Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 2024/ШЦТ/614

 

 

 

 

 

 

 

 

 

   2024         06          14                                   2024/ШЦТ/614

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,     

улсын яллагч Н.Булганчимэг,   

шүүгдэгч *********, *********, / өөрийгөө өмгөөлж/,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нарыг оролцуулан эрүүгийн 2409005430374 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 19** оны 11 дүгээр сарын 22-ны өдөр ************** төрсөн, эрэгтэй, ** настай, дээд боловсролтой, геологич мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 2, эхнэрийн хамт Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, ************* тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл,  ухаан бүрэн, /РД:**********/, Чин ван ********** овогт ********* нь:

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 19** оны 09 дүгээр сарын 21-ний өдөр ************ төрсөн, эмэгтэй, ** настай, бүрэн дунд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, *************** тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл,  ухаан бүрэн, /РД:**********/, *********** овогт ************ нь:

 

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар: 

 

*********** нь “ЭБЭ” ХХК-ийн 51 хувийн хувьцаа эзэмшигч бөгөөд тус компанийн 49 хувийг эзэмшигч ********, ********** нарт мэдэгдэлгүйгээр тэдгээрийн нэрийн үсгийг хуурамчаар зуруулахаар бусдад төлбөр төлж, 2023 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дугаартай хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол, "ЭБЭ” Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрэм гэсэн бичиг баримтыг хуурамчаар үйлдүүлэн хуурамч болохыг мэдсээр байж Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Улсын бүртгэл”-ийн ерөнхий газарт бүртгүүлэн гүйцэтгэх удирдлагыг шилжүүлэн авахад ашигласан гэмт хэрэгт,

 

******** нь “ЭБЭ” ХХК-ийн 51 хувийн хувьцаа эзэмшигч ******** ЭБЭЗ ХХК-тийн гүйцэтгэх удирдлагыг өөрчлөх талаар 620,000 төгрөгийн төлбөр өгч 49 хувийг эзэмшигч **********. *********** нарт мэдэгдэлгүйгээр 2023 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дугаартай хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол, "ЭБЭ” Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрэм гэсэн бичиг баримтыг хуурамчаар үйлдэн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Улсын бүртгэл”-ийн ерөнхий газарт бүртгүүлэн гүйцэтгэх удирдлагыг өөрчилсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн Прокуророос ********** Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

 

************ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн.

 

Яллах болон өмгөөлөх талуудын шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ********* мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын явцад өгсөн мэдүүлэгтэйгээ санал нэг байна. Нэг зүйл ойлгоосой гэдгийг хүсэж байна. Би хүнийг хохироож бүх зүйлийг авах сэтгэлээр биш ганцхан энэ компанийн хойшдын хувь заяаг бодож ********* нь хууль бус дарга байсан. Бид нартай гэрээ хийж гүйцэтгэх захирал болох байсан. 51 хувийн хувьцаа эзэмшигч надтай харилцан гэрээ хийсэн зүйл байхгүй, буруу үйл ажиллагаа явуулаад байсан учраас үүнийг нь зогсоохын тулд хувьцаанд нь өөрчлөлт оруулахгүйгээр буруу үйл ажиллагаа хийсэн байна. ********** нь хувьцаа эзэмшигч нартай гэрээ хийж байж гүйцэтгэх захирал болох байсан. Энэ талаар үнэн зөв мэдүүлсэн байгаа. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ********** мэдүүлэхдээ: “... ******** гуай 51 хувийг эзэмшиж байсан учир би компаний бичиг баримтыг бэлдэж өгсөн. Хувьцаа эзэмшигч бусад хүмүүстэй яриагүй. Бичиг баримтыг бүрдүүлж Улсын бүртгэлийн газарт би өөрөө аваачиж өгсөн. Би 670.000 төгрөг авсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч ********* цагдаагийн байгууллагад гаргасан гомдол, хавсралт баримтууд /1хх 21-32/, хохирогч ********* мэдүүлэг /1хх 77-79/, хохирогч ********* мэдүүлэг /1хх 82-83/, гэрч ******** мэдүүлэг /1хх 87х/, гэрч ********** мэдүүлэг /1хх 91/, Шүүхийн Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 758 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 100-119/, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын ЭБЭ ХХК-тай холбогдох материалууд /1хх 136, 2хх-20/, Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 127/,  ********** хувийн байдалтай холбоотой баримтууд /2хх 41-50/, ********** хувийн байдалтай холбоотой баримтууд /2хх 32-40/  зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч *********** нь “ЭБЭ” ХХК-ийн 51 хувийн хувьцаа эзэмшигч бөгөөд тус компанийн 49 хувийг эзэмшигч ***********, ********** нарт мэдэгдэлгүйгээр тэдгээрийн нэрийн үсгийг хуурамчаар зуруулахаар бусдад төлбөр төлж, 2023 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дугаартай хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол, "ЭБЭ” Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрэм гэсэн бичиг баримтыг хуурамчаар үйлдүүлэн хуурамч болохыг мэдсээр байж Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Улсын бүртгэл”-ийн ерөнхий газарт бүртгүүлэн гүйцэтгэх удирдлагыг шилжүүлэн авахад ашигласан,

