Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 00114

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг,

Улсын яллагч Б.Болд, 

Шүүгдэгч Ц.Нямжаргал, Б.Нямхүрэл,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Баярдаваа, Ч.Будхүү нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Батчулууны Нямхүрэл, Цогбадрахын Нямжаргал нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201622000717 дугаартай хэргийг 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Цагаанхуулар овогт Батчулууны Нямхүрэл, 1983 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн 10 дугаар багт оршин суух, урьд  Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 09 ны өдрийн 03 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорьж хорих ялыг  тэнсэж 2 жил 1 сарын хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар /РХ 83061719/ регистрийн дугаартай,

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Чонод овогт Цогбадрахын Нямжаргал 1998 оны 02 дугаар сарын 01-ны өдөр Хөвсгөл аймгийн Арбулаг суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, ам бүл 3, аав, ээжийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн 15-08 тоотод оршин суух,эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд нь Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 155 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 сар 5 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, /РБ 98020114/ дугаарын регистртэй.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд зааснаар/

Шүүгдэгч Б.Нямхүрэл, Ц.Нямжаргал нар нь 2017 оны 02 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багт байрлах Хийтийн гол нэртэй зочид буудлын өрөөнөөс шууд санаатай шунахай сэдэлтээр, согтуугаар иргэн Х.Нямхүүгийн бэлэн 960.000 төгрөг, Самсунг 6S edge маркийн гар утасыг бүлэглэн хулгайлж 1.460.000 /нэг сая дөрвөн зуун жаран мянган/ төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.Нямхүрэл, Ц.Нямжаргал нар нь 2017 оны 02 дугаар сарын 18-19- нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багт байрлах Хийтийн гол нэртэй зочид буудлын өрөөнөөс согтуугаар иргэн Х.Нямхүүгийн бэлэн 960.000 төгрөг, Самсунг 6S edge маркийн гар утасыг бүлэглэн хулгайлж 1.460.000 /нэг сая дөрвөн зуун жаран мянган/ төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч Ц.Нямхүрэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... хохирогч Нямхүү гэх залуу ганцаараа буудал руу орсон. Буудал руу орчихоод гарч ирэхдээ би энд өрөө авчихлаа хэдүүлээ оръё гэж байсан. Тэгэхээр нь би зөвшөөрөөд хамт орсон. Бид нар буудалдаа ороод Нямхүүгийн дэлгүүрээс авсан архи пивыг хувааж уусан ... Тухайн үед Нямжаргал Нямхүүгийн гар утасыг авчихсан. Тэгэхээр нь би Нямхүүгийн халаасыг ухсан. Би Нямхүүгийн бүсэлхийнд нь зүүлттэй байсан фаскыг онгойлгоход дотор нь 2 боодолтой мөнгө байсан. Хамгийн наад талд байсан боодолтой 10.000 /арван мянган/ төгрөгийн дэвсгэртийг авсан. Тэгээд бид хоёр гадаа гарч ирээд машиндаа суугаад гэрэлтэй цонх дэлгүүр дээр очсон. Тэнд очоод авсан мөнгийг тоолж үзэхэд бэлэн 960.000 төгрөг байсан. Уг мөнгөнөөс бид хоёр нэг шил 0,75 литрийн Улаанбаатар нэртэй архи болон идэж уух юм авсан. Мөн машинд маань бензин хийсэн. Үлдсэн 900.000 /есөн зуун мянган/ төгрөгийг 450.000, 450.000-аар нь хувааж авсан гэх мэдүүлэг, /хх-ийн 41-42-р хуудас/,

Шүүгдэгч Ц.Нямжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Миний хулгайлсан гар утас нь Самсунг 36 edge маркийн цайвар өнгөтэй гар утас байсан ... Тухайн үед Нямхүү ах гар утсаа гартаа барьчихсан унтаж байхаар нь би гар утсыг нь аваад гарах гэж байхад Нямхүрэл Нямхүү ахын халаасыг ухсан тэгснээ Нямхүү ахын бүсэлхийнд нь зүүлттэй байсан фаскыг онгойлгоод дотроос нь боодолтой 10.000 /арван мянган/ төгрөгийн дэвсгэрт байхаар нь авчихсан. Бид хоёр гадаа гарч ирээд машиндаа суугаад гэрэлтэй цонх дэлгүүр дээр очсон. Тэнд очоод Нямхүрэл ахын авсан мөнгийг тоолж үзэхэд бэлэн 960.000 /есөн зуун жаран мянган/ төгрөг байсан. Уг мөнгөнөөс бид хоёр нэг шил 0,75 литрийн Улаанбаатар нэртэй архи болон идэж уух юм авсан нийт 60.000 /жаран мянган/ төгрөгийг архи болон идэж уух юманд зарцуулсан байсан. Үлдсэн 900.000 /есөн зуун мянган/ төгрөгийг 450.000, 450.000- аар нь хувааж авсан. Би архиныхаа халуунд л хулгай хийсэн гэх мэдүүлэг /хх-ийн 37-38-р хуудас/

Хохирогч Х.Нямхүүгийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: ... Би Булган аймагт самранд явж байгаад 2017 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд ирсэн юм. Мөрөн орж ирээд түүхий эд авдаг Наранхүү гэдэг хүнд самраа зарсан. Самраа нийт 4.400.000 /дөрвөн сая дөрвөн зуун мянган/ төгрөгөнд зараад зарсан мөнгөө дөрвүүлээ хувааж авсан. Анх самранд гарах зардлыг би хувиасаа даасан учраас хамт явсан хүмүүсээс 900.000 /есөн зуун мянган/ төгрөгийг гаргуулж авсан. Би нийтдээ 2.000.000 /хоёр сая/ төгрөгтэй байсан. Тэгээд орой 21 цаг өнгөрч байхад самранд цуг явсан найз Уугантогтох гэдэг залуутай хамт “Эрдэнэс” бааранд орж 1 шил 0,5 литрийн архи аваад хувааж уусан. Уг газартаа авсан архиа ууж дуусгачихаад “Доргио” нэртэй баараар хальт дайраад тэндээсээ “Буманз” нэртэй бүжгийн газарт очиж суусан. Уг газарт барагцаагаар 30 орчим минут л болоод байж байхад уг газар нь хаалаа гэхээр нь гарсан. Гадаа гараад байж байхад нэг таксины жолооч 10 дугаар хороо явна гээд орилж байсан. Тэгэхээр нь уг машинд нь найзтайгаа хамт суугаад 10 дугаар хороо орсон. Тэгээд явж байгаад би таксины жолоочоос архи пиво авчих газар байна уу гэж асуухад гэрэлтэй цонх гэдэг газарт архи зардаг гэж байсан. Гэрэлтэй цонх гэсэн нэртэй газар луу нь очиж 2 том савтай Сэнгүр нэртэй пиво авсан. Уг газраас пиво авчихаад Хийтийн гол нэртэй буудал руу явсан. Буудалд очоод 2 давхарт нэг өрөө авсан, би авсан өрөөндөө ороод унтаад өгсөн. Тэгээд унтаад өглөө 06 цаг болж сэрэхэд миний гар утас байхгүй ... гар утсаа хулгайд алдсанаа мэдсэн. Тэгээд бүсэлхийндээ зүүсэн байсан цүнхээ /фаск/ шалгаж үзэхэд дотор нь байсан 1.960.000 төгрөгнөөс 960.000 төгрөг нь алга болсон байсан. Сүүлд мэдэхэд машин барьж явсан Нямка гэх залууг Нямхүрэл, түүнтэй хамт явсан Нямка гэх залууг Нямжаргал гэдэг нэртэй болохыг мэдсэн. Би хулгайд алдсан гар утсаа буцааж олж авсан, гар утсаа буцааж олж авахад хэвийн ажиллаж байсан. Би хохирлоо бүрэн барагдуулж авсан. Миний хохиролын мөнгийг ХААН банкны 5899019998 данс руу шилжүүлэн хийсэн. Би хохиролоо бүрэн барагдуулаад авчихсан болохоор одоо нэхэмжлэх ямар нэгэн зүйл байхгүй гэх мэдүүлэг, /хх-ийн 11-13-р хуудас/,

Гэрч Ц.Мөнгөншагайгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Нямжаргал манай гэрт ирээд найз нь энэ гар утсаа зарлаа чи авах юм уу гэж байсан 70.000 /далан мянган/ төгрөгөнд зарлаа гэж байсан. Тэгэхээр нь би ээж, аавтайгаа ярилцаж байгаад гар утасыг нь авахаар болсон. Нямжаргал надад уг гар утасыг зарчихаад л гараад явчихсан. Маргааш нь намайг гэртээ байж байхад цагдаагаас дуудсан. Тэгэхээр нь би цагдаа дээр яваад очиход гар утас нь хулгайн гар утас болох талаар мэдсэн.Тэгээд би Нямжаргалаас худалдаж авсан гар утсаа хохирогч гэх Нямхүү гэдэг ахад бүрэн бүтнээр нь хүлээлгэж өгсөн. Нямжаргал надад цагаан өнгөтэй, хар хавтсан гэртэй, Самсунг галакси 36 эджи маркийн гар утас зарсан. Хулгайн утас гэдгийг мэдсэн бол авахгүй байсан. Би Нямжаргалаас гар утас худалдаж авсан мөнгөө нэхэмжлэхгүй гэх мэдүүлэг, /хх-ийн 14-р хуудас/,

Бичиг баримтанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 4-р хуудас/

Эд зүйлд шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /20-р хуудас/,

Эд зүйл үнэлсэн тайлан /хх-ийн 21-р хуудас/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.Нямжаргал, Б.Нямхүрэл нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнд гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зуилиин 145.2-т зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.Нямжаргал, Б.Нямхүрэл нар нь урьд ял шийтгэл эдэлж байсан болох нь хавтаст хэргийн 55, 67-р хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, 56-59, 69-71-р хуудсанд авагдсан шийтгэх тогтоолын хуулбар зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Нямхүрэл нь Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 09 ны өдрийн 03 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж 2 жил 1 сарын хугацаагаар тэнсэж, хянан харгалзаж байсан ба түүний ялтай байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-т зааснаар дууссан байна. Түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Харин шүүгдэгч Ц.Нямжаргал нь Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 155 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 сар 5 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-т зааснаар ялтай байх хугацаандаа дахин гэмт хэрэг үйлджээ.

Шүүгдэгч Ц.Нямжаргал, Б.Нямхүрэл нар нь хохирогч Х.Нямхүүд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэм хорыг арилгасан болох нь хохирогчийн мөрдөөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгээр тогтоогдож байх тул хохирол төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Нямхүрэл нь анх удаа гэмт хэрэг үйлдснийг, шүүгдэгч нар нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Харин ял хүндрүүлэх нөхцөл байдалд согтуугаар гэмт хэрэг үйлдснийг тооцлоо. Шүүгдэгч Ц.Нямжаргалын хувьд ялтай байх хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй байна.

 Шүүгдэгч Ц.Нямжаргал, Б.Нямхүрэл нарын хувийн болон ар гэрийн байдлыг харгалзаж эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй гэж үзлээ.

Шүүгдэгч нарт хуульд заасан ял оногдуулахдаа гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр, шүүгдэгч нарын хувийн байдал тэдэнд хүлээлгэх хариуцлагын хэр хэмжээ гэмт хэргийг улмаас учирсан хохирлын шинж чанар зэргийг харгалзан үзэж ял шийтгэлийг оногдуулж, шүүгдэгч Б.Нямхүрэлд оногдуулахдаа уг хуульд заасан хорих ялыг биечлэн эдлүүлэх  шаардлагагүй гэж үзлээ. Харин шүүгдэгч Ц.Нямжаргал нь урьд ял шийтгүүлж ялтай байх хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдсэн байх тул хуульд заасан ялыг биечлэн эдлүүлэх нь шаардлагатай байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, шүүгдэгч Ц.Нямжаргал, Б.Нямхүрэл нар нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-299 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Чонод овогт Цогбадрахын Нямжаргал, Цагаанхуулар овогт Батчулууны Нямхүрэл нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Ц.Нямжаргал, Б.Нямхүрэл нарт эд хөрөнгө хураахгүйгээр тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Ц.Нямжаргал, Б.Нямхүрэл нарт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Б.Нямхүрэлд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт даалгасугай. 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримтгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Нямхүрэл урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Ц.Нямжаргалд урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.  

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Н.НЯМСҮРЭН