Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 00113

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга П.Ундрах,

Улсын яллагч Г.Сэндэнсүрэн, 

Хохирогч Д.Сарангэрэл,

Шүүгдэгч Б.Бадарч,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Баярсайханы Бадарчид холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201722000039 дугаартай хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Боржигон овогт Баярсайханы Бадарч,1981 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 4 дүгээр багт оршин суух,  урьд Хөвсгөл аймгийн сум дундын шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар, 2014 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 166 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, /РА81102515/ регистрийн дугаартай,

Шүүгдэгч Б.Бадарч нь 2016 оны 8 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө Алаг-Эрдэнэ суманд оршин суух, иргэн Д.Бат-Эрдэнийн хашаанаас иргэн Д.Сарангэрэлийн 8 тооны хонь, ямааг хулгайлж 610.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 8 дугаар сарын 07-08-ны хооронд Алаг-Эрдэнэ сумын Шүүрэгт гэх газраас иргэн Г.Ганчимэгийн шар хээр зүсмийн морийг хулгайлж 550.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2016 оны 8 дугаар сарын 07-08-ны хооронд Алаг-Эрдэнэ сумын Шүүрэгт гэх газраас иргэн Д.Ням-Очирын 11 тооны адууг хулгайлж 5.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 8 дугаар сарын 12-13-ны хооронд Алаг-Эрдэнэ сумын нутгаас иргэн Ч.Мөнхбатын 32 тооны адууг хулгайлж 12.100.000 төгрөгийн хохирол учруулж нийт 18.460.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд тус тус холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.Бадарч нь 2016 оны 8 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө Алаг-Эрдэнэ суманд оршин суух, иргэн Д.Бат-Эрдэнийн хашаанаас иргэн Д.Сарангэрэлийн 8 тооны хонь, ямааг хулгайлж 610.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 8 дугаар сарын 07-08-ны хооронд Алаг-Эрдэнэ сумын Шүүрэгт гэх газраас иргэн Г.Ганчимэгийн шар хээр зүсмийн морийг хулгайлж 550.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2016 оны 8 дугаар сарын 07-08-ны хооронд Алаг-Эрдэнэ сумын Шүүрэгт гэх газраас иргэн Д.Ням-Очирын 11 тооны адууг хулгайлж 5.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 8 дугаар сарын 12-13-ны хооронд Алаг-Эрдэнэ сумын нутгаас иргэн Ч.Мөнхбатын 32 тооны адууг хулгайлж 12.100.000 төгрөгийн хохирол учруулж нийт 18.460.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

Шүүгдэгч Б.Бадарчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2016 оны 08 дугаар сарын эхээр Алаг-Эрдэнэ сумын хажуу талд байх Эгийн голын зах руу 30 гаруй тооны адуу шөнийн 22-23 цагийн үед усанд орж ирсэн...Надад 5000-6000 төгрөг байхаар нь 0.5 граммын Ерөөл нэртэй архи аваад уугаад голын эрэг дээр ганцаараа байж байтал 30 гаруй адуу ороод ирэхээр нь туугаад Их Жаргалант гэх газарт аваачаад манай хамаатан Наранхүүгийн хашаанд хаших гэтэл хашаа нь нураад уначихсан хашигдахгүй болохоор нь цааш нь туугаад Батжаргал гэж айлын зуслангийн хашаанд адууг хашиж байгаад цавьдар хүрэн морь нэг хээр байхаа морь барьж аваад Батжаргалын гэрийнх нь хойд талын модны хаяанд уясан. ...Тэгээд би 2016 оны 8 дугаар сарын 20-ны үеэр Мөрөнд цагдаа дээр байж байгаад тэгээд самар, жимсэнд явж байгаад морь, малынх нь төлбөрийг хийе гэж бодоод Галт сумын Зүрх багийн малчин Энхболд гэж хүний малыг харахаар явсан... 2016 оны 8 дугаар сард Алаг-Эрдэнэ сумын төвд ганцаараа архи ууж байгаад Хуншагай гэж даргын хөрөө рамны хашаанаас 7-8 тооны бог тууж гаргаад Амараа гэж авгайн хашаанд тууж аваачсан. Энэ үе нь шөнийн 01 цагийн үе байсан. Тэр хөрөө рамны хашаанд байсан малыг л тууж аваачсан хонь ямаа нийлсэн 7-8 тооны бог мал байсан. Би Амраад миний өөрийн мал байгаа юм гэж хэлээд Мөрөн рүү өгөөч гэж хэлсэн. Мөрөнд оруулаад өгвөл 1 ямаа, 1 хонь өгнө гэж хэлсэн. Амараа бид хоёр жижиг цагаан өнгийн машинаар Мөрөн рүү хулгай хийсний маргааш нь өнжөөд нөгөөдөр нь орой нь 5 тооны богийг оруулж ирсэн. 1 тооны хонь, 1 тооны ямаа хоёрыг Амараа өөрөө авч хоцорсон. Мөрөн рүү оруулж ирээд зах дээр танихгүй хоёр эмэгтэй хүнд амьдаар нь зарчихсан. 3 хонь хоёр ямааг нийт 180.000 төгрөгөөр зарсан... 2016 оны 8 дугаар сарын эхээр Алаг-Эрдэнэ сумын 4 дүгээр багийн Шүүрэгт гэх газарт байсан адууг айлын эзэнгүй хашаан дээр хашиж байгаад  Ө үсгэн тамгатай хээр морийг барьж аваад Дэвсэг гэх газар руу явж байгаа тавьчихсан... гэх мэдүүлэг /хх-ийн 65-69-р хуудас/,

Хохирогч Д.Сарангэрэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...тэр 8 толгой малаа сумын төвийн доод хороололд 2016 оны 07 дугаар сарын 31-ний өдөр айлын хашаанд хашсан. Тэнд сул 2 өдөр болсон. Гэтэл 2016 оны 08 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө хулгайд алдсан. Сүүлд Бадарч хулгайлсан талаар мэдсэн. Шар нүдэн төлөг Ихэрбаяраас 60.000 төгрөгөөр худалдаж авсан. 70.000 төгрөгөөр үнэлнэ. Хар толгойтой хязаалан насны хонийг Амгаланбаатараас 70.000 төгрөгөөр худалдаж авсан, 80.000 төгрөгөөр үнэлнэ. Хар толгойтой хар нүдэн хязаалан насны хонийг Амгаланбаатараас 70.000 төгрөгөөр авсан. 80.000 төгрөгөөр үнэлнэ. Хамар хар толгойтой соёолон насны хонийг Шонхоо гэж залуугаас 90.000 төгрөгөөр авсан 120.000 төгрөгөөр үнэлнэ. Хар толгойтой хонийг нэрийг нь мэдэхгүй хүнээс 90.000 төгрөгөөр худалдаж авсан. 120.000 төгрөгөөр үнэлнэ. Шүдлэн насны хонийг Морх гэж хүнээс 60.000 төгрөгөөр авсан. 60.000 төгрөгөөр үнэлнэ. Хязаалан насны эвэртэй хар ямааг Бадарч гэж хүнээс 60.000 төгрөгөөр авсан. 60.000 төгрөгөөр үнэлнэ. Ганбаатар ах хязаалан насны улаан ямааг бэлгэнд өгсөн 80.000 төгрөгөөр үнэлнэ ...гэх мэдүүлэг /хх-ийн 19-20-р хуудас/,

Хохирогч Г.Ганчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: манай адуу Алаг-Эрдэнэ сумын 5 дугаар багийн малчин Д.Ням-Очирын адуунд байдаг 2016 оны 08 дугара сарын 07-08-ны орчим Алаг-Эрдэнэ сумын Шүүрэгт гэх байсан Ням-Очирын 12 тооны адуу хулгайд алдагдсан.Гэтэл уг адуунуудыг Алаг-Эрдэнэ сумын 3 дугаар багийн иргэн Баярсайхан овогтой Бадарч хулгай хийж хөөж сарниулсан байсан.Тухайн адуунуудыг олж авахад уг адуунаас миний “Ө” үсгэн тамгатай бүдүүн хээр морь, Д.Ням-Очирын тамга тэмдэггүй хар халтар морь байхгүй байсан.Үлдсэн 10 адууг 5 багийн малчин Бат-Очирын адуунаас 3-г, Х.Эрдэнэцогтын адуунаас 7-г тус тус олж авсан. Ингээд 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Б.Бадарч гэгч хөдөө айлд байна гэж сонсоод аймгийн төвөөс малын хулгай хариуцсан төлөөлөгч ахмад Ган- Эрдэнийг авч өөрийнхөө машинд бензин тос хийж Бадарчийг барьж авчирсан юм.Тэгээд Бадарч үйлдсэн хэргээ хүлээж миний “Ө” үсгэн тамгатай хээр морийг хулгай хийж айлын найр хэсэж байгаад эцээгээ хаясан гэж мэдүүлж байсан...олж авах гээд машиндаа бензин хийж эрэл сурал болсон боловч олдоогүй...эрлийн зардалд 180.000 төгрөг гарсан төлүүлж авмаар байна...гэх мэдүүлэг /хх-ийн 24-25- р хуудас/

 Хохирогч Д.Ням-Очирын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2016 оны 08 дугаар сарын 06-08-ны хооронд Алаг- Эрдэнэ сумын 4 дүгээр багийн Шүүрэгтийн таг гэх газраас 12 тооны адуугаа алдаад үүнээс Эрдэнэцогтын адуунаас 7 тооны адуу, Бат-Очирын адуунаас 3 тооны адуу нийтдээ 10 тооны адуу олж авсан.Одоо 2 адуугаа олж аваагүй байна.нэг нь миний адуу биш Ганчимэг гэдэг хүний адуу харин нөгөөдөх хар халтар зүсмийн тамга тэмдэггүй морь минийх өнөөг хүртэл олоогүй байна.Миний адууг тус сумын Баярсайхан овогтой Бадарч нь хулгайлсан гэж үзэж байна... Манай 12 тооны адууг хулгайлан Б.Бадарч гэгч Шүүрэгт гэх газар аваачин 2 морь барьж аван айлын найр хэсэж явсан байдаг юм. Хөдөөнөөс хүн утсаар ярьж Бадарч 2 морь хулгайлсан Чандмань-Өндөр сум уруу гаргана гэж яриад байна танай адуу байх шиг байна гэсэн сургаар бид нар хөөцөлдөж байж 10 тооны адуугаа олж авсан.Мөн Бадарчийг дэвсэг гэх газар айлд унтаж байхад нь Мөрөнгөөс Ган- Эрдэнэ гэх цагдаад авчирч бариулсан.Энэ хүн тухайн үед бүх үйлдлээ ярьсан манай адууг хулгайлж авснаа ярьсан.Харин алга болсон 2 морийг унаж яваад тавьсан, их муудсан одоо бараг үхсэн байх гэж худлаа хэлээд байсан...гэх мэдүүлэг/хх-ийн 29-30-р хуудас/,

Хохирогч Ч.Мөнхбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2016 оны 08 дугаар сарын 12-ны орой сумын төвийн зүүн талын бор уулын хажууд 23 цагийн орчим адуугаа хурааж шахаад ирсэн юм.2016 оны 08 дугаар сарын 13-ны өглөө очоод адуугаа авах гэтэл алга болсон байсан.Энэ хавиар нэг хоног ирээд олоогүй маргааш нь нэрийг нь сайн санахгүй байна, нэг хүн ирээд танай 4 дүгээр багийн Жаргалант гэх газар байна гэсний дагуу очиход Бямбажүгдэр гэдэг айлын хаваржааны хашаан дээр байсан.Нийт 32 тооны адуу байх ёстойгоос нийт 30 адуу байсан.Харин сартай цавьдар шүдлэн, өсгий цагаан хээр морь,2 байхгүй байсан юм.Ингээд адуугаа туугаад сумын төв рүү явж байтал миний араас 2 морь хөтөлсөн хүн ирсэн.Тэгтэл Жаргалантын Баярсайхан гэдэг хүн миний дутуу байсан 2 адууг хөтөлж ирсэн.Баярсайхан гуай надад хэлэхдээ “модон дотор морь янцгаагаад байхаар нь очтол энэ 2 адуу уяатай байхаар нь гэрийнхээ гадаа байлгаж байгаад чамайг адуугаа олоод авч явахыг чинь хараад авчирч өглөө гэж байсан....миний адууг бүгдийг нь хулгайлсан гэж үзэж байна Манай адуу Жаргалант руу огт явдаггүй бараг 20 орчим км явсан байсан.Сүүлд Баярсайханы Бадарч хулгайлсан гэдгийг мэдсэн...гэх мэдүүлэг /хх- ийн 32-33-р хуудас/,

