| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхтөмөрийн Солонгоо |
| Хэргийн индекс | 105/2024/0982/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/1004 |
| Огноо | 2024-09-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Энхбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 2024/ШЦТ/1004
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Солонгоо даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Амаржаргал,
улсын яллагч Д.Энхбаяр,
шүүгдэгч Т.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.О-д холбогдох эрүүгийн 2406 03286 1795 дугаартай хэргийг 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.О нь 2024 оны 06 дугаар сарын 02-ноос 03-ны шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Кино үйлдвэрийн автобусны буудал дээр Б.О ын толгойн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Т.О шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4/, Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд 891280.. дугаараас “2 эрэгтэй хүн эмэгтэй жирэмсэн хүнийг зодчихлоо. Хурдлаарай” гэх утгатай дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 5/, Хохирогч Б.О ын “...Тэр хоёр хэрэлдээд явж байтал хажуугаар үл таних хоёр залуу зөрсөн. Нэг залуу нь хөөе бандиа хэн рүү томроод байгаа юм бэ гэж хэлсэн. Би түүний хариуд та нарт ямар ч хамаагүй гэж хэлээд кино үйлдвэрийн автобусны буудлын гэрлэн дохио дээр зогсож байсан. Гэтэл нөгөө 2 залуу араас хүрч ирээд нэг залуу нь манай үеэл дүүгийн нөхрийг цохиод авсан. Тухайн үед жижиг биетэй залуу манай үеэл дүүгийн нөхөр хоорондоо барьцалдаж аваад бие биеэ боогоод байсан. Би араас нь очсон ба тухайн хоёр үл таних залуу Д ийг нийлээд цохиод байсан. Би залуучууд дээр очоод хүүе ээ болиоч ээ гэж хэлтэл өндөр залуу нь чи дут гэж хэлээд миний хамар хавьцаа нэг удаа хүчтэй цохисон. Би цохиулсан даруйдаа газар унасан ба 5 орчим минут сэрээгүй, түүнээс цааш юу болсныг санахгүй байна. Би ухаан алдчихаад сэрэхэд миний нүүр бүхэлдээ цус болчихсон, хамраас цус гарсан байсан. Намайг ухаан алдсан хойгуур үеэл дүү цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байсан. Би сэрэхэд намайг цохисон гэх залуу зугтах гээд манай үеэл дүү зугтаалгахгүй гээд араас нь хөөж байсан. Удалгүй цагдаа нар ирсэн. Миний биед үл таних хоёр залуугийн өндөр цагаан залуу нь гэмтэл учруулсан. Тухайн залуу миний хамар хавьцаа нэг удаа хүчтэй цохисон. Би ухаан алдсан. Эмнэлэгт үзүүлэхэд ил шархтай байна гэж хэлээд миний шархыг 1 оёдол тавьсан. Мөн миний хамар хугарсан байна гэж эмч хэлсэн. Би гомдолтой байна. Эмчилгээний зардлыг намайг зодсон гэх залуугаар төлүүлмээр байна. Би эмчилгээний зардлаа хуулийн дагуу төлбөрийн баримттай нэхэмжилнэ.” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/, гэрч Э.А гийн “...Тухайн хоёр залуу буцаж ирээд намхан жижиг биетэй ах нь янз янзаар хараагаад байсан. Би нөхрөө аваад эгчийн хамт кино үйлдвэрийн автобусны буудал дээр зогсож байтал ардаас танихгүй хоёр залуу хүрч ирээд намхан жижиг залуу нь манай нөхөртэй барьцалдаж аваад ноцолдож эхэлсэн. Тухайн үед манай эгч нөхөр болон намхан залууг салгах гээд очтол үл таних өндөр цагаан залуу манай эгчид хандаж чи дут гэж хэлээд нүүрэн тус газар нь нэг удаа хүчтэй цохисон. Манай эгч цохиулсан даруйдаа газар унаад 5 минут орчим сэрээгүй. Би тухайн үед шууд цагдаа дуудсан ба манай эгчийг зодсон гэх залуу зугтах гээд байсан. Би тухайн залууг алдахгүй араас нь хөөгөөд цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Т.Номинцэцэгийн 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 7492 дугаартай “Б.О ын биед баруун зовхинд цус хуралт, шарх, хамар ясны хугарал, таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 23-24/, яллагдагч Т.О ы “Би 2024 оны 06 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо кино үйлдвэрийн автобусны буудал дээр Б гэх найзынхаа хамт архи согтууруулах ундаа хэрэглэчихсэн явж байсан. Б миний ард явж байсан ба хойшоо хартал Б танихгүй хоёр хүнтэй муудалцаад зогсож байсан. Б тухайн үед нэг эрэгтэйн нүүр рүү нь нэг удаа цохиж унагаасан. Тэр хоёр хоорондоо зодолдоод байсан би очоод салгаад найзыгаа аваад явсан. Би тухайн хүмүүст найзыгаа согтуу байгаа талаар хэлээд аваад явж байтал Б арагшаа ахин очиж нөгөө залуутай ахин барьцалдаж аваад ноцолдсон. Би дахин салгаад хоёр дахь удаагаа аваад явсан. Нөгөө талын хүмүүс ч явах зүг рүүгээ яваад Б бид хоёр ч явах зүг рүү явж байтал Б ахин очиж зодоон хийсэн. Би ахин үл таних эгч бас Б ыг цохиод байсан ба би Б ын зодооныг болиулахын тулд Б ын гараас зуурч байсан. Гэтэл гэнэт Б гараа тавьсан ба би түүний гараас хүчтэй зуурч байгаад болгоомжгүй үл таних эгчийн хамар уу тохойлдсон. Би тухайн гэмт хэргийн санаатай үйлдээгүй. Найз Б үл таних хүнтэй маргалдаад байхаар нь түүнийг салгах гэж байгаад үл таних эгчийн хамар руу тохойгоороо болгоомжгүй цохисон. Би тухайн эгчид 4,250,000 төгрөг өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 53-54/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж, тодруулсан байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Нэг: Гэм буруугийн талаар:
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт “...Өнөөдрийн шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож байна. Шүүгдэгч Т.О нь 2024 оны 06 дугаар сарын 02-ноос 03-ны шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Кино үйлдвэрийн автобусны буудал дээр Б.О ын толгойн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Т.О ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна.” гэв. Шүүгдэгч Т.О шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч Т.О нь 2024 оны 06 дугаар сарын 02-ноос 03-ны шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Кино үйлдвэрийн автобусны буудал дээр Б.О ын толгойн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4/, Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд 891280.. дугаараас “2 эрэгтэй хүн эмэгтэй жирэмсэн хүнийг зодчихлоо. Хурдлаарай” гэх утгатай дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 5/, Хохирогч Б.О ын “...Би араас нь очсон ба тухайн хоёр үл таних залуу Д ийг нийлээд цохиод байсан. Би залуучууд дээр очоод хүүе ээ болиоч ээ гэж хэлтэл өндөр залуу нь чи дут гэж хэлээд миний хамар хавьцаа нэг удаа хүчтэй цохисон. Би цохиулсан даруйдаа газар унасан ба 5 орчим минут сэрээгүй, түүнээс цааш юу болсныг санахгүй байна. Би ухаан алдчихаад сэрэхэд миний нүүр бүхэлдээ цус болчихсон, хамраас цус гарсан байсан. Намайг ухаан алдсан хойгуур үеэл дүү цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байсан. Би сэрэхэд намайг цохисон гэх залуу зугтах гээд манай үеэл дүү зугтаалгахгүй гээд араас нь хөөж байсан. Удалгүй цагдаа нар ирсэн. Миний биед үл таних хоёр залуугийн өндөр цагаан залуу нь гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/, гэрч Э.А гийн “...Тухайн үед манай эгч нөхөр болон намхан залууг салгах гээд очтол үл таних өндөр цагаан залуу манай эгчид хандаж чи дут гэж хэлээд нүүрэн тус газар нь нэг удаа хүчтэй цохисон. Манай эгч цохиулсан даруйдаа газар унаад 5 минут орчим сэрээгүй. Би тухайн үед шууд цагдаа дуудсан ба манай эгчийг зодсон гэх залуу зугтах гээд байсан. Би тухайн залууг алдахгүй араас нь хөөгөөд цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Т.Номинцэцэгийн 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 7492 дугаартай “Б.О ын биед баруун зовхинд цус хуралт, шарх, хамар ясны хугарал, таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 23-24/, яллагдагч Т.