| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхтөмөрийн Солонгоо |
| Хэргийн индекс | 105/2024/0944/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/960 |
| Огноо | 2024-09-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Хилчинбаатар |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 2024/ШЦТ/960
2024 09 05 2024/ШЦТ/960
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Солонгоо даргалж,
улсын яллагч Э.Хилчинбаатар,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Амаржаргал,
шүүгдэгч М.М , түүний өмгөөлөгч Ч.Мөнгөндавалгаа нарыг оролцуулан тус шүүхийн “Е” танхимд нээлттэйгээр хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М.М-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2406 04340 1865 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.М нь 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүрэг 40 дүгээр хороо 72 дугаар хотхон 3 дугаар байрны гадна хохирогч А.Ц тэй тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар биеийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.М нь мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Нэг: Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч М.М нь 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүрэг 40 дүгээр хороо 72 дугаар хотхон 3 дугаар байрны гадна хохирогч А.Ц тэй тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар биеийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3/, БЗДЦГ ЦХ-1, Шуурхай удирдлагын тасаг, Дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 4/, хохирогч А.Ц гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Гараад Нямаагийн машид сууж байх үед манай ээж болох Лхамсүрэн над руу залгасан. Би утсаа аваад ярьтал хажууд байсан найз М чи согтуу байж ээжтэйгээ ярилаа гэж уурласан. Би хариуд нь ярих шаардлагатай байсан юм гэж хэлэхэд М намайг согтуу яриад сурчихсан юм байна гэж хэлсэн. Тэгэхэд миний уур хүрээд түүний толгой руу 1 удаа цохиод, баруун талын хөл рүү 1-2 удаа өшиглөсөн. Гэтэл М миний утсыг булааж аваад миний утсаар толгойны зулай хэсэг рүү 2 удаа цохисон. Мөн миний баруун гар болон хоёр гуя руу бас чамархай хэсэг рүү олон удаа гараараа цохисон. Би яг хэдэн удаа хаашаа яаж цохисныг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учраас санахгүй байна. М тай маргалдаж ноцолдож байх үед хажууд байсан Б.Н гэх найз бид хоёрыг салгасан. Удалгүй цагдаа нар ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/, гэрч Б.Н гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Гэтэл А.Ц гийн утас дуугарсан ба А.Ц ээж залгаж байна гэж хэлсэн. М бид хоёр түүнд хандаж архи согтууруулах ундаа хэрэглэсэн байгаа юм чинь утсаа авч хэрэггүй гэж хэлэхэд А.Ц зүгээр гэж хэлээд утсаа аваад ярьсан. М түүнийг сурчихсан юм байна л даа гэж хэлэхэд А.Ц уурлаад хэрүүл маргаан эхэлсэн. М , А.Ц хоёр бие биеийнхээ биед хамаагүй хүрч зодоод байсан. Би жолоочийн эсрэг талын суудалд сууж байсан ба тэр хоёрыг маргалдаад зодолдоод ирэх үед арын суудал руу шилжин сууж голд нь суусан. Гэтэл нэмэр байгаагүй. Миний дээгүүр доогуур бие бие рүүгээ халдаад л байсан. М гартаа А.Ц гийн гар утсыг барьсан байсан ба гар утсаар А.Ц гийн биеийг бариад зодооныг болиулах гэж хичээж байсан болохоор яг хэдэн удаа цохисныг хэлж мэдэхгүй байна. А.Ц мөн М ын биед халдаж цохисон, яг хаашаа хэдэн удаа цохисныг хэлж мэдэхгүй байна. Харилцан бие биеийнхээ биед халдаад байсан. Би аль аль талыг болиулах гэж үзсэн. Нэг харахад А.Ц гийн толгойноос цус гарч байсан ба М харчхаад би утасны үзүүрээр түүний толгой руу цохисон гэж хэлээд яаж цохисноо дүрсэлж үзүүлээд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 8651 дугаартай шинжээчийн “...1. А.Ц гийн биед тархи доргилт, зулайн хуйханд шарх, баруун чамархайд зөөлөн эдийн няцрал, хүзүү, цээж, хоёр бугалга, шуу, зүүн сарвуу, баруун шилбэнд цус хуралт, хоёр шуу, баруун гуя, өвдөгт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо, ирмэгтэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Тархи доргилт, зулайн хуйхны шарх гэмтэлд хөнгөн хохирол тогтоогдоно. Бусад гэмтэл тус тусдаа хохирол тогтоогдохгүй. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 24-25/, яллагдагч М.М ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Гэтэл А.Ц гийн утас дуугарч ээж нь залгаж байна гэж хэлсэн. Нямаа гэх найз нь чи битгий утсаа аваарай гэж хэлсэн ба А.Ц хариуд нь зүгээр ээ намайг мэддэг юмаа гэж хэлээд утсаа авсан. Би түүнд хандаж чи ээжтэйгээ согтуу ярьчихсан юм уу гэж хэлсэн. Гэтэл А.Ц над руу дайраад баруун гар руу нэг удаа өшиглөсөн. Мөн баруун шанаа руу халдсан. А.Ц тухайн үед над руу гараараа их дайрсан ба би зөрүүлээд гарт байсан утсаараа 2 удаа толгой руу нь цохисон. Бид хоёр хоорондоо ноцолдож байхад Нямаа бид хоёрыг салгах гэж үзсэн. Намайг А.Ц гийн толгой руу цохисны дараа түүний толгойноос цус гарч байсан ба удалгүй цагдаа болон эмч нар ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 60-61/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүгдэгч М.М ын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болохыг мэдсээр байж хохирогч А.Ц гийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
Мөн шүүгдэгч нь хохирогч А.Ц г цохиж зодсон үйлдэл болон хохирогчийн эрүүл мэндэд учирсан “тархи доргилт, зулайн хуйханд шарх, баруун чамархайд зөөлөн эдийн няцрал, хүзүү, цээж, хоёр бугалга, шуу, зүүн сарвуу, баруун шилбэнд цус хуралт, хоёр шуу, баруун гуя, өвдөгт гэмтэл” бүхий хөнгөн зэргийн гэмтэл нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч М.М нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирол хор уршгийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж,
505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус хуульчилжээ.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч А.Ц нь ямар нэгэн гомдол саналгүй, өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой зардлыг баримтаар нэхэмжлээгүй байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Харин хохирогч нь гэм хорын хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч М.М аас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Прокурорын санал болгож, шүүдэгчийн хүлээн зөвшөөрсөн 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч М.М ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар М.М д оногдуулсан торгох ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, М.М нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Бусад асуудлын талаар:
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.
Шүүгдэгч М.М д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.М д оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
4. Хохирогч А.Ц нь гэм хорын хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч М.М аас жич нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй үлдээсүгэй.
5. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.М нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.М д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.СОЛОНГОО