Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 00020

 

Д.Бийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Ганбат даргалж, шүүгч Н.Баярхүү, ерөнхий шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Манлайбаяр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Мягмарсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Хнарыг оролцуулан хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 1462 дугаар шийдвэртэй,                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                           

Нэхэмжлэгч: Д.Бийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төрийн банкны Хөвсгөл салбарт холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах тухай маргаантай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Д.Б нь 2016 оны 9 дүгээр сараас Төрийн банкны Хөвсгөл салбарын харъяа Ханх тооцооны төвд теллер, ахлах теллерээр 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл ажилласан юм. Төрийн банкны Хөвсгөл салбараас Ханх тооцооны төвд 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хийсэн шалгалтаар өөрийн боож гарын үсгээ зурсан, тамгалсан боодолтой мөнгөнөөс 80000 төгрөг дутсан, кассыг 20 хоног зөрүүтэй байлгасан гэж буруутган ажлаас халсан.

... Ажил олгогчийн шийдвэр илтэд намайг буруутгасан, миний ажил хөдөлмөр эрхлэх эрхийг хязгаарласан шударга бус, шалтгаангүй байх тул гомдолтой байна. Би шалгалтаар илэрсэн гэх 80000 төгрөгийг дутагдал зөрчлийг мэдсэнээс хойш 2 хоногийн дотор банкийг хохиролгүй болгосон.

Иймд Д.Б намайг Төрийн банкны Хөвсгөл салбарын харъяа Ханх тооцооны төвд ахлах теллерийн ажилд эгүүлэн тогтоож, шүүхийн шийдвэрийг гарах хүртэл ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Төрийн банкны Хөвсгөл салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Хшүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ханх тооцооны төвийн ахлах теллер байсан Д.Бийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг Төрийн банкны зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна. ...Тухайн үед очиж касс тоолоход 80000 төгрөг дутсан, боодолтой мөнгөнөөс 4 ширхэгийг авсан байсан. Илүүдэл, дутагдал бүртгэгдээгүй, касс 20 хоног дутуу байсан, өөрөө зөвшөөрөөд төлсөн байдаг. Тооцооны төвд ажилласан ажлын тайланг манайх салбарын захирлын зөвлөлөөр хэлэлцэж шийдвэр гаргаад төв банкны хуулийн хэлтэс рүүгээ явуулаад ажлаас халах үндэслэлтэй гэж үзээд ноцтой зөрчил гэдгээр ажлаас чөлөөлсөн гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 1462 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Бийг Төрийн банкны Хөвсгөл салбарын харъяа Ханх тооцооны төвийн ахлах теллерийн ажилд эгүүлэн  тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Бөд ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх 980.230 /есөн зуун наян мянга хоёр зуун гуч/ төгрөгийг хариуцагч Төрийн банкны Хөвсгөл салбараас гаргуулж олгох, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Төрийн банкны Хөвсгөл салбараас 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Бөд олгож, 28.076 /хорин найман мянга далан зургаан/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Хдавж заалдах гомдолдоо: ...2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Төрийн банкны Хөвсгөл салбараас Ханх тооцооны төвд хийсэн шалгалтаар касснаас 80000 төгрөг дутсан зөрчил илэрч Тооцооны төвийн захирал, ахлах теллер нь акт үйлдэн холбогдох дансанд бүртгэсэн байдаг. ...Даваасүрэнгийн Б нь Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалтгай биелүүлж ажиллаагүй, Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.28.12 дахь заалтыг зөрчиж 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдөр өөрийн боож гарын үсэг зурж тамгалсан боодолтой мөнгөнөөс 80,000 төгрөг дутааж кассыг 20 хоног зөрүүтэй байлгасан нь дотоодын хяналт шалгалтаар тогтоогдсон байх тул Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 1462 дугаар шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүхийн шийдвэр нь  “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн  116.2-т заасан шаардлагад нийцсэн, шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу хянан шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.Б Төрийн банкны Хөвсгөл салбарын Ханх тооцооны төвийн ахлах теллерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч   “...Д.Б 80000 төгрөг дутааж кассыг 20 хоног зөрүүтэй байлгасан нь дотоодын хяналт шалгалтаар тогтоогдсон” гэсэн үндэслэлээр эс зөвшөөрсөн байна.

Төрийн банкны Хөвсгөл салбар нь Д.Бийг Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т заасан туршилтын хугацаагаар буюу Ханх тооцооны төвд теллерээр 5 сар, ахлах теллерээр 3 сарын хугацаатай ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээ байгуулжээ /хх-ийн 1-9-р хуудас/.

Зохигч хөдөлмөрийн харилцаанд анх оролцохдоо байгуулсан туршилтын хугацаагаар ажиллуулах гэрээнээс өөр гэрээг шүүхэд ирүүлээгүй учир нэхэмжлэгч хэдийнээс үндсэн ажилтан болсон, үндсэн ажилтанд туршилтын хугацаанд байгуулсан гэрээ хамаарах эсэх, ажилтан ямар үүрэг хүлээсэн, үүргээ зохих ёсоор биелүүлсэн эсэхийг тодорхойлох боломжгүй байна.

Мөн Төрийн банкны Хөвсгөл салбарын захирлын 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 63 дугаар тушаалаар хүүхэд асрах чөлөөтэй байсан Д.Бийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулж, хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллахыг холбогдох албан тушаалтанд үүрэг болгосон байх боловч энэ тушаалын дагуу хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан эсэх нь тодорхойгүй, энэ талаарх нотлох баримтыг зохигч гаргаагүй байна. Иймд “Д.Бийг ахлах теллерээр ажиллуулахдаа ажил олгогч хөдөлмөрийн гэрээг байгуулаагүй” гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.

Нэхэмжлэгч Д.Бийн боож, гарын үсгээ зурж, тамгалсан боодолтой мөнгөнөөс 80000 төгрөг дутагдсан нь нотлогдсон байх боловч энэ нь хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох зөрчил гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсонгүй.

Ажил олгогч, ажилтан хөдөлмөрийн харилцаанд оролцохдоо харилцан үүрэг хүлээсэн тохиролцоо бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулснаар ажил олгогчид  ажилтнаас хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах, Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх эрх үүсдэг. Хөдөлмөрийн гэрээг зохих журмаар байгуулаагүй тохиолдолд ажилтныг хөдөлмөрийн гэрээ, дотоод журамд заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэх, ийм үндэслэлээр  ажлаас  чөлөөлөх нь  Хөдөлмөрийн тухай хуульд нийцэхгүй юм.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв,  эргэлзээгүй талаас нь өөрийн дотоод итгэлээр үнэлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 -д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 1462 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид тушаасан 98275 /ерэн найман мянга хоёр зуун далан тав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан үндэслэлээр  зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

   ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                 Т.ГАНБАТ

                                         ШҮҮГЧИД                                 Н.БАЯРХҮҮ

                                                     Б.СОСОРБАРАМ