Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 102/шш2021/03330

 

 

 

 

 

2021 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2021/03330

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                    

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ........... дүүрэг  дугаар хороо ........... гудамж тоотод оршин суух, ........... онд төрсөн  настай Б овогт Б ын Х

Хариуцагч:........... дүүрэг,  дүгээр хороо,  дүгээр хороолол  ............дугаар байрны ........ тоотод оршин суух,  ............... онд төрсөн  настай, Б овогт Б- ы А .

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б , хариуцагч Б.А , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баяржаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Б.А д 1.500.000 төгрөгийг 10 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлдүүлсэн. Хариуцагч гэрээний хугацаанд 1.650.000 төгрөг төлөхөөс 2019 оны 07 дугаар сарын 23-наас 30-ны хооронд сар бүр 55.000 төгрөг буюу 330.000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 100.000 төгрөг, 10 дугаар сарын 31, 11 дүгээр сарын 02, 03, 05-ны өдрүүдэд тус бүр 50.000 төгрөг, 11 дүгээр сарын 21-ний өдөр 100.000 төгрөг буюу 400.000 төгрөг, нийт 730.000 төгрөг төлсөн. 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 100.000 төгрөг, 10 дугаар сарын 22, 23, 24, 25, 26, 31-ний өдөр тус бүр 50.000 төгрөг, хүүхдийнхээ данснаас 150.000 төгрөг шилжүүлж нийт 650.000 төгрөг төлсөн. 2021 онд шүүхэд нэхэмжлэл өгснөөс хойш 10 дугаар сарын 21, 11 дүгээр сарын 05, 11 дүгээр сарын 23-нд тус бүр 50.000 төгрөг буюу 150.000 төгрөг төлөгдсөн байна. Төлөлтийн дүнд маргахгүй. Өнгөрсөн хугацаанд төлөгдсөн мөнгө нь алдангид тооцогдож хасагдана. Иймд хариуцагч Б.А гаас үндсэн зээл 920.000 төгрөг, алданги 460.000 төгрөг нийт 1.380.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Б.А шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Б.Х тэй зээлийн гэрээ байгуулж 1.500.000 төгрөгийг 1 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй зээлдэж, хүүгийнхээ дансаар мөнгийг шилжүүлж авсан. Зээлээс 2019 онд 730.000 төгрөг, 2020 онд 650.000 төгрөг, 2021 онд 150.000 төгрөг тус тус төлсөн. Үндсэн зээл, алдангид 120.000 төгрөг төлөх үлдэгдэлтэй байгаа гэв.

 

Шүүх хуралдаанаар талуудын гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Х нь хариуцагч Б.А д холбогдох гэрээний үүргийн биелэлтэд 1.380.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Б.А нь нэхэмжлэгч Б.Х тэй 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 1.500.000 төгрөгийг 10 хувийн хүүтэй 1 сарын хугацаатай, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож төлөх нөхцөлтэйгээр тохиролцож, мөнгийг шилжүүлэн авсан байна.

Зээлийн гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүрэг хүлээжээ.

Зээлдүүлэгчээс зээлийн гэрээний 3.2, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар зээлийн мөнгийг шилжүүлсэн, зээлдэгч 1.500.000 төгрөгийг шилжүүлэн авч ашигласан болохоо зөвшөөрч тайлбарлалаа.

Талуудын тохирч байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр дуусгавар болоход хариуцагч гэрээний хугацаанд 2019 оны 07 дугаар сарын 23-наас 30-ны хооронд 330.000 төгрөг төлсөн тул гэрээний хугацааны хүү 150.000 төгрөг, үндсэн зээлээс 180.000 төгрөг төлөгдсөн, үндсэн зээл 1.320.000 төгрөг үлдсэн байна.

Хариуцагч нь 2019 оны 10 дугаар сарын 02-ноос 11 дүгээр сарын 21-ний хооронд 400.000 төгрөг, 2020 оны10 дугаар сарын 20-ноос 10 дугаар сарын 31-ний хооронд 650.000 төгрөг тус тус төлсөн ба эдгээр дүнг үндсэн зээлээс хасаж тооцоход 270.000 төгрөгний үүргийн үлдэгдэлтэй байна.

Нэхэмжлэгч үндсэн зээл 920.000 төгрөг нэхэмжилсэн боловч хариуцагч нийт 1.050.000 төгрөг төлсөн тул /1.320.000-1.050.000=270.000/ үндсэн зээл 1.320.000 төгрөгнөөс 1.050.000 төгрөгийг хасаж үлдэх 270.000 төгрөг, алданги 135.000 нийт 405.000 төгрөгийг хариуцагч төлөх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2021 оны 10 дугаар сарын 21, 11 дүгээр сарын 05, 11 дүгээр сарын 23-нд тус бүр 50.000 төгрөг нийт 150.000 төгрөг төлсөнг хасаж /405.000-150.000=255.000/ хариуцагч Б.А гаас 255.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Х д олгож, үлдэх 1.125.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас хангасан хэлбэрээр улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Б.А гаас 255.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Х д олгож, үлдэх 1.125.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43.774 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.А гаас 8.300 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Х д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийн хувийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА