Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 240

 

Ц.Ц-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Мөнхдэлгэр, Д.Батбаяр, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.М, түүний өмгөөлөгч Ж.Цэцэгээ, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 05 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 268 дугаар магадлалтай, Ц.Ц-д холбогдох 201701070091 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Ц.Ц, түүний өмгөөлөгч Т.Мөнхдэлгэр, Д.Батбаяр нарын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1991 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Ц-гийн Ц нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэгт холбогджээ.

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Ц-г хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жил 01 сар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Ц.Ц-гийн цагдан хоригдсон 92 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар Ц.Ц нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн зардалд 10,000,000 төгрөг төлснийг, Ц.Ц-гээс гэм хорын хохиролд 50,000,000 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.М-д олгохоор шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтын “...Ц.Ц-гийн цагдан хоригдсон 92 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай” гэснийг “...Ц.Ц-гийн цагдан хоригдсон 94 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай” гэж зөвтгөн өөрчилж, бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Ц, түүний өмгөөлөгч Т.Мөнхдэлгэр, Д.Батбаяр нарын гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Ц.Ц гаргасан гомдолдоо “...Миний бие 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр найзуудтайгаа баяр тэмдэглэж байх үед найз М.М нас барсан харамсалтай үйл явдал болсон юм. Миний хувьд найзынхаа үхэлд нөлөөлсөн зүйл огт байхгүй бөгөөд тийм шалтгаан ч байхгүй. Өөд болох үед 2-3 метрийн зайтай зогсож байсан юм. Гэрч нарын эргэлзсэн магадгүй гэх таамаг төдий үгс бүрийг тэгсэн, ингэсэн гэх зэргээр баталгаажуулж бичсэн ба яллах асуултууд тавьж ирсэн. Гэрчүүд гүтгээд байна, нүүрэлдүүлж байцаалт авч өгөөч, байцаагчийг шалгаж өг гэх зэргээр гомдол, хүсэлт прокурорт гаргасан боловч анхаарч үзээгүй, мөн шүүх хуралдааны тэмдэглэл болон тогтоолд шинжээч эмч, гэрч нарын миний гэм буруугүйг тодотгосон үг бүрийг тусгаагүй, тусгуулахаар хүсэлт гаргасан ч хангахгүй орхисон зэрэгт маш их гомдолтой байна.

Хэргийн талаар өргөн хүрээтэй бодвол, инээлдэж байсан хүмүүс гэнэтхэн нэгийгээ цохиж болох уу, хэрэв цохьсон гэж бодоход 1-2 секундэд үүднээс цонхны хажууд очоод зогсож амжих уу, өөд өөдөөсөө цохилцохоор зогсож байсан бол баруун гартай хүн баруун хацарт хөхрөлт яаж үүсгэх вэ, ойрд хөдлөөгүй байж байгаад сагс тоглосон гэсэн талийгаачийн үг байдаг, мөн согтолтын зэрэг нь цусанд 3,6 шээсэнд 3,9 байсан.

Энэ шалтгаанууд нь судасны хана өргөсч тархины харвалт үүсэхэд нөлөөлсөн бол яах вэ, архи, тамхинаас болж толгой нь эргэж өөрөө унасан байх боломжгүй юу, би цохьсон байлаа гэхэд 2-3 метрийн зайд үсэрч унатал нь цохих чадалтай хүн мөн үү.

Хэрвээ хүний биеийн өмнөх хойдох гэмтлийг цагаар нарийвчлан гаргадаг бол би яллагдахгүй байсан биз ээ. Талийгаач зүүн мөр тийш харан унасан байсан ба хацар дахь хавдар дээрээ нэмж цохигдон харвалт үүссэн ч байж болох юм.

Би М.У, Н.Б нартай санамсаргүй байдлаар таарч та нар юу гээд худлаа мэдүүлэг өгөөд байгаа юм бэ гэж хэлсэн маань үнэн. Үүнийгээ ч шүүх хуралдаан дээр хэлсэн. Өөрсдөө энэ хэрэгт буруутан болчихвий гэсэндээ хараагүй байж яг хажууд зогсоод харж байсан юм шиг итгэлтэй мэдүүлэг өгөн гүтгэсэн болохоор тэгж хэлсэн. Гэхдээ мэдүүлгэнд өөрчлөлт оруулсан зүйл огт байхгүй.

