Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 182/ШШ2022/00405

 

 

 

 

2022 02 16

182/ШШ2022/00405

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Наранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: О- холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Г.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Солонго нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б.Б Г.Оөд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

1.1.Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Г.Отэй 2009 оноос хойш хамтран амьдарч, 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Иргэний бүртгэлийн хэлтэст гэрлэлтээ бүртгүүлэн, гэрлэлтийн 000 дугаартай гэрчилгээ өгсөн. Хамтран амьдрах хугацаанд охин О.Н 2010 оны 12 сарын 18-ны өдөр төрсөн. Г.О нь 2016 оны 2 дугаар сард амьдралаа дээшлүүлнэ гэж Швед улсруу явсан ба тэр үеэс хойш охин О.Н нь Б.Бгийн асрамжид өсч торнисон. Г.О нь Шведэд очоод Б.Бг охины хамт авч явна гэж хэлж байсан боловч 2016 оны 7 дугаар сараас өөр хүнтэй хайр сэтгэлийн холбоотой болж, эхнэр охин хоёртойгоо холбоо барих нь холдож, 2017 оны 4 сараас огт холбоо тасарсан. Улмаар шүүхэд нэхэмжлэл гаргахын өмнө 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлах албанд хандсан боловч зохигч эвлэрэх боломжгүй байсан. Г.О нь өөр хүнтэй амьдрал зохион, хүүхэдтэй болсон тул цаашид хамтран амьдрах боломжгүй гэж үзэн гэрлэлтийг цуцалж, хүүхдийг нэхэмжлэгчийн асрамжид үлдээн, тэтгэлэг гаргуулж өгнө үү. Эд хөрөнгийн маргаангүй гэв.

 

2.Хариуцагч Г.О шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Г.О миний бие нь одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй тогтмол мөнгөн орлогогүй байна. Ажил орлоготой болсон үедээ өөрийн төрсөн охин О.Н д хүүхдийн тэтгэмж болон санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд татгалзах зүйлгүй болно. Би гадаадад ажиллаж байхдаа боломжоороо мөнгө төгрөг дүүгээрээ явуулахад Б.Б аваагүй. Би одоо эцгийн үүргээ биелүүлнэ, тэтгэлэг төлнө, хоёулаа охиныхоо төлөө явъя гэж хэлсэн. Охины асрамжийн талаар маргахгүй, эд хөрөнгийн маргаангүй. Охиноо өөрийнхөө ээжтэй уулзуулж баймаар байна гэв.

 

3.Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

3.1. Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 000 дугаартай Б.Бгийн оршин суугаа газар болон ам бүлийн талаарх тодорхойлолт /хх-4/,

3.2.000 дугаартай Гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-8/

3.3. 000 Г-56 дугаартай О.Нтөрсний гэрчилгээний хуулбар /хх-9/,

3.4.Нийслэлийн Ерөнхий боловсролын Лабортори Ирээдүй цогцолбор сургуулийн 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн тодорхойлолт /хх-11/,

3.5.О.Нэрүүл бойжиж байгаа, вакцинд хамрагдсаныг тодорхойлсон Өрхийн эмнэлэгийн тодорхойлолт /хх-10/

3.6.2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 113 дугаартай Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон тухай тэмдэглэл /хх-12/

3.7. Фото зургууд /xx-13-27/

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Г.Оөд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Г.О, Б.Б нар нь 2009 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр гэр бүл болж, 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, хамтран амьдрах хугацаанд 2010 оны 12 дугаар сарын 18-ны өдөр охин О.Н төрж, эрүүл бойжиж байгаа болох нь зохигчийн тайлбар, Гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүүхдийн төрсний №000 Г-00 дугаартай гэрчилгээний хуулбар, Өрхийн эрүүл мэндийн төвийн 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн тодорхойлолт зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

Гэрлэгчид шүүхэд хандахаас өмнө урьдчилан шийдвэрлүүлэх журам болох эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч цаашид эвлэрэн амьдрах боломжгүй гэх үндэслэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 113 дугаартай тэмдэглэл хэрэгт авагдсан байна.

Тэд гэр бүлийн харилцаагаа цаашид хэвийн хадгалан үргэлжлүүлэх хүсэлгүй, 2016 оноос хойш тусдаа амьдарч, хариуцагч Г.О өөр хүнтэй гэр бүлийн харилцаатай болж, хүүхэдтэй болсон, гэрлэлт цуцлахыг хэн аль нь зөвшөөрч байх тул дахин эвлэрүүлэх хугацаа өгөхгүйгээр гэрлэлтийг цуцалж шийдвэрлэв.

Зохигч хүүхдийн асрамжийн талаар маргаагүй тул насанд хүрээгүй хүүхэд болох О.Нэх Б.Бгийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 35 дугаар зүйлийн 35.1, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг, эх насанд хүрээгүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул охин О.Нд тэтгэлэг тогтоож, эцэг Г.Оөөр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Тэтгэлгийг хүүхдийн насны байдлыг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан хувь хэмжээгээр тогтоож шийдвэрлэв.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6-д зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслахад эцэг, эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээдэг бөгөөд гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд дээрх үүрэг хэвээр үлдэх тул эцэг Г.О энэ үүргээ зохих ёсоор биелүүлэхийг мэдэгдэж, үүргээ биелүүлэхэд хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол эх Б.Бг саад учруулахгүй байх үүрэгтэй болно.

Зохигч эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдав. 

Нэхэмжлэгч нь гэрлэлт цуцлуулах шаардлагад 70,200 төгрөг төлсөн тул үүнийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар  О, Б нарынгэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2010 оны 12 дугаар сарын 18-ны өдөр төрсөн охин О.Нэх Б.Бгийн асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2.-т зааснаар охин О.Н16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг Г.Оөөр сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

4.Зохигч эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.

5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн аль нь хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж, хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг мэдэгдсүгэй.

 

6.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Бгаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж,хариуцагч Г.Оөөс 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Бд олгосугай.

7Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.-т зааснаар гэрлэлтээ шүүхийн журмаар цуцлуулсан иргэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 3 өдрийн дотор иргэний улсын бүртгэлд бүртгүүлэхийг мэдэгдсүгэй.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ц.НАРАНЧИМЭГ