| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маанийн Мөнхтөр |
| Хэргийн индекс | 102/2021/04335/И |
| Дугаар | 102/ШШ2021/03523 |
| Огноо | 2021-12-21 |
| Маргааны төрөл | Хоршооны хуулиар бусад, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 102/ШШ2021/03523
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ........ дүүрэг, 8 дугаар хороо, ...дүгээр хороолол, 13 дугаар байр, ....тоот хаягт оршин байх, Г.Д /РД: ............./-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Б дүүрэг, 8дугаар хороо, ...дүгээр хороолол, 13 дугаар байр, ....тоот хаягт оршин суух, Б овогт Ё.Э /РД: ........./-д холбогдох,
Сууцны өмчлөгчдийн холбооны төлбөрт 464,840 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.С , хариуцагч Ё.Э , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Дны шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.С ын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Оршин суугч Ё.Э 30 гаруй жил энэ байранд амьдарч байгаа бөгөөд Иргэний хувьд 147 дугаар зүйлийн 147.1, 147.4 дэх заалтуудыг сүүлийн 15 жил биелүүлэхгүй, 15 жил шүүхээр нэхэмжлүүлж байж төлбөрөө төлдөг, эхнэр, хүүхдүүд нь 106 тоотод хамт амьдардаг боловч нөхөр Ё.Э оос ав гэдэг, төлбөрөө сар сардаа төлөөд яваач гэхээр шүүхэд нэхэмжлэл гарга гэдэг. Ё.Э нь манай сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагааг үйлчлэгч нарын цалинг холбоо нь өгдөггүй учраас хувиасаа 200,000 төгрөг өгсөн гэж ямар ч баримтгүйгээр гүтгэдэг. Тус 13 дугаар байрны 3 дугаар орцны дээврийн их засварыг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас 2018 онд хийгээд 9 давхрын дээврээс ус гоожоогүй байхад Э шүүх хурал дээр удаа дараа дээврээс ус гоожсон гэж захирлын нэр хүндэд санаатай халдаж, удаа дараа гүтгэж, иргэний үүргээ биелүүлэхгүй байгаа дээр нь миний бие гомдолтой байгаа.
Манай сууц өмчлөгчдийн холбоо нь сард 22,760 төгрөгийг гишүүдээсээ авдаг. Иргэн Ё.Э нь 2020 оны 04 дүгээр сараас 2020 оны 12 дугаар сарыг хүртэлх хугацааны засвар, үйлчилгээ, цэвэрлэгээ, лифт, баримтны төлбөрт 209,840 төгрөг, 2021 оны 01 дүгээр сараас 11 дүгээр сарыг хүртэлх хугацааны засвар, үйлчилгээ, цэвэрлэгээ, лифт, баримтны төлбөрт 251,000 төгрөг, нийт 464,840 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд хариуцагч Ё.Э оос 464,840 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Ё.Э ын шүүхэд гаргасан хариу тайлбарт: Шүүгч М.Мөнхтөр нь 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хуралдсан хурлаар С барам авгайгийн нэхэмжлэлийг үзээд шийдвэрлэхдээ та удирдах зөвлөл байгуулаад бүх байрны оршин суугчдын хурлаас өөрийг чинь томиллоо гэх протокол аваад ир, үгүй бол энэ шүүх хурлаар нэхэмжлэлийг чинь хүчин төгөлдөр бус гэж үзэж байна гэж шийдвэрлэсэн гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Д нь хариуцагч Ё.Э од холбогдуулан сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт нийт 464,840 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4.-т зааснаар орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч бусад этгээд заавал тухайн холбооны гишүүн байна. гэж, Орон сууцны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1.-д орон сууц гэж хүн суурьшин амьдрах зориулалттай нийтийн болон амины орон сууцны байшин, сууц, гэрийг хэлнэ гэж тус тус заасан байх ба дээрх заалтуудаас үзэхэд орон сууцны зориулалттай байшингийн сууц өмчлөгч нь заавал сууц өмчлөгчдийн холбооны гишүүн байхаар зохицуулжээ.
Б дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 13 дугаар байрны 106 тоот орон сууцны оршин суугч, өмчлөгч нь хариуцагч Ё.Э мөн эсэх, тухайн орон сууц нь Г.Днд харьяалагддаг эсэх талаар талууд маргаагүй байх тул хариуцагч нь тус сууц өмчлөгчдийн холбооны гишүүн байна.
Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар гишүүн нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй ба мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т зааснаар орон сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн засвар, үйлчилгээний зардлыг санхүүжүүлэхэд оролцох үүрэгтэй гэж хуульчилжээ.
Хариуцагч Ё.Э нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн үйлчилгээний төлбөрийг 2020 оны 04 дүгээр сараас өнөөдрийг хүртэлх хугацааны төлбөрийг төлөөгүй болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагч нарын тайлбараар нотлогдож байна.
Нэхэмжлэгч Г.Д нь 1 сард нэг өрхөөс засварын зардалд 5,940 төгрөг, цэвэрлэгээ үйлчилгээнд 6,670 төгрөг, лифт 10,000 төгрөг, баримтны 150 төгрөг, нийт 22,760 төгрөг төвлөрүүдэг гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй, энэ талаар зохигчид маргахгүй байна.
Иймд хариуцагч Ё.Э оос 2020 оны 04 дүгээр сараас 2021 оны 12 дугаар сарын хугацааны засвар, цэвэрлэгээ, үйлчилгээ, лифтны төлбөрт 209,840 төгрөг, 2021 оны 01 дүгээр сараас 11 дүгээр сарын төлбөрт 251,000 төгрөг, нийт 460,840 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 4,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Учир нь нэхэмжлэгч 2020 оны 04 дүгээр сараас 2021 оны 11 дүгээр сарыг хүртэлх хугацааны засвар, цэвэрлэгээ, үйлчилгээ, лифт, баримтны төлбөрт 464,840 төгрөг нэхэмжилсэн боловч 4,000 төгрөгт холбогдох хэсэг нь баримтаар нотлогдохгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д заасныг баримтлан хариуцагч Ё.Э оос 460,840 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Шарга 12 сууц өмчлөгчдийн холбоонд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 14,595 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 14,595 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР