Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 201

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал, улсын яллагч Б.Энэрэл, шүүгдэгч Т.Билгүүн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Боржигон овогт Тамирын Билгүүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1. дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн эрүүгийн 2017 2601 0880 дугаартай хэргийг 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:  

Боржигон овогт Тамирын Билгүүн, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1999 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 67 дугаар сургуулийн 11 дүгээр ангийн сурагч, ам бүл дөрөв, авга ах, бэргэн эгч, ач дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Монлаагийн 6-30 тоотод оршин суудаг, регистрийн дугаар: УП99042430, урьд ял шийтгүүлж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар: (яллагдагчаар татах тогтоолд дурдсанаар)

Шүүгдэгч Б.Билгүүн нь 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 19 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, Баянхошууны тойргийн түүхий эд авах цэгийн ойролцоо танил болох хохирогч С.Сумъяатай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, хохирогч С.Сумъяагийн биед хамар ясны хугарал, таславчийн муруйлт, хамрын нурууны цус хуралт, зүүн гарын шууны зулгаралт, нурууны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1. дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтыг үндэслэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 296 дугаар зүйлийн 296.1. дэх хэсэгт зааснаар ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

1. Шүүгдэгч Т.Билгүүн: Би хуульд заасан эрх, үүргээ ойлгож мэдлээ. Мөн шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцох хүсэлтээ бичгээр гаргасан. Би хэрэг бүртгэлтийн шатанд хэргийн талаар үнэн зөв мэдүүлсэн тул шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Би үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа бөгөөд шүүхийн шатанд хохирогчид учирсан хохирлыг бүрэн төлж, түүнтэй сайн дураараа эвлэрсэн тул энэ хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримт: (Эрүүгийн 2017 2601 0880 дугаартай хэргээс)

1. Хохирогч С.Сумъяагийн хэрэг бүртгэлтэд өгсөн: Би 3, 4 дүгээр хороололд байрладаг “Талст-2” нэртэй авто угаалгын газар ажилладаг. 2017 оны 4 дүгээр сарын 28-ны орой 19 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Монлаагийн 10-19 тоот гэрээсээ найз Болдоотой хамт гараад, мөн хороон дахь Баянхошууны тойрог орчмын түүхий эд авдаг цэгийн ойролцоо явж байтал танил Билгүүн, Бүдүүка гэх хоёр хүүхэдтэй тааралдсан. Тэгээд Билгүүн надаас “тамхи байна уу” гэж асуухаар нь “байхгүй” гэхэд Билгүүн намайг “чи яасан том болоо вэ, дуугарч чадахаа байж ээ” гэхээр нь би найз Болдоод хандаж “алив явъя” гэж хэлсэн. Харин Билгүүн надад хандан “чи тэгээд хаашаа явж байгаа юм” гэхээр нь би “ажил руугаа явж байна” гэж хэлсэн. Гэтэл Билгүүн “чиний ажил ч дээ, янханы газар биз дээ” гэж хэл амаар доромжилсон. Тэгээд Билгүүн миний нүүр рүү толгойгоороо хоёр удаа мөргөсөн бөгөөд би тухайн үед ухаан балартаад газар унасан юм. Билгүүн миний дээр гараад хавирга руу гараараа цохьсон бөгөөд тухайн үед миний ухаан балартаад доор нь орчихсон байсан учир миний хаана, яаж цохисныг мэдэхгүй байна. Болдоо хажуунаас “боль” гэхэд, Билгүүн босоод Бүдүүкаг дагуулаад явчихсан. Миний хамарнаас цус гарчихсан байсан бөгөөд би Болдоотой хамт таксигаар гэр рүүгээ явж байтал, гудамжинд манай аав, эгч хоёр машинтай өөдөөс ирж таараад, би аав, эгч хоёртоо болсон явдлыг хэлээд, тэдэнтэй хамт цагдаа руу явсан. Билгүүн бид хоёр өмнө нь Талст угаалгын газар хамт ажилладаг байхдаа маргалдаж, би түүнийг цохиж байсан юм. Миний хамрыг янзлуулж, эмчилгээг нь хийлгээд өгвөл, надад гомдол санал байхгүй. Хамрын эмчилгээний өртөг 50.000 төгрөг гэсэн. Мөн ажилгүй байсан 3 хоногийн цалин болох 30.000 төгрөг авмаар байна... гэх мэдүүлэг (хх-ийн 13-14 дүгээр хуудас),

