| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2021/02542/И |
| Дугаар | 102/шш2021/02562 |
| Огноо | 2021-10-08 |
| Маргааны төрөл | Гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 102/шш2021/02562
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
...дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Цацралыг суулган тэмдэглэл хөтлүүлж, тус шүүхийн 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ...дүүргийн .. дугаар хороо, .. дүгээр гудамжны .. тоотод оршин суух, ...регистртэй, ...овогт Л.Д,
Нэхэмжлэгч: ...дүүргийн .. дугаар хороо, дүгээр гудамжны .. тоотод оршин суух, ...... регистртэй, ...овогт ...нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ... дүүргийн 5 дугаар хороо, өөрийн байранд байрлах Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,
Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ..., нэхэмжлэгчийн өмгөөлөгч ... хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч нар шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэгч ... нь өмгөөлөгчийн хамт нэхэмжлэлээ дэмжиж гаргасан тайлбартаа:
...дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны .. дугаар сарын -ны өдрийн ......... дугаар Шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, мөн өдрийн ..0/0000/0000 дугаар Шүүхийн гүйцэтгэх хуудсаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа болно. Хариуцагчийн 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн Шинжээч томилох тухай 8/144 дугаар тогтоол гаргаж хөрөнгийн үнэлгээний Мөнх оргил ХХК-ийг шинжээчээр томилсон байдаг. Шинжээчийн 2021 оны 8 дугаар сарын ...-ний өдрийн дүгнэлтээр 14,443,..4 төгрөгийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан, улсын бүртгэлийн ..., ... дугаар бүртгэлтэй, ...дүүргийн .. дугаар хороо, ...... дүгээр гудамжны .. тоот хаягт байрлах 48 м.кв хувийн сууц, 332,7 м.кв газрын үнийг 30,073,000 төгрөгөөр тогтоосныг НШШГГ 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдөр бидэнд мэдэгдсэн. Энэ үнэлгээг эс зөвшөөрч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.7-д заасны дагуу нэхэмжлэл гаргаж байна. Ковид цар тахал, хөл хориотой холбоотойгоор импортын бүтээгдэхүүний нийлүүлэлт багасч, зах зээлийн эдийн засгийн дагуу барилгын материалын болон орон сууцны үнэ огцом өссөн энэ үед амьдран суудаг хувийн сууцыг минь 30,000,000 төгрөгөөр үнэлснийг зөвшөөрөхгүй байна. Энэ үнэлгээ хийгдсэнээс хойш манай хашаа хүртэл чулуун зам тавьсан, мөн Юнивишн сүлжээ тавигдсан байгаа.
Уг үл хөдлөх хөрөнгө нь нэхэмжлэгч нарын амьдардаг цорын ганц өмч юм. Шийдвэр гүйцэтгэгч нь шинжээч томилохдоо тухайн хашаа байшинд хийгдсэн 2 блокон амбаар болон хашаа зэргийг үнэлүүлэхээр тогтоолдоо дурдаагүй боловч шинжээчийн дүгнэлтэд эд хөрөнгийн үнэлгээнд харгалзан үзсэн гэж байгаа ч хэрхэн үнэлсэн гэдэг нь тодорхойгүй. Мөн 2 талт банзан хашаа, тэгшилж бетондсон гэрийн буурь зэргийн үнийг тодорхойлсон бол тухайн үнэлгээнээс илүү өндрөөр үнэлэгдэх боломжтой байсан. Түүнчлэн газрын үнэлгээг 4,000,000 төгрөгөөр үнэлсэн боловч үнэлгээний зүйлийг 5 дугаар бүсэд байхад .. дугаар бүсэд хамааруулсан байна. Үнэлгээнд ...Барилга хот байгуулалтын сайдын 2016 оны 12 дугаар сарын ..-ны өдрийн 203 тоот тушаалаар батлагдсан жишиг үнэлгээг удирдлага болгов, 3-д хувийн сууцны хувьд барилгын хэмжээ, хийцлэлийг харгалзан жижиг барилгын жишиг үнэлгээг 420,000 төгрөгийг авав гэсэн байна. Гэтэл энэ тоо нь тухайн жишиг үнэлгээн дэх гахайн байрнаас доогуур үнэлгээтэй байгааг зөвшөөрөхгүй байгаа. Үнэгүй.мн ойролцоо байрлалтай үл хөдлөх эд хөрөнгүүдээс харьцуулсан. Ингэхдээ 45-55 сая хүртэл үнэлэгдсэн байхад зар дээр байгаа хамгийн бага үнэлгээтэйг сонгосон байна. Нэхэмжлэгч нь ахмад настай, хөгжлийн бэрхшээлтэй, мөн ...ийн эхнэр нь саяхан төрсөн, нялх хүүхэдтэй хүмүүс юм. Эд хөрөнгөд хийсэн засан сайжруулалтуудын үнийг тогтоолгүйгээр, зарын хамгийн доод үнээр хийсэн нь үндэслэлгүй байх тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү...гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбарт болон, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
...дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын ..-ны өдрийн ..... дугаар шийдвэрээр ..., Л.Д, ...нараас 14,443,..3 төгрөгийг гаргуулж Траст финанс ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйл, Иргэний хуулийн 175 дугаар зүйлд заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгч ..., ..., ... нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан ...дүүргийн .. дугаар хороо, ...... дүгээр гудамжны .. тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй 322,27 м.кв талбайтай газар, тус хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй 48 м.кв талбайтай хувийн сууцыг 2021 оны ... тоот тогтоолоор битүүмжилж, 2021 оны... тоот тогтоолоор хурааж талуудад Иргэний хуулийн 177 дугаар зүйлд зааснаар үнийн санал өгөхийг мэдэгдэхэд төлбөр төлөгч ...гийн зүгээс тогтоосон хугацаанд үнийн санал ирүүлээгүй, төлбөр төлөгч ..., ... нар өөрсдийн хөрөнгийг 40,000,000 төгрөгөөр үнэлж байгаа талаар бичгээр хүсэлт гаргасан. Төлбөр төлөгч нараас ирүүлсэн санал болон ...гийн зүгээс үнийн санал өгөхөөс эс үйлдэхүйгээр татгалзсан талаар төлбөр авагчид мэдэгдэхэд Траст капитал ББСБ ХХК-ийн зүгээс 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн албан бичгээр шинжээч томилж үнэлгээ тогтоолгуулах хүсэлтийг тус газарт гаргасан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд зааснаар хөрөнгийн үнэлгээний Мөнх оргил трейд ХХК-ийг шинжээчээр томилж тус үл хөдлөх хөрөнгүүдийн зах зээлийн үнийг тогтоолгоход 30,073,000 төгрөгөөр үнэлж хөрөнгийн үнэлгээний тайланг ирүүлсэн. Тус үнэлгээний тайланг төлбөр төлөгч ... болон ..., ... нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 4-149/14754 тоот албан бичгээр мэдэгдэж эрх үүргийг тайлбарлан тэмдэглэл хөтөлсөн. Мөн төлбөр төлөгч ...гийн шүүхэд мэдүүлсэн хаягийн дагуу үнэлгээний мэдэгдлийг 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 4-149/14753 тоот албан бичгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасны дагуу баталгаат шуудангаар хүргүүлж тэмдэглэл хөтөлсөн бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.
Шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолын дагуу томилогдсон шинжээч нь эрхийнхээ дагуу үнэлгээний хандлагаа сонгосон байна. Журам дээр мөн энэ талаар тодорхой зааж өгсөн байгаа. Манай байгууллага шүүхийн шийдвэр дээр заасан хөрөнгөнд үнэлгээ хийхээр заана. Уг шийдвэрт блокон байшин, гэрийн буурь болон хашаа зэрэг хөрөнгө заагдаагүй байсан. Нэхэмжлэгчийн хэлж байгаагаар тухайн хөрөнгийн үнэлгээнд өөрчлөлт орсон гэж үзэж байгаа бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар дахин хүсэлт гаргах эрхтэй. Үнэлгээ хүчингүй болгохоор нэхэмжлэл гаргасан учир шүүхэд өөрсдөө хөрөнгөө үнэлүүлээд, уг нэхэмжлэлийн үндэслэлээ өөрсдөө нотлох үүрэгтэй. Мэргэжлийн бус хүн мэргэжлийн шинжээчийн гаргасан үнэлгээг шүүмжилж байгаа нь үнэлгээг хүчингүй болгох үндэслэл болохгүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан...гэв.
Шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбар болон, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч нар хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад ..., ... нарын өмчлөлийн ..., ... дугаарт бүртгэлтэй ...дүүргийн .. дугаар хороо, ...... дүгээр гудамжны .. тоот хаягт байрлах хувийн сууц, газрыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, ...шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдаж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нараас үнийн санал авч, уг саналыг төлбөр авагч зөвшөөрөөгүйн улмаас хөндлөнгийн шинжээч томилж үнэлгээ гаргуулсан учир үнэлгээг хүчингүй болгох үндэслэлгүй, нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй... гэж тайлбарласан.
...дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 9 дүгээр сарын ..-ны өдрийн ..... дугаар Эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай шүүгчийн захирамжаар ..., Л.Д, ...нараас 14,443,..3 төгрөгийг 2020 оны .. дугаар сарын 30-ны өдрөөс 2021 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн дотор сар бүр 2,000,000 төгрөг, 2021 оны 2 дугаар сарын ..-ны өдрийн дотор 6,443,..4 төгрөгийг тус тус Траст финанс ББСБ ХХК-д төлж барагдуулах, уг хугацаанд төлбөрөө барагдуулаагүй тохиолдолд ..., ... нарын өмчлөлийн газар, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрснийг баталгаажуулсан байна.
Төлбөр төлөгч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүйн улмаас төлбөр авагч Траст финанс ББСБ ХХК нь шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх тухай хүсэлт гаргасны дагуу шүүх 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн ......... дугаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж гарч, мөн өдрийн ..0/ГХ0000/00000 тоот шүүхийн гүйцэтгэх хуудас олгосны дагуу хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2021 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн ... дугаар тогтоолоор, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн явуулжээ.
Шийдвэр гүйцэтгэх байгууллага төлбөр төлөгч ..., ... нарын өмчлөлийн газар болон үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэн, шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн байх боловч төлбөр төлөх үүргээ биелүүлээгүйн улмаас ..., ... нарын өмчлөлийн ..., ... дугаарт бүртгэлтэй ...дүүргийн .. дугаар хороо, ...... дүгээр гудамжны .. тоот хаягт байрлах 48 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 322,27 м.кв талбайтай газар зэргийг 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн ... тоот Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжилж, улмаар 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн... тоот Эд хөрөнгө хураах тухай тогтоолоор хураан авч, тэмдэглэл үйлдсэн байна.
Улмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгч ..., ... нараас хураан авсан дээрх үл хөдлөх эд хөрөнгийн үнийн талаар санал асуухад тэд 40,000,000 /дөчин сая/ төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч Траст финанс ББСБ ХХК хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлж, тухайн үл хөдлөх хөрөнгийг хөндлөнгийн шинжээч томилон үнэлүүлэхийг хүсчээ.
Иймээс шийдвэр гүйцэтгэгч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу төлбөр төлөгч болон төлбөр авагч нар дуудлага худалдаанд санал болгох доод үнийн талаар тохиролцоогүй гэж үзэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт зааснаар 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 8/144 тоот Шинжээч томилох тухай тогтоол гарган, Мөнх оргил трейд ХХК-ийг томилсон нь хуульд нийцсэн байна.
Шинжээчээр томилогдсон Мөнх оргил трейд ХХК-ийн Сангийн яамны хөрөнгийн үнэлгээ хийх эрхийн тусгай зөвшөөрөлтэй, мэргэшсэн хөрөнгийн үнэлгээчин ..., ... нар нь шийдвэр гүйцэтгэгчийн шинжээч томилох тогтоолд заасан газар болон хувийн сууц бүхий үл хөдлөх эд хөрөнгөтэй танилцаж, фото зургаар баталгаажуулан бэхжүүлж, хөрөнгийн үнэлгээний зах зээлийн үнэ цэнийг 30,073,000 /гучин сая далан гурван мянган/ төгрөгөөр үнэлжээ.
Шийдвэр гүйцэтгэгч шинжээчийн дүгнэлтийг 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, мөн өдрийн 4-149/14754 тоот мэдэгдлээр төлбөр төлөгч ..., ... нарт хүлээлгэн өгч, тэмдэглэл үйлдэн үнэлгээг мэдэгдсэн байх бөгөөд төлбөр төлөгч нар уг үнэлгээг эс зөвшөөрч, хүчингүй болгуулахаар 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд гомдол бүхий нэхэмжлэл гаргасан нь хуульд заасан хугацааг хэтрүүлээгүй байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шинжээчээр томилогдсон Мөнх оргил трейд ХХК нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хийхдээ Монгол улсын Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13, 14 дүгээр зүйлүүдэд заасан эрх үүргийн хүрээнд бодит үнэ цэнийн суурийг хэрэглэж, өртгийн хандлага, зах зээлийн хандлагын аргаар үнэлгээ хийж хувийн сууц болон газрын нийт үнэлгээний дүнг 30,073,000 төгрөгөөр үнэлсэн байна.
Шинжээчийн дүгнэлт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэг, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйл, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17, 18 дугаар зүйлүүдэд тус тус нийцсэн байх тул ...үл хөдлөх хөрөнгийг бодитой үнэлээгүй... гэх нэхэмжлэгчийн гомдлын үндэслэл, тайлбар няцаагдаж байна.
Түүнчлэн, маргаан бүхий хөрөнгийг зах зээлийн ханшаас доогуур үнэлсэн, цар тахал, хөл хориотой холбоотойгоор барилгын материалын болон орон сууцны үнэ өссөн үед уг хувийн сууцны үнийг багаар үнэлсэн гэх гомдлын шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч тал баримтаар нотлоогүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч нотолж чадаагүй байна.
Иймд хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогч талын хүсэлтээр шинжээч томилж, шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолын дагуу шинжээч дүгнэлт гарган үнэлгээ тогтоосон дээрх ажиллагаа хууль зөрчөөгүй байх тул дээрх үндэслэлээр ..., ... нарын гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Шүүх нэхэмжлэгч нарын гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ...5 дугаар зүйлийн ...5.2.3, ...6, ...8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, улсын бүртгэлийн ..., ... дугаарт бүртгэлтэй ...дүүргийн .. дугаар хороо, ...... дүгээр гудамжны .. тоот хаягт байрлах 48 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 322,27 м.кв талбайтай газар зэргийг 30,073,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч ..., ... нарын гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд, зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ А.САРАНТУЯА