Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 182/ШШ2022/00406

 

 

 

 

2022 02 16

182/ШШ2022/00406

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Наранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Б.Х-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.Б-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Х, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С, хариуцагч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Солонго нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Б.Х нь хариуцагч Д.Бид холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргаж, үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:

2006 онд Д.Бтой танилцаад 2008 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. 2010 онд хүү Б.Б төрсөн бөгөөд хүүхэд төрөхөд нь сэтгэлзүйн байдлаасаа болоод хамтран амьдрах боломжгүй байдал үүссэн. Учир нь нэг нэгнээсээ хол амьдарч байсан бөгөөд тухайн үед Б.Х нь БНСУ руу явах гээд бүртгүүлсэн байсан. Тэгээд Б.Хын бүртгэл нь гараад хүүхдээ төрсөн ээж дээрээ үлдээгээд БНСУ-руу явсан. Тэгээд Д.Б Б.Б-ын эцэг нь гэсэн учраас хүүхдээ1 нас гарантай байхад нь өөрийн асрамжид авсан. Б.Х нь Солонгос улсад 8 жилийн хугацаанд ажиллаж, амьдарч байгаад ирээд буцаад нийлэх гэсэн боловч нийлэх боломжгүй болсон. Гэр бүлийн эвлэрүүлэн зуучлах төвөөр ороод ажиллагаа явахад талууд дахиж хамтран амьдрах боломжгүй, шүүхээр гэрлэлтээ цуцлуулах шаардлагатай, эд хөрөнгийн маргаан байхгүй, маргахгүй гэж хэлсэн.

Тухайн үед Солонгос улс руу ажил хийхээр явсан учраас харилцаа холбоо байхгүй байсан. Хариуцагчийн зүгээс гомдолтой, мөн ууртай байсан учраас дахиж нийлэх боломжгүй гэдгийг харсан учраас гэрлэлтээ цуцлуулж, хүүхдээ эцгийнх нь асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэгийн асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.

Тэжээн тэтгэх талаар харилцан тохиролцож, гэрээ байгуулсан. Хүүхдийн тэтгэлгийг хуульд заасан журмын дагуу тогтооход татгалзах зүйлгүй. Хүүгийнхээ ирээдүйд зарцуулахаар хуримтлал үүсгэсэн гэв.

 

2.Хариуцагч Д.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.Б миний бие 2006 онд Б.Хтай танилцаж, улмаар 2008 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, албан ёсоор гэр бүл болсон. 2010 онд хүү Б.Б төрсөн. Б.Х бид хоёр манайд хамт амьдардаг байсан. Бид хоёр өдөр болгон гэр бүлийн маргаан байсан. 2011 онд Б.Х гэдэг хүн ямар ч шалтгаангүйгээр хүүгээ аваад өөрийн ээж дээрээ байж байгаад хүүхдээ ээж дээрээ үлдээгээд Бүгд Найрамдах Солонгос улсруу явж байсан учраас би ээж дээрээ очиж хүүгээ 1 настай байхад нь авч өнөөдрийг хүртэл өсгөн хүмүүжүүлсэн. Цаашид Б.Хтай гэр бүлээ үргэлжлүүлэх ямар ч боломжгүй тул Иргэний шүүхээр гэрлэлтээ салгуулж хүүгээ өөрийн асрамжинд авах хүсэлтэй байна. Цаашид Б.Х хүүтэйгээ уулзаж цагийг өнгөрөөхөд нь татгалзах зүйл байхгүй. Бид хоёрт үл хөдлөх болон эд хөрөнгө, бусад хөрөнгийн маргаан байхгүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.

 

3.Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

3.1. 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Б.Хаас Э.С-д олгосон итгэмжлэл /хх-4,6/

3.2.Нэхэмжлэгч Б.Хын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-5/

3.3. ххх Г-000 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-7/

3.4. 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 108 дугаартай Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон тухай тэмдэглэл /хх-8, 9/

3.5.Б.Б-ын эрүүл өсөж бойжиж байгаа тухай Мэнд арвижих өрхийн эмнэлэгийн тодорхойлолт /хх-10/

3.6 Нийслэлийн Ерөнхий боловсролын 00 дугаар сургуулийн 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн тодорхойлолт /хх-11/,

3.7.97/000 дугаартай Б.Б-ынтөрсний бүртгэлийн лавлагаа /хх-12/

3.8. Б.Хын оршин суугаа хаягийн болон иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-13, 14/

3.9. Хүүхдийг тэжээн тэтгэх гэрээ /xx-30, 31/

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Х нь хариуцагч Д.Бид холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Д.Б, Б.Х нар нь 2008 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр гэр бүл болж, 2010 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, хамтран амьдрах хугацаанд 2010 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүү Б.Б төрж, эрүүл бойжиж байгаа болох нь зохигчийн тайлбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, №97/0 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, Өрхийн эрүүл мэндийн төвийн 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн тодорхойлолт зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

Гэрлэгчид шүүхэд хандахаас өмнө урьдчилан шийдвэрлүүлэх журам болох эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч цаашид эвлэрэн амьдрах боломжгүй гэх үндэслэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 108 дугаартай тэмдэглэл хэрэгт авагдсан байна.

Тэд олон жил тусдаа амьдарч, гэр бүлийн харилцаагаа цаашид хэвийн хадгалан үргэлжлүүлэх хүсэлгүй, гэрлэлт цуцлахыг хэн аль нь зөвшөөрч байх тул дахин эвлэрүүлэх хугацаа өгөхгүйгээр гэрлэлтийг цуцалж, хүүхдийн асрамжийн талаар маргаагүй тул насанд хүрээгүй хүү Б.Б ыг эцэг Д.Бийн асрамжид үлдээхээр шийдвэрлэв.

Гэрлэгчид 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 2021/12/21 дугаартай Хүүхдийг тэжээн тэтгэх гэрээ байгуулсан байх ба уг гэрээгээр хүүхдийг асран хамгаалах, тэжээн тэтгэх талаарх эцэг, эхийн хүлээх ерөнхий эрх, үүргийг тохирсон, Гэр бүлийн тухай хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг тогтоолгоно гэж тайлбарласан тул Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 35 дугаар зүйлийн 35.1, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан эцэг, эхийн хүүхдээ тэжээн тэтгэх үүргийн дагуу хүү Б.Бд тэтгэлэг тогтоож, эх Б.Хаар тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Тэтгэлгийг хүүхдийн насны байдлыг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан хувь хэмжээгээр тогтоож шийдвэрлэв.

Харин талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 70 дугаар тогтоолоор Хүний хөгжил сангаас олгож буй хүүхдийн мөнгийг эхийн нэр рүү шилжүүлэн зориулалтын дагуу ашиглуулах гэж тохирсон боловч шүүх хуралдааны явцад хүү Б.Б нь эцгийн асрамжид байгаа ба эхийн нэр рүү шилжүүлнэ гэж алдаатай бичсэн гэж тайлбарласан. Уг гэрээний төрөөс олгож буй хүүхдийн мөнгийг зориулалтын дагуу ашиглуулах болон хүүхдийг сурч боловсрох, эрүүл мэндтэй холбоотой ирээдүйд гарч болох бүхий л зардлыг тэнцүү тооцон гаргахаар харилцан тохиролцсон хэсгийг шүүхийн шийдвэрт тусгаж, зохигчийг үүрэгжүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6-д зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслахад эцэг, эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээдэг бөгөөд гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд дээрх үүрэг хэвээр үлдэх тул эх Б.Хд энэ үүргээ зохих ёсоор биелүүлэхийг мэдэгдэж, үүргээ биелүүлэхэд хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг Д.Б саад учруулахгүй байх үүрэгтэй болно.

Зохигч эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдав. 

Нэхэмжлэгч нь гэрлэлт цуцлуулах шаардлагад 70,200 төгрөг төлсөн тул үүнийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Боржигон овогт Дэнзэнцоожийн Б, Чингэлтэй овогт Бат-Эрдэнийн Хнарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2010 оны 10 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү Б.Быг эцэг Д.Бийн асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2.-т зааснаар хүү Б.Быг 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эх Б.Хаар сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

4.Зохигч эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.

5.Монгол Улсын Засгийн газраас олгож буй хүүхдийн мөнгийгзориулалтын дагуу ашиглуулах болон хүүхдийг сурч боловсрох, эрүүл мэндтэй холбоотой ирээдүйд гарч болох бүхий л зардлыг тэнцүү тооцон гаргахаарзохигч харилцан тохиролцсоныг дурдсугай.

6.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн аль нь хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж, хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг мэдэгдсүгэй.

7.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Хаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж,хариуцагч Д.Боос 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Хд олгосугай.

8Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.-т зааснаар гэрлэлтээ шүүхийн журмаар цуцлуулсан иргэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 3 өдрийн дотор иргэний улсын бүртгэлд бүртгүүлэхийг мэдэгдсүгэй.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ц.НАРАНЧИМЭГ