2. Насанд хүрээгүй гэрч Ө.Болдхуягийн хэрэг бүртгэлтэд өгсөн: Тэр өдөр би Сумъяатай хамт гэрт нь байж байгаад, орой 18 цаг өнгөрч байх үед бид хоёр хамт гарч, ажил руугаа явж байсан юм. Ажил руу явах замд буюу Баянхошууны тойрог орчимд танил Билгүүн, Бүдүүка нартай тааралдсан. Тэр үед Билгүүн бид хоёроос “хаашаа явж байгаа юм бэ” гэж асуухаар нь би “ажил руугаа явж байна” гэж хэлсэн. Тэгээд Билгүүн бид хоёроос “тамхи байна уу” гэхээр нь би “байхгүй” гэсэн. Харин Билгүүн Сумъяад хандаж “чи дуугарч ядаад байдаг болчихжээ” гэж хэлтэл Сумъяа “яасан гэнээ” гээд уурласан. Тэгээд Сумъяа бид хоёр “явлаа” гээд холдтол Билгүүн хойноос “танай ажлын газар чинь янханы газар биз дээ” гэж хэлсэн. Сумъяа эргэж хараад “чи юу гэнээ” гээд яваад очтол Билгүүн Сумъяагийн нүүр рүү 2-3 удаа мөргөсөн. Тэр үед Сумъяа өвдөглөөд, нүүрээ дараад газар суучихсан. Билгүүн дээрээс нь гараараа цохиод байсан бөгөөд би очиж “боль” гээд салгасан. Сумъяаг босож ирэхэд түүний хамарнаас цус гарчихсан байсан бөгөөд Билгүүн шууд яваад өгсөн. Тэгээд Сумъяа бид хоёр таксигаар гэр рүү нь явж байтал түүний аав, эгч хоёртой таараад, бид хамтдаа Билгүүнийг хайж байгаад, олдохгүй болохоор нь цагдаад хандсан. Билгүүн тухайн үед согтууруулах ундаа хэрэглээгүй байсан... гэх мэдүүлэг (хх-ийн 15 дугаар хуудас),

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 5887 дугаартай: “С.Сумъяагийн биед хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, хамрын нурууны цус хуралт, зүүн гарын шууны зулгаралт, нурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоодлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1. дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Уг гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт (хх-ийн 20 дугаар хуудас),

4. Шүүгдэгч Т.Билгүүний хэрэг бүртгэлтэд сэжигтнээр өгсөн: Би 2017 оны 4 дүгээр сарын 28-ны орой найз Эрдэнэцогтын гэрт Бүдүүкатай хамт байж байгаад 19 цагийн үед гэрээс нь гарч явж байгаад Баянхошууны тойрог орчимд найз Болдоо болон урьд хөрш айл байсан, зүс таних Сумъяа нартай тааралдсан. Тэгээд би тэр хоёртой “юу байна” гэж мэндэлчихээд, Болдоотой юм яриад байж байтал, Сумъяа хажуугаас Болдоод хандан “хөөе Болдоо явъя” гээд байхаар нь би Сумъяад хандаж “чи байж бай, хаашаа явах гэж байгаа юм” гэтэл Болдоо “ажил руугаа явж байна” гэсэн. Гэтэл Сумъяа надад хандан “чамтай юугаа ярьдаг юм бэ” гээд Болдоог “алив явъя” гэхээр нь би өөдөөс нь “би чамтай юм ярихгүй” гээд бид хоёрын хооронд маргаан болсон. Тэгээд Сумъяа Болдоог дагуулаад явахаар нь би араас нь “чи ер нь илүү шүү” гэтэл Сумъяа эргэж хараад “чи тэгээд яах юм” гээд гараа атгаад зодолдох гэж байгаа мэт над руу буцаад ирэхээр нь би “түүнийг цохих гэж байна” гэж бодоод биеэ хамгаалж, Сумъяаг тэврээд өөр рүүгээ татаж нүүр рүү нь хоёр удаа мөргөсөн. Сумъяаг газар унасан байхад нь би түүний дээрээс гараараа зүүн талынх нь дал, булчин хэсэг рүү хоёр удаа цохьсон. Сумъяагийн хамраас цус гарчихсан байсан бөгөөд чулуу бариад над руу дайрахаар нь би Бүдүүкаг дагуулаад зугтаачихсан юм. Харин маргааш орой нь Бүдүүка над руу залгаад “хөөе Сумъяа над руу чаат бичээд, чамтай зодолдъё гээд байна” гэж хэлсэн. Би Сумъяатай дахиж уулзаагүй. Хэрэг гарсан өдөр Сумъяа намайг үл тоож, нэг л хэдэрлэж харьцаад байсан бөгөөд надтай юм ярьж байхад Болдоог “явъя” гээд байсан болохоор бид хоёр маргалдсан. Би Сумъяагийн нүүр рүү 2 удаа мөргөсөн, мөн зүүн дал, хавирга руу гараараа 2 удаа цохьсон... гэх мэдүүлэг (хх-ийн 27 дугаар хуудас),

5. Шүүгдэгч Т.Билгүүний хэрэг бүртгэлтэд яллагдагчаар өгсөн: Надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1. дэх хэсэгт зааснаар ял сонсгож байгааг уншиж мэдлээ. Би энэ зүйл заалтыг хүлээн зөвшөөрч байна... гэх мэдүүлэг (хх-ийн 31 дүгээр хуудас),

6. Шүүгдэгч Т.Билгүүн, хохирогч С.Сумъяа нараас хэрэг бүртгэлтийн шатанд гаргасан хялбаршуулсан журмаар байцаан шийтгэх ажиллагаа явуулахыг харилцан зөвшөөрсөн тухай хүсэлт (хх-ийн 4-5 дугаар хуудас),

Мөн шүүгдэгч Т.Билгүүний хувийн байдалтай холбоотой баримт болох иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 32), Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 67 дугаар сургуулийн тодорхойлолт (хх-ийн 38), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хх-ийн 39), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 40), төрсний бүртгэлийн лавлагаа (хх-ийн 41), суурь боловсролын гэрчилгээний хуулбар (хх-ийн 42-46), хохирогч шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн гэх эвлэрлийн гэрээ (хх-ийн 62) зэрэг нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, эдгээрийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн дүгнэлтийн үндэслэл болгон үнэлэв.

Шүүгдэгч Т.Билгүүн нь хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар батлагдаж байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 82 дугаар зүйлийн 82.2. дахь хэсэгт зааснаар түүний мэдүүлгийг яллах үндэслэл болголоо.

Гурав. Шүүхээс тогтоосон үйл баримтын талаар:

Шүүгдэгч Б.Билгүүн нь 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 19 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, Баянхошууны тойргийн түүхий эд авах цэгийн ойролцоо хуучин танил болох хохирогч С.Сумъяатай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг зодож, бие махбодод нь “хамар ясны хугарал, таславчийн муруйлт, хамрын нурууны цус хуралт, зүүн гарын шууны зулгаралт, нурууны зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн Т.Билгүүний мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан буюу хэрэгт цугларсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг няцаан үгүйсгэх баримт байхгүй, мөн шүүгдэгчийн зүгээс энэ үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, мэтгэлцээгүйг тэмдэглэх нь зүйтэй.

Шүүх Т.Билгүүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1. дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих бүх асуудлыг нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

Дөрөв. Гэм буруу, ял шийтгэлийн талаар:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1. дэх хэсэгт зааснаар зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор хянан хэлэлцэж, шүүхээс тогтоосон үйл баримтаас дүгнэвэл; шүүгдэгч Т.Билгүүнийг “бусдын бие махбодод хөнгөн гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл судалгаа, технологийн төвийн лавлагааны санд бүртгэгдээгүй (хх-ийн 40) байх тул шүүгдэгч Т.Билгүүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Т.Билгүүн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэнийг тус тус ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг тэмдэглэж, хохирогч С.Сумъяа нь шүүгдэгч Т.Билгүүнтэй сайн дураараа эвлэрсэн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3. дахь хэсэгт зааснаар хэргийг хэсэгсэхгүй болгож, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх боломжтой гэж үзэв. 

Тав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

Хохирогч С.Сумъяа гэмт хэргийн улмаас учирсан хохиролд баримтаар 18.000 (арван найман мянга) төгрөг нэхэмжилсэн боловч шүүгдэгчтэй харилцан тохиролцож, 400.000 (дөрвөн зуун мянга) төгрөгийг хохиролд тооцон авч, сайн дурын үндсэн дээр эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул шүүгдэгч Т.Билгүүнийг хэрэгт цугларсан нотлох баримтын хувьд бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Зургаа. Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний гадаад улсад зорчих эрхийг хязгаарлаагүй, иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй, хохирогч С.Сумъяа гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус тогтоолд дурдлаа.

Шүүгдэгч Т.Билгүүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн тул түүнд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгохоор шийдвэрлэж, оролцогч нарт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарлан өгөв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2., 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3., 294, 296, 297, 298, 418 дугаар зүйлийн 418.5. дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Боржигон овогт Тамирын Билгүүнийг “бусдын бие махбодод хөнгөн гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцсугай.

2.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3. дахь хэсэгт заасан “хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн” үндэслэлээр эрүүгийн 2017 2601 0880  дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1. дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Билгүүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Билгүүн нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүний гадаад улсад зорчих эрхийг хязгаарлаагүй, иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй, хохирогч С.Сумъяа гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3. дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шүүгдэгч Т.Билгүүнд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1. дэх хэсэгт зааснаар эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1. дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Т.Билгүүнд урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                       ДАРГАЛАГЧ                                 Б.БАТАА