Манай аав “Би хүүгээ хүн алсан гэж энэ мөнгийг өгч байгаа юм биш шүү, хэргийн үнэн зөвийг олох хүртэл элдэв хэл ам хийхгүй, гомдол гаргахгүй гэж танай нөхөр Я.М надтай ярьсан болохоор энэ мөнгийг өгч байгаа юм шүү” гэж хэлээд өгсөн гэсэн. Гэтэл шүүх хуралдаан дээр хохирогчийн аав болон өмгөөлөгч нь аавын өгсөн мөнгийг хэргээ хүлээн хохирлоо төлсөн гэж миний эсрэг нотлох баримтаар ашиглан яриад байгаад гомдолтой байна. Би найзыгаа зодсон, түлхсэн, түүнтэй маргасан зүйл байхгүй. Иймд хэргийг шударгаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Мөнхдэлгэр гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Гэрч М.У мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ “Ц.Ц талийгаачийг гараараа цохьсон, намайг ороход бүх юм тодорхой байсан” гэж мэдүүлсэн байдаг. Харин шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “Талийгаачийг Ц.Ц гараараа цохьсон гэж хэлээгүй, би харах боломжгүй өөр өрөөнд байсан. Би мэдүүлгээ уншаагүй гарын үсэг зурсан. Намайг өрөөнд ороход талийгаач газар унасан байсан нь ойлгомжтой гэж хэлсэн. Түүнээс биш өөрөөр бүх зүйл ойлгомжтой гэж хэлээгүй, Н.Б, Ц.Ц хоёр муудалцсаныг эс тооцвол өөрөөр маргалдсан зүйл болоогүй” гэж хэлсэн.

Шүүх хуралдаан дээр мэдүүлэг өгч байсан гэрчийн мэдүүлгийг шүүгч Д.Чинзориг таслан “та мөрдөн байцаалтад өмнө мэдүүлсэн байна. Үүнийгээ унш” гээд проектор дээр гаргаж байгаад нэг бүрчлэн уншуулсан. Шүүхийн мэтгэлцээний явцад харж, сонссон баримтуудад өөрийн дотоод итгэлээр үнэлэлт дүгнэлт өгч, хэргийн бодит үнэн болон шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг тогтоох үүрэгтэй шүүгч мөрдөн байцаалтын явцад мөрдөгчийн айлган сүрдүүлж авсан гэрчийн мэдүүлгийг нь давтан уншуулах аргаар шүүхэд мэдүүлэг өгүүлж, шүүх хуралдаанд гэрчийн мэдүүлэг өгөх ажиллагааг шүүгчийн хөтөлсөн байцаалт болгон хувиргаж, мөрдөн байцаалтад өгсөн өмнөх мэдүүлгийн тогтвортой байдлыг хангах үйлдэл хийж, үүнийгээ шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон.

Гэрч Н.Б шүүх хуралдаанд “намайг шөнө 03 цагт М.У-ынд ороход талийгаачийн баруун хацар жаахан бомбойсон байсан, хацар чинь яасан юм бэ гэхэд зүгээрээ гэж хэлсэн” гэж мэдүүлсэн. Талийгаач шөнийн 01 цагт М.У-ын гэрт орж ирсэн. Шөнө 03 цагийн үед Н.Б-г тухайн гэрт орж ирэхэд талийгаачийн баруун хацар нь хавдчихсан байжээ.

Энэ мэдүүлгээс үзэхэд 01-03 цагийн хооронд М.У-ын гэрт хэн нэгэн хүн талийгаачийн баруун хацарт цохьсон, эсхүл талийгаач нь М.У-ын гэрт орохоосоо өмнө хэн нэгэн хүнд баруун хацартаа цохиулсан, эсхүл хэн нэгэнтэй мөргөлдсөн, мөргөсөн байхыг үгүйсгэхгүй. Үүнийг анхан шатны шүүх анхаарч үзээгүй. Гэрч О.А шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “Цохих боломжтой хүн байсан уу гэж байцаагчийг асуугаад байхаар нь өөд өөдөөсөө хараад зогсож байсан болохоор ганц Ц.Ц л байгаа, өөр цохих тийм хүн байхгүй гэж л хэлсэн. Н.Б намайг харахад цаашаа хараад хэвтчихсэн, М.У нөгөө өрөөнд байсан гэж хэлээд л байцаалт төгссөн” гэсэн байдаг.

Хэрэг учрал болсон газарт байсан гэх О.А, Н.Б, М.У нарын мэдүүлгээс үзэхэд М.М-ийг хэн, юугаар цохьсон болохыг харсан гэрч байдаггүй юм. Гэрч О.А мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүддээ болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ “М.М, Ц.Ц хоёр нэгнийгээ цохьсон байдалтай хоорондоо юм яриад зогсож байхаар нь унтацгаа гэж хэлсэн” гэж огт мэдүүлж байгаагүй байхад шийтгэх тогтоолын 6 дугаар хуудсанд хэлсэн болгон зохиож бичсэн байна. Шүүхийн шийтгэх тогтоолыг хэн нэгэн санааныхаа зоргоор бичдэг болсон цаг иржээ гэж ойлгогдохуйц, ноцтой алдаатай шийтгэх тогтоол болсон байгааг анхаарч үзэхийг Улсын дээд шүүхийн шүүх бүрэлдэхүүнээс хүсэж байна.

Шинжээчээс мэдүүлэг авсан гэх өдөр нь шинжээч эмч С.Одончимэг ээлжийн амралттай байсан, тэр цаг хугацаанд хаана ч, ямар ч мэдүүлэг өгөөгүй гэж шүүхэд мэдүүлсэн, мөн надад 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хэргийн материал танилцуулсныхаа маргаашийн өдрөөр огноолж шинжээчээс мэдүүлэг авсан гэх уг тэмдэглэлийг эзэнтэй болгож, хуурамч баримт үйлдэн хэрэгт хавсаргасан байсан. Шинжээчийг байцаасан гэх энэ хуурамч баримтаар цогцосны хацар, духны шалбархай нь нэг цаг хугацаанд үүссэн болохыг, талийгаач газарт нэг удаа унахад эдгээр гэмтлүүд үүсэх боломжгүй болохыг, ямар нэг хүч үйлчилснээр цус харвалт гэмтэл үүсдэг болохыг, тэр хүч нь Ц.Ц-гийн цохилт болохыг хөдөлбөргүй нотлох гэж оролдсон.

Шинжээчид хацар, духны гэмтлийг нэг цаг хугацаанд үүссэн, шинэ гэмтэл гэж дүгнэсэн. Үүнийгээ тайлбарлахдаа хаван хавдартай шинжээр нь нэг цаг хугацаанд үүссэн гэж, нэгээс гурав хоногийн дотор үүссэн болохоор нь шинэ гэмтэл гэж үзсэн гэж хэлдэг болохоос биш “нэг цаг хугацаа” гэдгийг нарийвчлан тогтоох боломжгүй гэдгээ шинжээчид хүлээн зөвшөөрчихөөд байхад шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэхийг анхан шатны шүүх хүсээгүй. Шинжээч нарын болон гэрч нарын мэдүүлснийг хасаж, өөрчлөн найруулж, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгасан байсан учраас засвар оруулан хэлсэн байдлаар нь нэг бүрчлэн тусгуулах гэсэн боловч шүүх хуралдааны тэмдэглэлийг үгчилж бичдэггүй, үйл явцыг бичдэг гэж шалтаг заан шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гаргасан юм.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад М.У, Н.Б, О.А, М.Х нараас Багануур дүүргийн цагдаагийн хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Батсайханы авсан гэрчийн мэдүүлгүүд нь анхан шатны шүүх хуралдаан дээр өгсөн гэрчийн мэдүүлгүүдээс эрс зөрж, зарим нь бүрэн үгүйсгэгдээд байхад анхан шатны шүүх үүнийг тоож үзээгүй бөгөөд энэхүү хууль бус үйлдлүүдээ дээд шатны шүүхүүдээс нуухын тулд анхан шатны шүүх хуралдааны бичлэгээ хэрэгт хавсаргаагүй гэж үзэж байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна. Шүүгдэгч Ц.Ц нь М.М-ийг цохиж унаган, хүнийг алсан гэх “хангалттай” нотлох баримт байхгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 4, 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан заалтуудыг үндэслэн шүүгдэгч Ц.Ц-г цагаатгаж өгөхийг хүсье” гэв.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батбаяр гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.1, 1.3, 39.8 дугаар зүйлийн 1.5-д заасныг зөрчсөн гэж үзэж байна.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасныг зөрчсөн.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Мөрдөгч энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу нотлох баримт цуглуулж, шалгаж, бэхжүүлнэ” гэж, мөн зүйлийн 6 дахь хэсэгт “Нотлох баримтыг хууль бус арга, хэрэгслээр цуглуулж, бэхжүүлэхийг хориглоно” гэж тус тус заасан байхад энэхүү эрүүгийн хэрэгт нотлох баримтуудыг зохиомлоор цуглуулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон журмыг зөрчсөн.

Тухайлбал, эрүүгийн төлөөлөгч гэх цагдаагийн ахлах дэслэгч Ц.Энхманлай нь 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр бичсэн гэх илтгэх хуудас нэртэй хуурамч баримт хавтаст хэргийн 27 дугаар талд байдаг. Эрүүгийн төлөөлөгч нь гэрч нартай огт уулзаагүй, хэрэг учрал хэрхэн гарсан талаар гэрч нараас асууж тодруулж байгаагүй, мөн байцаагаагүй байж илтгэх хуудсыг хэрэг учрал гарсан өдрөөр огноолон бичиж хэрэгт хавсаргасан байдаг.

Гэрч М.У, Н.Б, О.А нар нь Ц.Ц-г талийгаач М.М-ийг цохьсон, зодсон, маргалдсан талаар харсан зүйл огт байдаггүй. Анхан шатны шүүх хуралдаанд оролцож мэдүүлэг өгсөн гэрч нарын мэдүүлгийг шүүх анхаарч үзээгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.7 дугаар зүйлийн 1, 2, 3, 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсгүүдийг зөрчиж шийдвэр гаргасан. Мөн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ахлах дэслэгч Б.Мэндбаяр гэгч шинжээч эмч С.Одончимэгээс мэдүүлэг авсан тэмдэглэл хэрэгт авагдсан байдаг. Байцаалт авсан гэх хүний гарын үсгийн тайлалгүй, байцаалт авсан өдрөө бичээгүй, байцаалтыг дуусгасан цаг хугацаа тодорхойгүй, нотлох баримтыг сүүлд гарын үсэг зурж хуурамчаар нотлох баримтыг бүрдүүлсэн. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 28.1 дүгээр зүйлийн 1.8-д заасныг зөрчсөн.

Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид гэм хорын хохиролд 50,000,000 төгрөгийг Ц.Ц-гээс гаргуулж олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Гэм хор, сэтгэл санааны хохирлын нэг ч баримт авагдаагүй байхад үүнийг шийдвэрлэсэн.

Амь хохирогч М.М-ийг үхэлд хүргэсэн гавал тархины битүү гэмтэл нь Ц.Ц-гийн цохих үйлдлийн улмаас үүссэн гэж үзсэн нь үндэслэлгүй. Учир нь шинжээч эмч нар уналтаас буюу цохигдох үед үүсэх боломжтой гэж үзсэн. Хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаас үзэхэд Ц.Ц нь талийгаач М.М-ийг цохьсон, түлхсэн, нөхцөл байдлыг харсан гэрч байдаггүй, цохиулсан ул мөр цогцост байхгүй зэргээс нотлох баримтуудад эргэлзэх олон үндэслэл байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, Ц.Ц-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон түүнийг цагаатгаж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч Ж.Цэцэгээ хэлсэн саналдаа “...Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийг дарамталж мэдүүлэг авсан зүйл байхгүй бөгөөд шүүгдэгчийн гэм бурууг хангалттай нотолж тогтоосон. Хохирлын 50,000,000 төгрөгийн тухайд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг гэж үзэж байна. Хохирогч хэрвээ амьд сэрүүн байсан бол бидний амьдралд зохих хэмжээний тус болох байсан гэж ар гэрийнхэн нь мэдүүлдэг бөгөөд үүнээс үүдэж 60,000,000 төгрөг нэхэмжлэхэд шүүхээс 50,000,000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Ц.Бурмаа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас харахад шүүгдэгчийн гэм буруу нь хангалттай нотлогдож байна. Шинжээч эмч нар шүүхийн шатанд тайлбарлахдаа талийгаачид учирсан малгайлсан цус харвалт нь өөрөө унах үед үүсэх боломжгүй талаар хэлсэн. Энэ хэрэгт анх дуудлагаар очсон эмч юу болсон талаар асуухад гэрч нар “шүүгдэгч Ц.Ц болон хохирогч нар хоорондоо тоглоомоор ноцолдож байгаад ийм юм болчихсон” талаар хэлсэн зэргээс шүүгдэгчийн үйлдэл нотлогдсон гэж үзнэ. Шүүх Ц.Ц-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.Ц нь аав болсон баяраа тэмдэглэх зорилгоор 2017 оны 05 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Багануур дүүргийн 3 дугаар хороо, “хх” дүгээр байрны “хх” тоот өөрийн үеэл М.У-ын гэрт найзуудтайгаа согтууруулах ундааны зүйл хэрэглэхдээ 06 цаг 50 минутын үед хохирогч М.М-тэй “эцэг болсон хүний толгой руу алгадлаа, чи ганц цохилт даах уу, би ч гэсэн ганц шанаа даана, намайг цохь л доо” гэх зэргээр харилцаж, улмаар түүнийг цохиж унагаан гавал тархины битүү гэмтэл учруулсны улмаас М.М-ийн амь насыг хохироосон үйл баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Шүүх дээрх үйл баримтыг тогтоохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Ц.Ц-гийн энэхүү үйлдэл нь тухайн үед мөрдөгдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн “Хүнийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр санаатай алах” буюу 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг бүрэн хангажээ.

Харин шүүх хэргийг хянан шийдвэрлэх үед урьд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хуулиас хөнгөн ялтай шинэ хууль мөрдөгдөж эхэлсэн бөгөөд ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх зарчим Монгол Улсын нэгдэн орсон Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын 15 дугаар зүйлийн 1, үндэсний хууль тогтоомж болох 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд тусгагдсан болно.

Анхан болон давж заалдах шатны шүүх дээрх зарчим, хэм хэмжээг баримтлан шүүгдэгч Ц.Ц-д 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор хорих ял оногдуулж Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдоогүй болно.

Харин хоёр шатны шүүх шүүгдэгч Ц.Ц нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид оршуулгын зардалтай холбогдох хэсгийг төлж барагдуулсныг дурдаад сэтгэл санааны хохиролд нэхэмжилсэн 60,000,000 төгрөгөөс Иргэний хуулийн 497, 508 дугаар зүйлийг баримтлан 50,000,000 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон байна.

Учир нь гэмт хэргийн улмаас учирсан эдийн бус гэм хор буюу сэтгэл санааны хохиролтой холбоотой асуудлыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөөр илэрхийлж нөхөн төлөхөөр Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зохицуулсан бөгөөд хүний амь насыг хохироосон гэмт хэргийн улмаас бусдад учирсан сэтгэл санааны хохирлыг хэрхэн тооцож илэрхийлэх, үүнийг гаргуулах талаар хуулиар тусгайлан зохицуулаагүй тул энэ талаар гаргасан анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хяналтын шатны шүүхийн эрх хэмжээг “...анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох ...эрхгүй” хэмээн тодорхой зохицуулсан тул хяналтын журмаар гаргасан шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.7-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 05 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 268 дугаар магадлалын “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц-гээс гэм хорын хохиролд 50,000,000 /тавин сая/ төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.М-д олгосугай” гэсэн хэсгийг хүчингүй болгож, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Ц.Ц, түүний өмгөөлөгч Т.Мөнхдэлгэр, Д.Батбаяр нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

                        ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                        ШҮҮГЧ                                                         Б.БАТЦЭРЭН

                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН