| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Батзориг |
| Хэргийн индекс | 192/2025/00903/И |
| Дугаар | 001/ХТ2025/00195 |
| Огноо | 2025-11-13 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2025 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 001/ХТ2025/00195
Т.Ө-н нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батзориг, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн
2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 192/ШШ2025/02723 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 210/МА2025/01117 дугаар магадлалтай,
“Н” ХХК-д холбогдох
Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснөөр баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Х-н хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Доржнамбар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Т.Ө хариуцагч “Н” ХХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснөөр баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
2.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 192/ШШ2025/02723 дугаар шийдвэрээр:
Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар хариуцагч “Н” ХХК-д холбогдох тус компанийн гүйцэтгэх захирлын 2025.01.06-ны өдрийн Б25/0014 тоот “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай Т.Ө-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.
3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 210/МА2025/01117 дугаар магадлалаар:
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 192/ШШ2025/02723 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Ө-г “Н” ХХК-ийн дампын операторын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт хариуцагч “Н” ХХК-аас 12,241,664 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулахыг хариуцагчид даалгасугай.” гэж, 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 210,817 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.” гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.
4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Х давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.4-т заасан үндэслэлээр гаргасан гомдолдоо:
“...Давж заалдах шатны шүүх хариуцагчийн “Э” ХК-тай байгуулсан 2024/1171 тоот гэрээг ЭТТ-2021/705 гэрээний үргэлжлэл мэтээр дүгнэсэн нь шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтыг үгүйсгэсэн, хэргийн нөхцөл байдлыг дүгнэж тогтоосонгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.6-д заасныг тайлбарлахдаа ажилтны цалинд орсон өөрчлөлтийг гэрээний хугацаа сунгасан мэтээр дүгнэж, гэрээний нийт хугацаа 2 жилээс хэтэрсэн тул хугацаагүй гэрээ гэж үзсэн. Энэ нь гуравдагч этгээдээс хамааралтай үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээдийн ажилтантай байгуулсан хугацаатай хөдөлмөрийн гэрээг үгүйсгэж, гэрээний хугацааг 2 жил байх ёстой гэх жишиг тогтоосноор ажил олгогчийн хууль хэрэгжүүлэх боломжийг хааж, гэрээг хугацаа дууссан үндэслэлээр цуцлах боломжгүй болгож, зөвхөн Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлд зааснаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох, тус зүйлд зааснаар тэтгэмж өгөх нөхцөл байдал үүсгэнэ.
Тодруулбал, хугацаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2 жилээс хэтэрвэл хугацаагүй гэж дүгнэх нь өнөөдрийн байдлаар бүх ажилтантай байгуулсан гэрээг хугацаагүй гэж үзэхэд хүргэж, гэрээний чөлөөт байдлын зарчим болон ажил олгогчийн эрхэд халдсанаас гадна хөдөлмөрийн зах зээлд ноцтой үр дагавар, зөрчил үүсгэх юм. Иймд магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж, ажилтан, ажил олгогч хуулийг нэг мөр ойлгон хэрэглэхүйц шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.
5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Х-н хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025.10.08-ны өдрийн 001/ШХТ2025/00969 дүгээр тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ:
6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Х-н хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.
7.Нэхэмжлэгч Т.Ө хариуцагч “Н” ХХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснөөр баталгаажуулахыг даалгах нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “...2021 оны 11 сараас эхлэн дампын оператороор ажиллаж байсан ба эрхэлсэн ажилдаа алдаа зөрчил гаргаагүй, ... хөдөлмөрийн гэрээний хугацааг үйл явдлаар тодорхойлох ёстой бөгөөд гэрээ сунгасан хугацааны нийлбэр 2 жилээс дээш байвал хугацаагүй байгуулсанд тооцох зохицуулалттай тул хууль зөрчиж ажлаас халсан, “Н” ХХК-ийн “Э” ХК-тай байгуулсан төслийн ажил дууссан гэж тайлбарласан ч хариуцагч одоо хүртэл тухайн газраа ажлаа үргэлжлүүлж байна...” гэж тайлбарласан.
8.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “...Т.Ө-тэй анх туршилтын хугацаагаар гэрээ байгуулсан, дараа нь “Э” ХК-тай 2021.11.09-ний өдөр байгуулсан ЭТТ-2021/705 дугаар гэрээний дагуу 36 сарын хугацаатай төслийн ажил гүйцэтгэхдээ ажилтнуудтай Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.6-д зааснаар хугацаатай гэрээ байгуулсан,... “Э” ХК-тай байгуулсан төслийн ажлын гэрээний хугацаа дуусгавар болж буйтай холбогдуулан 2024.11.22-ны өдөр Т.Ө-н хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болж байгаа талаар мэдэгдэж, 2025.01.06-ны өдөр ажлаас чөлөөлсөн...” гэж тайлбарласан.
9.Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ; “...Хариуцагч “Н” ХХК нь “Э” ХК-тай байгуулсан 2021.11.09-ний өдрийн ЭТТ-2021/705 тоот “Т ордын цанхын зүүн уурхайн хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх гэрээ”-ний хүрээнд нэхэмжлэгч Т.Ө-тэй Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д зааснаар хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан, нэхэмжлэгчийн төсөл дуусаагүй байхад ажил олгогч нэг талын санаачилгаар дуусгасан гэх тайлбар үндэслэлгүй, ЭТТ-2021-705 тоот гэрээний хугацаа дууссан тул Т.Ө-н хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлтэй...” гэж дүгнэсэн.
10.Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ: “...Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.4-т зааснаар нэхэмжлэгчтэй анх байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа, сунгасан хугацааны нийлбэр 2 жилээс давсан тул Т.Ө-н хөдөлмөрийн гэрээг хугацаагүй гэрээнд тооцох бөгөөд ажил олгогчийн шийдвэр үндэслэлгүй...” гэсэн дүгнэлтийг хийжээ.
11.Дээрх байдлаар анхан болон давж заалдах шатны шүүх хөдөлмөрийн гэрээний хугацааны талаар ялгаатай дүгнэлт хийж, зөрүүтэй шийдвэрлэснийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийн хүрээнд хэргийг хянан хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
12.Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримтыг зөв тогтоосон. Үүнд:
Нэхэмжлэгч Т.Ө нь “Н” ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу “дампын оператор” ажлын байранд 2021.11.29-ний өдрөөс 2022.02.28-ны өдрийг хүртэл туршилтын хугацаагаар, 2022.03.01-ний өдрийн болон 2023.06.01-ний өдрийн нэмэлт өөрчлөлтийн дагуу “...ажил олгогч болон “Э” ХК нарын хооронд 2021 оны 11 сард байгуулагдсан “Т ордын цанхийн зүүн уурхайн хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх гэрээ”-ний хугацаа дуусах хүртэл” хугацаагаар тус тус ажилласан,
хариуцагч “Э” ХК болон “Т” ХХК, “Н” ХХК-иудын “ТЭ”-тэй 2021.11.09-ний өдөр байгуулсан ЭТТ-2021/705 дугаартай “Т ордын цанхийн зүүн уурхайн хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх гэрээ”-ний хугацаа дуусгавар болж, 2024.05.27-ны өдөр 2024/1171 дугаартай “Ц-н зүүн уурхайн хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх гэрээ”-г шинээр байгуулсан,
ажил олгогч “Н” ХХК 2025.01.06-ны өдрийн Б25/0014 тушаалаар Т.Ө-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3-т зааснаар хугацаа 2025.01.06-ны өдөр дуусгавар болсон үндэслэлээр цуцалсан үйл баримт тогтоогдсон.
13.Нэхэмжлэгч Т.Ө хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэж, *** дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргаж, тус хорооны 2025.01.29-ний өдрийн 25/09 дугаартай хуралдааны тэмдэглэлийг авч, шүүхэд 2025.01.30-ны өдөр нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д нийцсэн, энэ талаар талууд маргаагүй.
14.Харин хугацаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулсанд тооцох буюу ажил олгогчийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.4-т заасныг зөрчсөн эсэх талаар маргажээ.
15.Анхан шатны шүүх ажилтны 3 жил, 1 сар ажилласан үйл баримтад Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.4-т заасныг хэрэглэхгүй гэж үзсэн үндэслэлээ шийдвэртээ заагаагүйгээр шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүйг давж заалдах шатны шүүхээс уг алдааг залруулсан нь хуульд нийцсэн байна.
16.Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтаас үзвэл хөдөлмөрийн гэрээг хугацаатай болон хугацаагүй байгуулж болох ба хугацаатай байгуулах тохиолдлыг хуульд тусгайлан заасан. Тухайлбал, Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулах нөхцлүүдийг нэрлэн заасан ба мөн хуулийн 50.1.6-д заасан “санхүүжилт, хийгдэх ажлын цар хүрээтэй холбоотой цаг хугацаагаар хязгаарлагдсан ажил үүрэг гүйцэтгүүлэх” тохиолдол үүнд хамаарч байна.
Үүнээс гадна хугацаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг тодорхой нөхцөл бий болсон бол хугацаагүй байгуулсанд тооцохыг мөн хуулийн 50.4-т “энэ хуулийн 58.1.3, 139.1-д зааснаас бусад тохиолдолд хугацаатай байгуулсан гэрээний анх байгуулсан болон сунгасан хугацааны нийлбэр хоёр жилээс дээш бол уг гэрээг хугацаагүй байгуулагдсанд тооцно” гэж зохицуулжээ.
Дээрх байдлаас үзэхэд хугацаатай хөдөлмөрийн гэрээг тодорхой үндэслэл, шалтгаантай тохиолдлуудад л байгуулахыг 2021 оны Хөдөлмөрийн тухай хуулиар зөвшөөрсөн бөгөөд бусад тохиолдолд байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулахаар зохицуулсан.
17.Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.4-т заасан “энэ хуулийн 58.1.3, 139.1-д зааснаас бусад тохиолдолд” гэж хамаарахгүй нөхцлийг ялгаж зохицуулснаас үзэхэд мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.6-д заасан тохиолдлыг хууль тогтоогч уг зохицуулалтад хамааруулсан гэж үзэх үндэслэлтэй.
Мөн хугацаатай байгуулсан гэрээний хугацааг “… анх байгуулсан болон сунгасан хугацааны нийлбэр хоёр жилээс…” дээшгүй байхаар хязгаарлаж өгснөөр ажилтны тогтвортой ажиллах эрх ашгийг хамгаалах хуулийн зорилготой холбоотой байна.
18.Талуудын хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа өмнөх Хөдөлмөрийн тухай 1999 оны хуулийн үед үүсэж, Хөдөлмөрийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлсэн үед үргэлжилсэн ба хууль хэрэгжиж эхэлснээс хойш тоолбол хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан 2025.01.06-ны өдөр хүртэл ажилласан 3 жил нь шинэ хуулийн үед хамаарч мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.4-т заасан “…хоёр жилээс дээш бол…” гэсэн урьдчилсан нөхцөлийг хангажээ.
19.Нөгөө талаар, хугацаатай хөдөлмөрийн гэрээний талуудын тохиролцсон хугацаа дуусахаас гадна ажил олгогчийн бусадтай байгуулсан аливаа гэрээний зорилго биелэгдсэн тохиолдолд ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болохыг Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.6-д заасан зохицуулалт мөн агуулсан байна.
19.1.Талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа “Э” ХК болон “Т” ХХК, “Н” ХХК-иудын “ТЭ”-тэй 2021.11.09-ний өдөр байгуулсан ЭТТ-2021/705 дугаартай “Т ордын цанхийн зүүн уурхайн хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх гэрээ”-ний хугацаагаар тодорхойлогдсон боловч хариуцагч компани 2024.05.27-ны өдөр ЭТТ-2024/1171 дугаартай “Ц-н зүүн уурхайн хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх гэрээ”-г шинээр байгуулжээ.
19.2.Дээрх 2 ажил гүйцэтгэх гэрээний хавсралтуудыг харьцуулан үзвэл ЭТТ-2021/705 дугаартай гэрээний хавсралт 2-т “нийт шилжүүлэх цулын хэмжээ 215,057,100 м3” гэсэн бол ЭТТ-2024/1171 дугаартай гэрээний хавсралт 2-т “уулын цул 270,000,000 м3” болж нэмэгдсэн, ажлыг зогсоосон 2024.12.16-ны өдрийн актад “…Ц-н зүүн уурхайн ашиглалтын A, B, C, D, TTR блокуудын 1427-1522 метрийн түвшинд ажиллаж байсан “ТЭ”-ийн 23 ширхэг экскаватор, 158 ширхэг автосамосвалуудыг … зогсоосон” гэсэн бол ажил эхлүүлэх 2024.12.16-ны өдрийн актад “… Ц-н зүүн уурхайн ашиглалтын A, B, C, D, TTR блокуудын 1427-1522 метрийн түвшинд “ТЭ”-ийн 23 ширхэг экскаватор, 158 ширхэг автосамосвалын хослолоор ажлыг эхлүүлж байна” гэж тусгагдсан, хариуцагч нь нэмж ажилтан авах зорилгоор “нүүрсний мастер” зэрэг ажлын байрны зар байршуулсан зэргээс үзэхэд хариуцагч компанийн нүүрсний уурхайн хөрс хуулалт, нүүрс гаргалтын ажил үргэлжлэн хийгдэж байгаа бөгөөд нэхэмжлэгчийн ажиллаж байсан тухайн ажлын байр хариуцагчид шаардлагагүй болсон гэж үзэх үндэслэлгүй байна.
Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “…дараагийн гэрээний дагуу ажиллах санал нэхэмжлэгчид тавьсан боловч өөрөө зөвшөөрөөгүй, ЭТТ-2024/1171 дугаартай гэрээний ажлыг өөр компанийн тоног төхөөрөмжийг түрээслэн гүйцэтгэх болсон …” гэсэн тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй байв.
18.Иймд ажилтантай хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулах Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.6-д заасан хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон ажил олгогчийн шийдвэр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.4 дэх хэсгийг зөрчсөн гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлтэй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Х-н хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 210/МА2025/01117 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “Н” ХХК-аас 2025.08.08-ны өдөр төлсөн 210,817 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРМАА
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
Б.УНДРАХ
Х.ЭРДЭНЭСУВД