| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2019/01582/И |
| Дугаар | 102/шш2021/02780 |
| Огноо | 2021-10-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 102/шш2021/02780
2000 оны 00 сарын 00 өдөр Дугаар 102/ШШ2021/000000 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Лхамсүрэнг суулган тэмдэглэл хөтлүүлж, тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ... нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ... холбогдох,
Худалдах, худалдан авах гэрээний дагуу төлсөн 28,000,000 /хорин найман сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч ..., хариуцагч ..., хариуцагчийн өмгөөлөгч ... нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ...-ийг төлөөлөн захирал ... шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэлээ дэмжиж тайлбарлахдаа:
... миний бие Шарк танк нэвтрүүлэгт оролцож өөрийн санаачилсан төслөө танилцуулснаар хөрөнгө оруулагч нараас дэмжлэг авч 30,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт авахаар болж, миний ажил амьдралын шинэ гарааны эхлэл болсон. Авсан хөрөнгө оруулалтаараа төслийн дагуу экскаватор худалдаж авах ёстой тул зараар хайж байгаад иргэн ...тай холбогдож уулзсан. Тэрээр өөрийнхөө экскаваторыг үзүүлээд ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй, баталгаатай, асуудал гарвал буцаагаад аваад ирээрэй гэх зэргээр хэлсэнд би итгээд 28,000,000 төгрөгөөр худалдаж авахаар болж, хамт нотариат дээр очиж Экскаватор худалдах, худалдан авах гэрээ байгуулж баталгаажуулсан. Ингээд экскаваторыг нь авч унаад явж байх замд гэнэт тачигнан дуугарч, явалт нь удаашраад явахаа байсан. Энэ талаар хариуцагчид хэлэхэд гайгүй байхаа, жижиг сажиг юм л байгаа байх, очиж үзэж байгаад янзлаад өгье гэсэн боловч таг алга болсон, утсаа ч авахгүй байгаа. Ингээд би засварын газарт үзүүлэхэд гидро насос хүч алддаг, гидро их хэмжээгээр гоожсон, явахын насос болон трансмишн задалж оношлох шаардлагатай гэх зэрэг нарийвчилсан оношилгоо, засвар үйлчилгээ хийх шаардлагатай гэсэн бичиг өгсөн. ...ад залилуулж доголдолтой, эвдэрхий экскаватор худалдаж авснаас болж хөрөнгө оруулагч нарын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй нөхцөл байдал үүсэхэд хүрээд байгаагаас гадна ямар нэгэн доголдолгүй экскаватор худалдсан гэж бодож байтал үүн дээр нэмээд олон сая төгрөгийн төлбөр төлөх болоод байна. Иймд Иргэний хуулийн 254.1-д зааснаар 2019 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн Экскаватор худалдах, худалдан авах гэрээ-г цуцлах, мөн 243.1-д заасныг зөрчсөн тул хариуцагч ...аас төлбөрт төлсөн 28,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.
Би гэрээний дагуу төлбөр төлсөн өдрөө хариуцагчаас 1,000,000 төгрөг бэлнээр авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа учир нэхэмжлэлийн шаардлагаа 27,000,000 төгрөг болгон багасгаж байна. Би засварчин мэргэжлээр суралцан, мэргэшсэн. Машин тоног төхөөрөмжийн инженер мэргэжлийнхээ дагуу төгсөн ажиллаж байна. Насос гэдэг зүйл шууд эвдрээд таг зогсдоггүй, муудсан байсан тул тийм зүйл болсон байна. Хашаан дотор шалгаж үзсэн ч хурдан явах боломжгүй тул ингэж хохирсон байна. Өрөмдлөг хийдэггүй, зориулалтын бусаар ашигласан гэж байна. Одоо хайлт хийхэд л өрөмдлөг хийж болдог нь гарч ирнэ. Газар ухах хэсэг нь алмаз, төмөр байх нь эвдрэлд хамааралгүй, элэгдэлд нь хамааралтай. Шүүхэд өгнө гэдгийг эхнэрт нь мэдэгдсэн утасны яриаг хураасан бичлэг байдаг. Так так гэх дуу анх худалдаж авсан орой нь дугарсан. Энэ төхөөрөмж өвөл ажиллахгүй биш, молдок ашиглан ажилладаг. Өрмөөс болсон гэдгийг эсэргүүцэж байна. Гол асуудал нь удаан, тууш замд халаад ирэхээр унтраад байдагт байна...гэв.
