| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дарамын Мягмаржав |
| Хэргийн индекс | 187/2020/0312/Э |
| Дугаар | 1079 |
| Огноо | 2020-08-25 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Г.Эсэн |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 08 сарын 25 өдөр
Дугаар 1079
2020 08 25 2020/ДШМ/1079
П.Оад холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Б.Батзориг, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Эсэн,
цагаатгагдсан этгээд П.О, түүний өмгөөлөгч Х.Ундрах-Оргил, Б.Баттөр,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Оюунчулуун, түүний өмгөөлөгч М.Баасанбат, А.Батмандах,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж, шүүгч С.Базарханд, Х.Одбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 2020/ШЦТ/379 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Г.Эсэнгийн бичсэн 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 43 дугаартай эсэргүүцэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Оюунчулуун, түүний өмгөөлөгч М.Баасанбат, А.Батмандах нарын гаргасан давж заалдах гомдлоор П.Оад холбогдох эрүүгийн 1910014600551 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржав илтгэснээр хянан хэлэлцэв.
........., 19........ оны ........ дүгээр сарын ..............-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш, дасгалжуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Булган аймгийн Булган сум, 3 дугаар баг, Агуйт 3б-6 дугаар гудамжны 7 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:................./;
П.О нь 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Энхжин” хотхоны гадна Д.Бүрэнтогтохтой маргалдаж, улмаар түүний хэвлийд нэг, хүзүүнд хоёр удаа тус тус хутгалж алсан гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: П.Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч .................ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, П.Оыг цагаатгаж, цагаатгагдсан этгээд П.О нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Оюунчулуунд 24.522.285 төгрөг төлсөн болохыг дурдаж, Иргэний хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт зааснаар гэм хорын хохиролд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Оюунчулуунаас нэхэмжилсэн 1.090.742.651 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, П.Оын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нэг ширхэг хутгыг устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, JUAN нэртэй 1 ширхэг хард дискийг хууль ёсны эзэмшигч, өмчлөгчид нь буцаан олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болтол П.Оад авсан хувийн баталгаа гаргах болон Монгол улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Прокурор Г.Эсэн бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хэргийг бүрэлдэхүүнтэй хянан хэлэлцээд мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч, шинжээч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон гэж дүгнэн прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн, хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгчид холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэж, уг хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларсан Б.Өлзийбаярын мэдүүлэг /1хх 91-93, 94-96/, камерийн хяналтын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 41-56/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч нарын дүгнэлтүүд, гэрч Ч.Отгонжаргалын мэдүүлэг /4хх 129-130/, амь хохирогч Д.Бүрэнтогтохын мэдүүлэг, хохирогч Э.Оюунчулууны мэдүүлэг, мөн амь хохирогч Д.