Гэрч З.Баярсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2016 оны 8 дугаар сард манай хөрш Нарангийн эхнэрийн дүү Цаатан гэж залуу Наран руу Батжаргалын арын модонд адуу байсан. Бадарчийг адуу туугаад ирсэн гэсэн утгатай зүйл ярьсан. Түүнийг сонсоод явган гишгээд 2 километр орчим яваад Батжаргалын зуслангийн хашаан дээр иртэл хашаанаас нилээн хол зайтай хонгор голцуу, хонгор азаргатай 30 гаран тооны адуу байсан. Би Батжаргалын хашааны хойд талд модонд морь уяачихлаа гэж бодоод яваад очтол Батжаргалын хашааны хойд талын жижиг зураанд хээр морь, сартай хүрэн үрээ хоёрыг уячихсан байхаар нь хөтлөөд гэртээ авч ирсэн. Гэртээ ирээд байж байтал Наран над руу залгаад Мөнхбат адуугаа авах гээд хүрээд ирлээ гэхэд уясан байсан хоёр морио Мөнхбатад аваачиж өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 36-37-р хуудас/,  

Гэрч Г.Наранхүүгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: … 2016 оны 8 дугаар сарын 10-ны үеэр Алаг-Эрдэнэ сумын 4 дүгээр баг Шүүрэгт гэх газарт хонинд явж байтал үзэж хараагүй бараан голцуу Хонгор азаргатай 20 гаран тооны адуу байсан. Цаатан бид хоёр үхэрт явангаа адууг очоод үзтэл Цаатан Мөнхбатын адуу байна гэж таньсан Цаатан орой нь Мөнхбат руу утасдаад ирээд аваад явсан. Сүүлд нутгийн хүмүүс Бадарчийг хоёр тооны морь Батжаргал гэж айлын хашааны хойд модонд уясан байсныг мэдсэн. Орон нь Мөнхбатыг адуун дээрээ очоод тууж явахад Баярсайхан гуай 2 морь хөтлөөд Мөнхбатад аваачиж өгснийг харсан гэх мэдүүлэг /хх-ийн 66-р хуудас/

Гэрч Д.Бат-Өлзийгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2016 оны 07-р сарын сүүлээр байх би өдрийг нь сайн санахгүй байна. Манайд Чандмань-Өндөр сумын харьяат Сарангэрэл гэгч эмэгтэй. Мөрөн суманд багшилдаг Халтар багшийн машинаар манайд ирсэн юм. Мөн Ганяхүү гэдэг нэртэй эрэгтэй хүн хамт юм. Би энэ гурван хүнийг гурвууланг нь таньдаг юм. Эдгээр хүмүүс хөдөөгөөр явж наймаа хийгээд буцаж ирэхдээ манайд 6 хонь, 2 ямаа авчирсан юм. Манайх хөрөө рамны хашаанд байдаг юм. Манай хашаан дотор лав 2 хоносон юм. Тэгтэл 3 дахь шөнөө уг хонь, ямаанууд хулгайд алдагдсан юм. Шөнө 01 цагийн орчим уг хонь ямаанууд үргэх чимээ гарч байсан юм. Тэгээд хэсэг байж байгаад Ганяхүү гарч хараад нөгөө хонь ямаанууд алга болсон байна гээд манай нөхөр Эрдэнээ, Ганяхүү хоёр гарч мотоциклоор хайгаад олоогүй юм. Ингээд уг хонь ямаанууд сураггүй алга болсон юм. Орой Сарангэрэл манай бэрийнд хонож байсан. Тэр орой Б.Бадарч гэдэг хүн хөдөөнөөс ирэх ёстой байсан юм байна лээ. Манай хашааны үүд хүн онгойлгохоос өөр ямар ч онгойх аргагүй юм. Сүүлд сонсоход Бадарч гэгч хулгайлж авсан гэдгээ Сарангэрэлд хэлсэн юм шиг байна лээ гэх мэдүүлэг /хх-ийн 45-46-р хуудас/,

Гэрч Л.Амаржаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2016 оны 07-р сарын сүүлээр байх Б.Бадарч гэгч залуу манай гэрт морьтой ирээд надад хонь, ямаа хоёр зарсан юм. 30, 30 мянгаар авсан санагдаж байна. Би мөнгө байхгүй гэхэд дараа өгчихгүй гээд байсан. Энэ өдрийнхөө маргааш нь манайд 17 цагийн орчим Бадарч ирээд дүү нь Мөрөн явж хонь зарах гэсэн юм. Та машинтайгаа яваад өгөөч гэсэн. Би Сувару имреза гэдэг машинтай юм. Би Бадарчаас хулгайн хонь биш биз гэхэд ямар ч баараггүй манайх юм гээд байсан. 4 хонь ачиж явна гээд байсан. Ингээд би зөвшөөрөөд байж байтал Бадарч манай гэрийн гадаа туугаад ирсэн юм. Ингээд миний машины арын багаажинд хоёрынх хөлийг боож хийгээд хоёрыг нь хойд суудалд тавиад Бадарчтай цуг явсан. Тэгэж ирэхдээ нийт 5 хонь тууж ирээд нэг хонийг нь надад хөлсөнд өгсөн. Маргааш нь нэг хонь хөлсөнд авсан .Тэгэхээр би 3-ыг нь авсан юм. Би Бадарчийнд ирээд Мөрөнгийн ар талд захаас хойш хойноосоо 2-дахь гудамжинд Одгэрэл гэдэг төрсөн эгчийнд нь буулгасан юм. Маргааш нь намайг гарах гэж байхад Бадарч утсаар яриад би буцаж явахаар боллоо гээд хамт Алаг-эрдэнэ сум уруу гарч ирсэн гэх мэдүүлэг /хх-ийн 47-48-р хуудас/,

Шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хх-ийн 49-р хуудас/

Мал үнэлсэн тайлан /50-51-р хуудас/,зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Бадарчийг 4 удаагийн үйлдлээр нийт 18.460.000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зуилиин 145.2-т зааснаар гэмт хэргийг давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Бадарч нь Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхээр 2011 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 1 сарын хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 2 жилийн хорих ялаар тус тус шийтгэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 2 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 1 сарын хорих ялд багтааж бүгд 3 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж 2013 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр шүүгчийн захирамжаар хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, 2014 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 166 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 жилийн хорих ялаар шийтгэгдэж 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Өршөөлийн тухай хуулиар суллагдсан байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-т зааснаар түүний ялгүй болох хугацаа дуусаагүй байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Шүүгдэгч Б.Бадарч нь урьд ял шийтгэл эдэлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 75-76, 90-р хуудас/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 77-85-р хуудас/ зэргээр тогтоогдож байна.

Шүугдэгч Б.Бадарч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан гэм хорыг арилгасан болох нь хохирогч Д.Сарангэрэл, Г.Ганчимэг, Д.Ням-Очир нарын гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Бадарчид ял шийтгэл оногдуулахдаа түүний хувийн болон ар гэрийн байдлыг харгалзаж эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй гэж үзлээ.

Энэ хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь 108 хоног цагдан хоригдсон, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-299 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Боржигон овогт Баярсайханы Бадарчийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Б.Бадарчийг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.Бадарчид оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч Б.Бадарчийн цагдан хоригдсон 108 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5. Энэ хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирлоо нөхөн төлсөн болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бадарчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлжсүгэй.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Н.НЯМСҮРЭН