Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2025 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2025/00204

 

Э.Аын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч Н.Баярмаа даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батзориг, Э.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 192/ШШ2025/02218 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 210/МА2025/00983 дугаар магадлалтай,

Э.Аын нэхэмжлэлтэй

Д.Г, Б.О нарт холбогдох

Орон сууц чөлөөлүүлэх, орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 1,500,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ,  орон сууц хөлслөх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Д.Г, түүний өмгөөлөгч Б.Б нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А /цахим/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.М /цахим/, хариуцагч Б.О /цахим/-аар, Д.Гийн өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Э.А нь хариуцагч Д.Г, Б.О нарт холбогдуулан орон сууц чөлөөлүүлэх, орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 1,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан бол хариуцагч Д.Г 2022.12.05-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээ, 2023.06.05-ны өдрийн орон сууц хөлслөх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

2. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 192/ШШ2025/02218 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 302 дугаар зүйлийн 302.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч Д.Гоос хаягт байрлах орон сууцыг чөлөөлүүлж, орон сууц хөлслөх гэрээний хөлсөнд нийт 1,500,000 төгрөг гаргуулан Э.Ат олгож, хариуцагч Б.Од холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.10-т заасныг баримтлан Э.А, Д.Г нарын 2022.12.05-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээ, 2023.06.05-ны өдрийн орон сууц хөлслөх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай хариуцагч Д.Гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 56 дугаар зүйлийн 56.1.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 496,900 төгрөг, хариуцагчаас төлсөн 465,450 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Гоос 496,900 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 210/МА2025/00983 дугаар магадлалаар: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 192/ШШ2025/02218 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 993,800 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагч Д.Г хяналтын журмаар гаргасан гомдолдоо:  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025.06.06-ны өдрийн 210/МА2025/00983 дугаар магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1-д заасны дагуу дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.   

Анхан шатны шүүхийн шийдвэр, магадлалд хэт нэг талыг барьж, дүгнэлт хийсэн байгаа нь иргэн миний эрхийг зөрчиж байна. Гэрч Л.Б-ыг асууж, нөхцөл байдлыг тодруулах нь маш чухал байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгуулж, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаалгахаар энэхүү гомдлыг бичиж байгаа билээ.

4.1.Магадлалын “Хянавал” хэсгийн 3-т “Орон сууцны үнэд 60,000,000 төгрөгийг Э.А нь Б.Ө руу шилжүүлэх замаар төлж барагдуулсан”, 4-т “Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ” гэжээ. Би орон сууцаа худалдаагүй. Хэрвээ худалдсан бол надад мөнгө өгөх ёстой. Одоо би байр ч үгүй, мөнгө ч үгүй үлдэх болж байна.

Магадлалын “Хянавал” хэсгийн 4.1-т “Энэхүү гэрээ нь дүр үзүүлэн хийсэн хэлцэл биш бөгөөд талуудын бодит хүсэл зориг дээр үндэслэгдсэн, эд хөрөнгийн шилжилт, төлбөрийн гүйцэтгэл бүхий бодит үр дагавартай хэлцэл болох нь гэрээний үнийг бүрэн төлж, орон сууцны өмчлөх эрх Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1, 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт зааснаар шилжсэнээр тогтоогдсон” гэжээ. Гэрээний үнийг төлөөгүй гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаас тогтоогдоно. Би амьдрах ганц орон сууцаа бусдад алдаж байна. Гэтэл дүүргийн шүүх Иргэний хуулийн 110 дугаар зүйлд зааснаар бүртгүүлсэн бол одоо ярих юм байхгүй  гэх байдлаар хандаж бас тайлбарлаж байгаад гомдолтой байна.

Магадлалын “Хянавал” хэсгийн 4.1-т “Мөн уг гэрээ байгуулсны дараа хариуцагч Д.Г нь тухайн орон сууцанд амьдрахаар Э.Атай орон сууц хөлслөх гэрээ байгуулсан нь худалдах, худалдан авах гэрээг дүр үзүүлсэн бус эрх зүйн үр дагавар үүсгэх зорилготой, бодит хэлцэл байсныг баталж байна” гэжээ. Гэтэл бодит байдал дээр тухайн үед Л.Б нь “зээлсэн мөнгөө Э.Ат төлчихнө, санаа зоволтгүй, орон сууц хөлслөх гэрээн дээр гарын үсэг зурчих” гэсэн. Гэрч Л.Б-ыг асуувал мөнгө буцаан төлүүлэх баталгаа болгож, орон сууцны өмчлөлийг шилжүүлсэн, Д.Г нь Л.Б-т мөнгө зээлүүлэхээр тохиролцоогүй, харин Л.Б нь гуравдагч этгээдээс мөнгө зээлэх, Л.Б нь орон сууцыг барьцаалуулахаар тохиролцсон гэдэг нь нотлогдоно. Энэ нь Л.Бын бичиж байсан мессэжүүдээр тогтоогдож байгаа.

Магадлалын “Хянавал” хэсгийн 4.2-т “Хэргийн баримтаар хариуцагч нарын өмчлөлд байгаа орон сууцыг худалдан борлуулах талаар Л.Б нь Б.Өтай холбогдож, улмаар Б.Ө нь энэ мэдээллийг Э.Ад дамжуулсан нь тогтоогдсон. Үүний үр дүнд Э.А, Д.Г, Б.О нар худалдах, худалдан авах гэрээ байгуулжээ” гэжээ. Энд бичигдсэнээс харвал шүүх хариуцагч Д.Г намайг анхнаасаа хэн нэгэнтэй уулзаагүй, тохиролцоогүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна. Ер нь анхнаасаа холбогдсон гэх Л.Бын мэдүүлгийг авбал хэрхэн тохиролцсон нь тодорхой болно.  

Магадлалын “Хянавал” хэсгийн 4.3-т “нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсгийн дагуу худалдагч талын нэрлэн заасан этгээд болох Б.Өын данс руу 60,000,000 төгрөг шилжүүлж, орон сууцны үнийг бүрэн төлж барагдуулсан байна. Энэ талаар гэрч Б.Ө ... худалдагч буюу орон сууц худалдсан хүмүүс банкны дансгүй байсан учраас миний дансаар дамжуулан төлбөрийг хүлээн авч ...гэж мэдүүлсэн нь хариуцагч нарын чиглэл, зөвшөөрлөөр хийгдсэн болохыг харуулж байна” гэжээ. Давж заалдах шатны шүүх яагаад ийм худал дүгнэлт хийгээд байгааг ойлгохгүй байна. Учир нь хариуцагч Д.Г би Б.Өыг огт танихгүй. Б.Ө ч гэсэн гэрчээр мэдүүлэхдээ намайг танихгүй гэдгээ хэлсэн байдаг. Хэн хэнийгээ огт танихгүй хүмүүс яаж нөгөөгийнхөө дансыг мэдэх вэ. Худалдсан гэж үзвэл миний дансанд шилжүүлэх ёстой. Тухайн үед гэрээн дээр нь миний данс бичигдсэн байсан. Би орон сууцаа зараагүй учраас л зээл өгч авалцсан хүмүүс хоорондоо шилжүүлсэн.  Энд бас л Л.Бын асуудал яригдана. Тэрээр хэрхэн хэлснийг тодруулах шаардлагатай.

Иймд иргэн миний гомдлыг хүлээн авч, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэв.

 

5. Хариуцагчийн өмгөөлөгч Б.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах шаардлагатай.

5.1 Анхан болон давж заалдах шатны шүүхээс талуудын хооронд байгуулсан 2022.12.05-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээ, 2023.06.05-ны өдрийн орон сууц хөлслөх гэрээг хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан баримтуудыг ач холбогдолтой талаас нь үнэлээгүйг илтгэж байгаа бөгөөд хууль буруу хэрэглэж, хууль хэрэглээний зөрүүг бий болгож байна. Үүнд:

Худалдах, худалдан авах гэрээ гэж үзэх үндэслэл бол Иргэний хуулийн 243-д зааснаар хариу төлбөр хийгдсэн байна. Гэтэл Д.Г үнэхээр нэг ч төгрөг аваагүй гэдэг нь хэрэгт авагдсан санхүүгийн баримтууд, гэрчийн мэдүүлгүүдээр тогтоогдсон. Д.Гийн нэг нүд нь юм харахгүй, дээр нь чихрийн шижин өвчний улмаас одоо хэвтрийн дэглэм сахиж байна. Байрнаасаа хөөгдвөл очих газаргүй.

Нэхэмжлэгч нь Э.А нь анхан шатны шүүх хуралдаан дээр өөрөө хэлцлийг  хийсэн гэдгээ хэлсэн. Э.А нь Б.Ө руу мөнгө шилжүүлсэн. Энэ хоёр хүн Д.Гийн хэлснээр Э хотод хамт ажилладаг, ойрын харилцаатай, хамт ажилладаг хүмүүс нэг нь нөгөө рүүгээ мөнгө шилжүүлчхээд Л.Баар яриулж, дүү Э.Ааа Улаанбаатар луу явуулж Д.Гтой гэрээнд гарын үсэг зуруулсан. Гэрээ хийсэн нөхөдүүд нь зүгээр л гарын үсэг зурснаас өөр зүйлгүй хөндлөнгийн хүмүүс. Ярилцаагүй, санал солилцоогүй, гэрээний нөхцөл тохироогүй. Мэнд мэдээд л гэрээнд гарын үсэг зураад л салцгаасан, бие биеэ ч танихгүй.

Харин Э.Агийн 60,0 сая төгрөгийг нэг газар хамт ажилладаг Б.Ө нь захиран зарцуулсан. Энэ нь хэрэгт авагдсан дансны хуулгаар нотлогдоно. Энэ хүмүүс хоорондоо ярилцаад л мөнгөө нэмж хасаад л байдаг. Үүнийг нь Д.Г огт мэдэхгүй. Сүүлд шүүхэд хандахад нь л мэдэж авсан.

Анхнаасаа л  худалдах, худалдан авах хүсэл зориг байгаагүй гэдэг нь нэхэмжлэлд худлаа зүйлс бичигдэж, дараа нь баримтуудаар няцаагдаж байгаагаар нотлогддог. 2024.05.30-ны өдрийн шүүх хуралдаан дээр хариуцагчийн өмгөөлөгч нь 95,700,000 төгрөгийг хугацаанд нь өгөөгүйн улмаас алданги нэмэгдсэн дүн гэж тодорхойлсон. Нэхэмжлэгч тал уг мөнгөн дүнг хүлээн зөвшөөрч, эвлэрсэн байдаг. Энэ нь мөнгөө авах, нэмэгдүүлж авах зорилготой байсныг нь илэрхийлдэг. Харин өөрийнх нь мөнгө төлөгдөхгүй болохоор нэгэнт хийгдсэн гэрээг ашиглан, орон сууцыг чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасан харагдаж байна. Уг нь өгсөн хүнээсээ л 60,0 сая төгрөгөө авахад л болох байхад хөндлөнгийн хүнийг хохироон байж уг мөнгийг бараг 3 дахин нугалсан үнэтэй орон сууцыг авахаар улайрч байна.

Иргэн н.Гантөгсийг шүүх хуралдаан дээр гэрчээр асуусан бөгөөд тэрээр нэхэмжлэгч талаас 30,0 сая төгрөг нэмж өгье гэж санал тавьсан тухай мэдүүлдэг. Энэ нь анхнаасаа л худалдах-худалдан авах гэрээ хийгээгүй нь нотолгоо. Анхнаасаа тохирчихсон байсан бол байрыг авахын тулд дахин санал тавихгүй шүү дээ.

Хамтран өмчлөгч Б.О нэхэмжлэгчтэй уулзаж байгаагүй,  тохиролцоо хийгээгүй гэдэг. 2024.05.30-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  нь Б.Оийг огт харж байгаагүй, танихгүй гэдэг. Гэтэл анхан шатны шүүх огт харж байгаагүй хүнийг худалдах-худалдан авах гэрээ хийсэн гэж дүгнэсэн.

Тухайн үед орон сууц нь 60,0 сая төгрөгийн үнэтэй байгаагүй. 2014.05.26-нд Орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулан, урьдчилгаа 65,0 сая төгрөгийг өгч, үлдэгдлийг нь ипотекийн зээлээр авсан байдаг. Өөрөөр хэлбэл 2014 онд 105,000,000 төгрөгөөр худалдан авсан.

5.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.4-т зааснаар “хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэх үндэслэлээр гомдол гаргасан. Учир нь нэхэмжлэгч талын асуулгасан гэрчийн мэдүүлгийг болон хэрэгт авагдсан баримт, тохиролцооны үнэн бодит эсэх, өөр тохиролцоо байсан эсэх, мөнгийг хэн авсан болохыг мэдэх хариуцагч талын гэрчийг асуулгүйгээр хэргийг шийдэж болох эсэх, орон сууцны өмчлөгч нэг ч төгрөг аваагүй байхад түүнийг мөнгө авсан гэж үзэж орон сууцнаас нь албадан гаргаж  болох эсэх, гэрчээр асуухаар шүүгчийн захирамж гарсан, уг захирамжийн биелэлт хангагдаагүй, гэрчийг асуухгүйгээр хэргийг шийдэж болох эсэхийг нэг мөр болгоход хууль хэрэглээний хувьд ач холбогдолтой юм.

Энэхүү гомдлын нэг дэх хэсэгт дурдсан нөхцөл байдал байхад мөн энэ гомдлын гуравдугаар хэсэгт дурдсан хэрэг хянан шийдвэрлэх журам зөрчигдсөн, хэргийн бүрдэл бүрэн хангагдаагүй байхад хэргийг шийдэх нь цаашид энэ байдлаар иргэдэд төлбөрийг нь төлөхгүйгээр, өөр хүнд мөнгийг шилжүүлж, тухайн иргэнийг гэрээ хийсэнд тооцож, мөнгийг нь авсанд тооцох байдлаар орон сууцных нь өмчлөлийг хууль бус гэрээгээр шилжүүлэн авч, албадан гаргадаг сөрөг үр дагаврыг бий болгох магадлалтай. Одоо үед шүүхийн шийдвэр нийтэд ил тод байж, хуульчид төдийгүй иргэд уншиж танилцдаг болсон цаг үе билээ.

5.3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т зааснаар анхан шатны шүүх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгуулж, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаалгах хүсэлтэй байгаа талаар давж заалдах шатны шүүхэд гомдлоо танилцуулсан ч хүлээн аваагүй.

Анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.05.01-ний өдрийн захирамжаар Л.Быг гэрчээр асуулгах хүсэлтийг хангасан байсан. Дараа нь анхан шатны шүүхээс Л.Быг албадан ирүүлэх захирамж ч гаргасан. Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.6-д заасны дагуу гэрч асуухаар өмнөх шүүгч нь шийдсэн байхад уг гэрчийг асуулгүй хэргийг шийдсэн.

Э.А, Э.А нарын хэн нь ч Д.Гтой яриагүй. Харин Б.Ө, Л.Б нар л ямар нэгэн тохиролцоо хийсэн. Гэтэл шүүх нэг гэрчийг нь асуулгүй, нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168.1.3-т зааснаар хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн зүгээс гаргасан хүсэлтийн дагуу Б.Өыг гэрчээр асуугаад, хариуцагчийн хүсэлт гаргасан гэрч Л.Быг асуугаагүй. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.4-д зааснаар хариуцагчийг “судлахад тэгш эрхтэй оролцох” боломжгүй болгосон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1.3-т зааснаар гэрчээс мэдүүлэг авхуулах хариуцагчийн эрх зөрчигдсөн. Л.Бын мэдүүлэг нь бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдолтой байсан. Л.Б нь мэдүүлэг өгснөөр үнэхээр дүр үзүүлэх хийсэн хэлцэл байсан эсэх, хууран мэхлэх шинжтэй байсан эсэх эсхүл үнэхээр худалдах-худалдан авах гэрээ байсан эсэхийг тогтоох боломжтой. Нэхэмжлэгч талын зүгээс хүсэлт гаргаж асуулгасан Б.Өын мэдүүлгээр эцэслэн дүгнэлт хийх боломжгүй. Учир нь тэрээр өөрийн дансаар мөнгө авсан ба өөрт нь хамааралгүйгээр шийдэгдээд өнгөрөх нь түүнд ашигтай ба тэрээр нэхэмжлэгч талтай ашиг сонирхол нэг. Хэрвээ Л.Быг гэрчээр асуулгавал Б.Ө нь Э.А, Л.Б нартай хэрхэн тохиролцсон нь тодорхой болно.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д зааснаар шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэв

 

6. Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын Нийт шүүгчдийн хуралдааны 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 001/ШХТ2025/00872 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлийг хангасан гэж дүгнэн, хариуцагч Д.Г, түүний өмгөөлөгч Б.Б нарын гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтжээ.

ХЯНАВАЛ:

7. Нэхэмжлэгч Э.А нь хариуцагч Д.Г, Б.О нарт холбогдуулан орон сууцнаас чөлөөлүүлэх, орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 1,500,000 төгрөг гаргуулах шаардлага гаргаж, үндэслэлээ “...хариуцагч нартай 2022.12.05-ны өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулж, 60,000,000 төгрөгөөр хаягт байрлах орон сууцыг худалдаж авсан, үнийг төлсөн, улмаар Д.Гтой 2023.06.05-ны өдөр орон сууц хөлсөх гэрээ байгуулж, уг орон сууцыг 2 сарын хугацаатай, сарын 500,000 төгрөгөөр хөлсөлсөн. Орон сууц хөлслөх гэрээний хугацаа дууссан. Орон сууцыг хууль бусаар эзэмшиж байна. Орон сууц хөлслөх гэрээний хөлс төлөөгүй.” гэжээ.

8. Хариуцагч Д.Г нэхэмжлэлийг эс зөвшөөрч “... байраа барьцаалж зээл авсан, барьцаа болох 2 өрөө байрыг худалдах-худалдан авах гэрээ хийнэ гэсэн шаардлага тавьсны дагуу ... шилжүүлж мөнгийг зээлж авсан. ... зээлийн барьцаа болгон байраа шилжүүлэх өгсөн болохоос биш 60,000,000 төгрөгт байраа зарахгүй...” гэж тайлбарлажээ.

9. Хариуцагч Б.О нэхэмжлэлийг эс зөвшөөрч “ ... Д.Г нь миний хуурай ах Л.Бт мөнгө хэрэгтэй тул би байраа барьцаалах хэрэгтэй байна, мөнгө өгөх хүн нь байраа нэр дээр шилжүүл гэсэн гэнэ, чи ирээд гарын үсгээ зурчих гэхээр нь би нотариат дээр очоод гарын үсэг зурсан.”  гэжээ.

