Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 115/ШШ2022/0019

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 

Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Цэнд би тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор /.../-ын ирүүлсэн, зөрчлийн холбогдогч иргэн ...д 500000 төгрөг /таван зуун мянга/-ийн торгох шийтгэл оногдуулсан 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 0038616 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдол /Прокурорын дүгнэлт/-оор Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч /.../-д холбогдуулан үүсгэсэн захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Прокурор дүгнэлтдээ: Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор ... би, тус аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч ... ... хүүхдийнхээ төрсний гэрчилгээг засварласан гэх зөрчлийн гомдлыг хялбаршуулсан журмаар шийдвэрлэн холбогдогч ...д 0038616 дугаартай шийтгэлийн хуудсаар 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулан шийдвэрлэснийг шалгалтын хүрээнд хянав.

Материалд цугларсан холбогдогч ...ын мэдүүлэг, Гадаадын иргэн, харьяатын газар, Дорноговь аймаг дахь газрын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 13/167 дугаартай албан бичиг, ...ын төрсний гэрчилгээний хуулбар зэргээр ... нь 2014 онд ...ын төрсний гэрчилгээн дэх ургийн овог Ян гэж байсныг Янгир болгон үсэг нэмж засварласан болох нь тогтоогдсон байна.

Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д Төрийн хяналтад хамрагдах үүрэг бүхий этгээд төрийн хяналт шалгалтад холбогдолтой баримт бичгийг засварласан бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно ... гэж заасан бөгөөд Улсын бүртгэлийн хяналтын улсын байцаагч ... нь Монгол Улсын Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан хяналт шалгалтыг явуулаагүй, холбогдогч ... нь төрийн хяналт шалгалтад хамрагдах бичиг баримтыг засварласан үйлдэл хийгээгүй байхад Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь буруу байна.

Иймд шийтгэлийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдож байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Улсын бүртгэлийн хяналтын улсын байцаагч ...ын 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр ...д Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор /.../-ын гаргасан дээрх дүгнэлт буюу тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч ... нь зөрчлийн холбогдогч иргэн ...ыг төрийн хяналт шалгалтад хамрагдах бичиг баримтыг засварласан үйлдэл хийгээгүй байхад 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 0038616 дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулсныг буруу гэж үзэж, уг үндэслэлээр иргэн ...д торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар ирүүлсэн Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын гомдол /дүгнэлт/-оор тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч /.../-д холбогдуулан захиргааны хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байсан бөгөөд,

Хариуцагчаас тус гомдол /Прокурорын дүгнэлт/-д 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа, Дорноговь аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэст хяналтын улсын байцаагч ажилтай ... миний бие Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Гадаадын иргэн харьяатын газрын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 13/167 тоот албан бичгээр ирүүлсэн ... /.../-ын төрсний гэрчилгээнд бичигдсэн ургийн овгийг засварлаж өөрчилсөн тухай зөрчлийн мэдээллийг хүлээн авч шийдвэрлэхдээ хуулийг буруу ойлгож Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтыг баримтлан шийдвэрлэсэн байна. Иймд уг шийдвэрийг хүчингүй болгохыг зөвшөөрч байна гэжээ.

Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль дахь Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх тухай асуудлыг зохицуулсан 67 дугаар зүйлийн 67.1-д заасан Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн ... гэх үндэслэлд хамаарч байхын хамт, уг зөвшөөрөл нь бусад этгээдийн буюу тус захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр оролцуулсан зөрчилд холбогдогч иргэн ...ын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасныг үндэслэн, Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор /.../-ын гомдол /дүгнэлт/ дахь зөрчлийн холбогдогч иргэн ...д 500000 төгрөг /таван зуун мянга/-ийн торгох шийтгэл оногдуулсан 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 0038616 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлагыг хариуцагч Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч /.../-аас бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх зүйлд заасныг үндэслэн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснээр хариуцагч эрх бүхий албан тушаалтан болох Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч /.../-ийн зөрчлийн холбогдогч иргэн ...д торгуулийн шийтгэл оногдуулсан 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 0038616 дугаар шийтгэлийн хуудас нь хүчингүй болсон үр дагавар үүсэж байгаа тул гуравдагч этгээд буюу иргэн ...аас 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Төрийн банкны мөнгөн шилжүүлэг /хх-ийн 12-р хуудас/-ээр Төрийн сан банкны 100060000904 тоот дансанд төлсөн торгуулийн шийтгэл болох 500000 /таван зуун мянга/ төгрөгийг буцаан гаргуулж ...д олгох нь зүйтэй байх ба, хэрэв буцаан олгохгүй байх тохиолдолд тэрээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 т Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, ... шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж заасныг үндэслэн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх журмаар гаргуулан авах боломжтой болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх зүйлд заасныг баримтлан Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор /.../-ын гомдол /дүгнэлт/ дахь зөрчлийн холбогдогч иргэн ...д 500000 төгрөг /таваг зуун мянга/-ийн торгох шийтгэл оногдуулсан 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 0038616 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлагыг хариуцагч Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч /.../-аас бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь зүйлд зааснаар гомдол /Прокурорын дүгнэлт/ гаргагчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь зүйлд заасныг баримтлан 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Төрийн банкны мөнгөн шилжүүлгээр Төрийн сан банкны 100060000904 тоот дансанд төлөгдсөн торгуулийн шийтгэлийн 500000 /таван зуун мянга/ төгрөгийг буцаан гаргуулж, гуравдагч этгээд буюу иргэн ...д олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь зүйлд зааснаар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЦЭНД