| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2021/03636/И |
| Дугаар | 102/шш2021/03357 |
| Огноо | 2021-12-13 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 102/шш2021/03357
| 2021 оны 12 сарын 13 өдөр | Дугаар 102/ШШ2021/03357 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:........... дүүрэг дүгээр хороо ...........дугаар гудамж тоотод оршин суух, онд төрсөн настай, Х овогт О-ын У .
Хариуцагч:........... дүүрэг дугаар хороо дугаар байр тоотод оршин суух, онд төрсөн настай, Х овогт Н ийн Э
Хариуцагч: ........... дүүрэг дүгээр хороо ......... дүгээр байр ...... тоотод оршин суух, онд төрсөн настай, О овогт Дын З.
2.700.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч О.У , хариуцагч Н.Э , Д.З , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.У шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 2020 оны 06 дугаар сард П ХХК-ийг худалдаж авах зорилгоор хуулийн мэдлэггүй тул өмгөөлөгч авч Н.Э тай холбогдож очиж уулзсан. Өмгөөлөгч нар бид багаар ажилладаг өмгөөлөгчийн хөлс 3.000.000 төгрөг болно гэхээр нь хоёр өмгөөлөгчтэй гэрээ хийсэн. Өмгөөлөгч нар компанийг худалдаж авах бүх асуудлыг хариуцаад ажиллаад өгнө гэсэн тул 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж өмгөөлөгч Д.З гийн Хаан банкны данс руу өмгөөллийн хөлс гэж мөнгөө шилжүүлсэн. Өмгөөлөгч нар ажлаа эхлүүлсэн боловч 2020 оны 07 дугаар сард олон хоногоор хөдөө явсан. Энэ хугацаанд П ХХК-ийн захирал 07 дугаар сарын сүүлээр манай тусгай зөвшөөрөл бусдад шилжих боломжгүй юм байна гээд алга болсон тул компани худалдан авах ажиллагаа эхлээгүй юм. Компани худалдан авах ажиллагаа эхлээгүй тул хоёр өмгөөлөгчтэй холбогдож гэрээний 4.5-д заасны дагуу үнийн дүнгийн 10%-ийг суутгаж буцаан олгоно уу гэж хэлсэн боловч, бид зөндөө ажил хийсэн тул мөнгийг буцаан олгох боломжгүй хэмээн мэдэгдсэн. Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний 1.3-т заасны дагуу гэрээг байгуулсан өдрөөс эхлэн компани худалдан авах ажиллагаа дуусгавар болгосноор өмгөөлөгчийн энэ гэрээ дуусгавар болно хэмээн тайлбарласан боловч наадах чинь хамаагүй гэсэн. Миний хувьд сайн дураар хуулийн туслалцаа авах гэрээнээс татгалзсан бол гэрээний 4.1-т зааснаар төлсөн мөнгөө 100% хариуцагч нарт үлдээх байсан. Надаас шалтгаалахгүйгээр компани зарах хүн компанийг худалдах боломжгүй боллоо гэхээр нь миний зүгээс гэрээнээс татгалзаж гэрээнд зааснаар 10%-ийг суутгаад үлдсэн төлбөрийг авах үндэслэлтэй гэж үзэж байгаа. Өмгөөлөгч нар Ашигт малтмалын газарт албан бичгээр хандсан боловч хариугаа авсан эсэхийг мэдэхгүй. Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулаад 2 удаа зөвлөгөө авсан. Компани худалдаж авах ажиллагаатай холбоотой П ХХК-тай хоёр өмгөөлөгчийг холбож өгч итгэмжлэл авсан. Энэ компаний захирал Ш.Э лиценз шилжих боломжгүй юм байна гэж хэлснээр Ашигт малтмалын газраас шалтгаалж бидний хоорондын компани худалдах гэрээ хэрэгжих боломжгүй болсон. Ер нь худалдах боломжгүй байсан компанитай холбоотойгоор Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ хийсэн байна. Хариуцагч нар 2-3 албан бичиг бичиж өгч, зөвлөгөө өгчихөөд 3.000.000 төгрөг авч болохгүй гэж үзэж байна. Тийм учраас хийсэн ажлынх нь хөлсөнд нэхэмжлэлийн үнийн дүнгээс багасгаж 600.000 төгрөг хасаж, үлдэх 2.400.000 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжилж байна гэв.
