Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 197

 

          Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Г.Алтанцэцэг, шүүгч Б.Батаа нарын бүрэлдэхүүнтэй,

          Нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

          Улсын яллагч Ж.Энх-Амгалан,

          Иргэдийн төлөөлөгч Н.Айман,

          Шүүгдэгч Э.Энхсайхан, түүний өмгөөлөгч Л.Цэндоо нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн Боржигон овогт Энх-Одын Энхсайханд холбогдох эрүүгийн 2015 2601 0970 дугаартай хэргийг хянан хэлэлцэв. 

 

             Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1989 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Булган аймгийн Бүрэгхангай суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-5, эцэг, эх, дүү, хүүгийн хамт амьдардаг, Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар баг, Цагаан нуур 3 дугаар гудамж, 27 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Энх-Одын Энхсайхан, РД:ТА89072552,      

 

            Холбогдсон хэргийн талаар:    

Шүүгдэгч Э.Энхсайхан нь 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр 9 дүгээр байрны  зүүн хойд талд байрлах “Үжин” хүнсний дэлгүүрт амь биед аюултайгаар хүч хэрэглэн довтолж хохирогч М.Уранбилэгийг боож унагаан зэвсэг болох хутга тулган Самсунг Галакси маркийн гар утас, Нокиа маркийн гар утас болон бэлэн 320.000 төгрөгийг дээрэмдэж бусдад 700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:     

 

            Хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:       

Шүүгдэгч Э.Энхсайхан нь 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр 9 дүгээр байрны  зүүн хойд талд байрлах “Үжин” хүнсний дэлгүүрт амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж хохирогч М.Уранбилэгийг боож унагаан “зэвсэг” болох хутга тулган Самсунг Галакси маркийн гар утас, Нокиа маркийн гар утас болон бэлэн 320.000 төгрөгийг дээрэмдэж бусдад 700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь...  

            - хохирогч М.Уранбилэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...тухайн үед намайг дээрэмдсэн залуу лангуу давж орж ирээд шууд намайг гараараа багалзуурдаж боогоод хойшоо түлхээд унагаасан...цаасан хайрцаг дээр талх зүсээд тавьсан байсан манай хутгыг бариад мөнгө чинь хаана байна хурдан буудлын мөнгө өгөөдөх, орилох юм бол ална шүү гээд над руу хутгыг далайсан. Би мөнгө тэнд байгаа гээд лангуу руу заасан чинь хурдан өгөөдөх гээд хутганы араар миний хацар руу хоёр удаа цохисон...манай лангуун доор байсан мөнгийг тэр залуу базаж аваад буцаж орж ирээд цаасан хайрцаг нь дээр байсан миний хоёр ширхэг утсыг аваад халаасандаа хийсэн. Тухайн үед манай нөхөр гадаа ирээд хаалга хаалттай байхаар нь гаднаас нүдээд намайг дуудсан чинь нөгөө залуу хаалган дээр зогсож байгаад хаалгыг гэнэт хүчтэй түлхээд манай нөхрийг хойшоо болгоод гаргаад зугтаасан...гэх мэдүүлэг /хх-34-38/,

            - гэрч Э.Цогтгэрэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2015 оны 5 дугаар сарын 25-ны орой 23 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо 9 дүгээр байрны зүүн хойд талд байрлах “Үжин” хүнсний дэлгүүр дээр ирсэн...манай дэлгүүрийн хаалга хаалттай дэлгүүрийн хөшиг хөдлөөд байхаар нь...дэлгүүрийн цонхоор хартал сайн юм харагдахгүй хүн хашгирах шиг болоод байхаар нь би хаалгыг татаад үзсэн чинь цоожтой байсан...гэнэт манай дэлгүүрийн хаалгыг нэг залуу маш хурдан онгойлгоод дэлгүүрээс зүүн тийш зугтаахаар нь би араас нь хөөгөөд гүйсэн ба эргэж хараад над руу нэг юм шидсэн нь миний толгойны зүүн дээд дух хэсэгт оносон болохоор нь би гүйхээ болиод эргээд нөгөө шидсэн зүйлийг нь харсан чинь манай дэлгүүрт байдаг шар өнгийн иштэй хутга байсан...Манай эхнэр шоконд орсон байдалтай нэг залуу сая орж ирээд намайг багалзуурдаж аваад, түлхэж унагаад, талх зүсээд тавьсан байсан хутгыг аваад мөнгөө өгөхгүй бол ална шүү гээд миний баруун хацар луу цохиод, лангууны доор байсан орлогын мөнгийг бас цаасан хайрцаг дээр байсан 2 ширхэг гар утсыг аваад, намайг цонх нүдсэн чинь зугтаалаа гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-49/,  

            - шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 2549 тоот:...шинжилгээнд тэнцсэн 1,5, 8, 10, 11,14, 15, 17 дугаартай гарын мөрүүд нь Энх-Од овогтой Энхсайханы зүүн гарын алганы дардсуудтай тус тус тохирч байна...гэх дүгнэлт /хх-52/,

            - таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /хх-24-27/,

            - хутгыг эд мөрийн баримтаар тооцсон, түүнд үзлэг хийсэн баримт /х-29-30/, 

            - шүүгдэгч Э.Энхсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...тэр өдөр “Үжин” нэртэй хүнсний дэлгүүрт орж...худалдагч эгчийг “дуугүй байгаарай” гээд хойшоо нь түлхсэн...лангуун доор байсан цаасан хайрцагтай мөнгийг гараараа базаж аваад халаасандаа хийгээд эргээд харсан чинь нөгөө эгч гар утсаа барьж байхаар нь 2 ширхэг утсыг нь аваад байж байсан чинь гаднаас хаалга нүдсэн, гарч зугтаасан тухай мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

            Иймд шүүгдэгч Э.Энхсайханыг бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.   

          Шүүгдэгч нь дээрэмдэх гэмт хэрэг үйлдэхдээ “хутга” хэрэглэсэн болох нь хууль сануулж авсан хохирогч М.Уранбилэг, гэрч Э.Цогтгэрэлийн мэдүүлэг болон эд мөрийн баримтаар давхар тогтоогдсон байх тул хутгыг хэрэглээгүй гэх шүүгдэгчийн мэдүүлэг няцаагдсан гэж үзнэ.  

Хохирогчид нийт 1.600.000 төгрөг төлөгдсөн, хохирогч гомдол саналгүй болохоо бичгээр илэрхийлсэн, мэдэгдсэн /хх-107, 113/ байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.             

Шүүгдэгч нь урьд гэмт хэрэгт шийтгүүлж байгаагүй /х-88/, түүний 5 настай хүү нь эмээ, өвөөтэйгээ байдаг, 2 дахь эхнэр Д.Урангоо, охин Э.Энхжин нарын хамт амьдардаг, эхнэр нь жирэмсэн /х-46-47/, гэрлэлтээ батлуулж байгаагүй байх ба шүүгдэгчийг ганц бие эцэг гэж үзэх хууль ёсны үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй болно.    

Шүүгдэгч Э.Энхсайхан нь анх удаа хорих ял оногдуулж болох гэмт хэрэг үйлдсэн, уг хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байх ба тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн бусад байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаас хөнгөрүүлэн хорих ял оногдуулж, мөн хорих ял эдлүүлэх дэглэмийг хөнгөрүүлэв.   

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Энхсайханы 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдөр үйлдсэн Эрүүгийн тусгай ангийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2-т заасан гэмт хэрэгт оногдуулсан хорих ялаас 2 жилийг өршөөн хасах үндэслэлтэй байна.  

Шүүгдэгч 2017.02.17-ны өдрөөс 2017.02.23-ны өдөр хүртэл /х-67, 73/ 6 хоног цагдан хоригдсон, уг хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг хутга хураагдсан,  битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:      

 

            1. Шүүгдэгч Э.Энхсайханыг бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Энхсайханыг эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 5 сар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг баримтлан шүүгдэгч Э.Энхсайханд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 5 сар хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хассугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан мөн зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Э.Энхсайханд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.   

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар шүүгдэгч Э.Энхсайханы цагдан хоригдсон 6 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулж тооцсугай.       

            6. Шүүгдэгч нь бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, уг хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар уг хэргийн эд мөрийн баримт болох 1 ширхэг хутгыг устгасугай. 

8. Шүүгдэгч Э.Энхсайханд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,   түүний эдлэх ялыг 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн тооцсугай.               

            9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            10. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд уг тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            11. Давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.Энхсайханд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.        

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Г.ГАНБААТАР

 

                                                       ШҮҮГЧ                          Г.АЛТАНЦЭЦЭГ

 

                                                                                                  Б.БАТАА