Бүрэнтогтохын “...2001 оноос 2005 оны хооронд Үндэсний биеийн тамирын дээд сургуульд нэг ангид сурч байсан юм. 2019 оны 6 дугаар сарын 9-ний орой 19 цагт байрныхаа гадаа эхнэр Оюунчулууны хамт хүүхэд салхилуулж байтал тагтан дээрээс Бүрнээ гэж намайг Очбадрах дуудсан юм. Өлзийбаяртай яриад хөдөөнөөс гэртээ ирсэн байна хүрээд ир гэхээр нь Очбадрах бид 2 такси бариад Цайзын орчим Өлзийбаярын гэрт нь 0.75 литрийн “Эден” архи, сүү авч ороод бид 3 уг архийг хувааж уугаад Өлзийбаяр 0.75 литрийн “Евок” нэртэй архи гаргаж ирээд хувааж уусан юм. Тэгээд 22 цагийн орчим Хөдөө аж ахуйн караокед өрөө авч ороод 0.75 литрийн архи, ундаа, ус аваад караокед дуулж байгаад Очбадрахын оюутан үеийн найз охины талаар яриа гарч байгаад Очбадрах томорч ширээн дээр байсан шилэн зүйлээр зүүн нүдний дээд хэсэгт шалан дээр унагаж байгаад нүүрэн хэсэгт гар болон шилээр их олон удаа цохиж зодсон юм. Энэ үед хамгаалагч гаднаас орж ирээд салгаж байсан болно. Ингээд би уг караокеноос гараад ганцаараа алхаж явсан гэдгээ санаж байна. Харин юугаар яаж явсан талаар санахгүй байна. Ингээд гэнэт ухаан орох үед гэртээ ариун цэврийн өрөөнд орсон нүүр гараа угааж байсан. Толинд нүүрээ харах үед битүү хавдартай хөхөрсөн байсан. Тэгээд Очбадрахыг хөдөө явна гэж байсан тул гэрт нь орж уулзъя гэж бодоод орцны гадаа ганцаараа гарч ирсэн чинь Очбадрах саарал өнгийн машины арын суудал дээр суусан харагдсан юм. Энэ үед би урдаас нь очиж уулзах санаатай машины зүг явсан. Гэтэл Очбадрах “нөгөө пизда чинь энэ байна” гэхэд уг машин дотроос танихгүй 2 залуу бууж ирээд намайг Очбадрахтай бүлэглэн нүүрэнд толгойгоороо мөргөж, газар унах үед гараараа болон хөлөөрөө зодож байсан. Энэ үед нь би эсэргүүцэл үзүүлж босож ирсэн. Гэтэл хэвлийн дунд хэсэгт нэг хутгалсан. Би гэдсээ дараад /гараараа/ тонгойх үед шилэн хүзүүнд дахин нэг удаа хутгалсан. Энэ үед ухаан балартаж газар унасан юм. Очбадрах машинаас бууж ирээд “чи хэзээ ийм болсон пизда вэ” гэж хэлээд цохисон. ...” гэх мэдүүлэг /1хх 59-62/ зэрэг баримтуудад шүүх хууль зүйн дүгнэлт хийгээгүй орхигдуулсан, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №909 тоот дүгнэлтэд үнэлэлт өгөөгүй байгаа нь “...шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэх хуулийн шаардлагыг хангахгүй байх тул анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Оюунчулуун давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний нөхөр 2019 оны 6 дугаар сарын 10-ны үүрээр 04 цагийн орчим эмнэлэгт хүргэгдэж очсон цагаас хойш хамгийн ойр, хамгийн илүү их цаг хамт байсан, бүх зүйлийг сонсон харж байсан билээ. 6 дугаар сарын 10-ны өглөө эмнэлэгт хүргэгдэн очоод яаралтай хагалгаанд орсон. Хагалгаа 7 цаг орчим үргэлжилсэн. Хагалгаа хийсэн Батсайхан гэх эмч бидэнд зураг барьж байгаад хэвлийд нэвтэрсэн хутганы шарх их сэмжийг нэвтлээд бүдүүн гэдсийг дээшээ нэвт хатгаад нойр булчирхайн толгойн хэсэгт дүрэгдсэн байна. Нойр булчирхай нь өөрөө их хэцүү эрхтэн, хүний идсэн хоолыг задалж бутлан хүчлэг фримент ялгаруулж байдаг, хэдийгээр оёдол тавьсан хэдий ч шүүрэл хэвлийрүүгээ ялгаварал бусад эрхтнээ түлнэ. Мөн оёдол тогтохгүй түлээд байдаг юм. Ямартайч амь насыг аврах хагалгаа хийлээ” гэж байсан. Мөн шилэн хүзүү, уруул дээр оёдол тавьсан. Толгой нүүр, нүд хавдартай, цус хуралттай байна. Цаашид хүндрэл гарч болзошгүй гэж байсан. 6 дугаар сарын 18-нд хэвлийд шингэн хуралт их байгаад байгаа учраас дахин хагалгаа хийх хэрэгтэй байна гээд дахин орсон. 6 дугаар сарын 10-наас 18-ны хооронд юу ч ууж идүүлээгүй байсан. 6 дугаар сарын 22-ны өдөр нойр булчирхайн шүүрэл нь хэвлийрүүгээ алдаад гол судасыг гэмтээгээд 30 минутад 4 литр цус алдаж, яаралтай хагалгаанд орсон. Уг хагалгаанаас бүдүүн гэдэсний хөндлөн хэсгийг тайрсан, цөсийг нь авсан, элэг дэлүүнээс нь тайрсан, их сэмжийг бүтнээр нь авсан. Энэ хүнд сэмж гэх зүйл үлдсэнгүй гээд хагалгаанаас авсан эд эрхтэнийг бүгдийг нь гаргаж ирээд харуулж байсан. 6 дугаар сарын 20-ноос 22 нь хүртэл усыг бага багаар, цутан багаар идүүлж эхэлж байсан. Энэ өдрөөс хойш ам руу нь юу ч хийлгээгүй хориотой байсан. Ам руу нь залгих юм орлоо гэсээр тархи хоол идсэн мэдээлэл дамжуулахаар нойр булчирхайн шүүрэл ялгарах гээд бүтэн 80 хоног юу ч идээгүй. 7 дугаар сарын 6-нд дахин цус алдаж хагалгаанд орсон. 7 дугаар сарын 8-ны өдрөөс бага багаар ус, цай уулгаж эхэлсэн. Үндсэндээ 6 дугаар сарын 10-наас 7 дугаар сарын 10-н хүртэл бараг 1 сарын хугацаанд Очбадрахад хутгалуулснаас болоод юм идэж, ууж болохгүй 4 удаа хагалгаанд орж, эд эрхтэнээ тасдуулж, 5 хүүхэд, ээж, ханийнхаа төлөө амьдрахын тулд шүд зууж тэмцэж байсан. ...Бид энэ хугацаа болоод түүнээс хойш сэтгэл санааны маш хүнд хохирол амсаж байна. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Очбадрахыг яагаад, ямар үндэслэлээр цагаатгаж байгаа нь тодорхойгүй байгаад туйлын их гомдолтой байна. Амьд хүний үг үг болоод үхсэн нь хохь болдог юм уу. Шударга нийгэм, шударга шүүх гэж байдаггүй юм уу. Очбадрахын мэдүүлснээр манай нөхөр Очбадрахыг хутгалсан гэж байгаа. Тэгвэл манай нөхрийн 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр өгсөн мэдүүлэгт “...Би Очбадрахыг хутгалаагүй, хэн хутгалсан гэдгийг мэдэхгүй байна” /1хх 59/ гэж амьд байхдаа өөрийн үг биеэр хэлсэн мэдүүлгийг яагаад үнэлэхгүй байгаа юм. Очбадрахын мэдүүлгийг яаж, өөр юугаар нотолж байгаа юм. Харин ч өөрийнх нь дүүгийнх нь нөхөр буюу хүргэн Батдалай нь мэдүүлэхдээ “...2019 оны 6 дугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө 03 цаг 41 минутанд унтаж байхад 95612616 гэсэн дугаараас Очбадрах залгаад хотхон руу орж байна. Таксины мөнгө аваад буугаад ирэх үү гэсэн. Утас дуугарахад эхнэр Цолмон сэрсэн, тагтаар мөнгийг нь доош шидчихье гэхээр нь буцаад хэвтсэн. Тэгээд эхнэр Цолмон босоод тагт руу гарсан. Тэгсэн удаагүй чи гадаа гардаа Очбадрах хүнтэй барьцалдаад авлаа, чи хурдан гардаа гэсэн. Намайг гарч байхад Очбадрахын залгасан дугаараас залгахаар нь би гарч байна гэсэн чинь хурдал хүн аллаа шүү дээ гэсэн” гэж /1хх 139/ мэдүүлсэн байгаа. Энэ үг тодорхой байгаа “хүнд алууллаа шүү дээ” биш “хүн аллаа шүү дээ” гэдэг нь биеэ хамгаалах үйлдэл мөн үү гэдгийг тодорхой болгож байна. Очбадрахын “...тухайн үед би сахартай байсан учир дээрх 2 хүнээс бага хэмжээтэй ууж байсан” гэх /1хх 77/ өөрийнх нь мэдүүлэг, мөн “Жулиа” караокийн дотор талын хяналтын камерт бичигдсэн дүрслэлээс харахад, манай нөхрийн надад ярьсан нь сахартай гээд уухгүй байсан эхлээд гэх мэтчилэнгээс харахад Бүрэнтогтох, Өлзийбаяр гэх 2 хүний хажууд эрүүл шахуу байж үнэхээр Очбадрахын хэлж байгаагаар манай нөхөр хутга барьсан байсан бол яагаад зугатаж болоогүй юм. Очбадрахын биед хөнгөн гэмтэл, манай нөхөрт хүнд гэмтэл тогтоогдсон. Очбадрахын өөрийнх нь хэлж байгаагаар Бүрэнтогтох хутгатай өөр рүү нь дайрч гэмтээсэн байлаа гэхэд биеэ хамгаалахын тулд хажуудаа байсан өөр зүйлээр өөрийгөө хамгаалаагүй өөрийг нь хутгалсан хутгыг аваад буцаагаад хэвлий рүү нь гүн шарх, ар шилэн хүзүү рүү нь 2 удаа, нийт 3 удаа хутгалж байгаа нь аргагүй хамгаалалт мөн үү. Энэ үйлдлийг яагаад таслан зогсоох үйлдэл гэж үзээд байгаа юм бэ. Хутгыг булааж аваад буцаагаад гурван ч удаа дүрээд байгаа нь санаатай үйлдэл бус уу. Мөрдөгч Даваажавын /1хх 149-150/ 2019 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр өгсөн “...Би 1 давхарт хагалгааны өрөөний үүдэнд байж байхад Бүрэнтогтохын эгч, эхнэр гэсэн 2 эмэгтэйтээ уулзаад ярилцаад хутга хаанаас авч гарсан юм болоо гэж асуухад эхнэр нь хэлэхдээ шөнө дунд Бүрэнтогтохын хувцас нь шороо болчихсон ...Очбадрахын машины 4 дугуйг хагална гээд гараад явсан гэж хэлсэн. Тухайн үед би мэдүүлэг аваагүй. Яагаад гэвэл ар гэр нь хагалгааг хүлээсэн байдалтай байсан болохоор мэдүүлэг аваагүй” гэсэн байгаа. Байцаагч энэ яриаг хэн хэн сонссон бэ гэхэд “бид 2 жаахан зайтай зогсоод ярьж байсан болохоор өөр хүн сонсоогүй” гэж хариулсан байгаа. Бүрэнтогтохын эгч, эхнэр хоёртой уулзаад ярилцахад гэчихээд дараа нь хэн ч сонсоогүй бид 2 зайдуу байсан гэж худлаа ярьж байгаа нь тодорхой байна. Өөрийнх нь хэлж байгаагаар ар гэр нь хагалгаа хүлээсэн байдалтай байсан болохоор мэдүүлэг аваагүй гэж өөрөө ч хэлж байна. Нөхөр минь үхэлийн ирмэг дээр хагалгааны өрөөнөөс хүн гарч ирэхэд нөхрийн биеийн байдлыг асуухад маш хүнд байна шүү гэсэн хариултыг өгч бүхэл бүтэн 7 цаг үргэлжилсэн хагалгаа болж байхад уйлсан, сандарсан, тэвдсэн байдалтай байгаа хүн тийм юм болсон, ингэсэн тэгсэн гээд яриад зогсож чадах уу. Өөрөө ч бидний, миний нөхцөл байдлыг хараад мэдүүлэг аваагүй гэсэн байгаа. Тэгсэн хэрнээ сонирхож надаас асуусан байх уу. Бидний хооронд огтхон ч ийм яриа үүсээгүй. Дараа нь Даваажавтай нүүрэлдүүлэн байцаалт авахад Даваажав “...