Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 216/МА2018/00020

 

   Т.М нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Тэгшсуурь даргалж, шүүгч О.Однямаа, шүүгч Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 134/ШШ2018/00170 дугаар шийдвэртэй, Т.М-н нэхэмжлэлтэй Б-д олбогдох ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын дагуу 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Р нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс ТӨХК-д кассчинаар анх томилогдсон бөгөөд удалгүй 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс ажлын байр өөрчилж, дуудлага хүлээн авагчаар ажиллаж байгаад 2017 оны 07 дугаар сараас засварын монтёр болсон. Харин тус ажил дээр ажиллаж байх хугацаанд удаа дараа шалтгаангүйгээр дахин дахин шалгалт авч бодит бусаар үнэлж, үндэслэлгүйгээр ТӨХК-ийн даргын 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн “Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай” Б/42 дугаар тушаалыг гаргаж, үүрэгт ажлаас чөлөөллөө. Уг Б/42 дугаар тушаал нь шударга бус, үндэслэлгүй, бодит бус үнэлэгдсэн шалгалтын дүнд үндэслэн үүрэгт ажлаас чөлөөлснийг үндэслэлгүй, хууль бус гэж үзэж байна. Тус шийдвэрээс болж орлогогүй болж, өр зээлээ төлж чадахгүй байдалд ороод байна.

Нэхэмжлэлийн шаардлага: ТӨХК-ийн даргын 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн “Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай” Б/42 дугаар тушаалыг хүчингүй болгож, эрхэлж /ажиллаж/ байсан ажил албан тушаал болох засварын монтёрт эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Т.М нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад хариуцагчийн зүгээс дараах хариу тайлбарыг хүргүүлж байна. Үүнд: Нэхэмжлэгч Т.М нь тус байгууллагад 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 10/23 тоот хөдөлмөрийн гэрээний дагуу засварын монтёрын албан тушаалд ажиллаж байгаад 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн. Эрчим хүчний сайдын 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 102 дугаар тушаалаар батлагдсан “Эрчим хүчний ажилтны дунд зохиох аюулгүй ажиллагааны ажлын үндсэн дүрэм”-н 15.7-д “Мэдлэгийн ээлжит шалгалтыг техник ашиглалтын дүрэм, ашиглалтын зааврын мэдлэгийн ээлжит шалгалтыг шуурхай ажиллагаа, шуурхай үйлчилгээ засварын болон засварын ажилтнаас жилд 1-ээс доошгүй удаа тогтоосон  хуваарийн дагуу авна”, мөн дүрмийн 15.25-д “Мэдлэгийн шалгалтанд хангалтгүй үнэлгээ үзүүлсэн ажилтан шалгалт өгснөөс хойш 1 сарын дотор давтан шалгалт өгөх бөгөөд 3 удаагийн шалгалтанд тэнцээгүй ажилтны хөдөлмөрийн гэрээг үргэлжлүүлэх эсэх асуудлыг шалгалтын комиссын шийдвэрийг үндэслэн ажил олгогч зохих хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ” гэж заасны дагуу тус салбар-ын мэргэжлийн шалгалтын комисс Т.М мэдлэгийн ээлжит шалгалт болон ээлжит давтан шалгалтыг авахад засварын монтёр Т.М нь 3 удаа хангалтгүй үнэлгээ авсан буюу тус шалгалтанд тэнцээгүй болно. Тус компанийн Гүйцэтгэх захирлын 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн А/388 дугаар тушаалаар батлагдсан “Сургалт зохион байгуулах нэгдсэн хөтөлбөр”-ийн 15.21-д “Оны ээлжит шалгалтанд хангалтгүй үнэлгээ үзүүлсэн ажилтнаас ямар нэг болзол шаардахгүйгээр нэг удаа давтан шалгалт авна. ээлжит ААД, ТАД-ийн давтан шалгалтын аль нэгд хангалтгүй дүн үзүүлсэн ажилтны шагналт цалин 50 хувь, хоёуланд нь хангалтгүй дүн үзүүлсэн ажилтны шагналт цалинг 100 хувь, хоёр дахь давтан шалгалтанд хангалтгүй дүн үзүүлсэн тохиолдолд үндсэн цалинг 20 хувь, гурав дахь шалгалтанд хангалтгүй дүн үзүүлбэл хөдөлмөрийн гэрээг цуцлах арга хэмжээ авна” гэж заасан тул мэргэжлийн ээлжит шалгалтаар 3 удаа хангалтгүй үнэлгээ үзүүлсэн нь салбарын мэргэжлийн шалгалтын комиссын 3 удаагийн шалгалтаар тогтоогдсон тул Т.М байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасны дагуу ажил олгогчийн санаачилгаар цуцалсан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т “Ажилтан, мэргэжил ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон тохиолдолд” ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлийг хуульчилж өгсөн бөгөөд Улсын Дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 33 дугаар тогтоолын 15.2-д “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан “Ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон” гэдгийг ажилтны энэ байдлын талаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комисс болон эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр гарсан байхыг ойлгоно” гэж заасан байна. Тус хуулийн дагуу ажил олгогчийн зүгээс салбарын мэргэжлийн шалгалтын комиссын дүгнэлтийг үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхтэй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасны дагуу ажилтан Т.М байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр буюу хөдөлмөрийн гэрээ цуцлагдахаас 30 хоногийн өмнө өгсөн бөгөөд 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Салбарын даргын Б/42 дугаар тушаалаар Т.М байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан болно. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Ажил ологч нь энэ хуулийн ... 40.1.2. ...-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно” гэж заасны дагуу ажилтан Т.М нэг сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж болох 797 331 төгрөгийг олгосон болно.

Иймд, хариуцагчийн зүгээс Т.М байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хууль, Эрчим хүчний сайдын тушаалаар батлагдсан дүрэм, салбарын мэргэжлийн шалгалтын комиссын 3 удаагийн шийдвэр зэрэг холбогдох эрх зүйн актуудыг үндэслэл болгож шийдвэр гаргасан буюу аливаа байдлаар холбогдох хууль, тогтоомжийг зөрчөөгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Т.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ажлаас үндэслэлгүй халагдсан, шалгалт авсан гэх нэрээр халсан. Удаа дараагийн шалгалтуудыг огт аваагүй, энэ нь протокол дээр тодорхой тэмдэглэгдсэн байгаа. Протоколд миний ажлын байрыг өөрчлөх тухай санал гарсан байхад ажлаас халсан. Шалгалтанд унасан гэх зүйл тэмдэглэлд байхгүй байгаа гэжээ.

 

Хариуцагчийн итгэжлэгдсэн төлөөлөгч А.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зохих хууль, дүрмийн дагуу буюу шалгалтын комиссын дүгнэлтийн дагуу тушаал гаргаж халсан гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.М халсан салбарын даргын тушаал нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй гэж үзэж байна. Дотоод журмаа баримтлаагүй. Дотоод журмаараа шалгалтын комиссын дүгнэлтийг үндэслэнэ гэж заасан байгаа. Эдгээрийг хооронд нь уялдуулаад ярих гэсэн юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт “ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх” гэж заасныг зөрчсөн. Тэгэхээр энэ хугацааг тоолж үзэх ёстой. Мэдэгдлийн огноо 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр, тушаалын огноо 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр гэж байгаа. Өнгөц харвал 1 сарын өмнө мэдэгдсэн юм шиг харагдаж байгаа. Гэхдээ Иргэний хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт хугацааг жил, хагас жил, улирал, сараар тогтоосон хугацаа нь уг хугацаа дуусах сарын мөн өдөр дуусна. Хугацаа дуусах сарын мөн өдөр байхгүй бол уг хугацаа тухайн сарын эцсийн өдөр дуусна гэж заасан. 23-ны өдөр мэдэгдсэн бол дараа сарын 23-ны өдөр хугацаа дуусна гэсэн үг. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт 1 сарын өмнө гэж заасан байгаа. 1 сарын өмнө гэдэг нь 24-ний өдөр тушаал гарсан тохиолдолд өмнө гэдэг ойлголтод хамаарна. Энэ бол Монгол Улсад дагаж мөрдөж байгаа хууль тогтоомжид заасан хугацаа тоолох журам байна. Хугацаа нь дуусаагүй байхад тушаал гаргасан. Хоног, цаг минутаар, минут секундээр тоологдоно. Секунд дуусаагүй байх юм бол хугацаа болоогүй гэж үзнэ. Салбарын даргын Т.М халсан тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь заалтыг зөрчсөн. Хууль зүйн хувьд хүчингүй болох ёстой. Хариуцагч талаас 4-5 хурлын тэмдэглэл өгсөн. Энэ хурлын тэмдэглэлүүдийг давхцуулаад өгчихсөн. Тэр нь журманд байхгүй дүгнэлт 1 хуудас материал өгсөн. Бас 18/09, 18/10 гэх мэт дугаарууд нь огноотойгоо зөрөөд байдаг. Тухайн дүгнэлт нь тухайн шалгалтын тэмдэглэл мөн эсэх нь тогтоогдохгүй байна. Сүүлд нь сандраад тийм дүгнэлтүүд хийсэн юм шиг харагдаад байгаа. 4-5 тэмдэглэлийг ажиглах юм бол эхний шалгалтын тэмдэглэл эхний шалгалтынх мөн юм уу, биш юм уу. Эхний шалгалтын тэмдэглэлд за за, дараа болъё гэх мэт үг хэлсэн байгаа. 2 дахь шалгалтад ч мөн адил байгаа. 3 дахь тэмдэглэлд шалгалтын комиссын ахлах, ерөнхий инженер Ё.Б гэдэг хүн өмнөх 3-4 шалгалтыг чинь нийлүүлээд эхний шалгалт гэж тооцлоо гэсэн байгаа. Олон удаа шалгалт аваад тэнцүүлэхгүй байсан болохоор Т.М-н урам хугарна шүү дээ. Аргагүйн эрхэнд та нар тэнцүүлдэггүй биз дээ гэж хэлж байгаа. Ийм мөртлөө ямар ч тэнцүүлээгүй тухай баримт үйлдээгүй. Сургалтын нэгдсэн хөтөлбөрт зааснаар шалгуулагчаар гарын үсэг зуруулна гэсэн байгаа. Хурлын тэмдэглэлд гарын үсэг зуруулах ямар ч зай байхгүй байхад зурахаас татгалзсан гээд байгаа. Гарын үсэг зурахын ач холбогдол нь албан ёсоор шалгалтын дүн гараад хүлээн зөвшөөрөгдсөн гэсэн үг. Гэтэл нэг ч удаа танилцуулсан зүйл байхгүй. Дүгнэлт гэж журманд заагаагүй зүйл оруулж ирсэн. Эхний тэмдэглэлүүд дээр асуултуудад хариулсан байгаа. 3 дахь тэмдэглэлээс үзэхэд дандаа загнасан байдаг. Т.М яагаад надад ингэж хандаад байгаа юм бэ, надад шударга бус хандлаа, чадахгүй гэж үзсэн юм бол яагаад өмнө нь тэнцүүлээд ажиллуулсан юм бэ, энэ ажлыг хийхэд хэцүү байгаа боловч би ажил хиймээр байна гэх мэтээр шалгалт бүрт тайлбараа хэлсэн байдаг. Тэрнээс биш Т.М юу ч дуугараагүй, дуугүй зогсоод байсан зүйл байхгүй. Зарим хурлын тэмдэглэлд шалгалтын асуулт байхгүй байгаа. Т.М шалгалтын төлбөрийг төлөөгүй байхад шалгалт авсан. Сургалтын нэгдсэн хөтөлбөрт шалгуулагч өөрөө дахин шалгалтын төлбөрийг төлнө гэж заасан байна. Энэ бол тухайн шалгуулагчийг цаг зав зарцуулаад шалгалт авч байгаа үйл явцад зарцуулагдах төлбөр гэж ойлгож байгаа. Мөн шалгалт авах суурийг бэлдэх төлбөр байгаа. Гэтэл 3 удаа шалгалтад унасан гээд байгаа боловч 1 удаа төлбөр төлсөн баримттай. Үүнд гарын үсэг байхгүй. 3 удаа унагаасан юм бол 3 удаа 3000 төгрөг авах ёстой шүү дээ. Тэмдэглэлээс үзэхэд Т.М нь Б.Э инженерээ та намайг аюулгүй ажиллагааны дүрмийн шалгалтандаа тэнцсэн, техник ашиглалтын дүрмийн шалгалтандаа тэнцээгүй гэсэн мөртлөө яагаад аюулгүй ажиллагааны дүрмийн шалгалт аваад байгаа юм бэ гэж асуусан байдаг. Өөрөөр хэлбэл, тэнцсэн шалгалтыг дахин авдаг гэсэн үг. Зарим хүмүүсийг асууж байгаад явуулчихдаг, харин Т.М-с тестээр шалгалт авна гэдэг. Тогтсон стандарт байхгүй.

Хариуцагч талаас өгсөн үнэлгээний хуудсанд 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр үйлдсэн огноотой, асуулт асуусан байгаа. Үүн дээр 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр гээд нэмэх тэмдэглэгээ тавиад 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр гээд бас дахиад дүн тавьчихсан байгаа. 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн үнэлгээний хуудас үйлдэгдэх ёстой байсан. 3 удаа унагаасан юм бол 3 удаа үйлдэгдэх ёстой. Энэ үнэлгээний хуудасны ар талд 65-аар тэнцээгүй гэсэн байгаа. 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн шалгалтанд оноо нь өгсөн эсэх нь мэдэгдэхгүй, өмнө талд нь 73 гээд тавьчихсан байгаа. Нэг шалгалтын хуудсан дээр 5 хүмүүс 3 удаа унасан бол 5 удаа гарын үсэг зурах ёстой байтал 1 л удаа зурсан байгаа. Гэтэл хариуцагч талаас болон нэхэмжлэгчээс үнэлгээний нэг л ийм баримт өгсөн байгаа. Мөн хэрхэн оноог дүгнэсэн нь тодорхойгүй. Нэмэх тэмдэг тавьсан байгаа. Энэ нь яаж нэмэгдээд 65, 73 гараад байгаа нь ойлгомжгүй.

Ийм учраас шалгалтын дүнг үндэслэсэн гэж үзэх боломжгүй. 5 удаагийн тэмдэглэл байгаа юм бол 5 үнэлгээний хуудас байх ёстой. Угаасаа гарын үсэгтэй үнэлгээний хуудсан дээр хэн ч засвар хийж болно. Өөр бусад шалгалтууд дээр ийм үнэлгээний хуудас байхгүй байхад Т.М дахин дахин унаад байгааг яаж тодорхойлоод байгаа нь эргэлзээтэй. Хүнээс асуулт асуугаад хариулахад багцаагаараа тэд гээд хэлчихдэг. Тэгээд тэнцээгүй гэдэг. 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн хурлын тэмдэглэлийн шийдвэрт дахин шалгалтыг 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр авахаар шийдвэрлэсэн байгаа. Үүнийг зохиосон юм уу, алдаад биччихсэн юм уу ойлгомжгүй байна. Шалгалт тэнцсэн, тэнцээгүй гэдэг үгээр биш тодорхой хэмжигдэхүүнээр илэрхийлэгдэх ёстой. Ийм хэмжигдэхүүнээр илэрхийлсэн 1 тохиолдол байгаа бол 3 удаа ингэж илэрхийлэх ёстой. Сургалтын нэгдсэн хөтөлбөрт 3 удаа унасан бол ажлаас халах зохицуулалт байгаа бол 3 удаагийн баримт байх ёстой. Оноог харахад 75-аар тэнцэж байгаа. Тийм бол 3 удаа 75-д хүрээгүй оноо байх ёстой. Ер нь бол хариуцлагагүй санагдаж байгаа юм. Сургалтын нэгдсэн хөтөлбөрт сургалтад бүрэн хамрагдсан бол 5 оноогоор урамшуулна гэж заасан байна. Сургалтын ирцийн бүртгэлийг үзэхэд Т.М бүрэн гарын үсэг зурсан байгаа учраас сургалтад бүрэн хамрагдсан гэж үзээд 73 дээр 5 оноог нэмээд 78 болж шалгалтанд тэнцэх ёстой. Би өмгөөлөгчийнхөө хувьд үйлчлүүлэгчийнхээ үгийг сонсоод дүгнэхэд субъектив байдлаар хандаж шалгалтад унагаасан байгаа юм. Жшээ нь, Б.Э гэдэг хүн ур чадварын шалгалт аваад дараа нь Б.Т гэдэг хүн авсан байгаа. Тэгээд дахиад ур чадварын шалгалт аваагүй. Дахин аваагүй учраас тэнцсэн л гэсэн үг. Гэтэл ур чадварын шалгалт дээр тэнцсэн эсэх талаар ямар ч мэдээлэл байхгүй. Аюулгүй ажиллагааны дүрэм, техник ашиглалтын аль нэг дээрээ тэнцчихсэн. Гэтэл энэ 2 шалгалтыг дахин авдаг. Зөвхөн унасныг нь дахин авахгүй, тэнцсэн шалгалтыг нь бас авдаг. Байж байгаа л гэнэт шалгалт авна гэж дууддаг. Ээлжийн амралтын хугацаанд дуудаж шалгалт авдаг. Сүүлдээ даргадаа намайг өөр ажилд шилжүүлээд өгөөч гэж учирлаж хэлсэн байдаг. Зарим өргөдлүүд нь алга болчихдог. 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн тэмдэглэл байхгүй мөртлөө 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн оноо байдаг. 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн тэмдэглэлд үргэлжлүүлээд 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн дүнг тавьчихсан байгаа. Шалгалтын комиссын шийдвэрийг үндэслээд тушаал гарсан гэж тайлбарладаг боловч ажлын байр өөрчилнө гэсэн дүгнэлт гарсан байдаг. Энэ нь тухайн байгууллага дотроо ажлын байр нь өөрчлөгдөнө гэсэн агуулгатай. Ийм дүгнэлт гарсан бол салбарын дарга нэг ажлаас чөлөөлөөд нөгөө ажилд томилох тушаал гарах байсан. Ажлын байрыг өөрчлөх гэдэг нь ажлаас халах, чөлөөлөх гэсэн агуулгатай ижил биш. Ажлаас халах, чөлөөлөх гэдэг нь ноцтой үр дүнтэй, хөдөлмөрлөх эрхийг нь хязгаарладаг учраас оновчтой хэрэглэх ёстой. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэвэл шалгалтын материал бодит бус, ойлгомжгүй байгаа учраас үүнийг үндэслээд гарсан тушаал үндэслэлгүй л болно. Сургалтын нэгдсэн хөтөлбөрт заасны дагуу дагалдуулан сургасан эсэх нь тодорхойгүй мөртлөө шалгалт аваад тэнцүүлээд өөр ажил руу хүчээр шилжүүлсэн байдаг. 7 сарын өмнө шалгалтад тэнцээд ажлаа хийгээд явж байгаа учраас чадвар нь нэмэгдэж байгаа шүү дээ. Гэтэл 7 сарын өмнө тэнцээд, үүнээс хойш 7 сарын дараа шалгалт авахад яагаад тэнцэхгүй болчихов. Иймд салбарын даргын Т.М ажлаас чөлөөлсөн тушаал хууль зүйн үндэслэлгүй, хуульд нийцээгүй, шалгалт авсан үйл баримт тодорхой бус, бодит биш учраас энэ тушаалыг хүчингүй болгож, Т.М гаргасан нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Л.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Т.