Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 182/ШШ2022/00505

 

                                                                                                                                         

 

 

 

 

 

 

                                      2022         02          24

            182/ШШ2022/00505

   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

   Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд явуулж

 

Нэхэмжлэгч: “Сф” ХХК /РД:5252911/,

 

Хариуцагч: “КБ” ХХК дахь банкны эрх хүлээн авагч

 

  шүүгчийн захирамжийн дагуу төлбөрийг бүрэн төлж дууссан болохыг тогтоолгох, илүү төлсөн төлбөр болох 18,836,715 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Б,

хариуцагчийн төлөөлөгч Н.Г,

нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1.Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1731 дугаар шүүгчийн захирамжийн 1-т зааснаар “Сф” ХХК нь 4 ширхэг самбарыг актаар хүлээн авч гүйцэтгэгч талд 35,000,000 төгрөгийг ажлын 5 хоногийн дотор шилжүүлэн өгөх, хэрэв гүйцэтгэгч тал эвлэрлийн гэрээний дагуу ажлыг /4 самбарыг/ гүйцэтгээгүй тохиолдолд 60,192,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан. Энэхүү эвлэрлийн гэрээнд заасан ажлаас 2012 оны Тасганы овооны баруун талын уулзварын самбарны (8м*16м 1 талт) 26,400,000 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэн, тухайн байршилд байршуулсан байхад төлбөл зохих нийт үнийн дүнгээс хасч тооцоогүй, дээрх шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамжийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2014 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 14250190 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн бөгөөд захирамжийн биелэлтийн дагуу КБ, Бишрэлт их дэлгүүр, түүний захирал Н.У гишүүний сонгуулийн сурталчилгааны ажил зэрэг хаяг, реклам, самбар, хулдаасан хэвлэлийн ажлыг гүйцэтгэж, 1731 тоот захирамжийн дагуу төлбөл зохих бүх төлбөрийг төлсөн байхад КБны эрх хүлээн авагч нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хаах хүсэлт гаргахгүй манай компанийг хохироож байна. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байх үед дээрх захирамжийн эвлэрлийн гэрээнд заасан ажлууд, нэмэлт бусад ажлыг КБны хүсэлтээр гүйцэтгэж байсан бөгөөд тухайн үед байгууллагад захиалга өгөх, гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээн авах ажлыг КБны үйл ажиллагааны газрын захирал Б.Гт хүлээлгэн өгч байсан.

“Сф” ХХК нь  хэвлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг учраас дээрх захирамжийн биелэлтийг хангахын тулд 2015 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн эхлэн 2019 оныг дуустал нийт 70,836,715 төгрөгийн ажлыг гүйцэтгэж, КБинд өгсөн. Төлбөр авагч талд төлбөрийг ажил гүйцэтгэлээр төлсөн байхад Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 3,915,469.87 төгрөг, мөн түүнчлэн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 11,040,000 төгрөгийг нэхэмжлэгч компанийн данснаас татаж авч, КБны эрх хүлээн авагчид шилжүүлсэн нь илүү төлбөр юм. Иймд 2012 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1731 тоот шүүгчийн захирамжийн биелэлтийг хангаж, төлбөрийг бүрэн төлж дууссан болохыг тогтоож, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны дагуу КБны эрх хүлээн авагчид “Сф” ХХК-аас илүү төлсөн төлбөр болох 18,836,715 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

2. Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монголбанкны ерөнхийлөгчийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн A-96 дугаар тушаалаар КБыг албадан татан буулгахаар шийдвэрлэж, мөн өдрийн A-97 дугаар тушаалаар тус банканд Банкны эрх хүлээн авагч томилон, банкны удирдлага, хяналт Банкны эрх хүлээн авагчид шилжсэн. Банкны эрх хүлээн авагч нь харилцагч, иргэд болон төрд учирсан хохирлыг барагдуулахаар ажиллаж байна. Тус 1731 дугаар шүүгчийн захирамжид дурдсанаар “Сф” ХХК нь КБинд 4 ширхэг 6×17 хэмжээтэй сурталчилгааны самбарыг тодорхой байршлуудад хийж хүлээлгэн өгөх, тохиролцсон хугацаандаа тус самбаруудыг хүлээлгэн өгсөн тохиолдолд “Сф” ХХК-д 35,000,000 төгрөгийг шилжүүлэхээр, харин дээрх сурталчилгааны 4 самбарыг хугацаандаа хүлээлгэн өгөөгүй бол шүүхэд нэхэмжилсэн 60,192,000 төгрөгийг үл маргах журмаар КБинд төлөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээг байгуулсан байна.

Өнөөдрийн байдлаар Банкны эрх хүлээн авагчид 2012 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1731 дугаар шүүгчийн захирамжийн дагуу “Сф” ХХК нь сурталчилгааны самбар хийж хүлээлгэн өгсөн талаар баримт байхгүй мөн банкны өмчлөл, эзэмшилд ямар нэгэн сурталчилгааны самбар байхгүй, 60,192,000 төгрөгийг төлсөн талаарх баримт мөн байхгүй. Хэрэв “Сф” ХХК нь харилцан тохиролцсоны дагуу 60,192,000 төгрөгийн төлбөрөө бүрэн төлж барагдуулсан гэж үзэж байгаа юм бол 2012 оноос эхлэлтэй уг маргааны талаар мэдэж байсан банкны удирдлагуудыг байхад шийдвэрлэхгүйгээр өнөөдрийг хүрсэн байгаа нь ойлгомжгүй байна.

Монгол Улсын шүүхийн шийдвэр нь заавал биелэгдэх шинж чанартай байдаг бөгөөд 2012 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 1731 дугаар шүүгчийн захирамжийн дагуу КБинд 14,955,469.87 төгрөгийн төлбөр төлөгдөж үлдэгдэл 45,236,530.13 төгрөг төлөгдөөгүй байна. “Сф” ХХК нь өмнө гарсан шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй атлаа нэгэнт шийдэгдсэн уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргаж өмнө гарсан шүүхийн шийдвэрийг үгүйсгэж байгаа нь хуулинд нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч энэ асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.4-д Зохигч ба хэргийн бусад оролцогч, түүнчлэн тэдгээрийн эрх залгамжлагч шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэгдсэн маргааны талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах буюу шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцаа, иргэний хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй гэж заасан байна.

Иймд “КБ” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн зүгээс “Сф” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлдээ үндэслэлгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, талуудын эвлэрлийг баталсан Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2012 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн захирамж, материал зарлагадсан баримт болон нэхэмжлэх, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол, дансны хуулга, КБ, банкны эрх хүлээн авагчид тавьсан хүсэлт, хариу зэрэг баримт, хариуцагчаас ирүүлсэн Монгол банкны Ерөнхийлөгчийн тушаалууд, балансын гадуурх дансны хуулга зэрэг баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

   1.Нэхэмжлэгч “Сф” ХХК нь хариуцагч КБ ХХК-ийн банкны эрх хүлээн авагчид холбогдуулан 2012 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1731 тоот шүүгчийн захирамжийн биелэлтийг хангаж, төлбөрийг бүрэн төлж дууссан болохыг тогтоолгох, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар КБны эрх хүлээн авагчид “Сф” ХХК-аас илүү төлөгдсөн төлбөр болох 18,836,715 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж,

хариуцагч нь нэхэмжлэгчийн зүгээс КБ ХХК дахь банкны эрх хүлээн авагчид 2012 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1731 дугаар шүүгчийн захирамжийн дагуу “Сф” ХХК нь ажлын гүйцэтгэлээр, тухайлбал, сурталчилгааны самбар хийж хүлээлгэн өгсөн талаар баримт байхгүй, мөн банкны өмчлөл, эзэмшилд ямар нэгэн сурталчилгааны самбар байхгүй, урьд 60,192,000 төгрөг төлөгдсөн тухай баримт байхгүй. 2020 онд 14,955,469.87 төгрөгийн төлбөр төлөгдөж, 45,236,530.13 төгрөг төлөгдөөгүй байна гэж нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй маргаж байна.

2.КБ 2012 онд ажил гүйцэтгэх гэрээний үүргээ гүйцэтгээгүй гэж гэрээгээр шилжүүлсэн 31,680,000 төгрөгийг алдангийн хамт 60,192,000 төгрөгийг “Сф” ХХК-иас нэхэмжлэн шүүхэд хандаж, Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1731 дугаар шүүгчийн захирамжаар “Сф” ХХК нь КБинд 4 ширхэг самбар хийж байршуулан 2013 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн дотор актаар хүлээлгэн өгч, КБ нь гүйцэтгэгч талд 35,000,000 төгрөгийг ажлын 5 хоногийн дотор шилжүүлэн өгөх, хэрэв гүйцэтгэгч тал эвлэрлийн гэрээний дагуу ажлыг гүйцэтгээгүй тохиолдолд КБны нэхэмжилсэн 60,192,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож, талууд эвлэрлийн гэрээ байгуулсныг баталсан байна.

3. Монгол банкны Ерөнхийлөгчийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А-96, А-97 дугаар тушаалуудаар КБ ХХК-ийг татан буулгаж, банкны эрх хүлээн авагч томилсон нь тушаалуудаар тогтоогдож байх ба банкны эрх хүлээн авагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцож байна.

4.Хариуцагч нь КБ шүүхийн шийдвэрийн дагуу “Сф” ХХК-иас 60,192,000 төгрөгийг авах өр шилжиж ирсэн, энэ өрнөөс 2020 оны 02 дугаар сарын 18-нд 3,915,469 төгрөг, 08 дугаар сарын 26-нд 11,040,000 төгрөг, нийт 14,955,469 төгрөг төлөгдөж одоо 45,236,530 төгрөгийн авлага үлдсэн байгаа, банкны өмчлөл, эзэмшилд ямар нэгэн сурталчилгааны самбар ирсэн зүйл байхгүй, “Сф” ХХК-иас ийм самбар хүлээлгэн өгсөн зүйл байхгүй гэж тайлбарлаж, 45,236,530 төгрөгийн авлагын үлдэгдэл бүхий балансын гадуурх дансны хуулгыг шүүхэд ирүүлсэн байна.

5. “Сф” ХХК нь КБ ХХК дахь банкны эрх хүлээн авагчид илүү төлбөр төлсөн асуудлаар хандахад банкны эрх хүлээн авагч 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 1049 дугаар албан бичгээр КБны холбогдох этгээдийн өр төлбөрийг хариуцах үндэслэлгүй гэсэн хариу өгч байжээ.

6. Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1731 дугаар шүүгчийн захирамжийг  албадан гүйцэтгэхээр шийдвэр гүйцэтгэгчийн 2014 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн 14250190 дугаартай тогтоол байх боловч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хэрхэн явагдсан, төлбөр төлөгдөж дууссан эсэх талаар баримт алга байна.

7.Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар шүүгчийн захирамжид заасан төлбөр бүрэн төлөгдөж дууссаныг тогтоолгох тухай шаардлагыг нэхэмжлэгч банкны эрх хүлээн авагчид холбогдуулж гаргасан нь үндэслэлгүй болжээ. Мөн уг төлбөрт илүү мөнгө төлсөн тухай баримт байхгүй, нотлогдох зүйлгүй байх тул нэхэмжлэгчийн хариуцагчаас 18,836,715 төгрөг гаргуулах тухай шаардлага үндэслэлгүй байна.

8.Нэхэмжлэгч шүүгчийн захирамжийн дагуу КБинд ажил гүйцэтгэж өгч төлбөрийг төлсөн гэж тайлбарлаж буй боловч үүнийг үндэслэх зүйл алга байна. Барилгын материалын зарлагын падаан, нэхэмжлэхийг ирүүлсэн боловч хүлээн авсан этгээд зөвхөн банк биш өөр өөр этгээд байхын зэрэгцээ гүйцэтгэсэн ажлыг төлбөрт тооцуулсан бол нэхэмжлэгч ажлын үлдэгдэл үнэ 35,000,000 төгрөгийг авсан эсэх, авахаар захиалагчид хүсэлт гаргаж байсан нь тодорхойгүй байна.

9.Татан буугдсан банкны өр төлбөрт тооцуулахаар гүйцэтгэсэн ажлын үнийн илүү төлсөн гэх төлбөрийг буцаан өгөх асуудлыг дараалалд оруулахгүйгээр шийдвэрлэх эрх хэмжээ Банкны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасан Банкны эрх хүлээн авагчийн бүрэн эрхэд байхгүй байна.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

                                         

ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-ийг баримтлан “Сф” ХХК-ийн хариуцагч “КБ” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид холбогдуулан гаргасан шүүгчийн захирамжийн дагуу төлбөрийг бүрэн төлж дууссан болохыг тогтоолгох, илүү төлсөн төлбөр болох 18,836,715 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1, 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 322,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногт гардан авах үүрэгтэй ба гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

                                         

ДАРГАЛАГЧ                                   С.БУД