Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 182/ШШ2022/00567

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: дүүрэг  дүгээр хороо, байр  тоот хаягт оршин суугч овогт Б.Т /регистрийн дугаар /-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: дүүрэг, хороо, тоот хаягт тоот хаягт оршин суугч овогт Г.Э /регистрийн дугаар /-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 11,040,000 төгрөг, алданги 5,520,000 төгрөг нийт 16,560,000 төгрөг гаргуулах тухай

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б.Т

Хариуцагч Г.Э

Гэрч Ё.Чулуунцэцэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Т нь хариуцагч Г.Эод холбогдуулан Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 11,040,000 төгрөг, алданги 5,520,000 төгрөг нийт 16,560,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна Үүнд:

 

1.Нэхэмжлэгч Б.Т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Этой 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулж нотариатчаар гэрчлүүлсэн. Нэг бүрийн үнэ 80,000 төгрөгөөр, 138 ширхэг хос гутлын үнэ 11,040,000 төгрөгийг, 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлөхөөр тохиролцсон. Г.Эод 138 ширхэг хос гутал хүлээлгэн өгсөн. Төлбөрийг төлөөгүй тул гэрээний үүрэгт 11,040,000 төгрөг, алданги 5,520,000 төгрөг нийт 16,560,000 төгрөг гаргуулна гэв.

 

2.Хариуцагч Г.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Захирал С.Пүрэвсүрэн намайг Б.Таас 139 ширхэг ажлын гутал аваад Ё.Чулуунцэцэгт хүргэж өг гэсэн.  Б.Т нь гэрээ хийгээд гутлаа өгнө гэж хэлсэн. Ё.Чулуунцэцэгт мэдэгдэхэд гэрээ хийчих гэж зөвшөөрсөн. Ингээд гутал болон  гэрээг Ё.Чулуунцэцэгт хүлээлгэн өгсөн тул төлбөрийг хариуцахгүй гэв.

 

3.Нэхэмжлэгч нотлох баримтаар Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 26ё2-9/5693 албан бичиг, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 01778 шийдвэр, Зээлээр худалдах, худалдан авах гэрээ, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн  шийдвэр зэрэг баримтуудыг өгсөн. Хариуцагч хариу тайлбар ирүүлсэн.  Түүний хүсэлтээр шүүхээс Ё.Чулуунцэцэгээс гэрчийн мэдүүлэг авах ажиллагааг явуулсан байна. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй гэж үзлээ.

 

1.Нэхэмжлэгч Б.Т хариуцагч Г.Эод холбогдуулан Зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэгт 11,040,000 төгрөг, алданги 5,520,000 төгрөг нийт 16,560,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Зээлийн гэрээг бичгээр байгуулсан. Гэрээгээр төлбөр төлөх хугацаа 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр дууссан тул төлбөрөө шаардах эрх үүссэн гэж тайлбарлав.

 

2.Хариуцагч Г.Э нэхэмжлэлийн дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Захирал С.Пүрэвсүрэн 139 ширхэг ажлын гутал аваад ир гэсэн. Б.Т нь гэрээ хийгээд гутлаа өгнө гэж хэлсэн. Ё.Чулуунцэцэгт мэдэгдэхэд гэрээ хийхийг зөвшөөрсөн. Ингээд гутал, гэрээг Ё.Чулуунцэцэгт хүлээлгэн өгсөн тул төлбөрийг төлөхгүй гэж маргасан.

 

3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Талуудын хооронд 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр байгуулагдсан Зээлээр худалдах, худалдан авах гэрээ, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 01778 шийдвэр, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 26ё2-9/5693 албан бичиг, зохигчдын тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар дараахь үйл баримт  тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Б.Т хариуцагч Г.Этой 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулжээ. Тус гэрээний дагуу өвлийн ажлын гутлыг нэг бүрийн үнэ 80,000 төгрөгөөр үнэлж, 138 ширхэг хос гутлын үнэ 11,040,000 төгрөгийг, 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлөхөөр, гэрээний 3.5-д тохирч гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алданги тооцохоор тохиролцсон нь талуудын хооронд Зээлээр худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь дээрх  гэрээний 3.5-д зааснаар алданги шаардсан нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгтэй нийцсэн байна.

 

4.Хариуцагч Г.Э нь 138 ширхэг хос гутал хүлээн авч төлбөрийг төлөөгүй тухайд  маргаагүй.

           5.Нэхэмжлэгчээс ирүүлсэн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 02139 шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлага хангаагүй, тухайн хэрэгт хамааралгүй тул уг баримтыг үнэлэхгүй. Харин Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 01778 шийдвэр, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 26ё2-9/5693 албан бичиг зэргээр Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Эыг эрэн сурвалжилсан үйл баримт тогтоогдсон байна.

 

6.Гэрч Ё.Чулуунцэцэг шүүх хуралдаанд “Г.Эын эгч С.Пүрэвсүрэнд гутлыг цааш нь борлуулах боломж байна. Дарханд 138 хос гутлыг зарахад бэлэн болчихлоо гэж хэлсэн. С.Пүрэвсүрэн тэгвэл би аваад танд өгье, та борлуулчих гээд Г.Эоор 138 гутал авахуулж надад өгсөн. Би гутлыг борлуулаад 2,900,000 төгрөгийг С.Пүрэвсүрэнгийн дансанд шилжүүлсэн. Мөнгийг дутуу шилжүүлсэн тул эвлэрч төлмөөр байна” гэх мэдүүлэг өгсөн.

Хариуцагч Г.Э нь гутлыг Ё.Чулуунцэцэгт хүлээлгэн өгсөн гэж, гэрч Ё.Чулуунцэцэг төлбөрийг төлөхийг зөвшөөрсөн мэдүүлэг өгсөн боловч нэхэмжлэгч Б.Т нь хариуцагчаар өөр этгээдийг солихыг зөвшөөрөхгүй гэж мэтгэлцэж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3.Нэхэмжлэгч хариуцагчийг өөр этгээдээр солих тухай хүсэлт гаргаагүй, эсхүл зөвшөөрөөгүй бол шүүх хариуцагчийг сольж болохгүй” гэж заажээ.

 

Иймд хариуцагч Г.Эоос зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэгт 11,040,000 төгрөг, алданги 5,520,000 төгрөг нийт 16,560,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Тад олгох үндэстэй.

 

7.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 241,101 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 241,101 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

               

Хариуцагч Г.Э нь Г.Пүрэвсүрэнгээс гэрчийн мэдүүлэг авахуулах хүсэлтээсээ бичгээр татгалзсан болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Эоос 16,560,000 /арван зургаан сая таван зуун жаран мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Тад олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 241,101 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Эоос 241,101 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Тад олгосугай.

 

3.Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч,тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Н.НАРАНГЭРЭЛ