| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дарамын Мягмаржав |
| Хэргийн индекс | 187/2020/0456/Э |
| Дугаар | 1103 |
| Огноо | 2020-09-01 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Б.Соёлмаа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 09 сарын 01 өдөр
Дугаар 1103
2020 09 01 2020/ДШМ/1103
Б.Б, Т.А нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Соёлмаа,
шүүгдэгч, хохирогч Т.А, түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 2020/ШЦТ/437 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор О.Алтангэрэлийн бичсэн 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 44 дугаартай эсэргүүцлээр Б.Б, Т.А нарт холбогдох эрүүгийн 1910029100464 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржав илтгэснээр хянан хэлэлцэв.
1. .................., 20........... оны ......... дугаар сарын ............-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 19 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Их засаг” их сургуулийн 3 дугаар дамжааны оюутан, ам бүл 3, эцэг, эхийн хамт Баянхонгор аймгийн Баянхонгор сум, Номгон 1 дүгээр багийн 1-1 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:............/;
2. ..................., 19........... оны ............. дүгээр сарын ................-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, урлаг судлаач, сэтгэл зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Эрдэнэтолгойн 43-159е тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:................./;
Б.Б нь 2019 оны 12 дугаар сарын 4-ний өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, “Дөрвөн бэрх” хотхоны 422-40 тоотод Т.Атай “шарсан хуурсан хоол хийлээ” гэснээс үүдэн маргалдаж, улмаар харилцан зодолдож Т.Анударийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,
Т.А нь 2019 оны 12 дугаар сарын 4-ний өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, “Дөрвөн бэрх” хотхоны 422-40 тоотод Б.Бтай “шарсан хуурсан хоол хийлээ” гэснээс үүдэн маргалдаж, улмаар харилцан зодолдож Б.Бын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Б.Б, Т.А нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: ...................... нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б, Т.А нарыг тус бүрийг 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Б.Б, Т.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр торгох ялаас тус тус чөлөөлж, энэ хэрэгт Б.Б, Т.А нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор О.Алтангэрэл бичсэн эсэргүүцэлдээ: “Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэхийг зохицуулсан бөгөөд уг зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “...илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” тухай заалт нь шүүгдэгчид ял оногдуулахгүйгээр ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүйгээр тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх гэсэн хуулийн зохицуулалт юм. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Прокурор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзвэл ...эсхүл ялаас чөлөөлөх, эсхүл ял оногдуулахгүй тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай саналыг яллагдагч түүний өмгөөлөгчид танилцуулж...” гэж заасан байна. Гэтэл шүүхээс ял оногдуулаад чөлөөлж байгаа нь хуулийг буруу хэрэглэж, улмаар прокуророос яллагдагчтай ял тохиролцохдоо ялаас чөлөөлөх талаар заасан хуулийн заалтыг хэрэглэх боломжгүй байдлыг бий болгож байна. Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 2020/ШЦТ/437 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож, 3 дахь заалтад өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ.
Прокурор Б.Соёлмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Дээд шатны прокурор О.Алтангэрэлийн бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Шүүгдэгч нарт холбогдох хэргийг анхан шатны шүүх шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Шүүгдэгч тус бүрийг 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр торгох ял оногдуулчихаад ялаас чөлөөлж байгаа нь үндэслэлгүй.” гэв.
Шүүгдэгч Т.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Дахин хүнтэй муудалцаж, ийм асуудал гаргахгүй.” гэв.
Шүүгдэгч Т.Анударийн өмгөөлөгч М.Алтанцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч нар нь садан төрлийн холбоотой хүмүүс. Иймд анхан шатны шүүх хуралдааны өмнө эвлэрсэн. Хэн аль нь гомдолгүй гэдгээ шүүх хуралдааны хэлэлцүүлэгт илэрхийлээд нэхэмжилж байсан хохирол, төлбөрөөсөө хэн аль нь татгалзсан. Энэ байдлыг анхан шатны шүүх харгалзаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн. Харин шүүгдэгч нарт ял оногдуулчихаад эрүүгийн хариуцлагаас чөлөөлж байгаа нь үндэслэлгүй, хууль хэрэглээний хувьд алдаатай болсон. Анхан шатны шүүх хуульд зааснаар гэм буруутайд тооцож, хариуцлага оногдуулахгүйгээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хуулийн заалтыг хэрэглэх байсан.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Б.Б, Т.А нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
Б.Б нь 2019 оны 12 дугаар сарын 4-ний өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, “Дөрвөн бэрх” хотхоны 422-40 тоотод Т.Атай “шарсан хуурсан хоол хийлээ” гэснээс үүдэн маргалдаж, улмаар харилцан зодолдож Т.Анударийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
Т.А нь 2019 оны 12 дугаар сарын 4-ний өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, “Дөрвөн бэрх” хотхоны 422-40 тоотод Б.Бтай “шарсан хуурсан хоол хийлээ” гэснээс үүдэн маргалдаж, улмаар харилцан зодолдож Б.Бын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:
хохирогч Б.Бын “...Миний амьдарч байгаа айлд Анударь ирээд 3 хонож байсан бөгөөд 2019 оны 12 дугаар сарын 4-ний өдөр оройн хоолоо хийх санаатай хоолны материалаа бэлдээд махаа хуурч байсан чинь Анударь эгч “дандаа шарсан, хуурсан хоол идэх юм, шөлтэй хоол идмээр байна” гэхээр нь би “шөлтэй устай хоол идмээргүй байна, амтгүй байна, би өөрөө мэдье” гэхэд Анударь эгч хоол руу ус хийчихсэн. Тэгснээ надад “ээж шигээ адаар ааштай, ямар сайндаа аав чинь тэнд очиж ажил хийж байхав” гэж үглээд над руу чичлээд байхаар нь миний уур хүрээд урдаас нь нэг удаа түлхээд, нүүр, гар, цээжийг нь самардсан. Ингэхэд Анударь эгч намайг үсдээд, хана мөргүүлэн баруун, зүүн гарыг бага зэрэг самардсан. ...” /хх 25-26/,
хохирогч Т.Анударийн “...2019 оны 12 дугаар сарын 4-ний өдөр 17 цагийн үед Баасанжаргал шөлтэй хоол хийхээр болсон боловч гэнэт махаа хуураад байхаар нь “дандаа шарсан хоол идэх биед муу” гэхэд Баасанжаргал уурлаад “махаа чангаар цавчих” зэрэг үйлдэл гаргаад байсан. Ингээд хоорондоо маргалдаж, Баасанжаргал миний үснээс зулгааж намайг шалан дээр чирсэн. Бас толгой руу цохисон. Би Баасанжаргалд хандаж “чи тавихгүй бол би ч гэсэн тавихгүй шүү” гэж хэлээд харилцан үсдэлцэж байгаад тавиулаад хаалга онгойлгосон. ...” /хх 34-35/ гэх мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 14528, 117 дугаартай “...Б.Б, Т.А нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсныг тогтоосон шинжээчийн /хх 54, 81-83/ дүгнэлтүүд,
хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 13-16/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Б.Б, Т.А нарыг тус тус хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч Б.Б, Т.А нарын таарамжгүй харилцааны улмаас харилцан зодолдож, бие биеийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Прокурор О.Алтангэрэл “...шүүгдэгч нарт ял оногдуулаад чөлөөлж байгаа нь хуулийг буруу хэрэглэсэн, ...шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий эсэргүүцэл бичжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж тус тус заажээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Б, Т.А нарыг тус бүр 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар оногдуулсан торгох ялаас тус тус чөлөөлж шийдвэрлэсэн нь дээрх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэлээр ялаас чөлөөлөхдөө тусгай ангид заасан ялаар шийтгэсний дараа ялаас чөлөөлсөн нь хууль хэрэглээний хувьд буруу болжээ.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 2020/ШЦТ/437 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Б.Б, Т.А нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр торгох ялаас тус тус чөлөөлсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч Б.Б, Т.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас тус тус чөлөөлсүгэй.” гэж өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ О.ЧУЛУУНЦЭЦЭГ
ШҮҮГЧ Д.МЯГМАРЖАВ