О ы “Би 2024 оны 06 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо кино үйлдвэрийн автобусны буудал дээр Б гэх найзынхаа хамт архи согтууруулах ундаа хэрэглэчихсэн явж байсан. Б миний ард явж байсан ба хойшоо хартал Б танихгүй хоёр хүнтэй муудалцаад зогсож байсан. Б тухайн үед нэг эрэгтэйн нүүр рүү нь нэг удаа цохиж унагаасан. Тэр хоёр хоорондоо зодолдоод байсан би очоод салгаад найзыгаа аваад явсан. Би тухайн хүмүүст найзыгаа согтуу байгаа талаар хэлээд аваад явж байтал Б арагшаа ахин очиж нөгөө залуутай ахин барьцалдаж аваад ноцолдсон. Би дахин салгаад хоёр дахь удаагаа аваад явсан. Нөгөө талын хүмүүс ч явах зүг рүүгээ яваад Б бид хоёр ч явах зүг рүү явж байтал Б ахин очиж зодоон хийсэн. Би ахин үл таних эгч бас Б ыг цохиод байсан ба би Б ын зодооныг болиулахын тулд Б ын гараас зуурч байсан. Гэтэл гэнэт Б гараа тавьсан ба би түүний гараас хүчтэй зуурч байгаад болгоомжгүй үл таних эгчийн хамар уу тохойлдсон. Би тухайн гэмт хэргийн санаатай үйлдээгүй. Найз Б үл таних хүнтэй маргалдаад байхаар нь түүнийг салгах гэж байгаад үл таних эгчийн хамар руу тохойгоороо болгоомжгүй цохисон. Би тухайн эгчид 4,250,000 төгрөг өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 53-54/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүйгээр нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч Т.О ы үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болохыг мэдсээр байж хохирогч Б.О ын эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
Мөн шүүгдэгч нь хохирогч Б.О ын нүүрэн /хамар/ тус газар гараараа цохисон үйлдэл болон хохирогчийн эрүүл мэндэд учирсан “баруун зовхинд цус хуралт, шарх, хамар ясны хугарал таславчийн мурийлт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Т.О ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлсэн бөгөөд хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Т.О ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирлын талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж,
505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгчийн зүгээс хохирогч Б.О ын эмчилгээний зардалд 4,000,000 төгрөгийг төлсөн, Б.О нь 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн прокурорын газарт хандан “Б.О миний бие Т.О д ямар нэгэн гомдолгүй болно. Цохиулж гэмтсэн байсан гомдлыг бүрэн барагдуулсан тул гомдолгүй” /хх-ийн 55/ гэсэн байх тул шүүгдэгч Т.О ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хавтаст хэргийн 32 дахь талд Б.О ын эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл, лавлагаа авагдсан байна. Гэвч Т.О д холбогдох эрүүгийн 2406 03286 1795 дугаартай хэрэгт эрүүл мэндийн даатгалын санг иргэний нэхэмжлэгчээр тогтоогоогүй, хэдэн төгрөгийг нэхэмжилж байгаа нь тодорхой бус байх тул шүүгдэгчээс гаргуулах боломжгүй байна.
Харин Эрүүл мэндийн даатгалын сан нь хохирогч Б.О д эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлсэн зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гэм буруутай этгээд Т.О аас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Иймд Т.О д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдуулах саналтай байна. Мөн Б.О нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас 266,300 төгрөгийн тусламж авсан тул уг мөнгийг эрүүл мэндийн даатгалын сангийн дансанд төлүүлэх саналтай байна” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч “Хэлэх зүйлгүй” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан гэм буруугийн зарчмыг удирдлага болгож,
Мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ, мөн эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Шүүгдэгч Т.О нь хэрэг хариуцах чадвартай, тухайн үйлдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Т.О д эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Т.О нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 90 хоногийн дотор торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Бусад асуудлын талаар:
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Т.О д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О ыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О д оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулсугай.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Т.О нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүл мэндийн даатгалын сан нь хохирогч Б.О д эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлсэн зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гэм буруутай этгээд Т.О аас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Т.О д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.СОЛОНГОО