| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2024/0719/Э/220/2024/0906 |
| Дугаар | 2024/ШЦТ/719 |
| Огноо | 2024-07-23 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Ч.Батбаатар |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 2024/ШЦТ/719
2024 07 23 2024/ШЦТ/719
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,
улсын яллагч Ч.Батбаатар,
шүүгдэгч *********,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Галхүү нарыг оролцуулан эрүүгийн 2403002020369 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19** оны ** дугаар сарын **-ны өдөр, ********** төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, малчин, ам бүл 3, 2 хүүхдийн хамт, *********** гэх газарт бүртгэлтэй, одоо Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо,************** тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл, ухаан бүрэн, /РД ************/, *******овогт ********* нь:
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч *********** нь Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Дарь-Эхээс 17 дугаар сургуулийн уулзвар дээрх “Тэс” шатахуун түгээх станцын урд талын замд 2024 оны 04 дүгээр сарын 04-ний шөнө 23 цаг 50 минутын орчимд “Hyundai Mighty” маркийн **-** СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 3.4-т заасан “Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах;” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч ********* мөргөж эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Тээврийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Яллах болон өмгөөлөх талуудын шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******** мэдүүлэхдээ: “...Хажуу талаас орж ирээд би зогссон боловч мөргөсөн. Хохирогчид 3.100.000 төгрөг өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч ********* мэдүүлэг, /хх 18 /, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 7307 дугаартай дүгнэлт, /хх 34-35 /, Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн дүгнэлт, /хх 39-42 /, Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 779 дугаартай магадлагаа, /хх 47-49 /, ******** хувийн байдалтай холбоотой баримтууд /хх 82-89/, хохирол төлсөн баримт /хх 90/ зэрэг болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ********* нь Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Дарь-Эхээс 17 дугаар сургуулийн уулзвар дээрх “Тэс” шатахуун түгээх станцын урд талын замд 2024 оны 04 дүгээр сарын 04-ний шөнө 23 цаг 50 минутын орчимд “Hyundai Mighty” маркийн **-** СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 3.4-т заасан “Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах;” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч ********* мөргөж эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:
3ам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, / хх-ийн 06-11 дүгээр хуудас/,
Хохирогч ********** /хх18 /: “...2024 оны 04 дүгээр сарын 04-ний шөнийн 23 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тэс шатахуун түгээх станцын урд талын замаар зам хөндлөн гаргах гэж байгаад том оврын машинд мөргүүлсэн. Мөргүүлээд толгой хэсгээрээ газар унасан. Тэгээд миний толгойноос их хэмжээний цус гарсан... Би өөрийн төрсөн дүү ******** хамт амьдардаг ба амьдрах хугацаандаа гэр бүл зохиож байгаагүй. Надад ямар нэгэн эхнэр хүүхэд гэр бүл гэх хүн байхгүй. Миний эмчилгээний зардал болох 300.000 төгрөгийг өгчих юм бол надад өөр нэхэмжлэх зүйл алга байна. Тухайн өдөр явган хүний гарцгүй хэсгээр согтуу гарсан нь миний буруу...” гэх мэдүүлэг,
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 7307 дугаартай дүгнэлтэд /хх 34-35 /:
1.“********** гавлын суурь яс, дух яс, зүүн хоншоорын хөндийн урд ба хажуу хана, хацар ясны нум, ухархайн дээд, доод ба дотор хана хамарсан хугарал, тархины зүүн духны хэсэг дэх тархины хатуу хальсан дээрх цусан хураа, аалзан хальсан доторх цус харвалт, духны зүүн хэсэгт шарх, зүүн зовхи, баруун, зүүн шилбэнд цус хуралт, баруун тохой, баруун, зүүн шилбэ, зүүн тахимд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт,
Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 04 дүгээр сарын 11- ний өдрийн /хх 39-42/: “...тээврийн хэрэгслийн зүүн талын хол ойрын гэрэл заасан стандартын шаардлагыг хангахгүй байна...” гэх дүгнэлт,
Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 779 дугаартай /хх 47-49/: “Hyundai Mighty” маркийн **-** СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч ****** нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажпын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос (чиргүүлтэй үед) эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжпүүлэхийг хориглоно” гэх заалтыг тус тус зөрчсний улмаас зам тээврийн осол гаргах нөхцөл байдал үүссэн байна. Явган зорчигч ********** нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 5.6. “...Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна...” гэсэн заалтыг зөрчсөн үйлдэл тогтоогдож байна...” гэх магадлагаа,
*********** хувийн байдалтай холбоотой баримтууд /хх 82-89/, хохирол төлсөн баримт /хх-ийн 90/ зэрэг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч ********** холбогдох хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.
Шүүхээс шүүгдэгч ********** үйлдэл нь Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Дарь-Эхээс 17 дугаар сургуулийн уулзвар дээрх “Тэс” шатахуун түгээх станцын урд талын замд 2024 оны 04 дүгээр сарын 04-ний шөнө 23 цаг 50 минутын орчимд “Hyundai Mighty” маркийн **-** СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 3.4-т заасан “Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах;” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч ********* мөргөж эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.
Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс дээш таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж уг гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийн төрөл хэмжээг хуульчлан тогтоосон ялаас дараах нөхцөл байдлуудыг харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв. Үүнд:
Шүүгдэгч ******** ял шийтгэл оногдуулахад анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан эмчилгээний зардлыг нөхөн төлсөн, хохирогч нь согтуу гарцгүй газраар зам гарч гэмт хэрэг гарахад нөлөөлсөн зохих буруутай зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан эмчилгээний зардлыг нөхөн төлсөн, хохирогч нь согтуу гарцгүй газраар зам гарч гэмт хэрэг гарахад нөлөөлсөн зохих буруутай, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хувийн байдал зэргийг харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан төрөл, хэмжээний дотор тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, тухайн зүйл хэсэг, заалтад заасан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч *********** нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.
Бусад асуудлаар:
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ********* “...гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тул шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй болно.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ****** овогт ******** “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч ********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********** нь зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, уг үүргийн биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ********** тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар ******** нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. ********* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ************ авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