Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 102/шш2022/00260

 

 

 

 

 

 

 

 

 

     

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Бдүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, шүүгч Ш.Оюунтуул, Н.Хангал нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

  Нэхэмжлэгч: ......аймаг, ...... сум, 1 дүгээр баг, 123 дугаар байр, 04 тоотод оршин суух, Б ургийн овогтой, Х.Б /РД:....../-ын нэхэмжлэлтэй,

  Хариуцагч: Б дүүрэг, 3 дугаар хороо, өөрийн байранд байрлах, Т.З холбогдох,

  Гэм хорын хохиролд 13,535,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М,хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, Ц.С, иргэдийн төлөөлөгч З.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Эрхэм нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

  Нэхэмжлэгч Х овогтой Б нь 2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр аймгийн ахмад настангуудтай хамрын хийд аялаж ирээд, ......аймгийн ...... сумын 1 дүгээр баг, 123-3 тоот хаягт байрлах гэрлүүгээ 2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 21 цагийн орчимд харих гэж яваад ......аймгийн ...... сумын 1 дүгээр баг, 31 дүгээр байрны баруун талаар Т.Зын харъяа Эрчим хүч ус хангамжийн 2 дугаар ангийн ажилчдын цэвэр усны шугам солих зорилгоор ухсан 3 метр орчим нүхэнд унаж, хүнд бэртэл авсан.

Тухайн үед ажил хариуцсан мастер нь хүүхдүүдээс нь уучлалт гуйгаад буруугаа хүлээж байсан бөгөөд машин гаргаж хот явж эмчлүүлэх тээвэрлэлт зэргийг бүгдийг хариуцна гэж хэлсэн байсан ч эмч хүүхдүүд нь хот руу эмнэлгийн машинтай авч яаралтай хагалгаанд оруулсан.

Ийнхүү нэхэмжлэгчийг хот руу явсны дараа хариуцагч байгууллага нь нүхээ булан хамгаалах тууз татчихаад аюулгүй ажиллагааны бүх арга хэмжээ авчихаад манай байгууллага буруугүй гэж хэлж байгаад гомдолтой байна. Тухайн үеийн аюулгүй ажиллагааны шаардлага хангаагүй хамгаалах тууз тэмдэг байхгүй байсан үеийн бичлэг зураг байгаа болно.

Х.Б нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Т.Зын Чойр өртөөнд гал тэрэгний найруулагч, Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга зэргийг 35 жил хийж тэтгэвэрт гарсан бөгөөд тухайн үед согтууруулах ундаа хэрэглээгүй биеийн байдал эрүүл, хэвийн байсан.

Ингээд Х.Б нь Т.Зын эрчим хүч ус хангамжийн 2 дугаар ангийн хариуцлагагүй байдлаас болж хөгжлийн бэрхшээлтэй хэвтрийн өвчтөн болсондоо гомдолтой байна.

Хариуцагч байгууллагын аюулгүй ажиллагааны дүрэм, журам зөрчиж, нух ухсан үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид эмчилгээтэй холбоотой зардалд 5,135,000 төгрөг гарсан байна. Мөн нэхэмжлэгч нь ......аймагт такси үйлчилгээний компанид сарын 1,200,000 төгрөгөөс 1,400,000 төгрөгийн орлоготой ажилладаг байсан. 2019 оны 10 дугаар сараас эхлэн 2020 оны 5 дугаар сарын хооронд эрүүл мэндийн байдлаас шалтгаалан такси компанийн ажлаа хийж чадахгүй болж хөдөлмөрийн чадвараа алдсан тул дээрх ажилгүй байсан хугацааны олох ёстой байсан орлогод 7 сарын цалин болох 8,400,000 төгрөгийг, нийт 13,535,000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна. Нэхэмжлэгчийн зүгээс өөрсдөд олдох боломжтой баримтуудыг хэрэгт өгсөн байгаа болно гэв. 

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Эрчим хүч, ус хангамжийн 2 дугаар анги нь УБТЗ-ын агуйт зөрлөгөөс урагш улсын хи хүртэл гол зам, Айраг, Бор-Өндөр, Зүүн баян, Сайншанд төмөр замын дагуух өртөө, зөрлөг, айл өрх, сум суурин газрын цахилгаан эрчим хүч, ус хангамжийн үйл ажиллагааг хариуцан ажилладаг.

2.1. 2019 онд Чойрт СК-24-өөс СК-36 хооронд 160 м газарт хуучин шугам сүлжээнд их засвар хийж, орчин үеийн хуванцар шугам сүлжээгээр шинэчлэх ажил 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс 13 хүний бүрэлдэхүүнтэйгээр хийж байсан. Энэхүү ажлыг хийхдээ Эрчим хүч, ус хангамжийн 2 дугаар ангийн даргын тушаалаар ажиллах хүмүүс болон хугацааг тодорхойлж, аюулгүй ажиллагааны зааварчилгааг бүрэн өгч ажилласан.

Үүний дагуу тус ажлыг гүйцэтгэх хугацаанд ухсан нүх болон ажлын талбайг тойруулан анхааруулах тууз татан газар шорооны ажил гүйцэтгэж байгаа талаар тэмдэг тэмдэглэгээг байнга тавьж, ажилчдад зааварчилгаа өгч ажилласан. Тухайн газар нь вокзал руу явах чиглэлийн зам бөгөөд автомашин, явган зорчигч, хүний хөдөлгөөн ихтэй байдаг анхааруулах туузыг таслах, тэмдгийг нүх рүү авч хаях, өөр газар шилжүүлэх зэрэг зохисгүй байдал гарч байсан тул орой бүр эргүүл ажиллуулж, тасарсан тууз болон тэмдэг, тэмдэглэгээг сэргээн ажиллаж байсан.

Нэхэмжлэгч Х.Б нь 2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн орой их засвар хийж, шугам солихоор ухсан нүхэнд унаж гэмтсэн талаар шөнө манай байгууллагад мэдэгдсэн тул өглөө нь Улаанбаатар хотоос Чойрт ирж, засварын ажлын явц болон болсон асуудлыг газар дээр нь судлан үзэж, ажиллаж байсан хүмүүстэй уулзсан. Ийнхүү уулзахад ...газар шорооны ажил эхлэхээс өмнө тухайн газарт нь анхааруулах, хамгаалах тууз татуулж, тэмдэг тэмдэглэгээ тавьсан талаар, мөн ойр орчмоор явж байсан хүүхэд болон зарим хүмүүс тойрч явахаас залхууран туузыг тасалж байсан учир эргүүл томилон ажиллуулж нөхөн сэргээж байсан талаар тодорхой дурдсан.

Иргэн Х.Б нь зориулалтын бус газраар буюу тодруулбал: технологийн зориулалттай худгийн таган дээгүүр явах гэж байгаад уг худгийн ирмэгээс 3м зайд ухсан шуудуунд унасан. Тэрээр явган хүн болон автомашин явахад зориулсан замаар тойрч гарахгүйгээр, гэрийн ойр байгаа зориулалтын бус газраар гарах гэж яваад унасан. Уг худаг нь шугам сүлжээний ашиглалтын үед мэргэжлийн хүн орж гарч, хаалт, задвижкийг хааж нээхэд зориулсан байгууламж бөгөөд тоосгоор өрж хийсэн, дээд талдаа ширмэн тагтай худаг юм. Иймээс газар ухаж шугам солихдоо тухайн хэсэгт тулгаж ухаад, доорх шугамыг нь сольсон болохоос бус хүн гарахад зориулсан гарч биш юм.

2.2 Х.Б нь өвдөгний үе солиулсан хөл муутай, зүгээр явж байгаад сөхрөөд уначихдаг тохиолдол нэг бус удаа гарч байсан гэдэг. Тус өдөр ч мөн адил аймгийн захиргааны үүдэнд сөхөрч унасныг багийн засаг дарга хүн явуулж авч байсан талаар баримт байдаг.

Нэхэмжлэгчийн өөрийнх нь хэтэрхий хайнга, хэнэггүй, анхаарал болгоомжгүй байдлаас болж, нүхэнд унаж бэртсэн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн өөрийнх нь хэтэрхий илтэд болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас өөртөө гэм хор учруулсан, мөн үүнээс үүдэн хохирлын хэмжээ нэмэгдэхэд нөлөөлсөн болох нь тодорхой байна.

Хохирогч өөрөө санаатай буюу илтэд болгоомжгүй хандсан, хууль тогтоомжид нийцсэн арга хэрэгслээр үүсч болох хохирлоос урьдчилан сэргийлэх оролдлого хийгээгүйгээс өөрт гэм хор учирсан тохиолдолд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2, 498 дугаар зүйлийн 498.3-т зааснаар хариуцагч хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болно.

Өмчлөгч эзэмшигчийн эзэмшилд байгаа барилга байгууламж тодор буюу түүний эдлэн газрын хил хязгаарын дотор бусдад гэм хор учирсан боловч түүнд өмчлөгч, эзэмшигч буруугүй бол тухайн байгууллага буюу хариуцагч тал хариуцлага хүлээхгүй.

Иймд манай байгууллага нэхэмжлэгчид учирсан гэмтэлд гэм буруугүй учраас нэхэмжлэгчийн 13,535,000 төгрөгийг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

3. Иргэдийн төлөөлөгч З.Уын дүгнэлтэд: Т.З нь нүх ухахдаа аюулгүй ажиллагааны тэмдэг, тэмдэглэгээ дутуу хийж гүйцэтгэснээс үүдэлтэйгээр нэхэмжлэгчид гэм хор учирсан гэж үзэж байна. Иймд хариуцагч нь стандартын дагуу хайс, хашаа, эсвэл тросс татах үүргээ биелүүлээгүй учир нэхэмжлэгчид хохирол учирсан гэж үзэж байна гэжээ.

4. Нэхэмжлэгч талаас хэрэгт нотлох баримтаар итгэмжлэл, ......аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Б.Хгийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 00-00-000/00 дугаартай шинжээчийн дүгнэлт, ......аймаг дахь цагдаагийн газарт хохирогч Х.Бын 2019 оны 10 дугаар сарын 8-ны өдөр өгсөн мэдүүлэг, ......аймаг дахь цагдаагийн газарт гэрч О.Оын 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр өгсөн мэдүүлэг, гэрч М.Ргийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр өгсөн мэдүүлэг, ......аймгийн 1 дүгээр багийн засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 166 дугаартай тодорхойлолт /хх4-22/ зэргийг өгсөн байна.

5. Хариуцагч талаас нотлох баримт гаргаж өгөөгүй.

6. Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Гэмтэл согог судлалын төвд нэхэмжлэгч Х.Бын хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх болон төлбөр төлсөн баримтыг, хариуцагч талын хүсэлтээр Т.Зын эрчим хүч, ус хангамжийн 2 дугаар ангийн даргын 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А-00 дугаартай тушаал, Х.Бын унасан гэх нүхний ойр орчмын зураг, Чойр ЦШС-ний хэсгийн усны техникч Ж.Гийн тодорхойлолт, Д.Дын тодорхойлолт, Чойр тосгоны усны шугамын их засварын ажлын төлөвлөгөө, иргэн Ж.Цгийн тодорхойлолт, иргэн Л.Лийн тодорхойлолт, технологийн аюулгүй ажиллагааны карт /хх-51-99, 144-145 тал/ зэрэг нотлох баримтыг цуглуулсан байна.

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

  Нэхэмжлэгч Х.Б нь хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Т.З холбогдуулан  гэм хорын хохиролд 13,535,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

  Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ .........аймгийн ...... сумын 1 дүгээр баг, 31 дүгээр байрны баруун талаар Т.Зын харъяа Эрчим хүч ус хангамжийн 2 дугаар ангийн ажилчид цэвэр усны шугам солих зорилгоор нүх ухахдаа иргэд олон нийтийг аюултай хүчин зүйлийн нөлөөллөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүйн улмаас нэхэмжлэгч Х.Б нь тус нүхэнд 2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 21 цагийн орчимд унаж, эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсны улмаас түүнд эмчилгээтэй холбоотой зардалд 5,135,000 төгрөг, такси үйлчилгээний ажлаа эрхлэх боломжгүй болсны улмаас олох ёстой байсан орлогод 8,400,000 төгрөг, нийт 13,535,000 төгрөгийн хохирол учирсан гэж тайлбарлаж байна.

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байх ба үндэслэлээ ... Т.Зын харьяа Эрчим хүч ус хангамжийн 2 дугаар анги нь ......аймгийн ...... сумын 1 дүгээр баг, 31 дүгээр байрны баруун талаар цэвэр усны шугам солих зорилгоор нүх ухах ажиллагааг хийхдээ аюулгүй ажиллагааны зааварчилгааг бүрэн өгч, эргүүл ажиллуулж, аюултай хүчин зүйлийн нөлөөллөөс урьдчилан сэргийлэх зорилгоор тууз болон тэмдэг, тэмдэглэгээг байнга хийж ажилласан, ...нэхэмжлэгч нь явган хүн явах зориулалтын бус газраар явж, өөрийн хайхрамжгүй үйлдлийн улмаас өөртөө хохирол учруулсан, ...нэхэмжлэгч нь өвдөгний үе солиулсан хөл муутай учраас түүнд учирсан гэмтэл манай байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болоогүй гэж тайлбарлаж байна.

Хэрэгт авагдсан ......аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Б.Хгийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 00-00-000/00 дугаартай шинжээчийн дүгнэлт, ......аймаг дахь цагдаагийн газарт хохирогч Х.Бын 2019 оны 10 дугаар сарын 8-ны өдөр өгсөн мэдүүлэг, ......аймаг дахь цагдаагийн газарт гэрч О.Оын 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр өгсөн мэдүүлэг, гэрч М.Ргийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр өгсөн мэдүүлэг, ......аймгийн 1 дүгээр багийн засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 166 дугаартай тодорхойлолт, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн өвчний түүх, төлбөр төлсөн баримт, Т.Зын эрчим хүч, ус хангамжийн 2 дугаар ангийн даргын 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А-00 дугаартай тушаал, Х.Бын унасан гэх нүхний ойр орчмын зураг, Чойр ЦШС-ний хэсгийн усны техникч Ж.Гын тодорхойлолт, Д.Дын тодорхойлолт, Чойр тосгоны усны шугамын их засварын ажлын төлөвлөгөө, иргэн Ж.Цгийн тодорхойлолт, иргэн Л.Лийн тодорхойлолт, технологийн аюулгүй ажиллагааны карт /хх-51-99, 144-145 тал/ зэрэг нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

Т.Зын харъяа Эрчим хүч ус хангамжийн 2 дугаар анги нь ......аймгийн ...... сумын 1 дүгээр баг, 31 дүгээр байрны баруун талаар цэвэр усны шугам солих зорилгоор нүх ухсан. Уг нүхийг ухах ажиллагааг хийхдээ нүхэнд хүн унахаас урьдчилан сэргийг арга хэмжээг хангалтгүй авсан, тухайн ажлыг гүйцэтгэж буй орчин, аюултай хүчин зүйлийн нөлөөллөөс иргэд, олон нийтийг хамгаалах арга хэмжээг хэрхэн авах талаар дүрэм, журам, заавар байхгүй, энэ талаар зааварчилгааг өгөөгүй, тухайн ажлыг гүйцэтгэхдээ эрсдэлийн үнэлгээ хийгээгүй болох нь тогтоогдож байхаас гадна уг хариуцагч байгууллагын ухсан нүхэнд нэхэмжлэгч Х.Б нь 2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн орой унаж, түүний эрүүл мэндэд гэмтэл учирсан болох нь тогтоогдож байна.

