Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 115/ШШ2022/0017

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сийлэгмаа би, Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор (...)-ын ирүүлсэн Гал түймрийн хяналтын улсын байцаагчийн 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр ...ХХК-д торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 17 дугаартай дүгнэлт (гомдол)-ээр, Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагч (...)-д холбогдуулан захиргааны хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Прокурорын шүүхэд ирүүлсэн дүгнэлтэд: Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн хяналтын улсын байцаагч, ахмад ... ...ХХК-ний шатахуун түгээх станц нь галын аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй гэх зөрчлийн мэдээллийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэн холбогдогч ...ХХК-д 0087508 дугаартай шийтгэлийн хуудсаар 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулан шийдвэрлэснийг шалгалтын хүрээнд хянав.

Материалд цугларсан Х.Бүрэнжаргалын мэдүүлэг, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл зэргээр ...ХХК-ний Дорноговь салбарын харьяа ШТС-88 шатахуун түгээх станц нь ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлтийг гаргуулаагүй үйл ажиллагаа явуулсан нь тогтоогдсон байна.

...ХХК-д Монгол улсын Засгийн газрын 2017 оны 194 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулжээ.

Монгол улсын Засгийн газрын 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 135 дугаар тогтоолын 3 дахь заалтаар Шийтгэлийг хуудас, маягт батлах тухай Засгийн газрын 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 194 дүгээр тогтоол хүчингүй болсонд тооцсон байх тул ...ХХК-д торгох шийтгэл оногдуулсан шийтгэлийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдож байна.

Иймд Монгол улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Гал түймрийн хяналтын улсын байцаагч, ахмад ...ын 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр ...ХХК-д Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн хяналтын улсын байцаагч ... нь Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 0087508 дугаартай шийтгэлийн хуудсаар ...ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000.00 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах шийдвэр нь шийтгэлийн хуудас хэлбэртэй байх-аар заасан бөгөөд дээр дурдсан 0087508 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар гаргасан Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын дүгнэлттэй холбогдуулж, хариуцагч Гал түймрийн улсын хяналтын байцаагч ...аас 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбарт ... Прокурорын газрын хяналтын прокурор ...ийн 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 17 дугаар бүхий Эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгуулах тухай дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй болно гэж дурджээ.

Эрх бүхий албан тушаалтны шүүхэд бичгээр ирүүлсэн дээрх тайлбараас үзвэл хариуцагчийг Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр ...ХХК-д торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байна гэж үзэх үндэслэлтэй байх ба түүний энэхүү зөвшөөрөл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ, 21.1.1-д нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, ... гэж заасантай нийцсэн бөгөөд бусад этгээдийн буюу зөрчлийн холбогдогч ...ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, түүнчлэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль (Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1-д Зөрчил шалган шийдвэрлэх хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ)-д харшлаагүй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасныг үндэслэн Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Гал түймрийн хяналтын улсын байцаагчийн 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр ...ХХК-д нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай дүгнэлт (гомдол)-ийг хариуцагч нь зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүхээс, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснээр эрх бүхий албан тушаалтан болох Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн, зөрчлийн холбогдогч ...ХХК-д торгох шийтгэл оногдуулсан 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 0087508 дугаартай шийтгэлийн хуудас хүчингүй болох үр дагавар үүсэж байх тул тус хуулийн этгээдээс 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Төрийн банкны мөнгөн шилжүүлгээр Төрийн сан банкны 100060000955 тоот дансанд төлсөн торгуулийн 1,000,000.00 (нэг сая) төгрөгийг буцаан гаргуулж ...ХХК-д олгох нь зүйтэй байх ба, хэрэв буцаан олгоогүй тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасныг үндэслэн, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх журмаар гаргуулан авах боломжтой болно.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор (...)-ын Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр ...ХХК-д нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлага бүхий дүгнэлтийг хариуцагч Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагч (...) бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, 115/2022/0015/З индекстэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар прокурорын дүгнэлт (гомдол) нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасныг баримтлан Төрийн банкны 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтаар Төрийн сан банкны 100060000955 тоот дансанд төлөгдсөн торгох шийтгэлийн 1,000,000.00 (нэг сая) төгрөгийг буцаан гаргуулж, ... регистрийн дугаартай ...ХХК-д олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.СИЙЛЭГМАА