Хариуцагч ... шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өмгөөлөгчийн хамт хариу тайлбараа дэмжиж тайлбарлахдаа:
Миний бие 1994 онд үйлдвэрлэгдсэн энэ экскаватор 2010 онд өөрийн ах ...аас 38,000,000 төгрөгөөр худалдан авч амьдрал ахуйдаа хэрэглэж байсан. Миний өөрийн нас ахиж, зүүн өвдөгний тойгны шөрмөс тасарсан гэмтлээс болж экскаватороо ажиллуулах хүндрэлтэй байснаас түүнийгээ зарахаар шийдэж Үнэгүй.мн, Зар.мн сайтад 2019 оны 1 дүгээр сард 30,000,000, 29,000,000 төгрөгөөр зарахаар зар өгсөн. Энэ зарын дагуу нилээд олон хүн ярьж, зарим нь үзэж, үнэ тохиролцохоор ярьж байсан. Энэ хүмүүсийн нэг нь ... юм. ... өөрөө ярьж экскаваторыг 2019 оны 3 дугаар сарын 19, 20-ны үед ирж үзсэн. Үнэ асуухад нь 30,000,000 төгрөгөөр зар тавьсан, 4 дугуй жаахан муудсан, яг авъя гэж байгаа бол 27,000,000 төгрөгт авахгүй гэж би хэлсэн. ... зөвшөөрөөд шарк танкаас санхүүжилт авч байгаа, танд 28,000,000 төгрөг шилжүүлнэ, та 1,000,000 төгрөгийг нь надад гаргаад өгчихөөрэй гэсэн, би зөвшөөрсөн. Дараа нь 2019 оны 3 дугаар сарын 25-нд миний Хаан банк дахь дансанд 28,000,000 төгрөг шилжиж орсон. Үүнийг ...д хэлээд данс руу нь шилжүүлэх гэхэд бэлнээр авъя гэхээр нь би тэр дор нь 1,650,000 төгрөг банкнаас бэлнээр гаргаж авснаас 1,000,000 төгрөгийг ... орой 22 цагийн үед манай гэрт ирж авсан. Мөнгө өгөхөд манай эхнэр, хүү хоёр хамт байсан. Экскаваторын хувьд ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй техник хүлээлгэж өгсөн. Явах ангийн насос, клапангийн хэсэг үйлдвэрийн лац тэмдэгтэйгээ байсан. Үүнийг ... өөрөө үзэж авсан. Экскаваторын үйлчилгээг цаг тухайд нь хийж байсан. Техникийн оношилгоонд 2019 оны 3 дугаар сарын 22-нд оруулсан. Ямар нэг эвдрэл гэмтэл байгаагүй. ... экскаваторыг хүлээн авахдаа Монгол ТВ телевизээс бичлэг хийлгэж, экскаваторыг ажиллуулж, шалгаж хүлээн авсан. Энэ үед ямар нэг эвдрэл саатал байгаагүй, хэвийн ажиллаж байсан. Экскаваторыг надаас аваад 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн Төв аймгийн нутагт хурдны авто замын тусгаарлах хашааны нүх ухах ажлыг 3 хоног хийж, 25 нүх ухсан байна билээ. Дараа нь 22-ын товчооны тэнд кабелийн нүх ухахаар очсон чинь газар хөлдүү, болсонгүй гэж надад утсаар ярьж байсан. Ер нь 3 дугаар сарын 20-д бол газар гэсээгүй, хөлдүү байсан үе юм. Уг газар нь маш их чулуутай газар. Ийм нөхцөлд дийлэхгүй өрмөөр өрөмдлөг хийж, шланк, гидро насосонд их хэмжээний ачаалал өгснөөс эвдрэл гэмтэл гарсан гэж үзэж байна. Энэ эвдрэл гэмтлийг би хариуцах ёсгүй. Би хэвийн ажиллаж байсан, эвдрэлгүй техник өгсөн. Надад ямар нэг эвдрэл, гэмтлийг нуусан зүйл байхгүй. Би ... дээр түүний гуйлтаар 3 удаа очиж тусалсан. Утсаар ярих бүрт нь ярьж байсан. Асуудал гарвал буцаагаад аваад ирээрэй гэсэн зүйл огт байхгүй.
... би багшийгаа авч ирээд үзүүлье гэхэд нь зөвшөөрсөн. Шарк танк гэх нэвтрүүлэгт орж байгаа бичлэг хийнэ та угааж, цэвэрлээд бэлдээд өгөөрэй гэсэн болохоор нь эхнэртэйгээ хөлдүү ус халаан угаан бэлдсэн. Тухайн үед ...д 03 дугаар сард газар таг хөлдүү байдаг тул том экскаватор ажиллахад бэрх, 5-7 дугаар саруудад ажиллуулдаг, гамтай хэрэглэхгүй бол болохгүй, эвдэрнэ гэж хэлсэн. Тэгтэл Төв аймгийн Хөшигтийн хөндийн шинэ онгоцны буудлын зам руу нүх ухахаар болсон ажлын гэрээ хийчихсэн гэсэн. ... үнэмлэх байхгүй, та цагдаагүй газар унаад хүргээд өгөөч гэхэд нь 3 дугаар хорооллын эцсээс Гурвалжингийн гүүр рүү хүргэж өгөн гэр лүүгээ харьсан. Үүрийн 1 цагийн үед утсаар, экскаватор унтарчихлаа гэхэд нь өглөө хараад өгье гэхэд одоо явахгүй бол болохгүй байна гээд гэрт хүрээд ирсэн. Нэгэнт өөрөө ирсэн юм чинь гээд хамт очин асаахад, хэвийн асаад Петровис орж түлш хийхэд түлшний шүүр бөглөрөн унтарсан. Түлшний шүүр нь олон жил болсон тул түлшний бохирдлоос болж бөглөрсөн. Шөнийн цагаар шүүр зарах газар байхгүй тул би тэрийг нь аваад шууд холбон асааж, зогсолтгүйгээр хоёр цаг гаруй хугацаанд Хөшигтийн хөндийн онгоцны буудлын замд хүрсэн. Өглөө 6 цагийн үед намайг гэрийн гадаа хүргэж ирсэн. Тухайн үед би өөрт нь одоо хийх гэж байгаа ажилд нь таарсан төхөөрөмж биш, холболт зориулалтаараа холбогдоогүй, хөлдүү хүйтэн, хад чулуутай газар их зориг гаргаж байна гэж хэлсэн. 6-7 дугаар сард газар гэссэн үед ажил хийх ёстой, том экскаватор бол молдок гэх тусгай төхөөрөмж ашиглаж байж ажил хийдэг. Энэ хүн дүрмийн бус зориулалтаар ажиллагаа хийсэн. Туршилт хийж хүчин чадлыг нь тултал шалгаж байж авчхаад, одоо эвдэрхий юм өгсөн гэж хэлж байгааг нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Доголдолгүй, хуучин тэрэг хүлээлгэж өгсөн нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байгаа.Оношилгоог Баянзүрх дүүрэгт очин хийлгэсэн. Худалдан авагч экскаваторыг мэргэжлийн хүнтэй хамт ирэн шалгаж, үзэж авсан. Иймд ямар нэг эвдрэл гэмтэлгүй хэвийн ажиллаж байсан, үүнийг ч өөрөө хүлээн зөвшөөрч байна. Телевизээс ирсэн бичлэгт эвдрэлгүй хэвийн ажиллаж байсан нь харагдаж байдаг. Механизмыг гудамж, талбайд явуулахгүй, өөрсдөө ч жолоодож явах эрхгүй байсан учир ...аар хүргүүлэх асуудал гарсан. Өөрөө тавьсан аппаратаа аваад, хүргэж өгөхдөө газар хөлдүү чулуутай байна гэдгийг хэлсэн. Замд нэг унтарсан нь түлшний бохирдлоос болсон байдаг. Өөрөө тавьсан байсан тул тэрийгээ авч, холболт хийсэн. Алмаз биш өөрийн хийсэн өрөмдлөгийн хошуу нь үнэхээр чулуутай хөрсөнд явахгүй байсан гэдгийг манаач нь хэлсэн. Өөрсдөө ч 25 нүх ухаад дийлээгүй, стандартын бус нүх ухсан гэж хэлдэг. Зүтгээд, орилуулаад техникийг эвдэлсэн. Дараа нь 22 товчоонд ажилласан бөгөөд энэ үед экскаватор ажиллаж байсан. Миний үйлчлүүлэгч хүүхэд шигээ бодоод тусалсан зүйл бий. Энэ үед түк түк гэсэн дуу орсон байсан, явалтыг нь хурдасгаж өгөөч гэхэд нь үйлдвэрийн лацтай байсан. Техникийн хэлээр хурд шахах гэж ярьдаг тэрийг нь хийж өгсөн, хурд нь нэмэгдсэн үгүйг бол мэдэхгүй байна. Хэро оношилгооны газарт оношлуулахад асаж байна, удаан байна гэх тодорхойлолт гаргасан. Нэмэлт төхөөрөмж ашиглах үед түк түк гэх дуу гарч байна гэсэн. Энэ үед шинжээч томилсон боловч дүгнэлт гараагүй байхад нам суулгасан. Гэрээг бүхэлд нь цуцлаад, техникийг өгөөд мөнгийг нь буцааж авна гээд байгаа юм. Үүнээс дүгнэвэл анхнаасаа өрмийн зориулалтаар ашиглах гэсэн боловч ашиглах боломжгүй болсон нь тогтоогдсон, цаашид зориулалтын бусаар ч ашиглах боломжгүй болсон тул мөнгийг нь нэхээд байгаа. Хэвийн явж байсан машины моторыг цохиж эвдсэн хүний нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, ашиглах боломжгүй хэмжээнд эвдрэл гэмтэл учруулжээ. 1,000,000 төгрөгийг бэлэн буцааж авсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
... нь ...ад холбогдуулан, Экскаватор худалдах, худалдан авах гэрээгээр эвдрэл гэмтэлтэй хөрөнгийн доголдлын талаар нуун дарагдуулж худалдсан гэх үндэслэлээр гэрээнээс татгалзаж, төлбөрт төлсөн 28,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад хариуцагчаас бэлнээр авсан 1,000,000 төгрөгийг нэхэмжлэлээс хассанаар нэхэмжлэлийн шаардлагаа 27,000,000 төгрөг болгож багасгасан байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, нэхэмжлэгчид доголдолгүй, бүрэн ажиллагаатай хөрөнгө шилжүүлсэн, худалдан авагч автомашиныг хүлээн авахдаа мэргэжлийн хүнтэй ирж шалгаж авсан, мөн худалдан авагчийн ашиглалтын буруугаас уг автомашинд эвдрэл гэмтэл гарсан ба бүрэн ажиллагаатай хөрөнгийг ажиллагаагүй болгоод гэрээнээс татгалзахыг хүлээн зөвшөөрөхгүй гэх агуулга бүхий тайлбар гаргаж маргасан.
Талууд 2019 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Экскаватор худалдах, худалдан авах гэрээ-г бичгээр байгуулан, худалдагч ... нь өөрийн өмчлөлийн....улсын дугаартай экскаваторыг худалдан авагч ...-д шилжүүлэн, худалдан авагч нь экскаваторын үнэ 28,000,000 төгрөгийг худалдагч талд шилжүүлэх үүрэг тус тус хүлээсэн байна.
Дээрх гэрээ Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцсэн, талууд хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэн гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн, хуульд заасан хэлбэрийн шаардлага хангасан хүчин төгөлдөр худалдах, худалдан авах гэрээний харилцаа талуудын хооронд үүсжээ.
Худалдагч авагч ...-ийн захирал ... гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж 28,000,000 төгрөгийг 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр худалдагч ...ын Хаан банк дахь харилцах данс руу шилжүүлж, улмаар 1,000,000 төгрөгийг бэлнээр ...аас буцааж авсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдох ба энэ үндэслэлээр нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ 1,000,000 төгрөгөөр багасгасан.
Гэрээний зүйлийг ...-ийн захирал ... өөрийн эзэмшилд шилжүүлэн авахын өмнө өөрийн сургуулийн багш, экскаваторын мэргэжилтнээр шалгуулж, улмаар хүлээн авч энэ үйл явцыг Монгол эйч ди телевизийн нэвтрүүлэг дүрс бичлэгт хийж, хүлээн авсан талаар зохигчид тайлбарлан, энэ үйл баримтын талаар маргаагүй.
Харин нэхэмжлэгч экскаваторыг хүлээн авч явах үед тачигнан дуугарч, явалт удааширсны зэрэгцээ очих газартаа хүрэлгүй замдаа зогссоны улмаас хариуцагчийг дуудан ирүүлж, өөрөөр нь жолоодуулсан бөгөөд үүнээс хойш 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр засварын газарт оношлуулахад гидро насос хүч алддаг, насос гидро их хэмжээгээр гоожсон, явахын насос болон трансмишн задалж оношлогоо хийх шаардлагатай гэж оношилсон, биет байдлын доголдолтой хөрөнгийн доголдлыг нуун дарагдуулж шилжүүлсний улмаас тухайн экскаваторын мотор цохиж, одоо ажиллагаагүй болсон гэж тайлбарлан Хэра экуипмэнт засварын газрын Засвар үйлчилгээний хуудсыг нотлох баримтаар гаргасан байна. /хх-6, 7/
Иргэний хуулийн 251.1, 251.2 дахь хэсгүүдэд зааснаар гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзэх ба гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжгүй эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ.
Маргаан бүхий Экскаватор худалдах, худалдан авах гэрээний 5 дугаар зүйлд худалдагч экскаваторыг худалдан авагчид шилжүүлэн өгөхдөө хүлээлгэн өгөх акт гэмтлийг зохих шинжилгээний байгууллагаар шинжлүүлсэн баримтыг хавсаргаж болно гэж заасан бөгөөд 97-44 УБ улсын дугаартай экскаваторыг хариуцагч ... 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр техникийн оношлогоонд оруулж, эвдрэл гэмтэлгүй талаар дүгнэгдсэн болох нь Авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас №100576 баримтаар тогтоогдсон байна. /хх-20/
Талууд гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар тусгайлан тохиролцоогүй, гэрээний зүйлийг худалдан авагч тал хүлээн авахдаа шалгаж авсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон ба нэхэмжлэгч ... экскаватороор 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс 28-ны өдөр хүртэл 3 хоногийн турш Гоц тех инженеринг ХХК-ийн Төв аймгийн Сэргэлэн суманд баригдаж байсан хурдны авто замын тусгаарлах төмөр торон хашаа барих ажлын 1500 ширхэг нүх ухах ажил гүйцэтгэхээр тус компанитай тохиролцон, дээрх хугацаанд 25 ширхэг нүх ухсан, уг нүх ухах ажлын талбай нь чулуу ихтэй, хөлдүү, ухахад хүндрэлтэй байсан, ухсан нүхнүүд стандарт хэмжээ бариагүй, ажлын гүйцэтгэл дутуу, гүйцэтгэгч тал өрөм дийлэхгүй байна гэсэн шалтгаанаар ажлаа зогсоосон талаар тодорхойлолт гаргасныг хариуцагч тал нотлох баримтаар гаргасан байна. /хх-21/
Нэхэмжлэгчийн зүгээс гэрээний зүйлийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаас хойш Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар худалдагч талд хандан экскаваторыг тодорхой газарт хүргүүлэх, үүссэн асуудлыг тухай бүрт шийдүүлж байсан нь зохигчдын тайлбараар тогтоогдох тул шаардах эрхээ хэрэгжүүлсэн гэж үзэх бөгөөд Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2 дахь хэсэгт заасны дагуу гэрээний зүйл болох экскаватор нь гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой байсан, нэхэмжлэгч зориулалтын дагуу ашигласан зэргийг үндэслэн хариуцагч биет байдлын доголдолгүй хөрөнгө нэхэмжлэгчид шилжүүлсэн гэж дүгнэх үндэслэлтэй.
Харин хэвийн ажиллагаатай байсан эд хөрөнгийг ашиглалтын явцад ажиллагаагүй болгосон буюу 2019 оны 9 дүгээр сард экскаваторын мотор цохиж асахгүй болсон талаар нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд тайлбарласан бөгөөд тийнхүү мотор цохиж ажиллагаагүй болсны улмаас учирсан эвдрэлийг тодорхойлж дүгнэлт гаргах боломжгүй талаар шүүхээс томилогдсон шинжээчдийн бүрэлдэхүүн тайлбарлаж дүгнэлт хийхээс татгалзсан байх тул дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 368,150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ...аас 27,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ...-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 368,150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ А.САРАНТУЯА