Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2021 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 132/ШШ2022/00024

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д овогт Д-ын Г,  

Нэхэмжлэгч: Б овогт Т-ын Э нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч:   Булган аймгийн Орон нутгийн өмчийн газарт холбогдох,

Өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Г , Т.Э , тэдгээрийн өмгөөлөгч Б.Д , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энхмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Г , Т.Э  нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Миний бие Д.Г  би гэр бүлийн хамт 1977 оны 07 дугаар сараас өнөөдрийг хүртэл Хялганат тосгонд ажиллаж, амьдарсаар даруй 44 жил болжээ. Хань А.Т маань МУИС-ыг цахилгааны инжинер мэргэжлээр төгсөж ирээд Ой модын аж үйлдвэрийн яамны томилолтоор 1977 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс Хялганатын ой мод бэлтгэлийн аж ахуйд цахилгааны инженерээр ажлын гараагаа эхэлсэн.

Бидний амьдарч байгаа Хялганат хорооны ОСГ-ны 1 хороо, 6 дугаар байр, 2 дугаар орц, 9 тоот /хуучин хаяг/ байрыг Хялганатын мод бэлтгэлийн аж ахуйгаас яамны томилолтоор ирсэн боловсон хүчин гэж ханьд минь шууд олгосон.

Анх бид гэр бүлээрээ Улаанбаатар хотоос ирж, А.Т гэх айл гал голомтоо бадраасан. Хань минь 2000 онд өндөр насны тэтгэвэрт гарч, хувиараа хөдөлмөр эрхлэн амьдарч байгаад 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр нас барсан.  1991 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дуудлага худалдаагаар бидний амьдарч байгаа 6 дугаар байр, 2 дугаар орц, зургаан айлын орон сууцыг хувьчлалын 36 ширхэг ягаан тасалбараар өмчлөн авсан. Өмчлөн авсан айлуудаас 1991 оны байдлаар Б.Ганбаатар 7 тоот, Тайван буюу манайх 9 тоот, Манлайжав 12 тоот байруудад амьдарч байлаа.

Энэ байрандаа амьдарч байгаа ч Д.Г  би хүү Т.Э ын хамт үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд хамрагдаагүй. Өөрийн байраа өмч хувьчлалын ягаан тасалбараар авснаа баталгаажуулж, бүртгэлжүүлээгүй өдийг хүрлээ. Бид 44 жил амьдарч сууж байгаа Хялганатын 107 дугаар байр, 9 тоот байрны өмчлөгч болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагыг  гаргаж байна.

...Өмч хувьчилсан холбогдох баримтуудыг бүрдүүлсэн тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар Булган аймгийн Хангал сум, Хялганат баг, Найрамдал гудамж, 107 дугаар байр, 9 тоот байрны  өмчлөгчөөр Д.Г , Т.Э  нарыг тогтоож өгнө үү гэв.

Нэхэмжлэгч Д.Г  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  ...Манайх энэ байранд 44 жил амьдарч байна. Уг байрыг хувьчлахад мод бэлтгэлийн аж ахуйн ажилчид ягаан тасалбараар өмчилж авсан. Тухайн үед ажилчид давуу эрхээр авсан. Манай нөхөр ягаан тасалбараар уг байрыг авсан. Тэр цагаас хойш энэ байрыг манайх гэж ойлгосон. Яагаад гэвэл бид нар хувьцаагаараа худалдаж авсан. Түүнээс хойш Туул гэдэг хүн танай байр гэж нэг ч удаа хэлж байгаагүй. Бид нар уулзаж, ярилцаж байгаагүй. 2018 оноос ийм асуудал яригдаж эхэлсэн. Манайх энэ байранд одоог хүртэл амьдарч байна. 2019 онд манай нөхөр нас барсан гэв.

 

Нэхэмжлэгч  Т.Э  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Манайх 1977 онд Булган аймгийн Хангал сумын 4 дүгээр багийн 6 дугаар байрны 2-9 тоотод амьдарч эхэлсэн. Одоог хүртэл амьдарч байна. Байрны өмчийн маргаантай асуудлыг шийдэж, өмчлөлдөө шилжүүлэн  авах хүсэлтэй байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Уламбаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Хангал сумын 4 дүгээр баг, Хялганат тосгонд оршин суух, Д.Г  нь Хангал сумын 4 дүгээр баг, Хялганат Найрамдал гудамж, 107 дугаар байр, 9 тоот хаягт байршилтай орон сууцны байшингийн өмчлөгчөөр тогтоолгохоор иргэний хэргийн шүүхэд хандсан байна.

Манай албар нь аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2011 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 50 тоот тогтоолоор байгуулагдсан. Иймд дээрх иргэний өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан байшинг хувьчилсан, худалдсан тухай тогтоол шийдвэр бусад нотлох баримт манай газарт байхгүй бөгөөд дээрх иргэний нэхэмжлэл манай газарт хамааралгүй болно гэжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтууд болон зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Г , Т.Э  нь хариуцагч Булган аймгийн Орон нутгийн өмчийн газарт холбогдуулан Булган аймаг Хангал сум, Хялганат баг, Найрамдал гудамж, 107 тоот 9 дүгээр байрны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Булган аймгийн Орон нутгийн өмчийн газар нь нэхэмжлэлийн шаардлага болж буй  үл хөдлөх эд хөрөнгийг хувьчилсан тухай тогтоол, шийдвэр болон тухайн үл хөдлөх эд хөрөнгө нь орон нутгийн өмчийн газрын бүртгэлд байхгүй гэжээ.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 829 дугаартай албан бичигт “ ...Архивын тасгийн 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдөр явагдсан дуудлага худалдааны протоколын 27 дугаар 6 дугаар байрны 02 дугаар орц, амбаартай 36 ширхэг тасалбараар Ч.Жаргалсайхан авсан.” талаар дурджээ.

Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй”, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Эд хөрөнгө өмчлөх эрхтэй холбоотой Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8.1.2, 8.1.3, 8.1.4, 8.1.5, 8.1.6, 8.1.7, 8.1.8, 8.1.9-д заасан эрх нь эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ” гэж заасан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т “Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ.” гэжээ.

Хэрэгт авагдсан баримт болон зохигч талуудын тайлбараас үзэхэд хариуцагч Булган аймгийн Орон нутгийн өмчийн газар нь нэхэмжлэгч Д.Г , Т.Э  нарын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд тэдний эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд Булган аймгийн орон нутгийн өмчийн газарт холбогдох, Булган аймаг, Хангал сум, 4 дүгээр баг, Хялганат тосгон, Найрамдал гудамж, 107 дугаар байр, 9 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай Д.Г , Т.Э  нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 1000 цагт товлогдсон шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасны дагуу шүүгчийн туслах нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У  9  дугаарын утсанд 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр холбогдож мэдэгдсэн боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг хийж хүсэлт хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Г , Т.Э  нарын нэхэмжлэлтэй, Булган аймгийн*******т холбогдох, өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Г , Т.Э  нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              О.ОДОНЧИМЭГ