М ажилд эргүүлэн тогтоолгох нэхэмжлэл гарсан байна. Нэхэмжлэлийн үндэслэл нь удаа дараа үндэслэлгүйгээр олон удаа шалгалт авсан, шалгалтын үнэлгээг бодит бусаар үнэлсэн, Салбарын даргын Б/42 дугаар тушаал нь бодит бусаар үнэлсэн шалгалтын дүнг үндэслэсэн гэдэг 3 үндэслэл гаргасан байна. Бүх шалгалтууд холбогдох журмын дагуу явагдсан. Хариуцагч байгууллагын толгой компани нь Б гэж байгаа. Тухайн байгууллагаас 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр нийт ажилтнуудаас мэдлэгийн шалгалт авах тухай тушаал ирсний дагуу холбогдох сургалтыг зохион байгуулж, сургалтад хамрагдсан ажилтнуудаас ээлжит мэдлэгийн шалгалт, үүн дотроо аюулгүй ажиллагааны дүрэм, техник ашиглалтын дүрэм гэсэн 2 чиглэлээр шалгалт авсан. Энэ шалгалттай холбоотойгоор Дэд бүтцийн сайдын 2003 оны 125 дугаартай тушаалаар батлагдсан “Эрчим хүчний тоног төхөөрөмж, байгууламжийн техник ашиглалтын дүрэм”, Эрчим хүчний сайдын тушаалаар батлагдсан “Эрчим хүчний ажилтнуудын дунд зохиох аюулгүй ажиллагааны дүрэм” дагаж мөрдөгддөг. Мөн тус байгууллагын сургалтын дотоод журам байдаг. Толгой компаниас батлагдсан сургалтын нэгдсэн хөтөлбөрийн дагуу сургалтууд зохион байгуулагддаг гэсэн үг. Энэ хөтөлбөр нь түрүүчийн дурдсан дүрмүүдэд нийцэж гарсан. Энэ хөтөлбөрт заагдсаны дагуу холбогдох шалгалтуудыг авсан. Эрчим хүчний засвар, үйлчилгээний ажилтнуудаас ээлжит шалгалтыг жилд 1-ээс доошгүй удаа авна гэж заасан. Шалгалт нь ээлжит, ээлжит бус гэсэн төрөлтэй байгаа. Оны эхэнд ирсэн тушаалын дагуу ээлжит шалгалтыг авсан байгаа. Шалгалтанд орох хүмүүсийг 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд сургалтад хамруулаад, Т.М сургалтын ирцийн бүртгэлд гарын үсэг зурсан байгаа. Сургалтын ерөнхий агуулга хавтаст хэрэгт авагдсан байгаа. 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр ээлжит шалгалтыг авсан. Сургалтын нэгдсэн хөтөлбөрт заасны дагуу шалгалтыг амаар, бичгээр, тестээр, ур чадварын гэсэн төрлүүдээр авсан. Энэ шалгалтанд ямар үнэлгээ үзүүлсэн тухай баримт хавтаст хэрэгт авагдсан байгаа. Т.М нь аюулгүй ажиллагааны дүрмийн шалгалтандаа тэнцээд, техник ашиглалтын дүрмийн шалгалтандаа тэнцээгүй. 2 шалгалтын нэгэнд нь тэнцээгүй бол шалгалтанд тэнцээгүй гэж үзнэ. Сарын дотор дахин шалгалт өгөх эрхтэй. Хэрвээ 3 удаа шалгалт өгөөд тэнцэхгүй бол хөдөлмөрийн гэрээг цуцлах заалттай. Энэ нь Аюулгүй ажиллагааны дүрмийн 15 дугаар зүйлийн 15.25 дахь заалтад, Сургалтын нэгдсэн хөтөлбөрийн 14 дүгээр зүйлийн 14.37 дахь заалтад байгаа. Т.М нь 2018 оны 02 дугаар сарын 06-нд авсан шалгалтанд унасан. Бэлдэх хугацаа өгөөд 2018 оны 02 дугаар сарын 22-нд шалгалт авахад мөн унасан. 2018 оны 03 дугаар сарын 13, 2018 оны  04 дүгээр сарын 16-ны өдрүүдэд 4 удаагийн шалгалтанд унасан. Тухайн шалгалтын тэмдэглэлүүдийг шүүхэд гаргаж өгсөн байгаа. Тэмдэглэлүүдээс харахад засварын монтёр ажилтны үндсэн чиг үүрэгтэй нь холбоотой асуултууд асуусан байдаг. Гэтэл Т.М хариулаагүй, эсвэл надад таарах ажлыг маань өгчих, би засварын монтёр дээр тэнцэхгүйгээ мэдэж байна, би наад асуултыг чинь мэдэхгүй байна, бэлдсэн ч би тэнцэхгүй ээ гэдэг хариултуудыг өгсөн байна. Сургалтын нэгдсэн хөтөлбөрийн дагуу шалгалтын комисс асуулт асууна, шалгуулагч 1 минут бодно, хариулахыг нь 5 минут хүлээнэ, хариулаагүй бол хариулаагүйд тооцно гэж заасан. Шалгалтын бусад тэмдэглэлүүдийг үзэхэд нэхэмжлэгч үндсэн асуултад хариулдаггүй, дуугардаггүй, өөр асуудал ярьдаг. Ийм учраас 4 удаагийн шалгалтын дагуу шалгалтын комиссоос шалгалтанд тэнцээгүй гэсэн дүгнэлт гарсан. Энэ комисс 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр салбарын даргын тушаалаар томилогдсон бөгөөд тухайн салбартаа мэргэжлийн шалгалтыг авч, холбогдох дүгнэлтийг гаргадаг чиг үүрэгтэй. Үндсэн асуудал маань 2018 оны шалгалттай холбоотой. Шалгалтын комиссоос гаргасан дүгнэлтийн дагуу салбарын дарга тушаал гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасны дагуу 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэл өгсөн. Үүнээс 1 сарын дараа буюу 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Б/42 дугаар “хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай” тушаал гарсан. Энэ тушаалын үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэдэг үндэслэлээр халсан. Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн, салбарт баримталдаг дүрэм, журмыг зөрчөөгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгуулах хүсэлтэй байна гэжээ.

 

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар нэхэмжлэгч Т.М ТӨХК-ийн засварын монтёрын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ТӨХК-ийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 4 219 554 /дөрвөн сая хоёр зуун арван есөн мянга таван зуун тавин дөрвөн/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, Хөдөлмөрийн  тухай  хуулийн  46 дугаар  зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгч Т.М ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татварыг суутган, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч ТӨХК-ийн даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөнийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 82 463 /наян хоёр мянга дөрвөн зуун жаран гурван/ төгрөгийг гаргуулж, орон нутгийн төсвийн орлогод оруулж, гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А давж заалдах гомдолдоо : Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 134/ШШ2018/00170 тоот шийдвэрийн дагуу нэхэмжлэгч Т.М өмнөх ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан үеийн буюу 3 сар 27 хоногийн цалин хөлсөнд нийт 4,219,554 төгрөгийг нөхөн олгож, тухайн үеийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн.

Гэвч шүүхийн зүгээс нэхэмжлэгч Т.М ажилгүй байсан үеийн цалин хөлсийг тооцоолохдоо алдаа гаргаж, ажилгүй байсан 3 сар 27 хоногийн хугацааны 7 хоног бүрийн амралтын өдөр болон нийтээр амрах өдрүүдийг хасаж  тооцолгүй бүхэлд нь олгохоор шийдвэрлэсэн байна.

Тодруулбал, шүүхийн шийдвэрт дурдсанаар, “...нэхэмжлэгч 2018 оны 3, 4, 5 дугаар саруудад нийтдээ 2,974,449 төгрөг авч байсан..., нэхэмжлэгчийн ажлаас халагдсан буюу 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарсан буюу 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл нийт 3 сар 27 хоног байна. 2,974,449:3 сар=991,483 /нэг сарын дундаж цалин/, 991,483x3 сар=2,974,449, 991,483:21.5=41,115 төгрөг /1 хоногийн цалин/, 27 хоног x 41,115 төгрөг=1,245,105 төгрөг нийтдээ 2,974,449+1,245,105=4,219,554 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв” гэжээ.

Ажлын таван өдөртэй долоо хоногт шилжүүлэх тухай хуулийн дагуу 1998 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн бүх аж ахуйн нэгж, байгууллагыг ажлын таван өдөртэй долоо хоногт шилжсэн. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 болон 70.2 дахь хэсэгт “Долоо хоногийн ажлын цаг нь 40 хүртэл байх бөгөөд ердийн ажлын өдрийн үргэлжлэл 8 хүртэл цаг байна” гэж, мөн нэхэмжлэгч Т.М байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар тухайн ажилтны нэг өдрийн ажлын үргэлжлэх хугацаа нь 8 цаг бөгөөд долоо хоногт нийт 40 цаг ажиллах буюу 7 хоногийн 5 өдөр ажиллана гэж тус тус заажээ.

Дээрх зохицуулалтын дагуу ажилтан нь 7 хоногийн 5 өдөр ажилладаг бөгөөд ажилтны цалинг хоногоор тооцохдоо хуанлийн хоногоор бус ажлын хоногоор тооцдог болно.

Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгч Т.М ажилгүй байсан үеийн цалинг олгохдоо ажлын хоногоор бус хуанлийн хоногоор тооцон олгосон нь Хөдөлмөрийн тухай хууль болон хөдөлмөрийн гэрээг зөрчсөн шийдвэр болсон байна.

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “ажил олгогч нь энэ хуулийн ...  40.1.2...-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно” гэж заасны дагуу  ажилтан Т.М-д нэг сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж болох 797,331 төгрөгийг, ээлжийн амралтын мөнгөнд 259,766 төгрөгийг тус тус олгосон болно. Нэгэнт ажилтанд төлөгдсөн дээрх төлбөрийг ажилгүй байсан үеийн цалин хөлснөөс хасаж тооцох нь зүйтэй байтал шүүхийн зүгээс дээрх төлбөрийг хасаагүй тусд нь тооцсон байна.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн 134/ШШ2018/00170 тоот шийдвэр нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.  

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх нь нэхэмжлэгч Т.М нэхэмжлэлтэй хариуцагч ТӨХК-ийн холбогдуулан  гаргасан “ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор  гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх” тухай   нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь хангаж  шийдвэрлэсэн байна.

 

 Дээрх шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч нь  “ажилгүй байсан хугацааны олговрын хэмжээг тооцохдоо хуанлийн хоногоор бус ажлын хоногоор тооцон Хөдөлмөрийн тухай хууль болон хөдөлмөрийн гэрээг зөрчсөн”, мөн “ажилтанд нэг сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгосоныг ажилгүй байсан үеийн олговроос хасаж тооцоогүй” гэсэн үндэслэлүүдээр  давж заалдах гомдол гаргасны дагуу хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар  бүхэлд нь хянан үзэв.

 

Анхан шатны шүүх хэргийн оролцогчоос гаргасан, хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна.

 

Гэхдээ  шүүх,  нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговрыг буруу тооцсон байх тул зөвтгөн, энэ үндэслэлээр гаргасан хариуцагчийн  давж заалдах гомдлыг хангаж,  шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Учир нь: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “ энэ хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор...олгоно”, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-д “ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцох”-оор тус тус заасан.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа ажилгүй байсан хугацаа болон дундаж цалин хөлстэй тэнцэх олговрын мөнгөн дүнгийн хэмжээ зэргийг тодорхой заагаагүй байх боловч шүүх хуралдааны явцад тодруулахад тэрээр  2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс давж заалдах шатны шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэлх хугацааны олговор гаргуулах  гэсэн тайлбар гаргасан.

 

Гэвч түүний ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг  2018 оны 05 сарын 23-ны өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдөр буюу 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл хугацаагаар тооцох нь хуульд нийцнэ.

 

Учир нь  Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д “хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” гэж заасан.

 

Тиймээс нэхэмжлэгч нь  анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойшхи ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг жич нэхэмжлэх эрхтэй юм.

 

 Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ дундаж цалин хөлстэй тэнцэх олговрын мөнгөн дүнгийн хэмжээг тодорхой заагаагүй байх тул  нэхэмжлэгчийн  сүүлийн 3 сарын дундаж цалинг тооцохдоо түүний 0006781 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариотаар гэрчлүүлсэн хуулбар /1-р хх-109дүгээр тал/, 2018 оны цалингийн бүрэлдэхүүн /1-р хх-225, 226 дугаар тал/ зэргийг үндэслэн ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцох нь зүйтэй гэж үзсэн.

 

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл буюу 2018 оны 09 дүгээр сарын 19-ны өдрийг хүртэлх ажлын  81 өдрөөр тооцож олговорт  3 735 315  /гурван сая долоон зуун гучин таван мянга гурван зуун арван таван/ төгрөгийг хариуцагч байгууллагаас  гаргуулах үндэслэлтэй гэж үзлээ.  / сүүлийн 3 сарын нийт  цалин 2 974 449 төг : 3 сар= 991 483 төг : 21.5 х = 46115 төг ба энэ нь 1 өдрийн цалин, энэхүү 46115 төг х 81 хоног (ажилгүй байсан хугацаа ) = 3 735 315 төг болно/

 

Харин  хариуцагч  байгууллага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-н “ ажил олгогч нь энэ хуулийн ... 40.1.2, ...-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх  тэтгэмж олгоно” гэж заасны дагуу  нэхэмжлэгч буюу ажилтан Т.Мөнхөөд нэг сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж  болох 797 331 төгрөгийг олгосон байх ба  үүнийг  ажил олгогчийн буруутай шийдвэрийн  үндсэн дээр  хуульд заасны дагуу  олгогдсон  гэж үзэх  учир  энэхүү 797331 төгрөгийг ажилгүй байсан үеийн цалин олговроос хасаж тооцохыг хүсч гаргасан  давж заалдах гомдлыг  хангах үндэслэлгүй  гэж үзэв.

Хариуцагч талын давж заалдах гомдлын  үндэслэлээр  анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44100 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдах нь  зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 19-ны өдрийн 134/ШШ2018/00170 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын  “ ...4 219 554 төгрөгийг ” гэснийг “... 3 735 315 төгрөгийг” гэж, 

Шийдвэрийн тогтоох хэсгийн 4 дэх заалтын “...82 463 төгрөг” гэснийг “74 715 төгрөгийг” гэж тус тус өөрчилж,  шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т  зааснаар  хариуцагчаас  давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44100 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай. 

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Г.ТЭГШСУУРЬ

                                           ШҮҮГЧИД                            О.ОДНЯМАА

                                                                                        Х.БАЙГАЛМАА