| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашхүүгийн Цолмон |
| Хэргийн индекс | 316/2025/00134/И |
| Дугаар | 001/ХТ2025/00150 |
| Огноо | 2025-10-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2025 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 001/ХТ2025/00150
Ц.Б-гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Н.Батчимэг, Н.Батзориг, Н.Баярмаа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 208/МА2025/00031 дүгээр магадлалтай
Ю.Э-д холбогдох
79,500,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Б, хариуцагчийн өмгөөлөгч Г.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Доржнамбар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч Ю.Э-д холбогдуулж 79,500,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
2.Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 316/ШШ2025/00279 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ю.Э-оос 37,955,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 41,545,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 549,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ю.Э-оос 347,725 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Б-д олгож шийдвэрлэжээ.
3.Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 208/МА2025/00031 дүгээр магадлалаар: Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 316/ШШ2025/00279 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8, 477 дугаар зүйлийн 477.3, 477.4-т тус тус зааснаар хамтын үйл ажиллагаанд зориулан гаргасан хөрөнгө болох 15,955,000 төгрөгийг хариуцагч Ю.Э-оос гаргуулж, нэхэмжлэгч Ц.Б-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 63,545,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,
2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 549,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ю.Э-оос тэмдэгтийн хураамж 237,925 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Б-д олгосугай.” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Ц.Б-гийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Давж заалдах шатны шүүхийн магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж, 22 сая төгрөгийг хассан нь үндэслэлгүй, баримтад тулгуурлаагүй шийдвэр гэж үзэж байх тул дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.
Давж заалдах шатны шүүх шийдвэрийг баримтгүй, үндэслэлгүй өөрчилсөн. Хэргийг хянан шийдвэрлэх явцад миний дансны хуулга, мөнгөн хөрөнгө шилжүүлсэн баримт, шүүх шинжилгээний дүгнэлт зэргийг үл харгалзан үндэслэлгүйгээр 22 сая төгрөгийг хассан. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийг зөрчсөн. Иргэний хуулийн 56.1, 56.4 дэх хэсэгт заасан хамтын оролцооны зарчмыг зөрчиж, зөвхөн өмчлөх эрхийн гэрчилгээний нэрийг харгалзан хөрөнгө оруулалтыг үгүйсгэсэн. Миний хөрөнгөөр баригдсан үл хөдлөх хөрөнгийн зардал нь банкны хуулга, гэрчийн мэдүүлэг зэрэг баримтаар нотлогдож байгаа ч үнэлгээгүй орхигдсон. Энэ нь Иргэний хуулийн 56, 58, 72, 497, 499, 511 дүгээр зүйлүүдийг буруу хэрэглэсэнд тооцогдоно. Үндэслэлгүй хөрөнгөжсөн байдлыг үл анзаарсан. Хариуцагч миний хөрөнгөөр бий болсон байшинг өөрийн эхнэрийн нэр дээр шилжүүлж худалдан борлуулж буй нь нэхэмжлэлийн гүйцэтгэлээс зайлсхийх санаатай үйлдэл гэж үзэх үндэслэлтэй. Энэ нь Иргэний хуулийн 56.1 болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчсөн.
Хүсэлт: Сэлэнгэ аймгийн давж заалдах шатны шүүхийн 2025.05.28-ны өдрийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээс шийдвэрлэсэн 37,955,000 төгрөгийг хэвээр үлдээж, үлдэх 41,545,000 төгрөг буюу нийт 79,500,000 төгрөгийн нэхэмжлэлийг бүрэн хангаж шийдвэрлэж өгнө үү.
Миний гаргасан нэхэмжлэл үндэслэлтэй болохыг нотлох дараах баримтууд нь анхан болон давж заалдах шатны шүүхэд бүрэн хавсаргагдсан болно. Үүнд: Миний нэр дээрх банкны дансны хуулга, тайлбар, мөнгөн хөрөнгө бэлнээр гардуулсан баримт, тухайн гүйлгээний мэдээллийг агуулсан хуулга, тайлбар, гэрчийн мэдүүлгүүд, хохирогч, гэрч нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл, хариуцагч тогтоогдсон мөнгөн дүнг буцаагаад төлөхөд татгалзах зүйлгүй гэсэн тодорхойлолт, газар дээр шалгасан тэмдэглэл, мэдүүлэг, Сэлэнгэ аймгийн Прокурорын газар хариу мэдэгдэх хуудас, Монгол Улсын Ерөнхий Прокурорын газар, Шүүх шинжилгээний дүгнэлт тухайн үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэлгээ, анхан шатны шүүхийн шийдвэр, Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын архивт 2 хавтаст хэрэг байдаг, Давж заалдах шатны шүүхийн магадлал, хариуцагчийн эхнэрийн нэр дээр шилжүүлсэн өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, хариуцагч хөрөнгийг худалдан борлуулж буй талаарх мэдээлэл, эд хөрөнгө борлуулж худалдсан тухай бүртгэл, баримт, хуулийн этгээд болон банканд хандаж мэдээлэл авсан албан бичгүүд, тайлбар, шүүхийн шийдвэр гүйцэтгэлээс зайлсхийх оролдлогын талаарх нотолгоо зэрэг болно. Иймд дээрх нотлох баримтууд нь миний нэхэмжлэлийг бүрэн үндэслэлтэй болохыг харуулж байгаа тул анхан шатны шийдвэрийг хэвээр үлдээн, нэхэмжлэлийн үлдэгдэл 41,545,000 төгрөгийг гаргуулах үндэслэл болно гэжээ.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр нэхэмжлэгч Ц.Б-гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025.09.09-ний өдрийн 001/ШХТ2025/00772 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ:
6.Нэхэмжлэгч Ц.Б-гийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзлээ.
7.Нэхэмжлэгч Ц.Б- нь хариуцагч Ю.Э-оос 79,500,500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ тайлбарлахдаа “...Ю.Э-д 2017 оны 10 сард 11 толгой үхрийг тоо толгойгоор нь хүлээлгэн өгч, гараар баримт бичсэн. Хариуцагч нь миний малыг үржлийн хувьд зөв зохистой удирдах үүргээ биелүүлээгүй. Одоо ядаж 4 үхэр байх ёстой гэж үзэж, 1 үхрийн зах зээлийн үнэ 1,500,000 төгрөгөөр тооцвол 6,000,000 төгрөгийн хохирол амссан. Түүнчлэн хариуцагчид байшин бариулах 22,000,000 төгрөг, 1 мотоцикл 600,000, морь 1,600,000, гахай худалдаж авахад 7,500,000, гахайн байр бариулахад 4,500,000, хүүхдэд нь туслах зорилгоор 8,000,000 төгрөг, худаг барихад 4,500,000 төгрөг, 11 үхрийг шилжүүлэн ачиж ирэхэд 600,000 төгрөг, өвөлжөө шавардуулахад 450,000 төгрөг, хөрөө рамны ширээ авахад 4,500,000 төгрөг, гахайн байр барихад хуучин палк мод авахад 2,000,000 төгрөг өгсөн бөгөөд банкны харилцах дансаар 16,250,500 төгрөг шилжсэн ба нийт 73,500,500 төгрөгийг өгсөн. Иймд нийт 79,500,500 төгрөгийн хохирол учирсан” гэжээ.
Хариуцагч Ю.Э нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, маргахдаа “...Ц.Б нь 2017 онд худалдаж авсан үхрүүдээ Б.М гэдэг хүнээр маллуулж байгаад 2019 оны намар аваад явсан. Ямар учраас өөрөө буцааж авсан үхрүүдээ надаас нэхэмжлээд байгааг ойлгохгүй байна. Бид 2 тухайн үед хамтран амьдрах зорилготой байсан ба хэн хэнийхээ данс руу хэрэгцээнийхээ мөнгийг өгч авалцаж байсан. Би ч уурхайд ажилладаг, бид цаашид амьдрахаа больсноос хойш Ц.Б янз бүрийн мөнгө нэхэж, намайг өөрийг нь залилсан хэмээн шалгуулсныг гэмт хэргийн шинжгүй гэж цагдаагийн байгууллага хаасан. Ямар нэгэн өглөг, авлагын асуудал байхгүй. Өөрөө ч энэ талаараа хэлсэн яриа миний утсанд бичигдсэн байсныг Цагдаагийн байгууллагад гаргаж өгсөн байгаа” гэжээ.
8.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ “... талууд аж ахуй эрхлэхээр тохирч үхэр, гахайн байр, байшин барих зориулалтаар Ц.Б нь Ю.Э-ын дансанд 15,955,000 төгрөгийг 2018.01.23-2019.05.26-ны хооронд шилжүүлсэн, мөн 22,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн ба гахайн байр, байшин нь хариуцагч Ю.Э-ын эзэмшилд байгаа болох нь тогтоогдож байх бөгөөд Ю.Э нь дансанд хүлээж авсан болон бэлэн өгсөн 22,000,000 төгрөгийн талаар маргаагүй, ... хамтран амьдрах зорилготой байсан ба хэн хэнийхээ данс руу хэрэгцээнийхээ мөнгийг өгч авалцаж байсан гэх тайлбар гаргасан. Түүнчлэн ...Ц.Б-г залилан мэхэлсэн зүйл байхгүй, ... миний банкны данс руу орсон бол эрх бүхий байгууллагаас тогтоогдсон мөнгөн дүнг буцаагаад төлөхөд татгалзах зүйлгүй гэсэн хүсэлтийг эрүүгийн хэрэгт шалгагдаж байхдаа гаргасан. Хариуцагч Ю.Э нь татгалзлаа нотлох үүргээ биелүүлээгүй. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар нэхэмжлэгч шаардах эрхтэй, гэрээг амаар байгуулсан гэж үзэх тул бэлнээр болон дансаар өгсөн нийт 37,955,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна. Харин нэхэмжлэгч нь үхрийн, мотоциклийн гэх мэтээр 41,545,500 төгрөгийг хэзээ, ямар хэлцлийн үндсэн дээр хэнд өгсөн нь тодорхойгүй, шаардлагаа нотлоогүй тул хэрэгсэхгүй болгоно. Түүнчлэн нэхэмжлэгч нь хариуцагчтай хамтран ажиллах зорилготой байсан гэх, хариуцагч нь нэхэмжлэгчтэй хамтран амьдарч байсан гэх боловч хэн алины тайлбараар үгүйсгэгдэж байна” гэсэн агуулгатай дүгнэлт хийсэн.
9.Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа “... талууд хамтран ажиллахаар тохиролцон Ц.Б нь тодорхой хөрөнгийг Ю.Э-д шилжүүлсэн, нэхэмжлэгчийн хөрөнгөөр бүтээн байгуулалт хийгдсэн ба зохигчдын хооронд мал аж ахуй эрхлэх зорилгоор хамтран ажиллах гэрээ байгуулагдсан, ... маргаан гарснаар гэрээ үргэлжлэх боломжгүй болж, хамтын үйл ажиллагаанд хариуцагч үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирлоо гаргуулна гэж тодорхойлсон. Хамтын ажиллагааны үр дүнд хэдий хэмжээний хөрөнгө бий болсон, тухайн хөрөнгө нь хариуцагчийн өмчлөл, эзэмшилд байгаа эсэх нь тодорхойгүй, хэдий хэмжээний мал хэрхэн хорогдож, ямар хэмжээний бодитой хохирол гарсан, тус хохирол гарахад хариуцагчийн буруутай үйлдэл байгаа эсэх талаар нэхэмжлэгчээс холбогдох баримтыг ирүүлээгүй тул шүүх эд хөрөнгө болон хохирол гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8, 477 дугаар зүйлийн 477.3, 477.4-т тус тус зааснаар хамтын үйл ажиллагаанд зориулан гаргасан хөрөнгө болох 15,955,000 төгрөгийг хариуцагч Ю.Э-оос гаргуулж нэхэмжлэгч Ц.Б-д олгож, түүний нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 63,545,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгоно” гэжээ.
10.Анхан болон давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад эрх зүйн өөр дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг ялгаатай шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг шүүх хуралдаанаар хэлэлцэж, гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзлээ.
11.Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч Ц.Б, хариуцагч Ю.Э нар нь үхэр, гахайн аж ахуй эрхэлж үйл ажиллагаа явуулахаар тохирч нэхэмжлэгч Ц.Б нь өөрийн эзэмшлийн Хаан банкны данснаас хариуцагч Ю.Э-ын эзэмшлийн Хаан банкны ... тоот дансанд 15,955,000 төгрөгийг шилжүүлсэн, 22,000,000 төгрөгийг бэлнээр тус тус өгсөн ба гахайн байр, байшин нь хариуцагч Ю.Э-ын эзэмшилд байгаа нь тогтоогдож байх бөгөөд хариуцагч нь өөрийн дансанд хүлээж авсан болон бэлэн өгсөн 22,000,000 төгрөгийн талаар маргаагүй, харин тухайн үед хамтран амьдрах зорилготой байсан ба хэн хэнийхээ данс руу хэрэгцээнийхээ мөнгийг өгч авалцаж байсан гэж тайлбар гаргасны зэрэгцээ эрх бүхий байгууллагаас тогтоогдсон мөнгөн дүнг буцаагаад төлөхөд татгалзах зүйлгүй гэсэн хүсэлт гаргаж байжээ. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэсэн тайлбараа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
12.Давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж тодорхойлохдоо хамтын үйл ажиллагаанд хариуцагчийн гүйцэтгэсэн үүрэг, оруулсан хөрөнгийн хэмжээний талаар баримтгүй, талууд энэ тухайд мэтгэлцээгүй байхад Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.1. ”Хамтран ажиллах гэрээний талууд гэрээнд заасны дагуу хураамж төлөх бөгөөд гэрээнд хураамжийн хэмжээг тодорхойлоогүй бол тэнцүү хэмжээгээр хариуцна” гэж, 477.2-т “Хураамжийг мөнгөн, эсхүл хөрөнгийн, түүнчлэн үйлчилгээ үзүүлэх хэлбэрээр төлж болно.” гэж, 477.3-т ”Гэрээнд өөрөөр заагаагүй бол талуудын төлсөн хураамж нь тэдгээрийн дундаа өмчлөх хөрөнгө байна” гэж, 477.4. ”Дундаа өмчлөх хөрөнгийн үр шим, түүнийг нэгтгэсэн, нийлүүлснээс бий болсон хөрөнгө талуудын дундаа өмчлөх хөрөнгө байна” гэж заасныг хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан нь маргааны үйл баримтад нийцээгүй байна. Түүнчлэн хариуцагчаас 15,955,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн тухай үндэслэл, тооцооллыг тайлбарлаагүй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан гэж үзэхгүй.
13.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримт, зохигчийн тайлбарт үндэслэн Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагчийн тайлбар болон баримтаар тогтоогдож байгаа хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй. Түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх үхрийн үнэ, морь, гахай, мотоцикл гэх мэт хөрөнгийн үнийг шаардсан 41,545,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгохдоо нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн энэ шаардлагаа баримтаар нотлоогүй гэж үзсэн нь зөв байх тул нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь хангуулах тухай нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын энэ хэсгийг хангахгүй. Харин анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгохдоо хууль хэрэглээгүй алдаа гаргасныг хяналтын шатны шүүх залруулах боломжтой байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 208/МА2025/00031 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 316/ШШ2025/00279 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ю.Э-оос 37,955,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 41,545,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдөр төлсөн 475,678 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Н.БАТЧИМЭГ
Н.БАТЗОРИГ
Н.БАЯРМАА
Д.ЦОЛМОН