Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 440

 

Д.Д-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Тунгалаг даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.О, гуравдагч этгээд Б.Д нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2017/0397 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 221/МА2017/0595 дугаар магадлалтай, Д.Д-ийн нэхэмжлэлтэй, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2017/0397 дугаар шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай /2002 оны/ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Д-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Б/89 дүгээр тушаалыг илт хууль бус болохыг тогтоож, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/59 дүгээр тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгожээ.

Гуравдагч этгээдийн давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 221/МА2017/0595 дугаар магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 397 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Д-ийн “Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/59, 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Б/89 дүгээр тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтын “үлдээж” гэснийг “үлдээсүгэй” гэж, “хариуцагч Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргаас 35100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Д-д олгосугай” гэснийг хасч тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Д.Д миний бие Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтэц, хөдөлмөр, нийгмийн хамгаалал, байгаль орчин, геологи уул уурхайн хяналтын хэлтсийн даргаар ажилладаг ба Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн Б/59 дүгээр тушаалаар Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн үүргийг түр орлон гүйцэтгэх журам”-ын 3.1, 3.3, 4.1, 4.3, 4.3.2, 4.7, 5.3 дахь заалтын дагуу 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон, Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйл, Засгийн газрын 2011 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 62 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам”-ын 4.3.1, 4.3.2, 4.7-д зааснаар түр орлон гүйцэтгэгч нь үндсэн албан тушаалаасаа чөлөөлөгдөхгүйгээр албан үүргийнхээ зэрэщээ түр орлох албан тушаалыг гүйцэтгэж байсан.

Гэтэл намайг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байхад 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн Б/89 дүгээр тушаалаар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтод заасан төрийн хяналт шалгалтын байгууллагад 3-аас доошгүй жил ажилласан байх гэсэн шаардлагыг хангаагүй Б.Д-г Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын дагуу төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалт зарлаагүй байхад шууд гаднаас Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.11 дэх хэсэг, Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн үүргийг түр орлон гүйцэтгэх журам”-ыг зөрчин томилсон.

Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын сул орон тоо гарсан тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.4-т “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө”, Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын дагуу Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын Ажлын байр/ албан тушаал/-ны тодорхойлолтод заагдсан /төрийн хяналт шалгалтын байгууллагад 3-аас доошгүй жил ажилласан байх/ шалгуур үзүүлэлтийг хангасан, сонгон шалгаруулалтанд орж хамгийн өндөр оноо авсан иргэнийг Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5-т “Мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэх орон нутгийн байгууллагын даргыг аймаг, нийслэлийн Засаг даргатай зөвшилцөж Мэргэжлийн хяналтын төв байгууллагын дарга томилно” заасны дагуу томилогддог.

Гэтэл дээрх шаардлагыг хангаагүй Б.Д-г Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ш-ийн 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн Б/89 дүгээр тушаалаар томилж, миний Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэх эрхэд халдсан. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сохирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” заалтыг зөрчсөн илт хууль бус акт гэж үзэж, илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан.

Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 595 дугаар магадлалыг хүчингүй болгож, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 397 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ш-ийн 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн Б/89 дүгээр тушаалыг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Учир нь, шүүх “нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд”-ийн нэхэмжлэлийг хүлээн авч хэрэг үүсгэн, улмаар анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, харин давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5 дахь заалттай нийцэхгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ... гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх...” гэж, 3 дугаар зүйлийн 3.1.3-т ““нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ... захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг;”, 52 дугаар зүйлийн 52.5.1-д “захиргааны акт ... илт хууль бус болохыг тогтоолгох... нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн;”-ийг тодорхой заахаар тус тус хуульчилжээ.

Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл, захиргааны хэргийн шүүхээр хянан шийдвэрлэх маргааны зүйл нь нэхэмжлэгчийн хувьд эрх зүйн нөлөөлөлтэй захиргааны үйл ажиллагаа, тухайлбал захиргааны акт байхаар байна. Учир нь, захиргааны актыг хүчингүй болгох, цуцлах зэргээр эрх зүйн үйлчлэл нь дуусгавар болсон актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх боломжгүй бөгөөд нэгэнт дуусгавар болсон актыг хүчингүй болгох, эсхүл илт хууль бус болохыг тогтоох тухай ойлголт байхгүй юм.

Гагцхүү Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т заасанчлан захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн тохиолдолд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох боломжтой. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч анхнаасаа захиргааны акт хууль бус байсан, эсхүл илт хууль бус байсан болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргах боломжгүй.

Харин энэхүү маргааны хувьд нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргах үед түүний маргаж буй “Албан үүрэг түр орлон гүйцэтгүүлэх тухай” 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн Б/59 дүгээр тушаал нь “Албан үүрэг түр орлон гүйцэтгүүлэх тухай” 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн Б/89 дүгээр тушаалаар, мөн уг тушаал нь 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Б/226 дугаар тушаалаар тус тус хүчингүй болсон /энэ талаарх хариуцагчийн тайлбарыг хэргийн оролцогчид үгүйсгээгүй/, иймээс аль аль актынх нь эрх зүйн үйлчлэл нь дуусгавар болсон байна.

Хэдийгээр анхан шатны шүүх “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн хувьд хугацаа хамаарахгүйгээр зохицуулсан байна” гэсэн нь үндэслэлтэй хэдий ч энэ нь зөвхөн эрх зүйн нөлөөллөө үзүүлсээр байгаа, тодруулбал нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөөр байгаа захиргааны актын хувьд хэрэглэгдэх зохицуулалт юм.

Нэгэнт эрх зүйн үйлчлэл нь дуусгавар болсон актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх үндэслэлгүй байхад шүүх хүчингүй болсон актыг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн нь буруу байх тул шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2017/0397 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 221/МА2017/0595 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан Д.Д-ийн “Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн Б/59, 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн Б/89 дүгээр тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э-с хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн 2611184132 тоот дансанд төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг  буцаан олгосугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                         Ч.ТУНГАЛАГ

ШҮҮГЧ                                                                                   Г.БАНЗРАГЧ