 

Шүүгдэгч *********** нь “ЭБЭ” ХХК-ийн 51 хувийн хувьцаа эзэмшигч ******** ЭБЭЗ ХХК-тийн гүйцэтгэх удирдлагыг өөрчлөх талаар 620,000 төгрөгийн төлбөр өгч 49 хувийг эзэмшигч *********. ********** нарт мэдэгдэлгүйгээр 2023 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дугаартай хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол, "ЭБЭ” Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрэм гэсэн бичиг баримтыг хуурамчаар үйлдэн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Улсын бүртгэл”-ийн ерөнхий газарт бүртгүүлэн гүйцэтгэх удирдлагыг өөрчилсөн үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:

 

Хохирогч *********** мэдүүлэг /1хх 77-79/, “...Манай аав “ЭБЭ” ХХК-ийн анх үүсгэн байгуулж 100 хувийн хувьцаа эзэмшдэг байсан. Тэгээд аав амьд байхдаа найз ********** гэх хүнд жоншны ордод хөрөнгө оруулж нарийвчилсан хайгуулын ажлыг хамтран хийж хэрэгжүүлэх зорилгоор компанийн 51 хувийн бэлэглэлийн гэрээгээр ********** овогтой ******** гэх хүнд шилжүүлсэн байдаг. Өнөөдрийн байдлаар “ЭБЭ” ХХК-ийн 51 хувийн хувьцааг С.Энхцаг, 32,6 хувийг би үлдсэн 8,2 хувийг *********, 8,2 хувийг ********* гэх хүмүүс эзэмшдэг. Гэтэл би Улсын бүртгэлийн ерөнхий газар дээр 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр очиж өөрийн эзэмшлийн компанийн мэдээллийг шүүлгэхэд бид нарын хувьцаа эзэмшдэг компанийн үйл ажиллагааны чиглэлийг өөрчилж шинээр гүйцэтгэх захирлаар ********** өөрийгөө бидэнд мэдэгдэлгүй томилсон байна. Манай компанийн гүйцэтгэх захирлаар ******** овогтой *********** /РД:**********/ 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр бүх хувьцаа эзэмшигчдийн хурлаар томилж байсан. Гэтэл ********* захирал болон бусад хувьцаа эзэмшигчдэд мэдэгдэлгүй ******** 2023 оны  4 дүгээр сарын 12-ны өдөр Хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэлийг өөрөө хөтөлсөн мэтээр тэмдэглэл хөтөлж бусад хувьцаа эзэмшигчдийг байлцсан мэтээр гарын үсэг зурж компанийн дүрэм, үйл ажиллагааны чиглэл, гүйцэтгэх захирал, тамга тэмдэг, гэрчилгээ зэргийг хуурамчаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын ажилтан ************ гэх хүнд 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр бүртгүүлсэн байсан. Компанийн 2067439 дугаартай "ЭБЭ" ХХК-ний гэрчилгээг үрэгдүүлсэн гэж сонинд зарлуулсан тухай мэдээлэл нь Улсын бүртгэлийн ажилтан надад гарган өгсөн...” гэх мэдүүлэг,

 

Хохирогч ********** дахин өгсөн: “...Би Улсын бүртгэлийн газар дээр 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр компанийн 2011 оны хувьцаа эзэмшигчдийн талаар мэдээлэл авах гэж очсон. Гэтэл Улсын бүртгэл”-ийн ажилтан намайг "гарын үсгээ ямар сонин зураад байгаа юм. Өмнөх шигээ зур" гэж хэлсэн. Тэгээд надад дэлгэцэн дээр миний гарын үсэг гээд нэг гарын үсэг харуулсан. Тэр нь миний гарын үсгээс өөр гарын үсэг байсан. Би өөрийн албан бичгээ өгөөд Улсын бүртгэлээс компанийн талаарх материал авахад гүйцэтгэх захирал, үйл ажиллагааны чиглэл өөрчилснийг мэдсэн. Би 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс өвлөх эрхийн гэрчилгээгээр эзэмших болсон. ********** манай талийгаач аав *********** 2011.05.20-ны өдөр ********* хайлуур жоншны орд дээр хамтран ажиллах гэрээ хийж тухайн орд дээр нарийвчилсан хайгуулын ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцсон боловч ажлаа гүйцэтгээгүй байхдаа бэлэглэлийн гэрээгээр компанийн 51 хувийг эзэмших болсон. Манай аав ******* 2016 онд нас барснаас хойш ******** би 51 хувийг эзэмшдэг тул компанийн Усан биндэрьяа болон хайлуур жоншны ордыг минийх гэх болсон. Манай компанийн хурал 2020 оны 06 дугаар сард хуралдаж байсан. Түүнээс хойш би ******* гэх хүнтэй уулзаагүй...” гэх мэдүүлэг,

 

хохирогч *********** мэдүүлэг /1хх 82-83/: “...Би ЭБЭ ХХК-нд 2018 оноос эхлэн өөрийн төрсөн охин ********** хамт хувьцаа эзэмших болсон. Би 8.2,  харин охин маань 8.2 хувийг эзэмшдэг юм. Манай компанийн захирлаар гүйцэтгэх захирлаар ********** гэдэг хүн байсан. Тэгсэн чинь 2023 оны 04 сард байх ********* гээд мөн адил компанид хувьцаа эзэмшдэг байсан хүн нь гүйцэтгэх захирал болсон байсан. Энийг би сүүлд ******** гээд хувьцаа эзэмшигчээс мэдсэн. ********** нь манай нөхөр ******** хүү нь байгаа юм. Тэгээд энэ асуудлаар ********* цагдаад хандсан...” гэх мэдүүлэг,

гэрч ********** мэдүүлэг /1хх 87х/: “...********** хувьд хувьцаа эзэмшигч биш тул өөрийн биеэр байх ч шаардлага байхгүй. ЭБЭ ХХК-ийн үүсгэн байгуулагчдын гарын үсэг зурагдаж, тамга тэмдэг дарагдсан байсан учир би журмын дагуу бүртгэлд авагдсан...” гэх мэдүүлэг,

гэрч ********** мэдүүлэг /1хх 91/: “...Манай компани үйл ажиллагаа явуулахгүй зогсонги байдалтай байна. Миний хувьд тус компанийн гүйцэтгэх захирал боловч хувьцаа эзэмшигчдийг дунд юу болж байгааг мэдэхгүй...”гэх мэдүүлэг,

Шүүхийн Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 758 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1. “...Улсын бүртгэлийн ерөнхий газрын архивд хадгалагдаж буй "9011102046" дугаартай хувийн хэрэгт авагдсан 2023.04.12 гэсэн огноотой "ЭБЭ ХХК, Хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол", "ЭБЭ Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрэм" гэсэн баримтуудын "Хувьцаа эзэмшигчид" гэсэн хэсэгт "*********" гэсний урд зурагдсан байх гарын үсгүүд нь харьцуулах загвараар ирүүлсэн ********* гэх гарын үсгийн загваруудтай тохирохгүй байна.

2. Улсын бүртгэлийн ерөнхий газрын архивд хадгалагдаж буй "9011102046" дугаартай хувийн хэрэгт авагдсан 2023.04.12 гэсэн огноотой "ЭБЭ ХХК, Хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол", "ЭБЭ” Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрэм гэсэн баримтуудын "Хувьцаа эзэмшигчид" гэсэн хэсэгт "***********" гэсний урд зурагдсан байх гарын үсгүүд нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн *********** гэх гарын үсгийн загваруудтай тохирохгүй байна...” гэжээ.

 

Дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэлд /1хх 127/: “...********* Хаан банк”-ны *********** дугаартай данснаас 223 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр “компанийн бичиг баримт гаргуулах” гэсэн утгатай ******** дугаарын данс руу 670.000 төгрөг шилжүүлсэн...” гэх тэмдэглэл, ********** хувийн байдалтай холбоотой баримтууд /2хх 41-50/, ********** хувийн байдалтай холбоотой баримтууд /2хх 32-40/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч ***********, ************ нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхэд мөрдөн байцаалтын явцад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.

 

Ийнхүү шүүгдэгч *********, ********* нар нь Эрх олгосон баримт бичгийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан, эрх олгосон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул тэдгээрийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Тусгай зөвшөөрөл, эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт, иргэний, албаны, жолоодох эрхийн үнэмлэх, боловсролын үнэмлэх, диплом, гадаад паспорт, төрийн шагнал, хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн, эдийн, эдийн бус баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан, худалдсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ. гэж уг гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийн төрөл хэмжээг хуульчлан тогтоосон.

 

Шүүгдэгч *********, ******** нарт ял шийтгэл оногдуулахад тэдгээр нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, тэдгээрийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээр дурдсан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, тэдгээрийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга есны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч ********* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1500 нэгж буюу / 1 нэгж=1000 төгрөг/ 1.500.000 төгрөгөөр торгох ял,

Шүүгдэгч ********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгж буюу / 1 нэгж=1000 төгрөг/ 1.000.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **********, ********** нарт оногдуулсан торгох ялыг 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, уг хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.

 

Бусад асуудлаар:

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

 

Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг гар утасыг шийтгэх тогтоол хүчинтөлдөр болмогц шүүгдэгч ********* буцаан олгох,  1 ширхэг сидиг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ************* 670.000 төгрөгийг гаргуулан улсын төсөвт шилжүүлэхийг дурдаж шийдвэрлэв.

 

Шүүхээс шүүгдэгч **********, ******** нарыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч, өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******** овогт ************ “эрх олгосон баримт бичгийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан”,

Шүүгдэгч ********** овогт *********** “эрх олгосон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч ********** Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 / нэг сая/ төгрөгөөр торгох,

 

Шүүгдэгч  *********** Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 /нэг сая таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **********, ********** нарт оногдуулсан торгох ялыг 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, уг хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **********, *********** нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг гар утасыг шийтгэх тогтоол хүчинтөлдөр болмогц шүүгдэгч ********* буцаан олгох,  1 ширхэг сидиг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *********** 670.000 төгрөгийг гаргуулан улсын төсөвт шилжүүлсүгэй.

 

  7. ************, ************ нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

   8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч  ***********, ********** нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       С.ОЮУНЧИМЭГ