10. Хариуцагч Д.Г нэхэмжлэгч Э.Ат холбогдуулж орон сууц худалдах-худалдан авах гэрээ, орон сууц хөлслөх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх  хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “...Л.Б ах миний байрыг барьцаалж зээл авах хүсэлтийг надад тавьсан. Би хүлээн зөвшөөрч барьцаанд байраа тавих гэхэд Э.А байр барьцаалах хангалтгүй, байрны нэр шилжүүлж өгөх юм бол мөнгө зээлнэ гэсэн шаардлага тавьсан. Би Л.Б ахад итгэж байсан учир Э.Аын хүсэлт, шаардлагын дагуу өөрийн орон сууцны нэрийг Э.Ат шилжүүлж өгсөн. ... байраа барьцаалж зээл авч Л.Б ахад өгсөн ... ... Л.Б ах хугацаандаа мөнгөө төлөөгүй удсанаас болж ...орон сууцыг суллаж өгөхийг шаардан айлган сүрдүүлж арга буюу  2023.06.05-ны өдөр орон сууц хөлслөх гэрээ хийж байрнаасаа хөөгдөхгүй үлдсэн. ... 2 өрөө байрны зах зээлийн ханш 60,0 сая төгрөг байх боломжгүй, зөвхөн Э.А зээлсэн мөнгөө буцааж авах, манай талаас зээлсэн мөнгөө өгөөд байраа авах ... тохиролцоо байсан” гэжээ.

11. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч “... хамт ажилладаг н.Өлзийбаяр ... над руу залгаад мөнгө зээлэх үү гэхэд үгүй гэхэд хэсэг байж байгаад эргэж залгаад Улаанбаатарт хямд хоёр өрөө байр авах уу гэсэн. ... [Ө] манай гэрийн гадаа Л.Б гэх хүнтэй ирээд манай ах байгаа юм гэж танилцуулаад ... хөрөнгө оруулалт хөөцөлдөж байгаа гэсэн утгатай асуудал ярьсан. Би та нарын юу хийдэг, ямар учиртай байх надад хамаагүй гэсэн, орон сууцыг хямддаа хэдэд зарах гээд байна гэхэд манай бизнес хамтрагчийн байр байгаа, хороололд хуучны хоёр өрөө байр 60,0 саяд гэсэн ... яаруулаад байсан учир би дүү Э.Атай холбогдсон, тэгээд Д.Г, Б.О бас 1 эмэгтэй гурвуулаа манай дүү Э.Атай уулзаад шууд худалдах-худалдан авах гэрээ хийгээд за одоо мөнгөө гэхэд нь би гэрчилгээ гарсны дагаа өгнө гэсэн. Тэгээд гэрчилгээ 12 сарын 05-ны өдөр гарахаар Д.Гийн хэлсэн Б.Өын данс руу 60,0 төгрөг шилжүүлсэн. Харин Л.Б гэх хүн хямд байр авч байгаа юм чинь өвлийн хүйтэнд битгий гаргаарай, дулаарахаар суллаад өгнө гэсэн. ...6 сар гаргаад байраа чөлөөлж авъя гэхэд ... түрээсэлье гэж Д.Г хэлээд 6 сарын 5-нд түрээсийн гэрээ хийсэн. ... Д.Гийн хэлснээр бид биенээ танихгүй учир мөнгө зээлэх ямар ч үндэс байхгүй” гэжээ.

12. Анхан шатны шүүх хариуцагч Д.Гт холбогдох үндсэн нэхэмжлэлийг хангаж, хариуцагч Б.Од холбогдох үндсэн нэхэмжлэлийг, нэхэмжлэгч Э.Ат холбогдох сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ: “... Э.А болон Д.Г, Б.О нарын хооронд 2022.12.05-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээгээр Д.Г, Б.О нарын хаягт байрлах орон сууцыг  50,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон, ... орон сууцны өмчлөх эрх нэхэмжлэгч Э.Аын нэр дээр бүртгэгдэн  2022.12.06-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ гарсан.  ... Э.А болон Д.Г нар 2023.06.05-ны өдөр орон сууц хөлслөх гэрээ байгуулж, уг орон сууцыг Э.А нь Д.Гт 2023.06.05-ны өдрөөс 2023.08.05-ны өдрийг хүртэл хугацаанд сарын 500,000 төгрөгөөр хөлслөхөөр харилцан тохиролцсон. ... Э.Агийн “ХБ” ХК дахь дугаар данснаас 2022.12.06-ны өдөр 4 удаагийн гүйлгээгээр буюу 20,000,000 төгрөгөөр 2 удаа, 5,000,000 төгрөг, 15,000,000 төгрөгөөр нийт 60,000,000 төгрөгийг Б.Өын дансанд шилжүүлсэн.  ...  Хүсэл зориг илэрхийлэгдсэн,  Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1, 43.2.3-т зааснаар хэлцэл хийгдсэн, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан “дүр үзүүлэн хийсэн хэлцэл",  56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан “өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл” гэж үзэх үндэслэлгүй. ...  орон сууцыг бодитоор Д.Г эзэмшиж байгаа нь хууль бус, тэрээр орон сууц хөлслөх гэрээний 3 сарын хугацааны хөлсөнд 1,500,000 төгрөгийг төлөөгүй. ... хариуцагч Б.О орон сууц эзэмшээгүй, орон сууц хөлслөх гэрээний үүрэг хүлээгээгүй тул түүнд холбогдох шаардлага үндэслэлгүй. ”гэж дүгнэсэн.  

13. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэхдээ “... 2022.12.05-ны өдөр байгуулсан гэрээгээр Д.Г, Б.О нар өөрсдийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 11 дүгээр байр, 94 тоот хаягт байрлах 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг худалдахаар, Э.А нь 50,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон. ... орон сууцны өмчлөгчөөр Э.А 2022.12.06-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн. Орон сууцны үнэд 60,000,000 төгрөгийг Э.А нь Б.Ө руу шилжүүлэх замаар төлж барагдуулсан. 2023.06.05-ны өдөр байгуулсан гэрээгээр дээрх орон сууцыг Э.А нь Д.Гт 2023.06.05-ны өдрөөс 08 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд сарын 500,000 төгрөгөөр хөлслөхөөр харилцан тохиролцсон. Орон сууц нь одоо хариуцагч Д.Гийн эзэмшилд байгаа. ... Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ. ... Хариуцагч талын зүгээс худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй, зээл болон барьцааны гэрээ байгуулсан гэж маргасан ч энэ нь баримтаар тогтоогдоогүй. ... гэрээ нь дүр үзүүлэн хийсэн хэлцэл биш бөгөөд талуудын бодит хүсэл зориг дээр үндэслэгдсэн, эд хөрөнгийн шилжилт, төлбөрийн гүйцэтгэл бүхий бодит үр дагавартай хэлцэл болох нь гэрээний үнийг бүрэн төлж орон сууцны өмчлөх эрх Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1, 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт зааснаар шилжсэнээр тогтоогдсон. ... хариуцагч Д.Г нь тухайн орон сууцанд амьдрахаар Э.Атай орон сууц хөлслөх гэрээ байгуулсан. ...Нэхэмжлэгчийн хариуцагчтай байгуулсан орон сууц хөлслөх гэрээний хугацаа дуусгавар болсон, нэхэмжлэгч нь хүчин төгөлдөр гэрээний үндсэн дээр орон сууцыг өмчилсөн тул тэрээр орон сууцнаас хариуцагчийг албадан чөлөөлүүлэх, ... орон сууц хөлслөх гэрээний хөлсийг тус тус шаардах эрхтэй. ... 2024.05.01-ний өдрийн 102/ШЗ2024/09058 дугаар захирамжаар гэрчээр Л.Баас мэдүүлэг авахаар шийдвэрлэж, мөн 2024.11.07-ны өдрийн 102/ШЗ2024/20990 дүгээр захирамжаар дээрх захирамжийн биелэлтийн хангахаар тогтоосон. 2025.03.18-ны өдрийн 192/ШЗ2025/12390 дүгээр захирамжаар гэрч Л.Быг шүүхэд албадан ирүүлэхийг Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтэст даалгасан, Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн 2025.03.24-ний өдрийн илтгэх хуудас, Баянгол дүүргийн 5 дугаар хорооны Засаг даргын 2025.03.24-ний өдрийн тодорхойлолтоор гэрчийг шүүхэд дуудан ирүүлэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдсон.” гэжээ.

14. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан байхад залруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй тухай хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т заасан үндэслэлийн хүрээнд хэргийг хяналтын журмаар хянан хэлэлцэв.

15. Хариуцагч Д.Гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М анхан шатны шүүхэд 2024.04.19-ний өдөр Л.Быг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулах тухай хүсэлт гаргасан. Энэ хүсэлтэд Л.Бын хаяг болон дугаар утасны мэдээллийг заажээ.

 16. Анхан шатны шүүх Л.Быг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулах тухай 2024.05.01-ний өдрийн 102/ШЗ2024/09058 дугаар захирамж гарсан хугацаанаас хойш шүүхийн шийдвэр гарсан 2025.03.24-ний өдрийг хүртэл 8 сар гаруй хугацаанд түүнд 1 удаа мэдэгдлийг хүргүүлснийг тэрээр хүлээн авч .. дугаарын утаснаас зурвас ирүүлсэн байдлаар, мөн 2024.11.07-ны өдрийн баримтад “гэрч Л.Бын .. дугаарын утсаар 2024.12.05-ны өдөр товлогдсон шүүх хуралдааны зарыг 2024.11.29-ний өдөр мэдэгдэхэд тэрээр “за, ойлголоо.очно” гэснийг шүүгчийн туслах тэмдэглэсэн байна.

2025.03.18-ны өдрийн “шүүх хуралдаанд ирүүлэх тухай мэдэгдэх хуудас”-д “... Л.Бтай .. дугаарын утсаар холбогдоход ... [тэрээр] Төв аймгийн нутагт хөдөө харуул, хамгаалалтын ажлаар явж байна. 4 сар гаргаж байж хот орно” гэсэн тэмдэглэлийг шүүхийн бичиг хүргэгч үйлджээ.

Өөрөөр хэлбэл, гэрч Л.Бтай шүүгчийн туслах 1 удаа, шүүхийн бичиг хүргэгч 1 удаа тус тус утсаар холбогдож байжээ.

Гэтэл Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн Хуяглан хүргэх, албадан ирүүлэх тасгийн хамгаалалтын цагдаагийн 2025.03.24-ний өдрийн илтгэх хуудас, Баянгол дүүргийн 5 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтыг үндэслэн гэрчийг заасан хаягаас албадаж ирүүлэх боломжгүй байгааг үндэслэн анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчийг оролцуулах боломжгүй гэж үзсэн нь алдаатай болжээ. Учир нь хариуцагч талаас гэрчтэй холбогдох утасны дугаарыг өгснөөс гадна, илтгэх хуудас бичигдсэн өдөр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, хариуцагч талд гэрчийн хаягийг тодруулах боломж олгоогүй байна. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан “энэ хуулийн 38.6-д заасан тохиолдолд нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн” бол шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарах юм.

17. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байхад давж заалдах шатны шүүх залруулаагүй нь буруу болжээ.

18. Түүнчлэн Иргэний хуулийн  109 дүгээр зүйлийн 109.3, 114 дүгээр зүйлийн114.1 дэх хэсэгт заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийг шударгаар олж авах боломжтой. Хоёр шатны шүүх нэхэмжлэгчид өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт заасны дагуу үүссэн гэж үзэж нэхэмжлэлийг хангахдаа түүнд өмчлөх эрх шилжүүлсэн этгээдээс өмчлөх эрхийг хууль ёсоор олж авсан эсэхэд эргэлзээгүй нөхцөл тогтоогдсон эсэхэд дүгнэлт өгөөгүй байна. 

19. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй, хяналтын шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийг залруулах боломжгүй байх тул хариуцагч Д.Г, түүний өмгөөлөгч Б.Бийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 192/ШШ2025/02218 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 210/МА2025/00983 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх заалтыг баримтлан хариуцагч Д.Г нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025.07.18-ны өдөр 962,350 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                   

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Н.БАЯРМАА

               ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                            Г.АЛТАНЧИМЭГ

                     ШҮҮГЧИД                                                             Н.БАТЗОРИГ

                                                                                                     Э.ЗОЛЗАЯА

                                                                                                     Х.ЭРДЭНЭСУВД