| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2024/0209/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/206 |
| Огноо | 2024-09-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 2024/ШЦТ/206
2024 09 26 2024/ШЦТ/206
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Э,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.А,
Шүүгдэгч: Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Доос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө овогт Бийн Гт холбогдох эрүүгийн 2435000000204 дугаартай хэргийг 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянав.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19.... оны 02 дугаар сарын ........-нд Увс аймгийн ........... суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Увс аймгийн ............ сумын 3 дугаар баг .............. тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 12 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 781 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжээр буюу 500,000 төгрөгөөр торгох ял, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 205 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2900 нэгжээр буюу 2,900,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан Ө овогт Бийн Г /........................./.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн нутаг ..... тоот хашаанд өөрийн эцэг Д.Бийг үл ялих зүйлээр шалтаглан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч Б.Гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Б.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн нутаг .... тоот хашаанд өөрийн эцэг Д.Бийг үл ялих зүйлээр шалтаглан зодсон болох нь:
Хохирогч Д.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар баг 909 тоотод өөрийн эхнэрийн хамт амьдардаг юм. Би 2024 оны 08 дугаар сарын 17-ны өглөө би гэртээ ганцаараа 0.5 литрийн ерөөл нэртэй архи уусан бөгөөд тухайн үед миний хүү Б.Г гаднаас бас нэлээн согтуу хашаанд орж ирсэн юм. Тэгээд би чи яагаад байнга архи уугаад яваад байгаа ажил төрөл олж хий гэж хэлтэл Б.Г нь над руу чи өөрөө адилхан архи уучихсан байж гээд орилоод байхаар нь би чи манайхаас гарч яв гэж хэлтэл над руу уурлаж барьцалдаж автал намайг газарт унагаасан тухайн үед би яг яаж унасан мэдэхгүй бөгөөд би нэлээн согтуу байсан юм. Тэгээд босоод иртэл миний гар, дух зулгарсан миний толгойноос цус гарч байсан тул би цагдаа дуудсан юм. Би гэртээ ганцаараа архи уусан ба тухайн үед миний хүү Г нь гаднаас ганцаараа орж ирж байх шиг байсан гэхдээ би сайн мэдэхгүй байна. Би тухайн үед нэлээн согтуу байсан юм. Би тухайн үед өөрийн хүү Б.Гтэй маргалдаж байсан бөгөөд яг юу болсныг сайн санахгүй гэхдээ нэг ухаан ортол миний гар дух зулгарсан толгойг орой хэсгээс цус гарч байсан юм. Үгүй урьд өмнө Б.Г нь миний биед халдаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн зүйл байхгүй энэ удаа анх удаа надтай маргалдаж хэрүүл маргаан болсон юм. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Миний сэтгэл санаанд хохирол учирсан зүйл байхгүй. Би сэтгэл санааны хохирлыг нэхэмжлэхгүй. Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан гэхдээ миний биед учирсан гэмтлийг хэн хэрхэн учруулсныг одоо санахгүй байна гэхдээ би өөрийн хүү Гийг архи уулаа гэж загнахад намайг чи өөрөө адилхан архи уучихсан байж гэж хэлээд бид хоёр барьцалдаж авснаа санаж байна тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй байгаа бөгөөд хэн хэрхэн миний биед юугаар хэрхэн гэмтэл учруулсныг би тодорхой санахгүй байна. Миний хүү Б.Г нь 1989 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Увс аймгийн Давст суманд төрсөн бөгөөд ах эгч аав ээжийн хамт өсөж торнисон манай бага хүү юм. Б.Г нь хүүхэд ахуй насаа эцэг эхийн дэргэд өссөн хүн юм. Мөн Б.Г нь Увс аймгийн ахлах 1 дүгээр сургуульд суралцаж 10 дугаар ангийг 2006 онд төгсөж бүрэн дунд боловсрол эзэмшиж улмаар 2006-2010 оны хооронд Улаанбаатар хотод Их засаг их сургуулийн эдийн засгийн ангийг төгсөж дээд боловсрол эзэмшиж эдийн засагч мэргэжилтэй болсон юм. Тэгээд их сургууль төгссөний дараа Увс аймгийн Төрийн, Хас банкнуудад эдийн засагчаар ажиллаж байсан юм. Би оныг сайн санахгүй байна эхнэртэй болоод тусдаа гарсан боловч эхнэр нь салаад явсан ба Б.Гийн охин Хулан одоо 5 настай цэцэрлэгт сурч байгаа бөгөөд охин нь өөрийн ээжтэй хамт амьдардаг юм. Миний хүү Б.Г нь их үг дуу цөөнтэй хүнтэй хэл ам хэрүүл маргаан хийгээд байдаггүй төлөв даруу хүн юм. Харин сүүлийн 4, 5 жил эхнэр нь салж явснаас болоод бага зэрэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байгаа юм. Өөрөөр ямар нэгэн илүү зан аашгүй мэдлэг боловсролтой сайн хүн юм. Одоогоор тусдаа гарч хурим найраа хийгээгүй байгаа тул эд хөрөнгө гэх зүйлүүд нэг их байхгүй байх харин Улаангом сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 55 айлын байранд 1 өрөө байртай өөр ямар нэгэн эд хөрөнгө байхгүй. Миний хүү Б.Г нь одоогоор манай гэрт эхнэр бид хоёрын хамт амьдарч байгаа юм. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Миний хүү Б.Г нь надад эмчилгээний зардал гэж 300,000 төгрөг өгсөн надад нэхэмжлэх зүйлгүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38, 40, 42 дахь тал),
Гэрч М.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2024 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Увс аймгийн цагдаагийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч бөгөөд ЭЦТ-ийн даргын баталсан хуваарийн дагуу тухайн өдрийн шуурхай бүрэлдэхүүнд зөрчлийн хэрэг бүртгэгчээр үүрэг гүйцэтгэж байсан юм. Тэгээд 13 цагийн үед цагдаагийн газрын 7045102 дугаарын утсанд иргэн Д.Бээс гаргасан миний хүү Б.Г нь намайг зодсон гэх дуудлага мэдээлэлд цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч А.Аын хамт очсон юм. Би анх тухайн Б нь өөрийн хүү Б.Гт зодуулсан гэх дуудлагад очоод уг айлын хашаа руу орж уг хашаанд байх монгол гэрт ороход дуудлага өгсөн хүн болох Бийн толгойноос нь цус гарсан, баруун гарын сарвууны ар хэсэг нь зулгарсан, зүүн чихний урд хавьд зулгарч цус гарсан мөн баруун духанд зулгарсан шарх үүссэн байсан ба тухайн үед юу болсон талаар тодруулахад миний хүү Б.Г нь согтуу орж ирэхээр нь би чи наад архи уухаа болиоч гэж хэлэхэд надтай маргалдаад намайг цохисон гэж хэлсэн ба тухайн үед Б.Г гэх хүн граж дотор орон дээр сэрүүн хэвтэж байсан юм. Тэгээд уг Б.Гийг аваад явах гэтэл Б гэх хүн ирээд наадхаа эрүүлжүүл гэж хэлсэн бөгөөд бид хоёр Б.Гийг цагдаагийн газарт авч ирээд эргэж очоод Б гэх хүнийг эмнэлэгт хүргэсэн бөгөөд тухайн үед Б гэх хүн би гомдолгүй одоо явахгүй гэж хэлж байсан юм. Тухайн дуудлага өгсөн Б гэх хүн мөн түүний хүүхэд Б.Г гэх хүмүүс байсан ба өөрөөр ямар нэгэн хүн байгаагүй. Тухайн Б гэх хүний зулай хэсэгт язарсан шарх үүссэн байсан бөгөөд уг шархнаас цус гарч байсан ба мөн духны баруун талд мөн зүүн чихний хавьд зулгарсан байсан бөгөөд Б гэх хүн хэлэхдээ миний хүү Б.Г нь намайг цохисон гэж байсан юм. Тухайн дуудлага мэдээлэлд би тухайн өдрийн цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч А.Аын хамт очсон юм.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 44 дэх тал),
Гэрч А.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Анх дуудлагад очоод уг айлын хашаа руу орж уг хашаанд байх монгол гэрт ороход уг дуудлага өгсөн хүн болох Б толгойноос нь цус гарсан, баруун гарын байх сарвууны ар хэсэг нь зулгарсан байдалтай байсан ба тухайн үед юу болсон талаар тодруулахад миний хүү Б.Г нь согтуу орж ирж агсам тавиад намайг цохисон гэж хэлсэн ба тухайн үед Б.Г гэх хүн граж дотор орон дээр сэрүүн хэвтэж байсан юм. Тэгээд уг Б.Гийг аваад явах гэтэл Б гэх хүн ирээд наадхаа эрүүлжүүл гэж хэлсэн бөгөөд бид хоёр Б.Гийг цагдаагийн газар дээр авч ирээд эргэж очоод Б гэх хүнийг эмнэлэгт хүргэсэн бөгөөд тухайн үед хүн би гомдолгүй одоо явахгүй гэж хэлсэн байсан юм.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 45-46 дахь тал)
Увс аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 361 дугаартай: “Үзүүлэгч Д.Бийн биед баруун зулайн хуйханд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, духны баруун хэсэгт, баруун нүдний гадна булан, дээд зовхинд, баруун хацар, зүүн чихний урд хэсэгт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Гэмтлүүд нь шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоолд заагдсан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Шинэ гэмтлүүд байна. Өөрөөр хэлбэл 6-7 орчим хоногийн өмнө үүссэн гэмтэл биш байна. Баруун зулайн хуйханд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам”-ын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. бусад зулгаралт гэмтлүүд нь уг журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 53-54 дэх тал),
Шүүгдэгч Б.Гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2024 оны 8 дугаар сарын 17-ны өдөр өөрийн найз нартайгаа хамт архи ууж байгаад 12 цаг өнгөрч байхад өөрийн аав Бийн гэрт очтол аав Б нь нэлээн согтуу миний урдаас хэрүүл хийгээд байхаар нь би тоолгүй хаятал намайг цохих гэж дайрахаар нь би өөрөөсөө салгах гээд түлхтэл газарт унасан юм. Харин өөрөөр ямар нэгэн цохиж зодох зүйл байхгүй. Миний биед халдаж цохисон зүйл огт байхгүй. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа бөгөөд дахин ийм төрлийн гэмт хэрэг үйлдэхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 66 дахь тал)-үүдээр нотлогдон тогтоогдож байна.
Увс аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 361 дугаартай: “Үзүүлэгч Д.Бийн биед баруун зулайн хуйханд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, духны баруун хэсэгт, баруун нүдний гадна булан, дээд зовхинд, баруун хацар, зүүн чихний урд хэсэгт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Гэмтлүүд нь шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоолд заагдсан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Шинэ гэмтлүүд байна. Өөрөөр хэлбэл 6-7 орчим хоногийн өмнө үүссэн гэмтэл биш байна. Баруун зулайн хуйханд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам”-ын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. бусад зулгаралт гэмтлүүд нь уг журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 53-54 дэх тал)-ээр шүүгдэгч Б.Г нь хохирогч Д.Бийг зодсоны улмаас түүний биед хөнгөн гэмтэл учирсан болох нь тогтоогдсон байна.
Шүүгдэгч Б.Г нь энэ үйлдлийг хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд цохиж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогч Д.Бийн биед гэмтэл учирч болохыг мэдсээр байж зориуд зодож хохирол, хор уршигт хүргэсэн байгаа тул түүнийг санаатайгаар энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Б.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч маргаагүй болно.
Хохирол хор уршиг
Хохирогч Д.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Миний сэтгэл санаанд хохирол учирсан зүйл байхгүй. Би сэтгэл санааны хохирлыг нэхэмжлэхгүй. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Миний хүү Б.Г нь надад эмчилгээний зардал гэж 300,000 төгрөг өгсөн надад нэхэмжлэх зүйлгүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38, 42 дахь тал), Хохирогч Д.Бийн мөрдөн байцаалтын шатанд “Д.Б.Гт ямар нэгэн гомдол санал үгүй. Хохирол, нэхэмжлэх зүйлгүй болно ” гэх тодорхойлолтыг гараар бичиж, нотариатчаар гэрчлүүлж хэрэгт хавсаргасан (хавтаст хэргийн 91 дэх тал)-г тус тус үнэлээд шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.
2. Шүүгдэгч Б.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Б.Г нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Б.Г урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 12 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 781 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжээр буюу 500,000 төгрөгөөр торгох ял, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 205 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2900 нэгжээр буюу 2,900,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах лавлагаа, шийтгэх тогтоол (хавтаст хэргийн 68, 70-79 дэх тал)-оор тус тус тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.Г нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар Гэрч Б.Огийн өгсөн: “Миний хүү Б.Г нь их үг дуу цөөнтэй хүнтэй хэл ам хэрүүл маргаан хийгээд байдаггүй их төлөв даруу зантай хүн юм. Сүүлийн 4-5 жил эхнэр нь салж явснаас болоод бага зэрэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байгаа. Өөрөөр ямар нэгэн илүү зан аашгүй мэдлэг боловсролтой сайн хүн юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 48 дахь тал) авагдсан байна.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гт 400 /дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.
Шүүгдэгч Б.Г нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Гт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр хэрэглэхээр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ө овогт Бийн Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гт 400 /дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай
4. Шүүгдэгч Б.Г нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Гт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГАНСҮХ