/00172
“Э” ХХК, О.Б нарын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батзориг, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 210/МА2025/01041 дүгээр магадлалтай
“Э” ХХК, О.Б нарын нэхэмжлэлтэй,
“ХТ” ХХК-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 309,483,149 төгрөг болон авлага 57,951,937 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн төлөөлөгч Г.Н-ийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “Э” ХХК, О.Б нар нь хариуцагч “ХТ” ХХК-д холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 309,483,149 төгрөг болон авлага 57,951,937 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
2.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 192/ШШ2025/02271 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч “ХТ” ХХК-аас 49,595,598 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Э” ХХК-д, 297,572,624 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Б-д тус тус олгож, нэхэмжлэгч “Э” ХХК-ийн шаардлагын үлдэх 8,356,339 төгрөг, нэхэмжлэгч О.Б-ны нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 11,910,525 төгрөгийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Э” ХХК, О.Б нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,153,076 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ХТ” ХХК-аас 1,893,791 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.
3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 210/МА2025/01041 дүгээр магадлалаар: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 сарын 25-ны өдрийн 192/ШШ2025/02271 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “... нэхэмжлэгч “Э” ХХК-ийн шаардлагын үлдэх 8,356,339 төгрөг ...” гэснийг, “... шаардлагыг тус тус ...” гэсний “... тус тус ...” гэснийг хасаж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
4.Хариуцагчийн төлөөлөгч Г.Н-ийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025.06.13-ны 210/МА2025/01041 дүгээр магадлалд дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.
Нэг. Давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь зээлдэгч “ХТ” ХХК-ийн хувьд зээл авсан, зээлийн программын тооцоолол дээр маргасан зүйлгүй. Харин зээлдүүлэгч “Э” ХХК-ийн хувьд зээлийн гэрээний дагуу шаардах эрхээ иргэн О.Б-д шилжүүлсэн бөгөөд энэ шилжүүлсэн зээлийн тооцооллын дагуу зээлдэгч “ХТ” ХХК 228,000,000 төгрөгийг эрх шилжүүлэн авагч О.Б-д төлчхөөд байхад тэрээр иргэн атлаа ББСБ-ын адил үлдэгдэл мөнгөнд хүү, нэмэгдүүлсэн хүү тооцон нэхэмжилснийг анхан болон давж заалдах шатны шүүхүүд хангаж шийдсэн нь Иргэний хуулийн иргэд хоорондын зээлийн мөнгө хүүлэх хүүгийн хэмжээ үндсэн мөнгөн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байх болон “ББСБ” Тусгай эрх бүхий этгээд хүү нэмэгдүүлсэн хүү тооцон авах эрхтэй болохоос иргэн зээлдэгчээс хязгааргүйгээр мөнгө хүүлэх эрхгүй баймаар юм. Гэтэл шат шатны шүүх анхааран үзэлгүй ББСБ-с иргэнд шилжүүлсэн шаардах эрх, Иргэний хуулийн зээлийн харилцааг зохицуулсан заалтаар шийдэх атал Иргэний хуулийн 451-г үндэслэн шийдсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж гомдож байна. Ер нь ББСБ-ууд иргэний зээлийг шилжүүлэн авах эсхүл өөрсдийн зээлийг шилжүүлэх зэрэгт тасралтгүй хүү тооцон иргэд, хуулийн этгээдийг шулах арга хэрэглэдгийн жишээ гэж харж байна. Шүүхэд нэхэмжилсэн дүнгээс 120,000,000 төгрөгийг хасаж тооцуулах магадлал байна гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, төлөхөөр тохиролцсон 350,000,000 төгрөгийн 228,000,000 төгрөгийг төлсөн байсан энэ талаар шийдвэрт тусгагдсан байна. Харин үлдэгдэл 130,000,000 төгрөгийг төлөөгүй нь үнэн, энэхүү мөнгийг төлнө. Гэтэл О.Б, “Э” ХХК нар хуйвалдан нэг нэгэндээ өр шилжүүлэн мөнгө хүүлсэн гэж үзнэ. Манай оффис барилгыг ББСБ бас л хямд шилжүүлэн авсанд гомдолтой байна.
Хоёр. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдааны товд гарын үсэг зурсан байна, иймээс процесс зөрчөөгүй гэж давж заалдах шүүх дүгнэсэн хэдий ч итгэмжлэгдсэн төлөөлөгч хүний салгаж үл болох өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх эрхийн дагуу эрх зүйн туслалцаагаар ч хангагдаагүй байдаг. Иймээс шийдвэрийг хянаж, хүчингүй болгож өгнө үү. Нэхэмжлэгчийн тайлбарт үндэслэж шийдсэн нь шүүхийн шийдвэрт тавигдах шаардлагыг хангасангүй гэж үзэж буй тул шийдвэрийг хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5.Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025.09.18-ны өдрийн 001/ШХТ2025/00874 дүгээр тогтоолоор хариуцагчийн төлөөлөгч Г.Н-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ:
6.Хариуцагчийн төлөөлөгч Г.Н-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.
7.Нэхэмжлэгч “Э” ХХК болон О.Б нар нь хариуцагч “ХТ” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 309,483,149 төгрөг болон авлага 57,951,937 төгрөг гаргуулах шаардлага гаргаж, “Э” ХХК нь үндэслэлээ тайлбарлахдаа “... “ХТ” ХХК-тай 2017.06.23-ны өдөр 17/020 тоот зээлийн гэрээ байгуулж, 950,000,000 төгрөг зээлж, үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож 17/020A тоот барьцааны гэрээнд заасан үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалсан. Хариуцагч үүргээ биелүүлээгүй тул талууд 2020.09.17-ны өдөр "Төлбөр барагдуулах эвлэрлийн гэрээ"-г байгуулж, дуусаагүй тооцоо нь 586,952,106 төгрөг болохыг баталгаажуулсан. Мөн өдрөө "Э” ХХК нь иргэн О.Б-тай "Шаардах эрх шилжүүлэх гэрээ"-г байгуулж, "ХТ" ХХК-аас авах авлагынхаа 350,000,000 төгрөгийг холбогдох шаардах эрх, үүргийн хамт сарын 1.2 хувийн хүүтэйгээр шилжүүлсэн. “ХТ” ХХК нь энэ “Төлбөр барагдуулах эвлэрлийн гэрээ"-гээр “Э” ХХК-д 236,952,106 төгрөгийг хүү тооцохгүйгээр 1 жилийн дотор төлөх үүрэг хүлээсэн боловч 57,951,937 төгрөгийн авлага төлөгдөөгүй байна” гэсэн бол нэхэмжлэгч О.Б нь “...”Э” ХХК-тай "Шаардах эрх шилжүүлэх гэрээ"-г байгуулж, “ХТ” ХХК-аас 350,000,000 төгрөгийг сарын 1.2 хувийн хүүтэйгээр холбогдох шаардах эрх, үүргийн хамт шилжүүлж авсан бөгөөд 238,020,000 төгрөгийн үндсэн зээл, 59,552,624 төгрөгийн хуримтлагдсан хүү, 11,910,525 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү, нийт 309,483,149 төгрөгийн зээл төлөгдөөгүй” гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан хариу тайлбарт “…талууд тооцоо нийлж байгаа бөгөөд зарим дүн дээрээ таарахгүй байна. Мөн иргэн О.Б-ны зээлийн хүүг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэхэмжлэгч, хариуцагч нар хоёр талаас уулзаж тохиролцож байгаа бөгөөд ойрын хугацаанд эвлэрлийн гэрээ байгуулна” гэжээ.
8.Анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн.
Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн шаардлагын тухайд “ ...талуудын хооронд байгуулсан №17-020 тоот зээлийн гэрээний хугацаа 2017.12.10-ны өдөр дууссан, гэрээний хугацаанд хариуцагч нь зээлийн гэрээний хавсралтаар баталсан эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээл болон зээлийн хүүд сар бүр төлөх гэрээгээр тохиролцсон хугацааг зөрчсөн, эргэн төлөлт хийгдээгүй тул талууд 2020.09.17-ны өдөр тооцоо нийлж, зээлийн үндсэн төлбөр болон хүүгийн төлбөрт нийт 1,398,258,813 төгрөгийн хуримтлагдсан өр төлбөр үүссэн болохыг тогтоон, улмаар уг төлбөрийг төлж барагдуулах талаар харилцан тохиролцож “Төлбөр барагдуулах эвлэрлийн гэрээ”-г байгуулсан ба ... зээлийн үлдэх төлбөрийг 586,952,106 төгрөг болохыг талууд баталгаажуулан, уг үлдэх төлбөрийг гэрээ байгуулсан өдрөөс хойш 12 сарын хугацаанд хавсралтад заагдсан эргэн төлөх хуваарийн дагуу төлж барагдуулах, нийт үлдэгдэл төлбөл зохих төлбөр 586,952,106 төгрөгийн 236,952,106 төгрөгийг дээрх хугацаанд хүү тооцохгүйгээр төлөх, үлдэх 350,000,000 төгрөгийг 12 сарын хугацаанд сарын 1.2 хувийн хүү тооцон төлөхөөр тохиролцож, өмнөх 2017.06.23-ны өдрийн зээлийн гэрээ болон барьцааны гэрээг дуусгавар болгохоор тохиролцжээ. Улмаар “Э” ХХК нь хариуцагч “ХТ” ХХК-тай байгуулсан “Төлбөр барагдуулах эвлэрлийн гэрээ”-ээр баталгаажуулсан зээлийн үлдэх төлбөр 586,952,106 төгрөгийн зарим хэсэг болох 350,000,000 төгрөгийг 12 сарын хугацаанд сарын 1.2 хувийн хүү тооцон төлөхөөр тохиролцсон хэсэгт ногдох үүргийг хариуцагчаас шаардах эрхээ нэхэмжлэгч О.Б-тай байгуулсан 2020.09.17-ны өдрийн №01 тоот “Шаардах эрх шилжүүлэх гэрээ”-ээр тухайн гэрээний нөхцөлөөр шилжүүлэн өгсөн гэсэн үндэслэл зааж, гэрээний 350,000,000 төгрөгийн төлбөрт холбогдох хэсгийг нэхэмжлэлээр шаардаагүй. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад нэхэмжлэгч “Э” ХХК нь мөн өдрийг хүртэлх хугацааны байгууллага хоорондын өглөг, ашиглалтын зардалд гарсан тооцоог 8,356,339 гэж тодорхойлон мөн дүнгээр нэхэмжлэлийн шаардлагаас төлөгдсөнд тооцон хасаж, хариуцагчаас 49,595,598 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан. Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн нэхэмжлэлээр шаардсан 49,595,598 төгрөгийг хариуцагч “ХТ” ХХК нь төлөөгүй, гэрээний үүргээ хэрэгжүүлээгүй болох нь хэрэгт авагдсан зээлдэгчийн зээлийн дансны хуулга, хүү тооцооллын хүснэгт, тооцоо нийлсэн акт, харилцагчийн дансны дэлгэрэнгүй баримтуудаар тогтоогдож байна” гэсэн.
Харин нэхэмжлэгч О.Б-ны шаардлагын тухайд дүгнэхдээ “... О.Б, “Э” ХХК нарын хооронд байгуулагдсан 2020.09.17-ны өдөр №01 тоот “Шаардах эрх шилжүүлэх гэрээ”-гээр талууд дээрх “Төлбөр барагдуулах эвлэрлийн гэрээ”-ний зарим хэсэг болох 2.5, 2.6, 2.8-д заасан нөхцөл буюу “ХТ” ХХК-аас 350,000,000 төгрөгийг сарын 1.2 хувийн хүү тооцон, төлбөрийг эргэн төлөгдөх хуваарийн дагуу хүлээн авах, шаардах, авлага баталгаажуулах зэрэг эрхийг шилжүүлэн авахаар тохирсон ба “Э” ХХК-ийн хариуцагч “ХТ” ХХК-тай байгуулсан “Төлбөр барагдуулах эвлэрлийн гэрээ”-ний зарим хэсэг болох 350,000,000 төгрөгт холбогдох эрх, үүргийг О.Б шилжүүлэн авч, “Э” ХХК-ийн шаардах эрх дуусгавар болохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 123 дугаар зүйл, 210 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байна. О.Б нь “ХТ” ХХК-д төлбөрийг шаардан авах болсноо мэдэгдэж, төлбөрийг хуваарийг дагуу төлөгдөөгүй, үлдэгдэл төлбөрийг төлөх хугацаа зааж, мэдэгдэж байсан ба хариуцагч “ХТ” ХХК нь энэ төлбөрөөс зохих хэмжээний төлбөрийг төлсөн, 350,000,000 төгрөгийг хүүгийн хамт эргэн төлөх хуваарийн дагуу төлөх үүргийг О.Б-ны өмнө хүлээх болсноо мэдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Хариуцагч “ХТ” ХХК нь нэхэмжлэгч О.Б-д 226,600,000 төгрөг төлж, үндсэн зээлээс 238,020,000 төгрөг, хүүгийн төлбөрөөс 59,552,624 төгрөгийг төлөх үүргээ хэрэгжүүлээгүй тул хариуцагчаас гаргуулж, энэ хэмжээгээр нэхэмжлэгч О.Б-ны нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт тооцон нэхэмжилж байгаа 11,910,525 төгрөгийг нэхэмжлэгч О.Б нь нэхэмжлэгч “Э" ХХК-тай байгуулсан эрх шилжүүлэх гэрээгээр шаардах эрхийг шилжүүлэн аваагүй, нэмэгдүүлсэн хүү тооцон шаардах эрхгүй тул энэ хэсэгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй” гэжээ.
9.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор хэргийг хянаад, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээж, шийдвэрт найруулгын өөрчлөлт оруулахдаа ...анхан шатны шүүх шаардах эрх шилжүүлэх гэрээг Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт нийцсэн буюу хүчин төгөлдөр бөгөөд нэхэмжлэгч гэрээний үүргийг шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Харин нэхэмжлэгч “Э” ХХК нэхэмжлэлийн шаардлагаа 8,356,339 төгрөгөөр багасгаж хариуцагчаас 49,595,598 төгрөг гаргуулахаар шаардсан байхад анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэгч “Э” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас 8,356,339 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу болсныг залруулж, уг хэсгийг хассан өөрчлөлтийг шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт оруулсан байна.
10.Хэргийн баримтаас үзэхэд зээлдүүлэгч “Э” ХХК болон зээлдэгч “ХТ” ХХК-ийн хооронд 2017.06.23-ны өдөр байгуулсан зээлийн гэрээгээр 950,000,000 төгрөгийг сарын 3 хувийн хүү, 6 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч зээлийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцсон. Зээлийн гэрээний үүргийг хангуулахаар талууд 2017.06. 23-ны өдөр байгуулсан барьцааны гэрээгээр Хан-Уул дүүрэг, ... дугаар хороо, ... гудамж, ... дугаар байр, ... дүгээр давхарт байршилтай, оффис үйлчилгээний зориулалттай 171.12 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байх үйлчилгээний зориулалттай 126.0 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг тус тус барьцаалжээ.
11.Зээлийн гэрээний үүрэгт зээлдэгч 2020.09.17-ны өдрийн байдлаар 1,398,258,813 төгрөгийн өртэй болохыг талууд тооцон “Төлбөр барагдуулах эвлэрлийн гэрээ” байгуулсан, уг төлбөрөөс 53,258,813 төгрөгийн өрийг чөлөөлж, зээлдүүлэгч нь ашиглалтын зардалд тооцон 78,047,894 төгрөгийг зээлийн өрөөс хасаж, барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, ... гудамж, ... дугаар байрны ... дүгээр давхарт байх 171.12 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг 680,000,000 төгрөгт тооцон төлбөрт авснаар “ХТ” ХХК нь 586,952,106 төгрөгийг “Э” ХХК-д төлөхөөр үлдсэнийг баталгаажуулжээ. Энэ төлбөрийг 12 сарын хугацаанд төлөх хуваарь гаргаснаас 236,952,106 төгрөгт хүү тооцохгүй, үлдэх 350,000,000 төгрөгт 1 сарын 1.2 хувийн хүү тооцон 12 сарын хугацаанд төлөхөөр тохиролцжээ. Гэвч энэхүү гэрээний үүрэг биелэгдээгүй, хугацаа 2021.09.15-ны өдөр дууссан ба дээрх хэлцэл хийгдсэний дараа “Э” ХХК нь О.Б-тай 2020.09.17-ны өдөр шаардах эрх шилжүүлэх гэрээ байгуулан “ХТ” ХХК-аас 350,000,000 төгрөгийг сарын 1.2 хувийн хүү тооцон шаардах эрхээ түүнд шилжүүлжээ. Зохигчийн хооронд байгуулсан төлбөр барагдуулах болон шаардах эрх шилжүүлэх гэрээ нь хууль зүйн хүчин төгөлдөр болохыг анхан шатны шүүх зөв дүгнэсэн, энэ талаар зохигч маргаагүй.
12.Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 281 дугаар зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д заасныг хэрэглэснийг хууль хэрэглээний хувьд буруутгахгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Э” ХХК нэхэмжлэлийн шаардлагаа 8,356,339 төгрөгөөр багасгаж, нийт 49,595,598 төгрөг шаардсан ба зохигч энэ хэмжээнд мэтгэлцсэн атал уг 8,356,339 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, буруу шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх залруулж, уг хэсгийг хассан өөрчлөлтийг шийдвэрт оруулсан нь үндэслэлтэй байна.
Иймээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, “...шүүх зээлдэгч “ХТ” ХХК нь эрх шилжүүлэн авагч О.Б-д нийт 228,000,000 төгрөгийг шилжүүлэн төлсөн байхад үлдэгдэл төлбөр дээр дахин хүү, нэмэгдүүлсэн хүү тооцож нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Иргэд хоорондын мөнгө хүүлэх хүүгийн хэмжээ нь Иргэний хуулиар үндсэн мөнгөн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байхаар хязгаарласан. Анхан болон давж заалдах шатны шүүх Банк бус санхүүгийн байгууллагаас иргэнд шилжүүлсэн шаардах эрхийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлээр шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн хариуцагч талын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй. Учир нь, дээрх асуудлаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлтийг /Тогтоолын 8/ давж заалдах шатны шүүх үгүйсгээгүй. Түүнчлэн иргэн О.Б-ны шаардах эрх шилжүүлэн авсан нь хууль зөрчөөгүй бөгөөд нэмэгдүүлсэн хүү шаардсан хэсгийг хэрэгсэхгүй болгосныг зөв гэж үзнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 210/МА2025/01041 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Г.Н-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025.07.31-ний өдөр төлсөн 872,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
Б.УНДРАХ
Д.ЦОЛМОН