Энэхүү шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч нь хариуцагч байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч Х.Бын эрүүл мэндэд гэм хор учирсан байна гэх дүгнэлтийг гаргасан байх бөгөөд хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч Х.Бын эрүүл мэндэд зүүн хөлний дунд чөмөг түнхээр хугарч, бяцарсан гэмтэл учирсанд хариуцагч байгууллагыг гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч Х.Б нь нүхэнд унаж зүүн хөлний дунд чөмөг түнхээр хугарч, бяцарсан гэмтэл авсны улмаас Гэмтэл согог судлалын үндэсний төвд 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хагалгаанд орсон болох нь Гэмтэл согог судлалын үндэсний төвийн өвчний түүх гэх баримтаар тогтоогдож байна.

Хариуцагч тал нь нэхэмжлэгч Х.Быг Эрчим хүч ус хангамжийн 2 дугаар ангийн цэвэр усны шугам солих зорилгоор ухсан нүхэнд 2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн орой унасан үйл баримтад маргаагүй. Харин уг нүхэнд унасан үйлдэлд болон учирсан гэм хорд хариуцагч тал гэм буруугүй гэж маргаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь өөрийн шаардлага болон татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэгчийг тухайн нүхэнд унасан үйлдэлд болон түүний улмаас учирсан гэмтэлд хариуцагч тал буруугүй гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах цалин хөлс зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэжээ.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчид учирсан хохиролд хариуцагч тал гэм буруутай тохиолдолд хариуцагч хариуцлага хүлээх бөгөөд хариуцагч нь өөрийн буруугүйг нотолж чадсан тохиолдолд хариуцлагаас чөлөөлөгдөнө.

Хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр тухайн осол буюу нэхэмжлэгчийг нүхэнд унасан үйл явдал нь хариуцагч байгууллагын аюултай хүчин зүйлийн нөлөөллөөс иргэд олон нийтийг хамгаалах, урьдчилан сэргийлэх ажил хангалтгүй хийснээс шалтгаалж осол гарсан гэж дүгнэсэн байх бөгөөд уг дүгнэлтийг үгүйсгэсэн баримтыг хариуцагч тал гаргаж өгч чадаагүй.

Мөн нэхэмжлэгчийн хөл нь осолд орохоос өмнө өвддөг байсан, уг өвчин нь нүхэнд унаснаас шалтгаалаагүй гэж тайлбарлаж байгаа боловч энэхүү тайлбарыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна.

Иймд хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, өвчний түүх, гэрч, хохирогч нарын мэдүүлэг зэргээр хариуцагч байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас буюу цэвэр усны шугам солих зорилгоор нүх ухахдаа аюултай хүчин зүйлийн нөлөөллөөс иргэд олон нийтийг хамгаалах, урьдчилан сэргийлэх ажил хангалтгүй хийсний улмаас нэхэмжлэгч Х.Бын эрүүл мэндэд хохирол учирсан гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв .

Иймд нэхэмжлэгч Х.Б нь хариуцагчийн гэм буруутай үйл ажиллагааны улмаас өөрт учирсан хохирлыг шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлохоор шүүхийн журмаар Гэмтэл согог судлалын үндэсний төвд хагалгааны төлбөр төлсөн баримтыг нотлох баримтаар авхуулсан бөгөөд уг баримтаар нэхэмжлэгч нь 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хагалгааны төлбөрт 901,906 төгрөгийг төлсөн болох нь тогтоогдож байна.

Харин нэхэмжлэгч нь эмчилгээтэй холбоотой зардалд нийт 5,135,000 төгрөг нэхэмжилснээс дээрх 901,906 төгрөгөөс бусад 4,233,094 төгрөгийн болон олох ёстой байсан орлогод нэхэмжилсэн 8,400,000 төгрөгийн талаар ямар нэгэн баримт гаргаж өгөөгүй байна.

Иймд шүүх бүрэлдэхүүн нотлох баримтаар нотлогдсон хэмжээгээр хариуцагч талаас хохирол гаргуулах нь зүйтэй гэж үзэн, хариуцагчаас 901,906 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12,633,094 төгрөгийг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Т.Заас 901,906 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Х.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12,633,094 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 225,625 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Т.Заас улсын тэмдэгтийн хураамжид 26,196 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

ДАРГАЛАГЧ , ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА

ШҮҮГЧИД Ш.ОЮУНТУУЛ

Н.ХАНГАЛ