Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2025 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2025/00191

 

 

Ч.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Э.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 191/ШШ2025/02793 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 210/МА2025/01028 дугаар магадлалтай

Ч.Б-гийн нэхэмжлэлтэй,

С.Ж-д холбогдох

Талуудын хооронд 2018.06.20-ны өдөр байгуулагдсан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Эрхийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, ... дугаар хороо, ... дугаар хороолол, ... дугаар байр, ... тоот хаягт байршилтай, орон сууцны зориулалттай, 67.5 м.кв талбайтай, хоёр өрөө үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг өөрийн нэр дээр шилжүүлж, өмчлөгчөөр бүртгэхийг Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт даалгах тухай үндсэн нэхэмжлэл,

Орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Зохигчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Х, хариуцагчийн өмгөөлөгч Л.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Ч.Б нь хариуцагч С.Ж-д холбогдуулж талуудын хооронд 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, эрхийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, ... дугаар хороо, ... дугаар хороолол, ... дугаар байр, ... тоот хаягт байршилтай, орон сууцны зориулалттай, 67.5 м.кв талбайтай, хоёр өрөө үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг өөрийн нэр дээр шилжүүлж, өмчлөгчөөр бүртгэхийг Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

2.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 191/ШШ2025/02793 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.8, 56.5-т заасныг тус тус баримтлан, хариуцагч С.Ж-д холбогдох, талуудын хооронд 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Эрхийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, ... дугаар хороо, ... дугаар хороолол, ... дугаар байр, ... тоот хаягт байршилтай, орон сууцны зориулалттай, 67.5 м.кв талбайтай, хоёр өрөө, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг өөрийн нэр дээр шилжүүлж, өмчлөгчөөр бүртгэхийг Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт даалгах тухай нэхэмжлэгч Ч.Б-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасныг баримтлан С.Ж-ын өмчлөлийн, Эрхийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, ... дугаар хороо, ... дугаар хороолол, ... дугаар байр, ... тоот хаягт байршилтай, орон сууцны зориулалттай, 67.5 м.кв талбайтай, хоёр өрөө, үл хөдлөх эд хөрөнгийг Ч.Б-гийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т заасныг баримтлан мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШЗ2023/00317 дугаар захирамжаар авсан Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай арга хэмжээ нь хэвээр үйлчлэх болохыг дурдаж шийдвэрлэжээ.

3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 210/МА2025/01028 дугаар магадлалаар: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 191/ШШ2025/02793 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.8, 56.5 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Б-гийн хариуцагч С.Ж-д холбогдуулан гаргасан 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, эрхийн улсын бүртгэлийн ... дугаартай Баянзүрх дүүрэг, ... дугаар хороо, ... дугаар хороолол, .... дугаар байр, ... тоот хаягт байрлах 67.5 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцны өмчлөх эрхийг өөрийн нэр дээр шилжүүлж, өмчлөгчөөр бүртгэхийг Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 

2 дахь заалтыг “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул эрхийн улсын бүртгэлийн ...  дугаартай Баянзүрх дүүрэг, ... дугаар хороо, ... дугаар хороолол, ... дугаар байр, ... тоот хаягт байрлах 67.5 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг нэхэмжлэгч Ч.Б-гийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай хариуцагч С.Ж-ын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 

4 дэх заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Ч.Б-гаас төлсөн 573,350 төгрөг, хариуцагч С.Ж-аас төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4.Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч М.Х нарын хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025.06.13-ны өдрийн 210/МА2025/01028 дугаар магадлалд дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Шүүхээр эрхээ хамгаалуулах миний найдвар тасарч, эцсийн шат болох та бүхэнд хандаж байгаа тул анхааран уншиж, хэргийг хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлэж өгнө үү. Миний ийнхүү хэлж байгаа учир нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн материалыг огт уншдаггүй юм байна гэдгийг би бүрэн итгэлтэйгээр хэлэх байна. Яагаад ийм шийдвэр гаргаад байгааг дахин дахин судалж үзэхэд шүүх миний гаргасан баримтыг огт уншиж танилцаагүйгээс гадна хэд хэдэн чухал баримтуудыг үнэлээгүй орхигдуулсан байх тул Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1, 40.2, 116.2-т заасан журмыг шүүх ноцтой зөрчсөн, нэхэмжлэлийн шаардлагад хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй нь мөн хуулийн 172.2.2-т заасан үндэслэлээр хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх үндэслэл гэж үзэж байна. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг зөв тодорхойлж чадаагүй болохыг давж заалдах шатны шүүх хагас дутуу залруулсан боловч Худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр гэж үзээд, зөрүү мөнгийг гаргуулсан нь хэрэгт байгаа баримтыг үнэлээгүйтэй холбоотой байна. 2018.06.20-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ нь бодит байдалд хариуцагч С.Ж, түүний нөхөр болох миний дүү Ч.Э нар нь дахин зээл авч, барьцаанд тавих зорилгоор байгуулсан дүр үзүүлэн хийсэн гэрээ байсан. Би дүүдээ тусалж, бизнес нь сайн, амжилттай явсан болохоор итгэж, дэмжиж байсан. Надад өөрийн орон сууцаа худалдах ямар ч хүсэл зориг байгаагүй. Энэ гэрээг байгуулсны дараа 2018.06.18-ны өдөр дүү Ч.Э миний данс руу “байрны мөнгө” гэж нийт 54 сая төгрөг шилжүүлснийг давж заалдах шатны шүүх “байрны мөнгөө авсан байна” гэж дүгнэхдээ миний тайлбарыг огт анзаараагүйгээс гадна дараах баримтыг үнэлээгүй. /Байрны үнэ 230 сая-250 сая байгаа/ Учир нь үүнээс өмнө 2013.07.08-ны өдөр С.Ж нь Капитрон банканд таньдаг хүнээрээ дамжуулан 60 сая төгрөгийн орон сууцны зээл авсан байсан. Ингэхдээ С.Ж-аас би худалдан авч байгаа материал бүрдүүлж, миний нэр дээр зээлийг авсан бөгөөд би өмнө нь Солонгос улсаас нөхрийн хамт явуулсан мөнгөөр аав Ч-ийн нэр дээр худалдаж авсан байраа 2011.05.27-ны өдөр С.Ж-д бэлэглээд /бэлэглэлийн гэрээ хэрэгт байгаа/ дараа нь өөрөө худалдан авах уу, ийм зүйл байх боломжгүй гэж тайлбар гаргасныг шүүх анзаараагүй, энэ баримтыг ч үнэлээгүй. Хариуцагчийн шилжүүлсэн гээд байгаа 54 сая төгрөг нь авсан 60 сая төгрөгөө төлж дуусгавар болгосон л асуудал байсан. Үүний тулд Каптирон банкнаас ирүүлсэн баримтад яг энэ 54 сая төгрөг шилжснээр 60 сая төгрөгийн зээл дуусгавар болсон баримт байсан. Миний нэр дээр авсан энэ 60 сая төгрөгийг хариуцагч нь нөхрийн хамт аваад өмнөх 40 сая төгрөгийн зээлээ төлсөн, хариуцагч өөрөө тайлбартаа 2013.07.04-ний өдөр 40 сая төгрөгийн зээлээ төлсөн гэсэн боловч үүнийг шүүх дүгнээгүй, тодруулаа ч үгүй. С.Ж нь 2021.03.05-ны өдөр миний байрны өмчлөх эрхийг Ю.У-гаас бэлэглэлийн гэрээний дагуу шилжүүлэн авч өмчлөгч болсон байдаг бөгөөд Ю.У нь надад шаардах эрхээ шилжүүлсэн баримтыг өгсөн, мөн гэрчээр мэдүүлэг өгөхдөө “...энэ байр нь Ч.Б-гийн байр, түүний дүү Ч.Э, хариуцагч С.Ж нар барьцаанд тавьдаг байсан, би байрны өмчлөгч биш...” гэсэн байхад эдгээр баримтыг тус тус үнэлээгүй нь ноцтой зөрчил гэж үзэж байна.

Анхан, давж заалдах шатны шүүх “нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн шийдвэрлээгүй” ноцтой зөрчил гаргасан. Ингэхдээ дараах баримтыг үнэлээгүй орхигдуулсан, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй алдаа гаргасан. Хариуцагч С.Ж-д өмчлөх эрхээ шилжүүлсэн Ю.У шаардах эрхээ надад шилжүүлсэн баримт хэрэгт байгаа. Яагаад гэвэл хэдийгээр би хариуцагч С.Ж-тай дүр үзүүлсэн худалдах, худалдан авах гэрээ байгуулсан боловч үүнээс хойш эцсийн байдлаар Ю.У болон С.Ж нарын хооронд бэлэглэлийн гэрээ байгуулагдсан байгаа тул өмчлөх эрхээ олж авхын тулд Ю.У-гаас шаардах эрхийг шилжүүлж авсан, энэ талаар шүүхүүд огт дүгнэлт хийгээгүй нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн тодруулаагүй, миний эрхийг ноцтой зөрчсөн, Иргэний хуулийн 123 дугаар зүйлийг хэрэглээгүй, миний нэхэмжлэлийг бүрэн шийдвэрлээгүй гэж үзэж байна. Хариуцагч С.Ж миний өрийг дарж, байрыг худалдаж авахаар болсон гэж худал тайлбар гарган, мэргэн ухаанаар зохиол бичсэн нь ямар ч үндэслэлгүй бөгөөд шүүх анх энэ байрыг хэн худалдаж авав, яагаад олон хүнд шилжиж эргэж буцдаг, эцэстээ Ю.У-гаас бэлэглэлийн гэрээгээр 2 удаа өмчлөлдөө авсан нь С.Ж-ын худал тайлбар ор үндэсгүй гэдэг нь тодорхой байхад шүүх энэ талаар огт дүгнэдэггүй. Ю.У өмчлөх эрхээ шилжүүлсэн эцсийн өмчлөгчийн хувьд энэ байрыг нэхэмжлэгч Ч.Б миний байр гэдгийг хэлсээр байхад зориуд үнэлэхгүй байгаа шүүхийг би үнэхээр ойлгохгүй, гомдолтой байна. Зөвхөн баримтыг үнэлээд харин баримт үнэн зөв, бодитой эсэх маргааныг дүгнэхгүй орхивол шүүх гэж байх хэрэг байна уу. Би үүний тулд л шүүх байдаг гэж үздэг. Би шүүхэд эхнээсээ үнэн зөв тайлбар гаргасан, гэрээ байгуулсан учир шалтгаанаа тайлбарлаж баримт өгсөөр байхад үнэлэхгүй, хөнгөн хийсвэр шийдвэр гаргаж байгаад үнэхээр гомдолтой байна. 40 сая, 60 сая төгрөгийн зээлийн бүх баримтыг капитрон банкнаас гаргуулах хүсэлт гаргасан байхад 40 сая төгрөгийн баримт дутуу байхад шүүх бүрдүүлэхгүйгээр шийдсэн. Хариуцагч С.Ж нь нэхэмжлэлийг гардаж авангуут байрыг барьцаалж хаан банкнаас 100 сая төгрөгийн зээл авсан байсан. Үүнд шүүх буруутай. Миний гэрт ажлын бус цагаар орж ирэн зураг авч энэ байр маргаантай гэж хэлсээр байхад Хаан банкны ажилтан эмэгтэйн талаар цагдаагийн байгууллагаар гомдол гаргах гэж байгаа болно. Иймд нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О-гийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2025.06.13-ны өдрийн  210/MA2025/01028 дугаар магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.4-т тус тус заасан үндэслэлээр хяналтын журмаар дараах гомдлыг гаргав.

5.1.Нэхэмжлэгч Ч.Б нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө тодорхойлсон бөгөөд хууль зүйн мэргэжлийн туслалцаа авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчтэй оролцсон. 2023 оны 12 сард иргэний хэрэг үүсэж шүүхэд маргаан хэлэлцэгдсэнээс хойш 2025.06.13-ны өдрийг хүртэл нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөөгүй, нэмэгдүүлээгүй, тодруулаагүй, ихэсгэж багасгаагүй. Анхны нэхэмжлэлийн шаадлагаа дэмжиж шүүх хуралдаанд тайлбар өгч, үүнтэйгээ холбоотой нотлох баримт гарган өгч, шүүхээр гаргуулан, 3 гэрч асуулгаж тэдгээр гэрчийн мэдүүлгийг хэрэгт бэхжүүлж баримтжуулсан байдаг. Иймдээ ч анхан шатны тойргийн шүүх тухайн хэрэг маргааныг иргэний хэрэг үүссэнээс хойш 459 хоногийн дараа буюу 2025.04.03-ны өдөр товлон хуралдуулж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, 879 хуудас хэргийн материалаас хэрэгт цугласан нотлох баримтуудыг хуудас нэг бүрчлэн судлан шинжилсний үндсэн дээр шүүгч өөрийн дотоод итгэл үнэмшлээр хуулийн хүрээнд шийдвэрийг гаргасан. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гарсан гэж үзэж байна. Гэтэл Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эрх зүйн дүгнэлт хийгээгүй, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг өөрсдийн санаачилгаар өөрчлөн тодорхойлж тухайн маргаанд хамааралгүй хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгч тухайн хэрэг маргаан хянан шийдвэрлэгдэж байх 459 хоногийн хугацаанд хэргийн материалтай танилцаж, удаа дараа шүүх хуралдаан, гэрчийн мэдүүлэгт өмгөөлөгчийн хамт оролцохдоо нэхэмжлэлийн шаардлагаа нэг ч удаа өөрчилж, тодруулга хийж байгаагүй. Тэгсэн мөртлөө нэхэмжлэгчийн өмгөөлөгч "Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг зөв тодорхойлж чадаагүй алдаа гаргасан" гэж үндэслэн давж заалдах гомдлоо гаргасан байдаг. Гэтэл Давж заалдах шатны шүүх уг гомдлыг үндэслэлтэй гэж үзэж магадлалын хянавал хэсэгтээ “... Иймд дээр дурдсан үндэслэлээр ... нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв" гэжээ.  Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нь давж заалдах шатанд гаргасан гомдолдоо нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан, өөрчилсөн, ихэсгэж, багасгаж гомдол, тайлбар гаргаагүй бөгөөд хэрвээ өөрчлөлт оруулсан, тодруулсан, ихэсгэж багасгасан гэж үзвэл үүнтэй холбоотой улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй юм. Ингэх хууль зүйн үндэслэл ч байхгүй. Гэтэл давж заалдах шатны шүүх ийнхүү нэхэмжлэлийн шаардлага, давах гомдолд дурдагдаагүй нэхэмжлэгчийн шаардлагыг өөрсдөө сайн дураараа тодорхойлон шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлох эрхтэй бөгөөд үүнтэйгээ холбоотойгоор нэхэмжлэлийн шаардлагаа  нотлох баримтуудыг өөрсдөө бүрдүүлж шүүхэд өгдөг. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч өөрийн нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотолдог. Түүнээс биш шүүх нэхэмжлэлийн шаардлагыг нь тодорхойлоод нэхэмжлэгч түүнийх нь дагуу нотлох баримт бүрдүүлж явдаггүй. Гэтэл давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийг нэхэмжлэлийн шаардлагыг буруу тодорхойлсон гэх нэхэмжлэгчийн гомдлыг хангаж уг гомдлынх нь дагуу нэхэмжлэлийн шаардлагыг нь тодорхойлж өгч магадлалын 11 дэх хуудас 7 дэх хэсэгт "7. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй" гэж зааснаар С.Ж нь тухайн орон сууцны өмчлөгч болохын хувьд Ч.Б-гийн хууль бус эзэмшлээс чөлөөлөх нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй. Гэвч дээр дурдсанаар хариуцагч С.Ж нь худалдах, худалдан авах гэрээний төлбөрийг бүрэн төлөөгүй байх тул нэхэмжлэгч Ч.Б нь Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1-д зааснаар орон сууцыг хүлээлгэн өгөхөөс татгалзах эрхтэй. Анхан шатны шүүх зохигчийн хооронд бэлэглэлийн гэрээ бус худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь үндэслэлтэй боловч энэхүү гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ хариуцагч нь бүрэн биелүүлээгүй байхад нэхэмжлэгчийн эзэмшлийг хууль бус гэж үзсэн нь түүнийг төлбөр төлөгдөөгүй гэдэг үндэслэлээр орон сууцыг хүлээлгэн өгөхөөс татгалзах эрхтэй болохыг анхаараагүйг давж заалдах шатны шүүхээс залруулна. Иймд, дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй” гээд мөн магадлалын тогтоох хэсэгт “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул эрхийн улсын бүртгэлийн ...  дугаартай Баянзүрх дүүрэг, ... дугаар хороо, ... дугаар хороолол, ... дугаар байр, ... тоот хаягт байрлах 67.5 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг нэхэмжлэгч Ч.Б-гийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай хариуцагч С.Ж-ын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай" гэж үзсэн нь тухайн хэргийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд бус нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн Давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлын үндэслэлээр буюу Давж заалдах шатны шүүх өөрсийн санаачилгаар өөрчлөн тодорхойлж, тухайн маргаанд хамааралгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж байгаа бөгөөд энэ нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч анхнаасаа байраа зарж байгаагүй гэж маргадаг бөгөөд зөвхөн дүүдээ туслах зорилгоор байраа бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж өгч байсан гэж 459 хоногийн турш маргасан байдаг. Иймд давж заалдах шатны магадлалын зарим хэсгийг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Ингэснээр хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд чухал ач холбогдолтой гэж үзэж байна.

5.2.Сөрөг нэхэмжлэл Худалдах, худалдан авах гэрээ хийгдээд мөнгөө дутуу төлсөн 49 сая дутуу төлсөн учраас үүргээ биелүүлээгүй. Үүргээ биелүүлээгүй учраас байрнаас гарахгүй байж болно гэсэн нь маш буруу байсан. Учир нь Худалдах, худалдан авах гэрээ бол хийгдсэн. Энэ нь 2 удаагийн гэрээгээр нотлогддог. Улсын бүртгэлийн газрын шүүхэд ирүүлсэн баримтаар 25,000,000 төгрөгийн 2018.06.20-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр орон сууцны өмчлөх эрх Ч.Б-гаас С.Ж-д шилжсэн. Өмчлөлийн эрх шилжүүлсэн нь харагддаг бөгөөд энэхүү гэрээний харилцааны үндсэн дээр хууль ёсоор өмчлөх эрх шилжсэн болох нь Улсын бүртгэлийн газраас шүүхэд ирүүлсэн баримтаар нотлогдсон байдаг. 25 саяар гэрээ хийгээд гэрээний үүргээ биелүүлсэн нь гүйлгээгээр нотлогдоод байхад төлөөгүй байна гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. 105,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ яригдаад тэрний бүх төлбөрийг төлсөн. Энэ нь Ч.Э-оос 2018.06.19-ний өдөр Ч.Б-гийн дансанд 54,000,000/52,800,000+1,200,000/ төгрөгийг "байрны мөнгө" үүний дараа Ч.Э-оос 2018.06.24-ний өдөр 11,568,000 төгрөгийг "байр өр үлдэгдэл" гэх утгаар нэхэмжлэгчид шилжүүлснийг тэрээр өөрийн бусдаас авсан 2,500,000 төгрөгийн зээлийг төлснөөс гадна хувийн хэрэгцээндээ зарцуулсан байна гэдэг баримтаар нотлогддог. Тухайлбал, талийгаач тухайн байрыг худалдаж аваад эгчдээ байрны мөнгийг өөрийн дансаар болон бэлнээр өгч байсан байдаг бөгөөд эцсийн байдлаар 2018.06.24-ний өдөр 11,568,000 төгрөгийг "байр өр үлдэгдэл" гэх утгаар нэхэмжлэгчид шилжүүлсэн болох нь талгийгаачийн дансны хуулгаар нотлогддог бөгөөд ийнхүү “байрны үлдэгдэл дууслаа” гэж бичсэнээр 105,000,000 төгрөгийн худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт хангагдсаныг харуулдаг. Энэ гүйлгээний утгыг 2018 оноос хойш 7 жилийн дараа ийм асуудал болно, Ч.Э өөрийгөө бурхан болсны дараагаар ийм юм болно гэж бодож бичээгүй. Гэхдээ л тэр хүн байрны үлдэгдэл дууссан шүү энэ үлдэгдэл нь шүү гэдгээ бичсэн. Гэтэл энэ баримтыг үнэлэхгүйгээр “үхсэн хүн үг хэлэхгүй" гэгчээр зөвхөн дансны хуулгаар харагдах тоонуудыг нэмж гаргаснаар тухайн гэрээний үүрэг биелэгдсэн эсэхийг дүгнэсэн нь буруу юм. Ер нь бол нэхэмжлэгч бусдад ийм тооцооны өртэй байсан гэдгийг нотолж л түүнийг төлөх тооцоолол хийж хамтарч ярилцаж төлөвлөгөө гаргаж, талийгаач түүнийг нь төлөхөөр төлөвлөгдөж байсан үеийн бичгэн баримт байсан. Тэрхүү өрийн бичигт дурдагдсан өрүүдийг талийгаач төлж явсаар эцсийн үлдэгдлийг 2018.06.24-ний өдөр 11,568,000 төгрөгийг "байр өр үлдэгдэл" гэх утгаар нэхэмжлэгчийн дансанд хийсэн болох нь харагддаг. Нэхэмжлэгч авсан зээлээ төлсөн гэдэг. Тэгвэл банкны зээлийг талийгаач 2018.06.19-ний өдөр Ч.Б-гийн дансанд 54,000,000 төгрөгийг 2 удаагийн гүйлгээгээр /52,800,000+1,200,000/ "байрны мөнгө" гэсэн утгатайгаар шилжүүлж байрны зээлийг хаасан байдаг. Байрны зээлийг хаачихаад 5 хоногийн дараа буюу 2018.06.24-ний өдөр 11,568,000 төгрөгийг "байр өр үлдэгдэл" төлбөр шүү гэдгээ бичээд нэхэмжлэгчид үлдэгдэл зөрүү мөнгийг нь задгай бутархайтай нь дансанд нь шилжүүлснээр байрны төлбөр тооцоо дууссан байдаг. Энэ дунд нь байрны төлбөрт суутгагдан бусдад төлөх ёстой байсан өр, нэхэмжлэгчийн дансаар хийгдээгүй, талийгаачийн дансаар эсвэл дансаар хийгдээгүй бэлнээр төлөгдсөн өр төлбөрүүд төлөгдөж дуусаад хамгийн сүүлд нь он сараараа харвал 2018.06.24-ний өдөр үлдэгдлийг нь нэхэмжлэгчид заа одоо дууслаа шүү үлдэгдэл нь энэ гээд шилжүүлсэн болох нь харагддаг. Ингээд үзэхээр 105,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн гэж үзэх гэж байгаа бол энэхүү гэрээний үүргийг биелүүлж дууссан гэдэг нь бичмэл дансны хуулгын гүйлгээний утга дээр байхад худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн гэдгийг зөвшөөрсөн хэрнээ төлбөрөө төлөөгүй гэж дүгнэсэн нь өөрөө үндэслэлгүй бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж чадаагүй гэж үзэж байна. Ийнхүү нэхэмжлэгчийн ИХШХШТХ-ын 62 дугаар зүйлийн 62.1.4-т олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг Давж заалдах шатны шүүх өөрийн санаачилгаар залруулж тодорхойлоод, өөрчлөөд хэрэгт цугласан нотлох баримтыг дутуу үнэлж дүгнээд нэхэмжлээгүй шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь маргааны үйл баримтыг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд зөв тодорхойлж чадаагүйн улмаас хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, шүүхийн тухай хуульд эрх хэмжээгээ хэтрүүлэн хэрэглэж, зохигчдын эрхийг зөрчсөн гэж үзэж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт Монгол Улсын иргэн ... эрх нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, шударга шүүхээр шүүлгэх, дээд шатны байгууллагад давж заалдах эрхтэй байхаар тунхаглагдсан бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч би Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2025.06.13-ны өдрийн 210/МА2025/01028 дугаар магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч байх тул магадлалын зарим хэсгийг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх буюу өөрчлөх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 “Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгуулах”, 172.2.4. "хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой" гэж үзэж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т зааснаар магадлалын зарим хэсгийг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

6.Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025.09.18-ны өдрийн 001/ШХТ2025/00865 дугаар тогтоолоор нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч М.Х,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

ХЯНАВАЛ:           

7.Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.

8.Нэхэмжлэгч Ч.Б нь хариуцагч С.Ж-д холбогдуулан 2018.06.20-ны өдөр байгуулагдсан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Эрхийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, ... дугаар хороо, ... дугаар хороолол, ... дугаар байр, ... тоот хаягт байршилтай, орон сууцны зориулалттай, 67.5 мкв талбайтай, хоёр өрөө үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг өөрийн нэр дээр шилжүүлж, өмчлөгчөөр бүртгэхийг Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Үндэслэлээ тайлбарлахдаа “... нөхөр Н.Б-ийн хамт 2004-2010 онд Солонгост ажиллаж байхдаа аав Б.Ч-ийн нэр дээр орон сууцыг аваад өнөөдрийг хүртэл амьдарч байна. Миний төрсөн дүү Ч.Э бизнес хийж байхдаа миний байрыг барьцаалж надаар зээл авхуулдаг, эсвэл миний байрыг хүний нэр дээр шилжүүлж, барьцаанд тавьж, бизнестээ хэрэглэж ашигтай ажиллаж байсан. Дүү Ч.Э нь 2010 оноос С.Ж-тай хамт амьдарч эхэлсэн ба дүү маань 2023 оны 6 сард гэнэтийн ослоор нас барсан. 2023.12.05-ны өдөр С.Ж нь миний байрыг барьцаанд тавина гэснээр маргаан үүссэн ба Ч.Э-ыг байхад байраа барьцаанд тавиад байсан мөртөө яагаад одоо барьцаанд тавихгүй миний ажлыг баллаж байна гээд 2024.12.15-ны өдөр байраа суллаж өг гэсэн. Миний дүү Ч.Э миний байрыг барьцаанд тавьж, 3 өрөө байр, Ланд-200 маркийн авто машин худалдаж авсан. С.Ж дүүгийн маань өмнөх амьдралын 2 хүүхдийг хамт өсгөлцөж байсан учраас аавын нэр дээр байсан байрыг түүний нэр дээр шилжүүлж 30,000,000 төгрөгийн зээл авсан. 2013 онд байрыг ипотекийн 8 хувийн зээлд дахиад 20,000,000 төгрөг нэмж гарах боломжтой гэсэн. Ч.Э туслаач гэхээр нь С.Ж-ын нэр дээр байсан миний байрыг надад зарж байгаа мэт дүр үзүүлэн бүх бичиг баримтыг бүрдүүлж, ипотекийн 8 хувийн хүүтэй 60,000,000 төгрөгийн зээлийг миний нэр дээр гаргуулсан. Би өөрийн байрыг ипотекийн зээлээр худалдаж авах уу, үүгээр дүр үзүүлж хийсэн хэлцэл болох нь тогтоогдоно. Миний нэр дээрх 60,000,000 төгрөгөөс дүү Ч.Э нь 54,000,000 төгрөгийг төлж, адуу авахын тулд зээлээ хааж, Капитрон банканд өртэй мэт бичиг бичүүлээд, надаас худалдан авсан мэт дүр үзүүлж, орон сууцны гэрчилгээг гаргуулсан. Дүү Ч.Э нь миний байрыг С.Ж-ын нэр дээр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлчих, зээлийн ажилтантай найз, зээл авахад амар гээд бэлэглэлийн гэрээ, байрны гэрчилгээ гээд бүх баримтыг дүү авсан” гэсэн агуулга илэрхийлсэн.

Хариуцагч С.Ж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, маргахдаа  “...2011.05.27-ны өдөр орон сууцыг Ч.Б-тай худалдах-худалдан авах гэрээ хийж, миний нэр дээр шилжүүлэн авч нөхөр бид 2 Капитрон банкинд барьцаанд тавьж 40,000,000 төгрөгийн зээл авч тухайн зээлээс Ч.Б нь 10 гаруй сая төгрөгөөр машин авсан ба 2013.07.04-ний өдөр зээлийг би хаасан. Ч.Б нь өрөнд орсон тул тухайн байрыг 2013.07.08-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр буцаан шилжүүлэн өгч Капитрон банкнаас байраа барьцаалж 70,000,000 төгрөгийн зээл авсан, ... сүлжээний бизнес эрхэлж дахин өрөнд орж банк болон хувь хүмүүст өндөр хүүтэй банкны зээлээ ч төлж чадахгүй, байраа алдахаар болсон тул би мөнгүүдийг төлж оронд нь байрыг нь авахаар тохиролцож өрүүдийг төлж дуусгаад 2018.06.20 өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулж, 105,000,000 төгрөгөөр энэ орон сууцыг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан, түүнтэй дүр үзүүлэн бэлэглэлийн гэрээ хийгээгүй. Огт байгуулагдаагүй бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэсэн нь ойлгомжгүй. Маргаж байгаа байрыг зээлийн барьцаанд тавьж байсантай маргахгүй. Анх аав Б.Ч-ийн нэр дээр аваад, 2011 онд С.Ж-ын нэр дээр, 2013.06.21-ний өдөр буцаагаад Ч.Б-гийн нэр дээр шилжүүлсний дараа зээл авсан. Тэгээд зээлээ төлж чадахгүй болоод ирэнгүүт 2018.06.20-ны өдөр С.Ж-д худалдсан. Үүгээр бусдад төлөх Ч.Б-гийн өрийг төлөөд, 2018.06.24-ний өдөр байрны үлдэгдэл 11,568,000 төгрөг шилжүүлж төлсөн байдаг. Дээрх гэрээг хийгдсэний дараа үлдэгдэл төлбөрийг шилжүүлсэн байдаг. Гүйлгээний утга нь байрны мөнгөний үлдэгдэл гээд шилжүүлсэн. Үүнээс хойш энэ байртай холбоотой 4 гэрээ хийгдсэн. Гэтэл хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шаардсан 2018.06.20-ны өдрөөс хойш байгуулагдсан эдгээр гэрээг хэрхэх гэж байгаа нь тодорхойгүй байна. Мөн Ч.Б нь өмчлөгчийн хувьд гэрээ байгуулахад гэр бүлийн гишүүнээс зөвшөөрөл авах шаардлагагүй” гэжээ.

Хариуцагч нь ... орон сууцыг Ч.Б-гийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр сөрөг нэхэмжлэл гаргасан ба “...  С.Ж нь ... 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч болох нь Нийслэлийн улсын бүртгэлийн газраас 2018.06.22-ны өдөр олгосон Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээгээр нотлогдоно. Миний өмчлөлийн орон сууцыг хууль бусаар эзэмшиж ашиглаж байна. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасны дагуу шаардаж байна” гэсэн.  

Нэхэмжлэгч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “... дүү Ч.Э-ын бизнесийг дэмжиж байраа барьцаанд тавьж амьдралд нь тусалж байснаас биш байраа зарах, бэлэглэх сонирхол, зорилго огт байгаагүй, байрны мөнгө гэж С.Ж-аас нэг ч төгрөгийг дансаар болон бэлнээр авч байгаагүй, түүний энэ луйврын шинжтэй үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй. ... энэ 2 миний нэрээр зээл авч өөрсдөө хэрэглэсэн мөртлөө миний зээл гээд яриад байгааг ойлгохгүй байна. Миний нэр дээр авсан зээлээ төлөөч гэж шаардахад надаас авсан мөнгөөр зээлийг төлдөг байсан” гээд, үндсэн нэхэмжлэлийн үндэслэлийг зааж, маргасан байна.   

9.Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо “...  Ч.Б болон С.Ж нарын хооронд 2018.06.20-ны өдөр маргаж буй орон сууцыг 25,000,000 төгрөгөөр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсаны үндсэн дээр 2018.06.21-нд С.Ж-д өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон. Нэхэмжлэгч нь талуудын хооронд 2018.06.20-ны өдөр байгуулагдсан орон сууц бэлэглэлийн гэрээг шүүхэд баримтаар ирүүлээгүй бөгөөд тэрээр уг гэрээ ... хэргийн 104 талд авагдсан гэж тайлбарласан боловч уг гэрээ нь С.Ж-аас 2013.06.21-ний өдөр Ч.Б-д бэлэглэлийн гэрээгээр орон сууц өмчлөх эрхийг шилжүүлсэн байх ба энэхүү гэрээний үндсэн дээр 2013.07.04-ний өдөр Ч.Б-д өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон байх тул  уг гэрээг 2018.06.20-ны өдөр байгуулагдсан орон сууцны бэлэглэлийн гэрээ гэж үзэх үндэслэлгүй, нэхэмжлэгч нь бэлэглэлийн гэрээ байгуулагдсан гэдгийг баримтаар нотлоогүй тул байгуулагдаагүй гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн, 56.1.8-т заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тооцох, түүнчлэн хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулах үндэслэлгүй” гэсэн агуулгатай дүгнэлт хийсэн байна.            

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ “...Эрхийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, ... дугаар хороо, ... дугаар хороолол, ... дугаар байр, ... тоот хаягт байршилтай, орон сууцны зориулалттай, 67.5 м.кв талбайтай, хоёр өрөө, үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр С.Ж-ыг бүртгэж, түүнд 2021.03.05-ны өдөр ...  дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон байгаагаас үзэхэд түүнийг өмчлөгч гэж үзнэ. Ч.Б болон С.Ж нарын хооронд 2018.06.20-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний үндсэн дээр 2018.06.21-ний өдөр С.Ж өмчлөгчөөр бүртгэгдсэн. Ч.Б нь маргаж буй орон сууцыг хуульд заасны дагуу өмчлөх эрхтэй, түүнчлэн хуулийн дагуу эзэмших эрхтэй болохыг баримтаар нотлоогүй. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1, 183 дугаар зүйлийн 183.1-д зааснаар

орон сууцны өмчлөгч С.Ж болох нь тогтоогдож байх тул түүний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Ч.Б-гийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх үндэслэлтэй” гэж үзжээ.

10.Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан байна. Магадлалд “...анхан шатны шүүх зохигч нарын хооронд бэлэглэлийн гэрээ бус худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь үндэслэлтэй боловч энэхүү гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ хариуцагч нь бүрэн биелүүлээгүй байхад нэхэмжлэгчийн эзэмшлийг хууль бус гэж үзсэн нь түүнийг төлбөр төлөгдөөгүй гэдэг үндэслэлээр орон сууцыг хүлээлгэн өгөхөөс татгалзах эрхтэй болохыг анхаараагүйг давж заалдах шатны шүүхээс залруулна. Хэрэгт 25,000,000 төгрөг, 105,000,000 төгрөг гэх 2 өөр үнийн дүнтэй гэрээ авагдсан бөгөөд талуудын татвар төлөхтэй холбоотой 25,000,000 төгрөгийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн гэсэн тайлбараас үзвэл гэрээний үнийн дүн 105,000,000 төгрөг байна. Хэдийгээр хариуцагч нь нэхэмжлэгчийн бусдад төлөх ёстой байсан өр төлбөрт нийт 105,000,000 төгрөгийг төлсөн гэсэн боловч үүнээс 2018.06.19-ний өдөр 54,000,000 төгрөг, 2018.06.24-ний өдөр 11,568,000 төгрөг, нийт 55,568,000 төгрөгийг төлж, үлдэх 49,432,000 төгрөгийг төлсөн болохоо баримтаар нотлоогүй. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж зааснаар С.Ж нь тухайн орон сууцны өмчлөгч болохын хувьд Ч.Б-гийн хууль бус эзэмшлээс чөлөөлөх нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй. Гэвч дээр дурдсанаар хариуцагч С.Ж нь худалдах, худалдан авах гэрээний төлбөрийг бүрэн төлөөгүй байх тул нэхэмжлэгч Ч.Б нь Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1-д “Хоёр талын гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нэг тал нөгөө талынхаа өмнө үүргээ эхлэн гүйцэтгэхээс бусад тохиолдолд нөгөө тал хариу үүрэг гүйцэтгэхээс өмнө үүргээ гүйцэтгэхээс татгалзаж болно” гэж зааснаар орон сууцыг хүлээлгэн өгөхөөс татгалзах эрхтэй. Иймээс хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангана” гэжээ.

11.Анхан болон давж заалдах шатны шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг өөр өөрөөр шийдвэрлэснийг зохигч эс зөвшөөрч, хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлж,  анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.

12.Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд маргааны зүйл болж буй орон сууцтай холбоотой улсын бүртгэл зохигчийн хооронд хэд хэдэн удаа харилцан шилжиж байсан байна. Тухайлбал, Эрхийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, ... дугаар хороо, ... дугаар хороолол, ... дугаар байр, ... тоот хаягт байршилтай, орон сууцны зориулалттай, 67.5 мкв талбайтай, хоёр өрөө, орон сууц нь 2010.04.29-ний өдөр Б.Ч-ийн өмчлөлд бүртгэгдсэн ба тэрээр нэхэмжлэгчийн төрсөн эцэг байна.

Улмаар 2011.05.27-ны өдөр Б.Ч болон хариуцагч С.Ж нарын хооронд байгуулагдсан Орон сууц худалдах- худалдан авах гэрээний дагуу 2011.05.27-ны өдөр С.Ж-ын өмчлөлд бүртгэл шилжсэн боловч 2013.06.21-ний өдөр С.Ж болон Ч.Б нар дахин байгуулсан Орон сууц бэлэглэлийн гэрээний дагуу 2013.07.04-ний өдөр Ч.Б-гийн өмчлөлд, харин 2018.06.20-ны өдөр Ч.Б болон С.Ж нарын хооронд байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээгээр 2018.06.21-ний өдөр С.Ж-ын өмчлөлд бүртгэгдсэн байна.

Үүний дараа 2020.05.15-ны өдөр С.Ж болон Ю.У нарын хооронд байгуулагдсан “Өмчлөгч өөрт ногдох хэсгээс бэлэглэх гэрээгээр 2020.05.22-ны өдөр Ю.У, С.Ж нарын өмчлөлд бүртгэгдсэн бол 2020.07.02-ны өдөр С.Ж болон Ю.У нарын хооронд байгуулагдсан Өмчлөгч өөрт ногдох хэсгээ бэлэглэх гэрээний дагуу 2020.07.07-ны өдөр Ю.У-гийн өмчлөлд, харин 2021.03.05-ны өдөр Ю.У болон С.Ж нарын хооронд байгуулагдсан Өмчлөгч өөрт ногдох хэсгээс бэлэглэх гэрээгээр 2021.03.05-ны өдөр Ю.У, С.Ж нарын өмчлөлд, улмаар 2021.03.05-ны өдөр Ю.У болон С.Ж нарын хооронд байгуулагдсан Өмчлөгч өөрт ногдох хэсгээ бэлэглэх гэрээний дагуу 2021.03.05-ны өдөр С.Ж-ын өмчлөлд, түүнчлэн 2023.12.07-ны өдөр “Хаан банк” ХК болон зээлдэгч С.Ж, хамтран үүрэг гүйцэтгэгч “Ш” ХХК нарын хооронд 36 сарын хугацаатай, 100,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийг хангахаар барьцааны гэрээ тус тус бүртгэгдсэн байна.

Маргааны зүйл болж буй орон сууц Б.Ч-ийн нэр дээр бүртгэгдсэнээс хойш орон сууцны өмчлөлийн бүртгэл нэхэмжлэгч, хариуцагч болон Ю.У-гийн өмчлөлд тус тус харилцан шилжиж байсан байна. Түүнчлэн Ю.У нь гэрчийн мэдүүлэг өгөхийн зэрэгцээ “Шаардах эрх шилжүүлэх тухай” баримтыг 2024.06.24-ний өдөр анхан шатны шүүхэд гаргасан нь хэрэгт авагдсан боловч энэ талаар шүүх ямар нэгэн дүгнэлт хийгээгүй байна. /III-xx-30/

13.Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагад дурдаагүй, анхан шатны шүүх эрх зүйн дүгнэлт хийгээгүй, талууд мэтгэлцээгүй асуудлаар дүгнэлт хийснийг хэрэг маргааныг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлээгүй, улмаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасныг зөрчсөн гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, тухайн үл хөдлөх эд хөрөнгө болох орон сууцны хууль ёсны өмчлөгч хэн болох, өмчлөх эрх шилжих үндэслэл болсон хэлцлийн хүсэл зориг, зорилго, хууль зүйн хувьд хүчин төгөлдөр эсэх талаар талууд маргасан. Харин худалдах-худалдан авах гэрээний үүрэг хэрэгжсэн эсэх тухайд зохигч маргаагүй байхад давж заалдах шатны шүүх энэ үндэслэлээр дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь хуульд нийцсэнгүй. Иймээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгуулах тухай хариуцагч талын гаргасан гомдол үндэслэлтэй байна.

14.Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах, эсхүл шийдвэрийг хэвээр үлдээх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй буюу хяналтын шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168.1.7-д заасан “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.6-д заасан нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хянан шийдвэрлэсэн бол шийдвэрийг хүчингүй болгох” зохицуулалтыг давж заалдах шатны шүүх анхаараагүй, мөн хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлээгүй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх явцад буюу шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах, үүнтэй холбогдуулаад нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасан байх бөгөөд энэ нь тухайн хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой,  нэхэмжлэлийн шаардлагад хамаарах, шүүхийн шийдвэрт нөлөөлөх хэмжээний баримт, материалын талаар гаргасан хүсэлтийг шүүх хүлээж аваагүй, хүсэлтийг шийдвэрлээгүй орхисон. Улмаар “нэхэмжлэгчийг шаардлагын үндэслэлээ нотлоогүй” гэж дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болгосон нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл байх шаардлагад нийцэхгүй байна. Иймээс хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаана.

Түүнчлэн хэргийн 2 дугаар хавтсын 230-244 дэх талд авагдсан Хаан банкнаас шүүхэд ирүүлсэн 2 албан тоот, хавсралт гэсэн материалууд энэ хэрэгт хамааралгүй, зохигчийн дансны мэдээлэл биш байгааг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 191/ШШ2025/02793 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 210/МА2025/01028 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс 2025 оны 07 сарын 08-ны өдөр төлсөн 574,750 төгрөг, хариуцагчаас 2025 оны 07 сарын 09-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

   

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.УНДРАХ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                               Г.АЛТАНЧИМЭГ

 ШҮҮГЧИД                                                   Э.ЗОЛЗАЯА

                                                                                 Д.ЦОЛМОН

                                                                      Х.ЭРДЭНЭСУВД