Чи яагаад нөхрийгөө болиулаагүй юм бэ гэж асуухад эхнэр нь би орондоо хүүхдүүдтэйгээ унтаж байсан гэж хариулсан” гэсэн. Би тэгэхэд нь “чи манай гэрийн зохион байгуулалтыг мэдэхгүй болохоор худлаа ярьж байгаа чинь баригдаж байна. Манай унтлагын өрөө мухарт байдаг. Хэрвээ би хүүхдүүдтэйгээ унтаж байсан бол нөхрийгөө ямар царайтай орж ирээд, юу аваад гарахыг мэдэх боломж байхгүй. Чи юуны тулд худлаа яриад байгаа юм бэ” гэж хариулсан. Эдгээрээс харахад Даваажав нь 2019 оны 6 дугаар сарын 10-нд болсон хэргийн талаар тухайн үед ажлаа сайн хийгээгүй, нотлох баримтыг хураагаагүй байж 2019 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр гэнэт худлаа мэдүүлэг өгч байгаа нь сэжигтэй байгаа тул Даваажавын худал мэдүүлгийг хавтаст хэргийн материалаас нотлох баримтаас хасуулах хүсэлтэй байна. Манай нөхөр “бид хоёр биенээ ингэхээр хүмүүс биш дээ, Очкигийн хуучин найз охиных нь талаар ярилцаж байгаад муудалцсан. Би бол хэзээ ч хүн хутгалахгүй. Чи мэдэж байгаа биздээ. Тэгээд ч надад хутга байгаагүй. Гэнэт л намайг хутгалсан байсан. Би сүүлдээ Очки болилдоо, би үхлээ шүү дээ гэж гуйсан” гэж надад ярьж байсан. Надад зарим яриа нь бичигдсэн бичлэг нь байгаа. Манай нөхөр Очбадрахад хохирол учруулсан нь яаж тодорхойлогдож байгаа юм бэ. ...Маш их гомдолтой байна. Очбадрахын хэлж байгаагаар тэр ясан хутгаар Очбадрахыг хутгалсан байлаа гэхэд тэр хутга яаж яваад Очбадрахын гарт оччихов. Хэн хэнд нь ямар шарх үүслээ. Нэг хутгаар бие биендээ гэмтэл учруулсан гэж байгаа ч хэнийх нь мэдүүлэг илүү үндэслэлтэй байна гэдгийг анхан шатны шүүх тогтоосонгүй. Хутга хаанаас, яаж гарч ирснийг тогтоогоогүй. Даваажав нотлох баримтыг “Энхжин” хотхоны камерыг тухайн үед хураагаагүй. 3 сарын дараа миний эсрэг мэдүүлэг өгсөн нь сэжигтэй байна. Таван хүүхэдтэйгээ өнчирч үлдсэн миний бие, хүүхдүүд, ар гэрийнхэн нь туйлын их гомдолтой байна. Сэтгэл санааны маш их хохирол амсаж байна. Таван хүүхдийн минь хувь заяаг бодож энэхүү хэргийн үнэн зөвийг шийдэж өгнө үү.” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Оюунчулууны өмгөөлөгч М.Баасанбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Цагаатгах тогтоолын хууль зүйн дүгнэлт хэсэгт “...амь хохирогч Д.Бүрэнтогтох гэртээ орж угаалгын өрөөндөө нүүр, гараа угаахдаа өөрийгөө толинд харж, П.Оад зодуулсандаа уурсаж, П.Отай уулзана гэж гэрээс гарахад П.О такситай “Энхжин” хотхонд ирсэнтэй таарч, П.Оыг таксинаас буухад “чи ямар овоо болсон юм бэ” гэж хашгиран түүний толгойн ар хэсэг, шилэн хүзүүнээс татаж, дарж цээжний зүүн хэсэгт нэг удаа хутгалахад П.О амь хохирогчийн хутгатай гартай ноцолдож, хамт газар унахдаа амь хохирогчийн хэвлийнд нэг удаа, шилэн хүзүүнд хоёр удаа хутгалан...” хэмээн дүгнэжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ...”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...гэрч шүүх, прокурорын дуудсанаар хүрэлцэн ирж, хэргийн талаар өөрийн мэдэх зүйлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй...” гэж тус тус хуульчилсан бөгөөд П.О 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр анх удаа гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “...таксинаас буугаагүй байхад Бүрэнтогтох ирэхээр машинаас буугаад очиход Бүрэнтогтох бид хоёр маргалдахад Бүрэнтогтохын баруун гарт байсан хутгаараа миний зүүн талын цээж хэсэг рүү дүрэхээр нь би хутгыг нь булааж авахаар ноцолдож байх зуураа Бүрэнтогтохыг хутгаар дүрсэн байх, ...хуучны зүйлийг ярьж байхдаа яриа зөрсөн, ...бид хоёр согтууруулах ундаа хэрэглэсэн байсан, ...бид хоёр бие биенийгээ нэг удаа хутгалсан...” гэсэн мэдүүлгийг өгч байсан бол 2019 оны 7 дугаар сарын 3-ны өдөр яллагдагчаар мэдүүлэхдээ “...би машины баруун тал руу буусан чинь 106 дугаар байрны булангийн харалдаа автомашины зогсоол дээр байсан машины ар талаас Бүрэнтогтох “чамайг ална” гээд хүрээд ирсэн...” гэж мэдүүлсэн бол шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...байрны гадна гэрэлд баруун гарт нь хутга гялалзаад харагдаж байсан...” гэж мэдүүлдэг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2-т “яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” хэмээн хуульчилсан бөгөөд шүүх П.Оын эдгээр мэдүүлгээс нотлох баримтаар үнэлэхдээ чухам ямар учраас түүний яллагдагчаар өгсөн мэдүүлгийг үндэслэн дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй юм. Түүнчлэн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолын хууль зүйн дүгнэлтэд “...амь хохирогч Д.Бүрэнтогтох нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ П.Оын халдашгүй, чөлөөтэй байх эрхэд бүдүүлгээр халдаж, таксинаас бууж ирэхэд нь түүний цээжний зүүн хэсэгт хутгалсан үйлдэл нь түүний амь нас, эрүүл мэндэд шууд аюул учруулж байгаа хууль бус тухайн цаг хугацаанд бодитойгоор хэрэгжиж байгаа довтолгоо юм, ...П.Оын хууль ёсны эрх, ашиг сонирхолд хор хохирол учрах, эсхүл хор хохирол учруулах бодитой шууд аюул тулгарах нөхцөл байдал бий болгосны улмаас эсэргүүцэн довтолж, хохирогчийн биед хутгаар хатгаж, түүний амь насыг хохироосон байна, ...аргагүй хамгаалалт нь зодох, түлхэх, гэмтэл учруулах зэрэг үйлдлээр илэрнэ...” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хууль буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалт гэснийг “...бусдын эсрэг санаатай өдөөн хатгалт хийсний улмаас үүссэн таарамжгүй харилцааны явцад маргалдаж, улмаар бие биенийхээ эрх чөлөөнд халдан довтолж, санаатай гэмтэл учруулсан нөхцөлд аргагүй хамгаалалт хэрэглэсэн гэж үзэхгүй...” хэмээн Монгол Улсын Дээд шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 625 дугаар тогтоолоор тайлбарласан бөгөөд шүүгдэгч П.О нь амь хохирогчийг харгис хэрцгийгээр зодож, архины шилээр толгой руу нь удаа дараа цохиж, олон тооны гэмтэл учруулсан үйл баримт хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг болон камерын бичлэг бүхий сидинд үзлэг хийсэн тэмдэглэл, амь хохирогчийн фото зургийн үзүүлэлтээр нотлогдсон байдаг. Өөрөөр хэлбэл П.О нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Жулиа” нэртэй караокед байхдаа хуучны зүйлийг ярьж, яриа зөрсөн гэх үндэслэлээр маргалдаж, улмаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ амь хохирогчийг зэвсгийн шинжтэй эд зүйл хэрэглэн, догшин авирлаж, бусдын амь насанд аюултайгаар харгис хэрцгий хууль бус үйлдэл, довтолгооныг хийж гэмтэл учруулсан байхад шүүх энэхүү үйл баримтанд хууль зүйн дүгнэлт огт хийлгүйгээр амь хохирогчийг П.Оад зодуулсандаа уурсаж, өш хонзонгийн зорилгоор хутгалах санаа зорилготой хутга авч гарсан мэтээр, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Энхжин” хотхоны гадна талд П.О нь амь хохирогчтой ноцолдож хамт газар унахдаа амь хохирогчийн хэвлийнд нэг удаа, шилэн хүзүүнд хоёр удаа хутгалсан гэж таамаглан дүгнэлт хийж, улмаар аргагүй хамгаалалт хэмээн үзэж, цагаатгах тогтоол гаргасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. П.Оын харгис хэрцгий хууль бус үйлдлийг таслан зогсоох хүн байгаагүй бол амь хохирогч “Жулиа” нэртэй караокед амь насаа алдах нөхцөл байдал үүссэн байдаг. Нөгөө талаар шүүх хуралдааны тэмдэглэл өнөөдрийг хүртэлх хугацаанд бичгээр гараагүй байгаа тохиолдолд шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн оролцогч нарын мэдүүлэг, прокурор, өмгөөлөгч нарын мэтгэлцээн, шинжлэн судалсан нотлох баримтуудад шүүгч бодит хууль зүйн дүгнэлт хийсэн гэж үзэх үндэслэлгүй байгааг дурдах нь зүйтэй. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч П.О нь амь хохирогчийн хутгатай гартай ноцолдсон гэх ямар ч ул мөр байхгүйгээс гадна аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэх тохиолдолд амь хохирогчийн шилэн хүзүү рүү хоёр удаа хутгалах үйлдэл хийсэн байгаа нь бусдын хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжгүй үйлдэл гэж дүгнэх бодит боломжгүй байгааг шүүх бүрэлдэхүүн анхааран үзэж, эрх зүйн талаас нь үндэслэл бүхий дүгнэлт хийнэ гэдэгт итгэж байна. Мөн шүүх тогтоолынхоо дүгнэлтэд Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хэрэг бүртгэх тасгийн мөрдөгч гэрч Г.Даваажавын мэдүүлгийг дурджээ. Гэрчээр мэдүүлэг өгсөн Г.Даваажав нь хэргийн газрын үзлэгийн бүрэлдэхүүнд оролцсон цагдаагийн бүрэлдэхүүний нэг оролцогч байсан бөгөөд тухайн хэргийг илрүүлэх нотлох баримт буюу “Энхжин” хотхоны гаднах камерын бичлэг хадгалагдаж байсан хард дискийг эд мөрийн баримтаар хураан аваагүй, үүрэгт ажилдаа хайнга хандсан үйлдэлдээ гэрчээр мэдүүлэг өгөхөөсөө өмнө сахилгын арга хэмжээ авагдсан байдаг. Ингээд Г.Даваажав нь хэрэг гарсан өдрөөс хойш 3 сарын дараа гэрчээр мэдүүлэхдээ “...би 1 давхарт хагалгааны өрөөний үүдэнд байж байхад Д.Бүрэнтогтохын эгч, эхнэр гэсэн 2 эмэгтэйтэй уулзаад би “хутга хаанаас авч гарсан юм болоо” гэж асуухад Бүрэнтогтохын эхнэр нь хэлэхдээ “шөнө дунд хувцас нь шороо болчихсон, урагдчихсан, нүүр амнаас нь цус гарч хавдсан байдалтай орж ирээд ариун цэврийн өрөө орж гар нүүрээ угаагаад гал тогооны өрөө орж хутга аваад Очбадрахын машины 4 дугуйг хагална гээд гараад явсан...” хэмээн мэдүүлсэн болохыг хэргийн материал танилцах үед олж мэдсэн. Тэрээр цааш мэдүүлэхдээ “...бид хоёр жаахан зайтай зогсоод юм ярьж байсан болохоор өөр хүн сонсоогүй байх...” гэсэн нь түүний дээрх мэдүүлгийг үгүйсгэсэн худал мэдүүлэг болох нотлогдохоос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй...” гэсэн заалтыг шүүх зөрчиж нотлох баримтаар үнэлсэн нь үндэслэлгүй юм. Прокуророос хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасны дагуу гэрч Г.Даваажав, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Оюунчулуун нарыг нүүрэлдүүлэн байцаасан боловч Г.Даваажав нь өмнө өгсөн мэдүүлгийн эх сурвалжаа зааж чадаагүй болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд зааснаар хэргийн бодит байдлыг тогтоох үүрэг бүхий этгээдээс тухайн хэргийг шалгах явцад эд мөрийн баримттай холбоотой, тухайн мөрдөн шалгаж байсан хэрэгт нь чухал ач холбогдол бүхий зүйлийг мэдсэн бол нэн даруй мөрдөн шалгах ажиллагааг явуулж, энэ талаар илтгэх хуудас бичих, мэдүүлэг авч нотлох баримтаар бэхжүүлэх нь зайлшгүй байхад гурван сарын дараа ямарч эх сурвалжгүй дээрх мэдүүлгийг өгч улмаар тухайн мэдүүлгийг шүүх дүгнэлтийнхээ үндэслэл болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 14 дэх хэсэгт заасан “...Нотлох баримтыг шинжлэн судлах явцад хэрэгт ач холбогдолтой, хамааралтай эсэхэд эргэлзэх үндэслэл байвал тухайн нотлох баримтыг шүүх, прокурорын шийдвэрийн үндэслэл болгохгүй” гэснийг зөрчсөн гэж үзнэ. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 2020/ШЦТ/379 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч П.Оад холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэж өгнө үү.” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Оюунчулууны өмгөөлөгч А.Батмандах давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүх цагаатгах тогтоолын дүгнэлт хэсэгт “...П.Оад зодуулсандаа уурсаж, П.Отай уулзана гэж гэрээс гарахад П.О такситай “Энхжин” хотхонд ирсэнтэй таарч, П.Оыг таксинаас буухад “чи ямар овоо болсон юм бэ” гэж хашгиран түүний толгойн ар хэсэг, шилэн хүзүүнээс татаж, дарж цээжний зүүн хэсэгт нэг удаа хутгалахад П.О амь хохирогчийн хутгатай гартай ноцолдож хамт газар унахдаа хэвлийд нь нэг удаа, шилэн хүзүүнд нь хоёр удаа хутгалан, П.О гартаа барьсан байсан... дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна” гэж дүгнэсэн бөгөөд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд дунд талийгаач нь шүүгдэгч П.Оыг эхэлж хутгалсан гэх нотлох баримт огт байхгүй байхад дан ганц шүүдэгчийн мэдүүлгийг үндэслэн хохирогчийн амьд байхдаа өгсөн мэдүүлгийг үл хайхран шүүгдэгчийг хохирогч хутгалсан мэтээр таамаглан дүгнэж байгаа нь Эрүүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3-т “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэсэн заалтыг зөрчин шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.3-т “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухайн үндэслэлийг заагаагүй бол...” гэсэн зүйлийг зөрчсөн байна. Мөн хавтаст хэрэгт гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн хутга яг хэн авч явсан талаар нотлох баримт байхгүй байхад гэрч Г.Даваажавын өгсөн зөрүүтэй мэдүүлгийг шалгаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчтэй хамт байсан гэх эмэгтэйг огт байцаагаагүй, нягталж шалгаагүй байгаа нь мөрдөн байцаалтын ажиллагааг дутуу хийсэн хэргийн бодит байдлыг бүрэн тогтоогоогүй байна. Мөн гэрч Г.Даваажав нь тухайн гэмт хэрэгт ач холбогдолтой зүйлийг мэдсэн даруй цагдаагийн байгууллагын ажилтны хувьд илтгэх хуудас бичилгүй 3 сарын дараа мэдүүлэг өгч байгаа нь хохирогчийн ар гэрийн зүгээс гэрч Г.Даваажавд холбогдуулан гомдол гаргаж, сахилгын шийтгэл ноогдуулсан цаг хугацаатай таарч байгаа нь энэ гэрчийн мэдүүлэг эргэлзээ төрүүлж байна. Дээрх мэдүүлэг нь өөр гэрчийн мэдүүлгээр нотлогдож байгаа эсэхийг шалгалгүй эцэслэн шийдвэрлэсэн байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.1-д “...дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байвал” гэж заасны дагуу шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх хангалттай үндэслэл юм. Шүүх цагаатгах тогтоолын дүгнэлт хэсэгт “...Мөн шинжээч эмч О.Болороо “Гэрэл зургийн үзүүлэлт, өвчтөний хагалгааны тэмдэглэл, шинжилгээний тэмдэглэлээр талийгаачийн хэвлийд учирсан хутганы гэмтэл нь доороос дээш, баруун дээш чиглэлтэй...” гэсэн нь хутганы гэмтэл нь доороос дээш чиглэлтэй хутгалсан гэмтэл ба П.О мэдүүлэхдээ “...Зогсоол дээр байсан машины дундаас Д.Бүрэнтогтох чамайг ална гээд хүрээд ирсэн, тэгээд миний шилэн хүзүүнээс татаад өөр рүүгээ ойртуулсан, тэр үед баруун гарт нь хутга харагдах шиг болсон, тэгээд миний зүүн хөхний доод хэсэгт хутгалсан, би хутгатай гартай ноцолдсон” гэж мэдүүлсэн мэдүүлэг нь П.О амь хохирогч Д.Бүрэнтогтоход хутгалагдсаны дараа хутгатай гартай ноцолдож байхдаа хутгыг өөрөөсөө зайлуулахдаа тонгойсон байдалтайгаар амь хохирогч Д.Бүрэнтогтохын биед хутгыг доороос дээш чиглүүлж хутгалсан нөхцөл байдлын хувьд тохирч байгаа зэргээр уг гэмт хэргийг санаатай хүнийг алсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй...” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд дан ганц шүүгдэгчийн мэдүүлгийг үндэслэн амь хохирогч түрүүлж довтолсон гэж дүгнэж байгаа нь хэт таамаглалд үндэслэсэн байна. Шүүгдэгч П.Оад учирсан гэмтэл нь яг хэзээ, хэний довтолгоогоор үүссэн байгаа нь тодорхойгүй байна. Гэмт хэргээ нуун далдлах зорилгоор өөрийгөө зүссэн байх магадлалтай байгаа талаар тодруулсангүй. Мөн амь хохирогч Д.Бүрэнтогтохын өгсөн мэдүүлгийг харгалзан үзсэнгүй, ямар үндэслэлээр үгүйсгэгдэж байгаа талаар тогтоолд дүгнэлт хийсэнгүй. Анхан шатны шүүх цагаатгах тогтоол гаргахдаа шинжээчийн дүгнэлтэд дурдсан амь хохирогч Д.Бүрэнтогтохын ар нуруунд үүссэн 2 хутганы шарх хэрхэн үүссэн болон аргагүй хамгаалалт хэрэглэх үед яагаад амь хохирогч Д.Бүрэнтогтохын араас хутгалсан байгаа талаар дүгнэлт хийгээгүй байгаа нь хэт нэг талыг барьсан үндэслэлгүй дүгнэлт болсон байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2-д “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан бол” гэж, 1.3-т “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол” гэж тус тус заасны дагуу хэрэгсэхгүй болгох хангалттай үндэслэл юм. Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 2020/ШЦТ/379 тоот цагаатгах тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйл, 39.8 дугаар зүйлийн 1.10-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчид тохирох ял шийтгэлийг хуулийн дагуу ноогдуулж өгнө үү.” гэв.
Цагаатгагдсан этгээд П.О тус шүүх хуралдаанд “...хэлэх тайлбар байхгүй. ...” гэв.
Цагаатгагдсан этгээд П.Оын өмгөөлөгч Х.Ундрах-Оргил тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд үндэслэл бүхий тогтоол гаргасан. Ямар ч хүн, хэн ч өөрт ашигтай байдлаар хэргийг тайлбарлаад байвал юу болох вэ. Анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас энэ гэмт хэрэг гарсан болохыг тодорхой дүгнэж дурдсан. Хохирогч хууль бус үйлдэл хийсэн. Үүний улмаас аюултай байдал үүссэн. Энэ үйлдлийг таслан зогсоох буюу өөрт учирсан аюултай довтолгооноос П.О өөрийгөө хамгаалах зорилгоор хариу үйлдэл үзүүлсэн. Энэ нь хуулиар хамгаалагдсан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал буюу аргагүй хамгаалалт хэрэглэсэн нөхцөл байдалд хамаарч байгаа. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн нөхцөл байдал анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд харагдахгүй байна. Иймд цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
Цагаатгагдсан этгээд П.Оын өмгөөлөгч Б.Баттөр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокурор сая эсэргүүцлээ танилцуулахдаа аргагүй хамгаалалт байх нь байдаг юм байж, харин бааранд болсон зодоон буюу хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийг шүүх дүгнэсэнгүй гэж байна. Нэгэнт анхан шатны шүүх прокуророос яллах дүгнэлт үйлдээд ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэсэн. Хохирогчийн өмгөөлөгч нар ганцхан П.Оын мэдүүлгийг үндэслэж цагаатгах тогтоолыг гаргасан гэж байна. Ганцхан П.Оын мэдүүлэг дээр үндэслээгүй. Гэрч Жамсранжавын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудыг дурдсан байдаг. Бааранд зодоон болсон. Зодооныг хэн нь эхэлж үүсгэсэн болохыг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогоогүй. Дараа нь өөр цаг хугацаанд, өөр орчинд болсон асуудал байгаа. Хутгатай нь ноцолдсон бол П.Оын гарт шарх үүсэх ёстой байсан гэж байна. П.О мэдүүлэхдээ “хутгатай гарыг нь барьж аваад ноцолдсон” гэсэн болохоос биш “хутганы ирнээс нь барьж авсан” гэх мэдүүлэг өгөөгүй. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэж үндэслэл бүхий дүгнэлт гаргасан.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцэл, давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас П.Оыг 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Энхжин” хотхоны гадна Д.Бүрэнтогтохтой маргалдаж, улмаар түүний хэвлийд нэг, хүзүүнд хоёр удаа тус тус хутгалж алсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүхээс хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, П.Оыг цагаатгаж шийдвэрлэжээ.
Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг дутуу шалгасан, прокурорын яллах дүгнэлт нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
Учир нь, цагаатгагдсан этгээд П.О, амь хохирогч Д.Бүрэнтогтох нар нь 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 13 дугаар хорооллын “Жулиа” гэх караокед анх маргалдаж, улмаар харилцан зодолдсон талаар гэрч Б.Өлзийбаяр /1хх 91-93, 94-96/, Б.Жамбалсанжид /4хх 27-28/ нар тодорхой мэдүүлсэн байх бөгөөд тус караокены камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд /1хх 41-56/ энэ талаар тодорхой тусгагджээ.
Гэтэл дээрх үйлдэлд тодорхой үнэлэлт-дүгнэлт хийлгүй зөвхөн “Энхжин” хотхоны гадаа болсон үйл баримтад дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-д “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж, 2-д “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж тус тус заасныг зөрчсөн гэж үзэхээр байна.
Цагаатгагдсан этгээд П.О, амь хохирогч Д.Бүрэнтогтох нарын уулзаж эхлэхээс дуусах хүртэлх бүх үйл баримтыг хөдөлбөргүй тогтоож, гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг тогтоох шаардлагатай гэж үзэв.
Энэ нь гэмт хэргийн зүйлчлэл, сэдэлт санаа зорилго, шалтгаан нөхцлийг тогтооход чухал ач холбогдолтой юм.
Мөн хэргийн газраас эд мөрийн баримтаар хураагдсан хутга, амь хохирогч Д.Бүрэнтогтохын гэрт хийсэн үзлэгээр илэрсэн хутга хоёрын шинж чанар, хэлбэр, хийц нь төстэй байгаа эсэхийг шинжилгээгээр тогтоох шаардлагатай байна.
Иймд дээрх ажиллагаануудыг хийлгэхээр анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, П.Оад холбогдох хэргийг прокурорт буцаахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.
Хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцааж байгаа тул прокурор Г.Эсэнгийн бичсэн эсэргүүцэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Оюунчулуун, түүний өмгөөлөгч М.Баасанбат, А.Батмандах нарын гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 2020/ШЦТ/379 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, П.Оад холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дамжуулан Хан-Уул дүүргийн прокурорын газарт буцаасугай.
2. Хэргийг прокурорт очтол П.Оад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧ Д.МЯГМАРЖАВ