Хариуцагч Д.З , Н.Э нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: О.У тай Хөлсөөр ажиллах буюу хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан. Гэрээ байгуулахдаа П ХХК-ийг худалдан авахад хувь нийлүүлэх зөвлөгөө өгөх, туслалцаа үзүүлэх зорилготой бөгөөд ажлыг хийхээр тохиролцож гэрээ хийсэн. Нэхэмжлэгчид компани худалдан авахад ямар ямар асуудал гарах талаар зөвлөгөө хангалттай өгсөн. Гэтэл О.У би сайн ойлгохгүй байна, худалдаж авах гэж байгаа компаний захиралтай уулзуулъя, тэр хүнд юу бүрдүүлэхийг хэлээд өгөөрэй гэсэн. Компаний захирал Ш.Э гэдэг залуутай уулзаж ерөнхийдөө танай талаас ийм материал бүрдүүлж өг гээд зөвлөгөө өгсөн талаар гарын үсэг зуруулаад явсан. Тэр компани өөрийн эзэмшил дээр АЗ-., ХЗ..-, ХЗ-.. гэсэн толгойтой тусгай зөвшөөрөлтэй байсан. Маргаан үүсээд Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Ашигт малтмал газрын тосны кадастрын хэлтэст тусгай зөвшөөрлийг нь сэргээж үргэлжлүүлэн явах эрхтэй талаар шийдвэр гарсан байсан. Энэ шийдвэртэй холбогдуулаад Ш.Э захирлаас итгэмжлэл авч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар очиж энэ үйл ажиллагаа ямар үе шаттай явж байгаа болон боломжтой юу боломжгүй юу гэдэг талаар уулзаж ярьж байсан. Мөн итгэмжлэл авч Ашигт малтмал газрын тосны газрын хуулийн хэлтсийн дарга н.А гэж хүнтэй уулзаж байсан. О.У сонирхол нь уг компанид байгаа газрыг бид нар улсаас нөхөн төлөөд авсан юм чинь өөрөө би энэ газрыг сонгоод сонголтоо өөр газраар солиулж авъя, энэ талаар уулзаад өг, УИХ-ын сонгууль явагдах гэж байгаа учраас сонгуулийн бүтэц зохион байгуулалт дээр таньдаг хүн байгаа. Тэр боломжийн хүрээнд би сонгосон газраа авах хүсэлтэй байна гэж тайлбарлаж байсан. Энэ талаар П ХХК-ийн нэрийн өмнөөс албан бичиг бичээд газартаа оруулж сонгосон газрынхаа зургийн нэхсэн талаар О.У д мэдээлсэн. Гэтэл О.У худалдан авахаа болиод өөрөө алга болсон. Компаний тусгай зөвшөөрөл шилжихгүй гэснээр худалдан авах ажиллагаа биднээс шалтгаалахгүй дууссан нь П ХХК, О.У нарын хоорондын асуудал. Компанийг худалдан авах авахгүй нь нэхэмжлэгчийн өөрийн шийдвэр. Бидний хооронд байгуулсан гэрээний онцлог нь бид ажлын үр дүнг хүлээхгүй. Гэрээний 4.2-т ажиллагааны зардал 3.000.000 төгрөг авахаар тохирч энэ нь зөвхөн ажиллагааны зардал гэж гэрээндээ тодорхой заасан. Цаашид ажиллагаа хийсэн тохиолдолд хөлсийг тухай бүрд нь тохиролцоно гэсэн заалт 4 дүгээр хэсэгт орсон. Гэрээний 4.5-т гэрээний худалдан авах ажиллагаа эхлээгүй тохиолдолд үнийн дүнгийн 10%-ийг суутгаж буцаан олгоно гэж заасан. Мөн гэрээний 4.1-т гэрээ байгуулснаас хойш 10 хоног өнгөрсөн тохиолдолд гэрээний хөлс буцсан тохиолдолд хөлсийг үйлчилгээний хөлсөнд тооцож буцаан олгохгүй гэсэн заалт байна. Гэрээгээр хүлээсэн үүргээ хариуцагч тал биелүүлсэн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.У нь хариуцагч Н.Э , Д.З нарт холбогдох Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу төлсөн 2.700.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, шүүх хуралдаанд үнийн дүнг багасгаж 2.400.000 төгрөг шаардсан байна.
Нэхэмжлэгч О.У нь 2020 оны 06 дугаар сард П ХХК-ийг худалдаж авах зорилгоор өмгөөлөгч Н.Э , Д.З нартай 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулжээ.
Гэрээгээр талууд өмгөөлөгч нь хуулийн хүрээнд үйлчлүүлэгчийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг бүрэн тууштай хамгаална, өмгөөлөгч нь үйлчлүүлэгчийн өгсөн бүрэн бус мэдээллийн улмаас учирсан үр дагаврыг хариуцахгүй. Үйлчлүүлэгч нь эрх зүйн туслалцаа үзүүлэхэд төрийн байгууллага шийдвэрлэхтэй холбогдон гарсан болон бусад шаардлагатай зардлыг төлөх эрх, үүргийг хүлээсэн байна.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь П ХХК-ийг худалдаж авах ажиллагаатай холбоотой өмгөөлөгч авч гэрээ байгуулсан. Уг компаний лиценз Ашигт малтмалын газраас шалтгаалж шилжих боломжгүй болж бидний хоорондын компани худалдах гэрээ хэрэгжээгүй. Компани шилжиж ирээгүй тул гэж тайлбарлан хариуцагч нараас гэрээний хөлсөнд төлсөн 2.400.000 төгрөг шаардсан боловч компани худалдан шилжүүлэхтэй холбоотой гэрээ хэрэгжээгүй байдалд хариуцагчийн буруу тогтоогдохгүй байна.
Хариуцагч нар нь хуулийн зөвлөгөө өгч, талууд 2-3 удаа уулзалт зохион байгуулсан, нэхэмжлэгчийн хүсэлтээр П ХХК-ийн захирал Ш.Э тэй уулзаж, зөвлөгөө өгч тус компаний захирлаас итгэмжлэл авч Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын газар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүсэлт, албан бичиг хүргүүлж байсан талаар талууд тайлбарласан, эдгээр баримт хэрэгт авагдсан тул хариуцагч нарыг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй, зохигч хэн алинаас шалтгаалж компани худалдах ажиллагаа дуусгавар болсон гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний 1.3-т гэрээ байгуулсан өдрөөс эхлэн компани худалдан авах ажиллагаа дуусгавар болсноор өмгөөлөгчийн энэ гэрээгээр хүлээсэн үүрэг дуусгавар болно, 4.1-т гэрээ байгуулснаас хойш 10 хоногоос дээш хугацаа өнгөрсний дараа талууд гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан бол төлсөн хөлсийг гэрээний хугацаанд өмгөөлөгчийн үзүүлсэн үйлчилгээний үзүүлсэн хөлсөнд тооцож буцааж олгохгүй байхаар гэрээгээр тохирсон байна.
Нэхэмжлэгч нь гэрээний 4.5-д худалдан авах ажиллагаа эхлээгүй тохиолдолд үнийн дүнгийн 10 хувийг үйлчилгээний зардалд суутгаж үлдэгдэл хөлсийг буцааж олгоно гэж тохирсон гэх үндэслэлээр хөлсийг буцаан шаардсан боловч хариуцагч нарын зүгээс компани худалдахтай холбоотой зөвлөгөөг нэхэмжлэгчид өгсөн, түүний хүсэлтээр П ХХК-ийн захиралтай уулзаж, зөвлөгөө өгч, итгэмжлэлээр холбогдох газруудтай холбогдож байсан үйл баримт тогтоогдож байгаа тул компани худалдан авах ажиллагааг эхлүүлээгүй гэж үзэх боломжгүй байна.
Иймд хариуцагч Д.З , Н.Э нарт холбогдох нэхэмжлэгч О.У нэхэмжлэлтэй Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний хөлсөнд төлсөн 2.400.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58.150 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар хариуцагч Д.З , Н.Э нарт холбогдох нэхэмжлэгч О.У Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний хөлсөнд төлсөн 2.400.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58.150 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА