| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2021/03169/И |
| Дугаар | 102/шш2021/02747 |
| Огноо | 2021-10-27 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 102/шш2021/02747
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
..............дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ..............дүүрэг 6 дугаар хороо 26 дугаар байр 33 тоотод оршин суух, .... онд төрсөн 25 настай, Х овогт Б.Н /РД: .............../
Хариуцагч: ..............дүүрэг ....... ХХК /РД: ............/
Ажилд эгүүлэн тогтоолгож ажилгүй байсан хугацааны олговорт 6.248.303 төгрөг, 2021 оны 02 дугаар сарын цалин, амралтын мөнгө 2.544.510 төгрөг гаргуулах, эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийхийг даалгах нэхэмжлэлийг 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Н , өмгөөлөгч Г.М , Б.Г , хариуцагчийн төлөөлөгч Г.Х , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өлзийсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ....... ХХК-нд 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр худалдааны зөвлөхөөр ажилд орсон. Дэлгүүрийн менежер А.А нь намайг 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 09 дүгээр сарыг дуустал 4 сарын хугацаанд худалдааны зөвлөх-кассаар ажиллуулсан. Касс нь сард 90.000 төгрөгийн нэмэгдэл авдаг үндсэн ажил биш бөгөөд бид борлуулалтаараа цалинждаг тул кассан дээр байнга суугаад байх боломж байдаггүй. Нөгөө ээлжийн худалдааны зөвлөх амарсан үед эсвэл хүн ихтэй үед борлуулалтаа хийдэг. Тэр үед дэлгүүрийн менежер А.А кассан дээр борлуулалт бүртгэдэг юм. Анх дэлгүүр нээгдэхэд барааг бидэнд хүлээлгэж өгөөгүй, өөр давхарт гарч ажиллах үед ч барааг тоолж хүлээлцүүлж байгаагүй. Дэлгүүр сар бүр бараагаа тоолуулж тооцоо нийлдэг бөгөөд эдгээр тооллогоор ямар нэгэн зөрчил дутагдал гарч байгаагүй. Гэтэл 2021 оны 02 дугаар сард хийсэн шалгалтаар бараа дутсан гэсэн боловч ямар бараа дутсаныг бидэнд танилцуулаагүй. Утсаар ярьтал хүлээж бай гэж хэлээд 2021 он 03 дугаар сарын 02-ны өдөр шууд ажлаас халах тушаал танилцуулсан. Тушаалаар худалдааны зөвлөх Б.Н , Л.А нарын хариуцсан бараанаас 2 нэр төрлийн 4 ширхэг 2.154.820 төгрөгийн үнэ бүхий бараа дутаасан гэсэн үндэслэлээр 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлсөн байсан. Ямар бараа дутсан талаар огт мэдэгдээгүй, дутагдал яагаад гарсан шалтгааныг ч тогтоогоогүй. Намайг анх касс болоход кассын сургалтад суулгаагүй, кассаар ажиллуулахтай холбоотой ямар нэгэн гэрээ хийгээгүй бөгөөд кассыг орлох ажилтан нь менежер А.А байсан. Кассын программд нэвтрэх код өгсөн хэдий ч кодыг зөвхөн өөрөө ашиглах ёстой талаар тухайлан мэдэгдээгүй. Би өмнө нь касс бэлэн мөнгөтэй холбоотой ажил хийж байсан туршлагагүй тул миний кассын эрхээр ороод борлуулалтаа бүртгэх менежерийн үйлдлийг буруу гэж ойлгоогүй. Дэлгүүрийн менежер А.А дээрх дутсан мөнгийг өөрөө хувьдаа ашигласан гэдгээ зөвшөөрч өргөдөл бичиж өгсөн. Ажлаас чөлөөлсөн тушаалд дурдагдсан зөрчлийн аль нь ч надад хамааралгүй байхад хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын дотоод журам, аудит хийхтэй холбоотой дүрэм журам баримтлалгүй дэлгүүрийн менежер А.А ын гаргасан зөрчлийг бүгдэд хамаатуулах байдлаар хоморголон ажлаас халсан нь хууль бус гэж үзэж байна. Анх шүүхэд 2021 оны 02 дугаар сарын цалин амралтын мөнгө 2.544.510 төгрөг нэхэмжилсэн боловч үнийн дүнг багасгаж 1.710.690 төгрөг нэхэмжилж байна. Иймд ....... ХХК-ийн худалдааны зөвлөхийн ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс 06 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх олговорт 6.248.303 төгрөг, 2021 оны 02 дугаар сарын цалин 1.710.690 төгрөг гаргуулж, эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэв.
