| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэндийн Наранчимэг |
| Хэргийн индекс | 182/2021/03503/И |
| Дугаар | 182/ШШ2022/00262 |
| Огноо | 2022-01-27 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 182/ШШ2022/00262
| 2022 01 27 | 182/ШШ2022/00262 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Наранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Э нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Т-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч П.Э, хариуцагч З.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Солонго нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч П.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би З.Ттай хамтран амьдраад 23 жил болж байна. Архи согтууруулах ундааны зүйл их хэрэглэж, цохиж зоддог байсан. Сүүлийн үед хардалт нь ихэссэн. Хамт амьдрахад хэцүү байдаг болсон учраас салахаар шийдээд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Бид хоёр бие биенээ ойлгохоо больсон. Залуу байхад З.Тыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед нь цагдаа дуудаад өгч явуулдаг байсан. Сэтгэл зүйн хувьд дарамттай байдаг. Иймд гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна. Хүүхдүүдээ өөрийн асрамжид авна. Эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
2.Хариуцагч З.Т шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би П.Этэй хамт амьдраад 23 жил болж байна. Залуу насандаа агсам согтуу тавьдаг байсан. Сүүлийн үед архи дарс хэрэглэж агсам согтуу тавьсан зүйл байхгүй. П.Эийг дарамталж байгаагүй. Яагаад салах болсон бэ гэвэл тэр сүүлийн нэг жилийн хугацаанд өөр хүнтэй уулздаг болсон. Энэ талаар аль, аль нь мэдэж байгаа. Үүнээс болж намайг дорд үзэж, басамжилж буй мэтээр харьцдаг болсон нь хамт амьдрахад дарамттай болсон. Иймд гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Хүүхдийн тэтгэлэгийг хуулийн дагуу төлөхөд татгалзах зүйлгүй. Хүүхдүүдийн асрамж болон эд хөрөнгийн маргаангүй гэв.
3.Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:
3.1.Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 128 дугаар Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл /хх3-4/,
3.2.Т.Ялгуун эрүүл бойжиж байгаа тухай Энэрэнгүй үйлс Өрхийн эрүүл мэндийн төвийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн тодорхойлолт /хх-5/,
3.3.Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 276 дугаар тодорхойлолт /хх-6/,
3.4.Г.В.Плехановын нэрэмжит Оросын эдийн засгийн их сургуулийн Улаанбаатар хотын салбарын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 04/1277 дугаар тодорхойлолт /хх-7/,
3.5.0 Г-0 дугаартай Т.Ононгийн, 0 Г-0 дугаартай Т.Баянмөнхийн, 000 дугаартай Т.Я төрсний гэрчилгээний хуулбар /хх-8-10/,
3.6.2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-11/
Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.Э нь хариуцагч З.Тт холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
П.Э, З.Т нар нь 1998 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлж, хамтран амьдрах хугацаанд 1998 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр охин Т.Онон, 2004 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүү Т.Баянмөнх, 2011 оны 03 дугаар сарын 17-ны өдөр охин Т.Ялгуун нар төрж, эрүүл бойжиж байгаа болох нь зохигчийн тайлбар, Гэрлэсний бүртгэлийн лавлагаа, хүүхдийн төрсний №0000961942 Г-208, №0159069 Г-1156, №0000641303 дугаартай гэрчилгээний хуулбар, Энэрэнгүй үйлс өрхийн эрүүл мэндийн төвийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн тодорхойлолт зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.
Гэрлэгчид шүүхэд хандахаас өмнө урьдчилан шийдвэрлүүлэх журам болох эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч цаашид эвлэрэн амьдрах боломжгүй гэх үндэслэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 128 дугаартай тэмдэглэл хэрэгт авагдсан байна.
Тэд таарч тохирохгүйн улмаас гэр бүлийн харилцаагаа цаашид хэвийн хадгалан үргэлжлүүлэх хүсэлгүй, гэрлэлт цуцлахыг хэн аль нь зөвшөөрч байх тул дахин эвлэрүүлэх хугацаа өгөхгүйгээр гэрлэлтийг цуцалж шийдвэрлэв.
Зохигч хүүхдийн асрамжийн талаар маргаагүй тул насанд хүрээгүй хүүхдүүд болох хүү Т.Баянмөнх, охин Т.Ялгуун нарыг эх П.Эийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг, эх насанд хүрээгүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул хүү Т.Баянмөнх, охин Т.Ялгуун нарт тэтгэлэг тогтоож, эцэг З.Таар тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Тэтгэлгийг Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасны дагуу амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хүүхдийн насны байдлыг харгалзан тогтоосон болно. Хүү Т.Баянмөнх 2020 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 16 насанд хүрсэн бөгөөд одоо Хүслийн Өргөө сургуулийн 12 дугаар ангид суралцдаг гэж зохигч тайлбарласан тул Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар түүнийг суралцаж байгаа гэх үндэслэлээр 18 насанд хүртэл тэтгэлэг тогтоох үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6-д зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслахад эцэг, эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээдэг бөгөөд гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд дээрх үүрэг хэвээр үлдэх тул эцэг З.Тт энэ үүргээ зохих ёсоор биелүүлэхийг мэдэгдэж, үүргээ биелүүлэхэд хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол эх П.Э саад учруулахгүй байх үүрэгтэй болно.
Зохигч эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдав.
Нэхэмжлэгч нь гэрлэлт цуцлуулах шаардлагад 70,200 төгрөг төлсөн тул үүнийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаарЮншээбүү овогт Зоригтын Т, Олхонууд овогт Пунцагийн Энарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2004 оны 07 дугаар сарын 05-ны өдөр төрсөн хүү Т.Баянмөнх, 2011 оны 03 дугаар сарын 17-ны өдөр төрсөн охин Т.Ялгуун нарыг эх П.Эийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2.-т зааснаарохин Т.Яг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, хүү Т.Баянмөнхийг 18 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг З.Таар сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
4.Зохигч эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.
5.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч П.Эээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж,хариуцагч З.Таас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.Эт олгосугай.
6. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.-т зааснаар гэрлэлтээ шүүхийн журмаар цуцлуулсан иргэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 3 өдрийн дотор иргэний улсын бүртгэлд бүртгүүлэхийг мэдэгдсүгэй.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.НАРАНЧИМЭГ