Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2017/0179

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баатарсайхан, гуравдагч этгээд “Капитрон банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Чинбат, С.Ялалт, гуравдагч этгээд “Улаанбаатар хотын банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баялагмаа, Э.Жаргал нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 18 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээд “Улаанбаатар хотын банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, “Капитрон банк” ХХК-ийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор Б.Эрдэнэбатын нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 18 дугаар шийдвэрээр: ”Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, 19 дүгээр зүйлийн 19.2, 24 дүгээр зүйлийн 24.4, 24.8 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Б.Эрдэнэбатын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу хаягт байрлах “Хөх тэнгэр” хотхоны 44А байрны 7 тоот 148.4 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц, 44А байрны зоорийн давхарт байрлах 171, 172 тоот автомашины машины зогсоолын өмчлөгчөөр Баатаржавын Эрдэнэбатыг улсын бүртгэлд бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргахыг хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож” шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээд “Улаанбаатар хотын банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Жаргал давж заалдах гомдолдоо: “Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд: ... Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19.1-д заасан 3 үндэслэлээр өмчлөгч өөрчлөгдөж, нэмэгдэж байгаа тохиолдолд тус хуулийн 19.2-т заасан нөхцөл байхгүй тохиолдолд мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсгийг үндэслэн хуулийн 13 дугаар зүйлд заасан мэдүүлгийг гаргасны үндсэн дээр өмчлөгч этгээд өөрчлөгдөх, нэмэгдэх Улсын бүртгэлийн ерөнхий газрын бүртгэгч бүртгэлийг хийх зохицуулалттай байна. Гэтэл шүүх тус асуудлыг мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т заасан нөхцөл байдал байсаар батал 19.1.2-т уг заалт нь хамаарахгүй мэтээр дүгнэж шийдвэрлэж байгаа нь анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагыг хангахгүй байна.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан мэдүүлэгт тус хуулийн 13 дугаар зүйлийн 13.6-д заасан “Хуульд тусгайлан заасан бол мэдүүлэгт хавсаргах баримт бичгийн хуулбарыг нотариатаар гэрчлүүлсэн байна” гэсэн шаардлагыг хангаагүй батал хуулийн 14 дүгээр зүйлд заасан татгалзах үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэж байгаа нь анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагыг хангахгүй байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 18 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд “Капитрон банк” ХХК-ийн төлөөлөгч Л.Ариунаа давж заалдах гомдолдоо: “Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2, 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.2, 24 дүгээр зүйлийн 24.4, 24.8 дах заалтуудыг тус тус үндэслэн хариуцагч бүртгэлийн байгууллагыг буруутгаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан байна.

Уг хуулийн зохицуулалтын хүрээнд маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр өнөөдрийн байдлаар “Мфикскапитал” ХХК бүртгэлтэй, Капитрон банкны 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Т07/208 тоот “Зээлийн барьцааны гэрээ” болон 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Т07/141 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-ний дагуу үүссэн барьцааны эрх хүчинтэй байгаа учир барьцаалагч этгээдийн зөвшөөрөл авах болон уг 44А байрны 171, 172 тоот автомашины зогсоолын эрхийн улсын бүртгэлд хөдөлгөөнд нь хязгаарлалт хийсэн эрхийн акт бүртгэлтэй байгаа зэрэг үндэслэлүүдээр бүртгэхээс татгалзсан байхад эдгээр үндэслэлүүдийг хуулийн аль зохицуулалтаар буруутгаж, хууль бус байгааг тайлбарлахгүйгээр бүртгэх үндэслэлтэй гэж дүгнэсэн нь буруу болсон байна

Иргэн Б.Эрдэнэбат нь”Мфикскапитал” ХХК-тай 2010 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 195 тоот “Орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж, уг гэрээний дагуу орон сууц болон автомашины зогсоолын үнийг “Мфикскапитал” ХХК-нд бус өөр иргэн болох Ш.Авшаа гэгчид 2011 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр бүрэн төлж улмаар 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 8406 тоот захирамжаар өмчлөгчөөр тогтоогдсон байна.

Ийнхүү өмчлөгчөөр тогтоогдсон шүүгчийн захирамжийг үндэслэн Б.Эрдэнэбат нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т заасны дагуу Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Блю скай” хотхоны 44А дугаар байрны 7 тоот орон сууц болон 44А, Б, В, Г дүгээр байрны 171, 172 тоот автомашины зогсоолуудын өмчлөгчөөр бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасан болно. Уг хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-д заасны дагуу мэдүүлэг гаргах бөгөөд мэдүүлгийг уг хуулийн 13 дугаар зүйлд заасан зохицуулалтын хүрээнд гаргаж, хуульд заасан хавсаргавал зохих материалыг хавсаргах үүрэгтэй байна.

Нэхэмжлэгч Б.Эрдэнэбатыг мэдүүлэг гаргах үед тухайн орон сууц болон автомашины зогсоолын улсын бүртгэлд “Капитрон банк” ХХК-ийн барьцааны эрх 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн бүртгэлтэй байсан болно.

Ийнхүү барьцаа эрх хууль ёсны дагуу бүртгэлтэй учир Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т заасны зохицуулалтын дагуу иргэн Б.Эрдэнэбат нь уг барьцаанд буй хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлэхдээ хуульд заасан журмын дагуу барьцаалагч этгээд болох Капитрон банкны зөвшөөрөл авч, зөвшөөрлийг нотариатаар баталгаажуулж, түүнийг мэдүүлэгтээ хавсаргаж өгөх үүрэгтэй байна.

Нөгөө талаараа хуулийн хэлбэрэлтгүй сахиж, хууль заасан журмын дагуу үйл ажиллагаа явуулах чиг үүрэгтэй байгууллага болох бүртгэлийн байгууллага нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т заасны дагуу барьцаалагч этгээдээс зөвшөөрөл авч, мэдүүлэгт хавсаргаж өгөхийг шаардах үүрэгтэй юм.

Гэтэл Захиргааны хэргийн шүүхийн зүгээс уг асуудалд чухам ямар үндэслэлээр буруу тохож, хариуцагч байгууллагыг буруутгаж байгаа нь ойлгомжгүй байна.

Хариуцагч улсын бүртгэлийн байгууллага нь дээр дурдсан хуулийн зохицуулалтын хүрээнд маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө болох 44А байрны 171, 172 тоот автомашины машины зогсоолын өмчлөгчийн эрхийг хязгаарласан шийдвэр гарч, хөдөлгөөнд нь хязгаарлалт хийх тусгай тэмдэглэл хийсэн учир бүртгэх боломжгүй хэмээн тайлбарлаж байхад уг асуудалд ямар ч дүгнэлт өгөхгүйгээр хариуцагчийг буруутгаж буй нь үндэслэлгүй юм.

Хуульд заасан үндэслэлээр тусгай тэмдэглэл хийсэн байхад хөдөлгөөн хийсэн тохиолдолд бүртгэлийн байгууллага эргээд хууль зөрчсөн үндэслэлээр буруутгах боломжтой байхад шүүхийн зүгээс уг асуудалд огт дүгнэлт өгөхгүйгээр бүртгэх үндэслэлтэй гэсэн үндэслэлээр хариуцагч байгууллагыг хууль зөрчиж бүртгэл хий гэж шийдвэрлэж буй нь буруу байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 18 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Б.Эрдэнэбатаас “Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу хаягт байрлах “Хөх тэнгэр” хотхоны 44А байрны 7 тоот 148.44 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц, 44А байрны зоорийн давхарт байрлах 171, 172 тоот автомашины зогсоолын өмчлөгчөөр Баатаржавын Эрдэнэбатыг улсын бүртгэлд бүртгэж, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргахыг хариуцагч Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газарт даалгах” агуулгатай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хан-Уул дүүргийн иргэний бүртгэлийн тасагт иргэн Б.Эрдэнэбат 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хандан Хан-Уул дүүргийн 11 хороо, “Блю скай” хотхоны 44А байрны 7 тоот орон сууц, мөн хотхоны 171, 172 тоот автомашины машины зогсоолуудын өмчлөгч болохоо бүртгүүлэхээр “Газраас бусад үл хөдлөх эд хөрөнгийг анхны удаа бүртгүүлж баталгаажуулах”[1]-аар мэдүүлгийг гаргажээ.

Б.Эрдэнэбатын өмчлөгчөөр бүртгүүлэхийг хүссэн тухайн үл хөдлөх эд хөрөнгүүд урд нь “Мфикскапитал” ХХК-ийн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 /Шинээр бий болсон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг тэрээр шинээр бий болсныг нотлох баримт бичгийг үндэслэн бүртгэнэ/, 16.2 /Баригдаж дуусаагүй барилга байгууламж өмчлөх эрхийг газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ, иргэний өмчийн газар дээр баригдаж байгаа бол газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тухайн газрыг өмчлөгч иргэний зөвшөөрлийг үндэслэн эрхийн улсын бүртгэлд бүртгэж болно/-т заасны дагуу 2007 оны 08 дугаар сарын 20-ны өдөр өмчлөгчөөр бүртгүүлсэн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206008712, Ү-2206008713 дугаар гэрчилгээтэй Хан-Уул дүүргийн 11 хороо, Зайсанд байрлах, 44А, 44Б байр, 1692 м.кв талбайтай, 55 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгад хамаарч,

“Мфикскапитал” ХХК-ийн “Капитрон банк” ХХК-тай 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан Т07/141 тоот “Зээлийн гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болсон Т07/141 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-ний барьцаа хөрөнгөд, мөн 2010 онд барилгын орон сууцууд, автомашины зогсоолууд тус бүрт үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгогдож “Мфикскапитал” ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэнтэй холбогдуулж 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр дахин байгуулсан Т07/141 тоот “Зээлийн барьцааны гэрээ”,

 “Мфикскапитал” ХХК-ийн 2010 оны 05 дугаар сарын 19-ний өдөр “Улаанбаатар хотын банк” ХХК-тай байгуулсан ЗБГ0003/100519 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-нд  тус тус хамаарч барьцааны хөрөнгийн жагсаалтад бүртгэгдсэн болох нь хэрэгт авагдсан гэрээ, гэрчилгээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Тухайн “Мфикскапитал” ХХК  “Улаанбаатар хотын банк” ХХК-ийн хооронд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Зайсан 44А байрны 07 тоот 4 өрөө орон сууцыг барьцаалсан 2010 оны 05 дугаар сарын 19-ний өдөр ЗБГ0003/100519 дүгээр Зээлийн барьцааны гэрээг “Капитрон банк” ХХК-тай байгуулсан 44А байрны зоорийн давхрын тус бүр 18 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2206014054, Ү-2206014056 дугаар гэрчилгээтэй, 90 хувийн гүйцэтгэлтэй, 171, 172 тоот автомашины зогсоолуудыг барьцаалсан 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 07/141 тоот барьцааны гэрээнүүд улсын бүртгэлийн байгууллагад бүртгэгдсэн нь мөн хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ.

Иргэн Б.Эрдэнэбатын тухайд “Мфикскапитал” ХХК-тай “Орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээ”-г 2010 оны 02 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан, тухайн гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбогдуулж гэрээгээр тохиролцсон 148.000 ам.долларын төлбөрийг бүрэн барагдуулсан үндэслэлээр “Мфикскапитал” ХХК-д холбогдуулан “”Блю скай” хотхон, 44А байрны 7 тоот 148.44 м.кв талбай бүхий орон сууц, 7 байрны 171, 172 тоот автомашины гражийн өмчлөгчөөр Б.Эрдэнэбатыг тогтоолгох”-оор нэхэмжлэл гаргасныг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 8406 дугаар захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байх бөгөөд эндээс Б.Эрдэнэбат нь өмчлөгчөөр бүртгүүлэхийг хүссэн үл хөдлөх эд хөрөнгүүдийн анхны өмчлөгч нь “Мфикскапитал” ХХК болохтой маргаагүй, гагцхүү тухайн компанийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг “Худалдах, худалдан авах” гэрээний үндсэн дээр өөрийн өмчлөлд шилжүүлэн авах эрх үүссэн гэж үзэж байсан нь харагдаж байна.

Тийн атлаа нэхэмжлэгч дээрх шүүхийн шийдвэрийг үндэслэн улсын бүртгэлийн байгууллагад хандахдаа Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгэр зүйлийн 19.1.1-д заасан үндэслэлээр бус 16 дугаар зүйлийн 16.1-д заасан буюу шинээр бий болсон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгүүлэхээр хандсан нь ойлгомжгүй байгаас гадна тийнхүү хандсаны дагуу бүртгэлийг хийхээс татгалзсан хариуцагч байгууллагын татгалзал Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.9-д нийцсэн байна.

Тодруулбал, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1-д үл хөдлөх эд хөрөнгө гэрээ, хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн тохиолдолд улсын бүртгэлд нэмэлт өөрчлөлт оруулахаар заасны дагуу нэхэмжлэгч энэхүү бүртгэлийг хийлгэхээр улсын бүртгэлийн байгууллагад хандаагүй байна.

Үүнээс гадна хариуцагч улсын бүртгэлд өөрчлөлт хийлгэхээр хандсан тохиолдолд улсын бүртгэлийн байгууллага ”Мфикскапитал” ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн маргаан бүхий үл хөдлөх хөрөнгүүд нь “Капитрон банк” ХХК, “Улаанбаатар хотын банк” ХХК-ийн хооронд байгуулсан “Зээлийн барьцааны гэрээ”-ний дагуу зээлийн барьцаанд бүртгэлтэй байгаа тохиолдолд Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т “Барьцаалуулагч нь Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийг баримтлан барьцааны зүйлийг гагцхүү барьцаалагчийн зөвшөөрөлтэйгөөр бусдын өмчлөлд шилжүүлэх эрхтэй”, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна“, эрхийн улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө “Капитрон банк” ХХК, “Улаанбаатар хотын банк” ХХК-ийн зөвшөөрлийг авсан эсэхийг тодруулах ёстой байна.

Өөрөөр хэлбэл, Б.Эрдэнэбатын газраас бусад үл хөдлөх эд хөрөнгийг анхны удаа бүртгүүлж баталгаажуулах мэдүүлгийг үндэслэн хуулийн дээрх заалтуудыг зөрчиж маргаан бүхий орон сууц, автомашины зогсоолуудын барьцааны гэрээнүүдийг үл хэрэгсэн тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгчөөр Б.Эрдэнэбатыг шууд бүртгэсэн тохиолдолд гуравдагч этгээд “Капитрон банк” ХХК, “Улаанбаатар хотын банк” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхөөр байна.

Эдгээр нөхцөл байдлаас дүгнэвэл Б.Эрдэнэбатын дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн анхны өмчлөгчөөр бүртгэх тухай өргөдлийг татгалзсан үйл ажиллагаа Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.9 /мэдүүлэгт дурдсан, энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг урьд нь өөр этгээдийн нэр дээр эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн бөгөөд тэр нь хүчинтэй байгаа бол/-д нийцсэн байна.

Анхан шатны шүүх эдгээр байдалд үндэслэлгүй, буруу дүгнэлт хийснээс нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 18 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.9-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Эрдэнэбатын “Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу хаягт байрлах “Хөх тэнгэр” хотхоны 44А байрны 7 тоот 148.44 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц, 44А байрны зоорийн давхарт байрлах 171, 172 тоот автомашины машины зогсоолын өмчлөгчөөр Баатаржавын Эрдэнэбатыг улсын бүртгэлд бүртгэж, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргахыг хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар гуравдагч этгээдүүдийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн тус бүр 70.200 төгрөгийг гуравдагч этгээдүүдэд буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

                                    ШҮҮГЧ                                                   С.МӨНХЖАРГАЛ

                                    ШҮҮГЧ                                                    Н.ХОНИНХҮҮ

                                    ШҮҮГЧ                                                    Д.БАТБААТАР


[1] 1 дэх хавтаст хэргийн 9, 25, 41 дэх тал