Хариуцагч ....... ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй. .............. гэрийн мебелийн дэлгүүрийн ажилчид нь компанийн холбогдох дүрэм журмыг зөрчиж, борлуулалтын төлөвлөгөөт зорилтын шагнал авахын тулд хуурамч борлуулалт бүртгэх, харилцагч, худалдан авагчийн бэлнээр төлсөн барааны мөнгийг сар дотор болон сар дамнуулан хувьдаа ашиглах, үүнийгээ далдлахын тулд будлиулах зорилгоор борлуулалт бүртгэхдээ санаатайгаар төлбөрийн хэлбэр болон төлбөр төлөгчийн мэдээллийг өөрчлөх, дараа нь өөрийн болон хамаатан садан төрлийн хүмүүсийн төлбөрийн картаар тооцоог хийх, барааны мөнгөө урьдчилж төлсөн худалдан авагчийн борлуулалтыг бүртгэхгүй байх, худалдан авагчид И баримтыг цаг тухайд нь өгөхгүй байх, тусгай эрхээр ордог программ, компьютерийн сүлжээнд бусдын нэр эрхээр орох, өөрийн эрхийг бусдад ашиглуулах, кассын бэлэн мөнгөний тооцоог цаг тухайд нь хийхгүй байх, сэжигтэй үйлдэл, эс үйлдэхүйг мэдсээр байж нуун дарагдуулсан, үл мэдээлсэн, удирдлагаа хуурсан зэрэг ноцтой зөрчил гаргасан. Бараа материалын үлдэгдлийг тулган баталгаажуулах шалгалтаар Б.Н , Л.А нарын хариуцсан бараанаас 2 нэр төрлийн 4 ширхэг 2.154.820 төгрөгийн үнэ бүхий бараа, Б.У хариуцсан бараанаас 23 нэр төрлийн 29 ширхэг 30.022.425 төгрөгийн бараа, Б.О хариуцсан бараанаас 36 нэр төрлийн 42 ширхэг 58.243.970 төгрөгийн үнэ бүхий бараа дутаж, нийт 90.421.215 төгрөг, борлуулалтыг бүртгээгүй хадалдан авагчаас тушаасан мөнгийг завшсан, 5.669.800 төгрөг одоогийн байдлаар нийт 96.091.015 төгрөгийн хохирол учруулсан нь илэрсэн бөгөөд одоо хэргийг ..............дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж, шинжээчийн дүгнэлт гарсан байна. Байгууллагад 96.091.015 төгрөгийн хохирол учирсан тул ажлаас халах тушаал гарсан. Хохирлыг хэн хариуцаж төлөх ёстойг цагдаагийн байгууллага тогтооно. Учир нь зөрчлийг хэн үйлдсэнийг тогтоохын тулд хэн нэгийн мөрдөх байцаах эрх бидэнд байхгүй. Б.Н гийн зөрчлийг дотоод хяналт шалгалтаар тогтоосон. Б.Н нь 5.600.000 төгрөгийн борлуулалт хийж энэ мөнгө нь компанийн дансанд орсон боловч өөр хүний худалдан авалтад үнэ нь бүртгэгдсэн байгаа юм гэв.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтууд, зохигчийн гаргасан тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Н нь хариуцагч ....... ХХК-д холбогдох ....... ХХК-ийн худалдааны зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговорт 6.248.303 төгрөг, 2021 оны 02 дугаар сарын цалин, амралтын мөнгө 2.544.510 төгрөг гаргуулах, эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийхийг даалгах нэхэмжлэлийг гаргаж, шүүх хуралдаанд 2021 оны 02 дугаар сарын цалин, амралтын мөнгөд нэхэмжилсэн 2.544.510 төгрөгний үнийн дүнг багасгаж 1.710.690 төгрөг шаардсан байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.
....... ХХК-ийн захирлын 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн дугаар мб/017 тушаалаар .............. гэрийн мебелийн дэлгүүрийн худалдааны зөвлөх Б.Н г... Б.Н , Л.А нарын хариуцсан бараанаас 2 нэр төрлийн 4 ширхэг 2.154.820 төгрөгийн үнэ бүхий бараа дутаж, нийт 90.421.215 төгрөг, борлуулалтыг бүртгээгүй худалдан авагчаас тушаасан мөнгийг завшсан 5.669.800 төгрөг, одоогийн байдлаар нийт 96.091.015 төгрөгийн хохирол учруулсан нь илэрсэн гэх үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөр тасалбар болгон Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, Дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2, 4.3, 11 дүгээр зүйлийн 11.13.6, 11.13.7, 11. 13.8, Хөдөлмөрийн гэрээний 5.3-ын 7, 8, 9. ба 18 дугаар заалтыг тус тус үндэслэн цуцалж ажлаас халжээ.
Ажил олгогч ....... ХХК-ийн санаачилгаар ажлаас халсан тушаалд ...Б.Н нар нь компаний холбогдох дүрэм журмыг зөрчиж, хуурамч борлуулалт бүртгэх, худалдан авагчийн төлсөн мөнгийг сар болон сар дамжуулан хувьдаа ашиглах, борлуулалтыг бүртгэхдээ төлбөрийн хэлбэр болон төлбөр төлөгчийн мэдээллийг өөрчлөх, өөрийн болон хамаатан садны хүмүүсийн төлбөрийн картаар тооцоо хийх, худалдан авагчид И баримтыг цаг тухайд нь өгөхгүй байх, тусгай эрхээр ордог компьютерийн сүлжээнд бусдын эрхээр орох, өөрийн эрхийг бусдад ашиглуулах, бэлэн мөнгөний тооцоог хийхгүй байх, сэжигтэй үйлдэл, эс үйлдэхүйг мэдсээр байж нуун дарагдуулах, удирдлагаа хуурсан, Б.Н , Л.А нарын хариуцсан бараанаас 2 нэр төрлийн 4 ширхэг 2.154.820 төгрөгийн үнэ бүхий бараа дутаж, худалдан авагчаас тушаасан мөнгийг завшиж 5.669.800 төгрөгийн хохирол учруулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан зөрчил гаргасан, 40.1.5-д заасан мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон гэсэн үндэслэл заажээ.
....... ХХК-ийн Лайфстайл гэрийн мебелийн дэлгүүрт 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдөр шалгалтын комисс ажиллаж бараа материалын үлдэгдэл, кассын тооллого, бэлэн бус борлуулалтын баримтад шалгалт хийж, танилцуулга хийж 545.652.546.68 төгрөгийн өртөгтэй 1.509 ширхэг бараа байхаас 95.056.445 төгрөгийн үнэ бүхий 78 ширхэг бараа дутаж /үүнээс 93 ш даавуун тор хассан/ 90.411.215 төгрөгийн үнэ бүхий 70 ширхэг бараа дутсан..., мөн илүү бараа, модель зөрүүтэй, гэмтэлтэй бараа, дүрэм, журам заавар тушаалын зөрчил, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тусгасан байна. Шалгалтаар дэлгүүрийн менежер А.А барааны хөдөлгөөний гүйлгээг 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдрийг дуустал хийснийг тогтоож, хавсралтаар түүний нэр дээр 90.421.215 төгрөгийн барааны дутагдсан жагсаалт үйлджээ.
Тус дэлгүүрийн менежер А.А нь хариуцагч компанид компанийн холбогдох дүрэм журмыг зөрчиж худалдан авагчид бараа материалыг зээлээр өгсөн, худалдааны зөвлөх Б.Н , Л.А нарын хариуцсан бараанаас 2.154.820, Б.У хариуцсан бараанаас 30.022.425 төгрөг, Б.О хариуцсан бараанаас 58.243.970 төгрөгийн үнэ бүхий нийт 90.421.215 төгрөгийн барааг өөрөө зээлээр өгсөн. Хохирлоо 2021.4.30-нд барагдуулна гэсэн тайлбарыг гаргаж, цагдаагийн байгууллагад өгсөн гэрчийн мэдүүлэгтээ миний хувьд худалдааны программын эрхтэй. Тухайн эрхээрээ борлуулалтын үлдэгдэл харах, бараа гүйлгээний орлого зарлага хийх, борлуулалт татах, кассын борлуулалт бүртгэх эрхтэй. Харин бусдын программын эрхээр нэвтрэн орох эрхгүй боловч касс-худалдааны зөвлөх н.У , н.Н нарын касс хийж байх хугацаанд тэднийг эрхээрээ нэвтэрсэн байх үед нь кассан дээр очиж ашиглан бараа бүтээгдэхүүний борлуулалт дээр Б.Н , Б.О , Л.А нарын нэрийг сонгож хийдэг байсан. Тухайн хүмүүс миний гаргасан энэ үйлдэлд хамтран оролцоогүй гэж мэдүүлжээ. /хх-9, 48-49/.
Нэхэмжлэгч Б.Н нь тушаалд дурдагдсан зөрчлийг гаргасан болон барааг дутагдуулсан нь нотлогдон тогтоогдоогүй, Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.3, дотоод журмын журмын 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2, 4.3, 11 дүгээр зүйлийн 11.13.6, 11.13.7, 11. 13.8 дахь хэсэгт заасан заалтуудыг зөрчөөгүй, эдгээрт заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчлийг гаргасан нь баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.
Иймд нэхэмжлэгч Б.Н г ....... ХХК-ийн .............. гэрийн мебелийн дэлгүүрийн худалдааны зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны 2021 оны 02 дугаар сарын 26-наас 06 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх 81 хоногийн олговорт 6.237.810 төгрөг /4.851.624:3=1:617.208:21=77.010х81=6.237.810/, 2021 оны 02 дугаар сарын цалин 1.710.690 төгрөг нийт 7.948.500 төгрөгийг ....... ХХК-иас гаргуулж, үлдэх 10.493 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 160 дугаар зүйлийн 160.1.1-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Н г ....... ХХК-ийн .............. гэрийн мебелийн дэлгүүрийн худалдааны зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар хариуцагч ....... ХХК-иас 7.948.500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Н д олгож, үлдэх 10.493 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Н гийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч ....... ХХК-нд үүрэг болгосугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч ....... ХХК-иас 142.126 төгрөг гаргуулж улсын төсвийн дансанд оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА