| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чимэдрэгзэний Алдар |
| Хэргийн индекс | 105/2024/0674/Э/220/2024/0923 |
| Дугаар | 2024/ШЦТ/834 |
| Огноо | 2024-07-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Нямжав |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 2024/ШЦТ/834
2024 07 24 2024/ШЦТ/834
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алдар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Баянжаргал,
улсын яллагч М.Нямжав/ томилолтоор/
хохирогч Г.Н,
гэрч Ө.А,
шүүгдэгч С.Г, түүний өмгөөлөгч Б.Дима нарыг оролцуулан тус шүүхийн “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж овогтой С-ын Г-д холбогдох эрүүгийн 2406 00000 0250 дугаартай хэргийг 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, .... оны .. дугаар сарын ..-ний өдөр ....... аймгийн ........ суманд төрсөн, .. настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Баянзүрх дүүргийн .. дугаар хороо .... ...... тоотод оршин суух хаягтай, ам бүл .., ял шийтгэгдэж байгаагүй,
......... овогт С-ын Г, /Регистрийн дугаар ......................,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 01 дүгээр сарын 13-ны орой Баянзүрх дүүргийн .. дугаар хороо ....... зочид буудалд иргэн Г.Н-тай маргалдаж, нүүрэн тус газар нь архины шилээр цохин, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Г өгсөн мэдүүлэгтээ: “ Санаатай тийм зүйл хийгээгүй. Тухайн үед санамсаргүй болсон асуудал. Миний найз намайг багалзуурдаад дарсан. Би больчих байлгүй дээ гээд амь тэмцсэн. Аргагүй тийм үйлдэл хийсэн. Ийм л зүйл болсон. Уучлаарай.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч өгсөн мэдүүлэгтээ: “Тухайн өдөр 12 цагийн орчим над руу залгасан хэд хэл залгахад нь утсаа авахгүй байж байгаад 8 цагийн үед очсон ууж байгаад намайг хамгаалаагүй зодоон болохоор зугтдаг гэсэн зүйл яриад байсан. Мөн эхнэртэйгээ хүртэл хардаж байсан биз дээ гээд марган болоод ийм байдалд хүрж намайг шилээр цохисон.” гэв.
Гэрч Ө.А: “...2024 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр эцэг эхчүүд орой 20 цагийн үед уулзаад 12 цаг өнгөрч байхад тарцгаасан. Тэгээд 1 дүгээр сарын 13-ны өдөр Г намайг “хүрээд ирээч найзаа, юм ярьж сууя” гэж дуудсан. А гэдэг найзтайгаа хамт байсан. Бид ........ ........-ийн тэнд буудал руу 14 цагийн үед дэлгүүрээс 1 гоймон, 4 ширхэг лаазтай пиво, 1 шил архи аваад орсон. Тэгээд А гэдэг найз нь машин барьж явж байгаа гээд уугаагүй. Тэгээд Г бид 2 нэг нэг лааз пиво уучхаад байж байтал А гэдэг найз нь Н луу яриад дууд гэсэн. 15 цаг өнгөрч байхад Н луу яриад, түүнийг дуудсан. Гэтэл Н “одоохондоо завгүй байна. Оройхондоо очъё” гэсэн. А гэдэг найз нь гоймон идчихээд уухгүй байж байгаад 17 цаг өнгөрч байхад явсан. Г бид хоёр 4 лааз пивоо ууж дуусгачхаад байж байтал А-ыг явсны дараа 17 цаг өнгөрч байхад О гээд найз нь ирсэн. Тэр найз нь юм ярьж сууж байгаад найздаа юм өгчхөөд ирье гэсэн билүү, найзтайгаа уулзчихаад хүрээд ирье гэсэн билүү тэгээд явсан. Удалгүй Н найз нь “хаана байна” гэж утсаар яриад ирсэн. Тэгээд Н ирээд энэ 2 юм ярьж сууж байгаад бүтэн байсан 1 шил архийг задалчих гээд задалсан. Тэгээд энэ 2 юм ярьж сууж байгаад энэ 2 ам зөрөөд маргалдаад байсан. 19 цаг 30 минут болж байсан байх бараг 30 минут суусан. Н анх ирэхдээ хүнтэй маргалдчихаад ирлээ гээд уучихсан, куртик нь урагдсан ирсэн. Г, Н нар архиа задалж уугаад юм ярьж байгаад маргалдсан. Н, Г-ын эхнэрийг муулсан. Юу гэж муулсан болохыг мэдэхгүй байна. Тэгээд эхнэрээ өмөөрөөд барилцаж авсан. Тэгээд Г, Н-ыг 1 билүү 2 удаа цохисон. Тэгтэл Н Г-ыг орон дээр хоолойг нь боож, ямар ч барьцгүй болгоод дарж унасан. Тэгээд Г өөрийгөө хамгаалж чадахгүй тэмтэрч байгаад ойрхон ширээн дээр байсан архины шилээр толгой руу цохиж гарыг нь тавиулсан. Би тэр үед буудлын ресейпшнийг дуудахад тэр буудлын ажилтан ах эгч 2 гүйгээд хурдан орж ирсэн. Тэгээд подволкоо тайлаад толгой дээр нь тавиад 19 цаг 40 минутад түргэн, цагдаа дуудсан. Түргэн ирээд Н бид 2 гэмтлийн эмнэлэг рүү явсан. Гэмтлийн эмнэлэг дээр очоод Н оёдол тавиулаад, эмийн сангаас памперс, бинт гээд ойр зуурын хэрэглээний бүх юмыг нь авч өгсөн. Цагдаагаас над руу ирж мэдүүлэг өг гэж ярьсан. Тэгээд Н бид хоёр 20 цаг 30 минут болж байхад гэмтлийн эмнэлгээс цагдаа руу очиж мэдүүлэг өгсөн. 21 цаг болох гэж байхад цагдаа дээр очсон. Тэгээд цагдаа нар мэдүүлэг авах хүн нь байхгүй байна хүлээж бай гээд 1 цаг гаран хүлээсэн. 22 цаг өнгөрч байхад Н эхлээд мэдүүлгээ өгсөн. Мэдүүлэг өгч байхдаа намайг “гичий, чи муу шалдан хэвтэж байсан биз дээ” гэж хэл амаар доромжилсон. Н мэдүүлгээ өгчхөөд явсан. Би 23 цаг болох гэж байхад мэдүүлгээ өгөөд 00 цаг болох гэж байхад гэр рүүгээ явсан. Г тэндээ үлдээд цагдаа эрүүлжүүлэх рүү аваад явсан гэсэн.” гэв.
Нэг. Нотлох баримтын талаар:
1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл, /хавтаст хэргийн 2 дугаар хуудас/
2. Хохирогч Г.-ын "...2024 оны 01 дүгээр сарын 13-ны орой гэртээ амарч байхад 20:00 цагийн орчим урьд нь хамт нэг газар ажиллаж байсан найз болох н.Г залгаад байхаар нь утсаа авсан чинь "найз нь .......... дээр ...... гээд зочид буудалд найзтайгаа уугаад сууж байна. Хүрээд ирээч" гээд байхаар нь очтол нэг эмэгтэй найзтайгаа сууж байсан. Г намайг суугаад ганц татаач гээд хундагалж өгөхөөр нь би уусан. Тэгээд би хажууд нь суугаад юм яриад сууж байтал гэнэт Г "чи намайг өмнө нь хамгаалж байгаагүй" гэж надруу Уурласан. Тэгэхээр нь би "Юу яриад байгаа юм. Би чамайг зөндөө хамгаалж байсан. Хамт ажилдаг байхдаа чамайг хамгаалдаг байсан шүү дээ" гэх мэтээр маргалдсан. Тэгээд би маргалдаж байгаад "Тэгж ярих юм бол чи намайг эхнэртэйгээ хүртэл харддаг байсан биздээ" гэж хэлээд гэр рүүгээ явах гээд бостол С.Г ууж байсан архины шилээрээ толгойны зүүн талын хэсэг рүү цохисон. Би тэр үед манараад Н.Г дээр дараад авсан. Тэгээд удалгүй буудлын ресейпшн орж ирээд түргэн дуудсан. Түргэний эмч орж ирээд намайг дагуулаад гэмтэл авч явсан. Миний бие мах бодид гэмтэл учирсан тул цагдаад хандаж байна..." гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 5 дугаар хуудас/
3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 1590 дугаартай ... Г.Н-ын биед зүүн чамархай, чихний дэлбэн, эрүүний зүүн буланг хамарсан зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр, 1-2 хоногоос дотогш цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна." гэх дүгнэлт, /хх-ийн 13 дугаар хуудас/
4. Гэрч Ө.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгт "...Өчигдөр буюу 2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 13:00 цагийн орчим аавындаа байж байхад найз болох Н.Г залгаад "Найз нь ....... гээд буудалд уугаад сууж байна. Завтай бол хүрээд ирээч юм ярьж сууя" гэхээр би яваад очсон. Намайг тэнд очиход н.Г-тай хамт ажилдаг гээд нэг эрэгтэй хамт сууж байсан. Тэр хоёр нэг найзыгаа хүрээд ирээч гээд утсаар дуудаад байсан. Удалгүй хамт сууж байсан найз нь харих гээд гараад явсан. Тэгээд н.Г бид хоёр буудалд үлдээд ярьж суусан. Энэ хугацаанд н.Г нэг найзыгаа ирэх болж байна уу? Гээд утсаар дуудаад байсан. Орой 19:00 цагийн орчим утсаар ярьж байсан найз нь хүрч ирсэн бөгөөд н.Г-тай хамт нэг шил архи хувааж уугаад юм ярьж сууж байгаад н.Г-ын эхнэрийг энгэр султай, явдалтай гээд доромжлоод н.Г-тай муудалцаж эхэлсэн бөгөөд н.Г-ыг ор руу унагааж, дээр нь гараад хоолойг нь боож нүүрэн тус газар нь цохиод байсан. Энэ үед н.Г доороос нь гарах гэсэн боловч чадахгүй байсан тул ойролцоо байх архины шилийг авч өөрийгөө хамгаалж найзынхаа толгой руу цохисон. Удалгүй найзынхан толгойноос цус гарч эхэлсэн тул би ресепшнд хэлж түргэн дуудсан. 10 минутын дараа түргэн ирээд н.Г-ын найзыг гэмтэл рүү авч явна гэхээр нь би санаа зовоод хамт явсан..." гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 11 дүгээр хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 25 дугаар хуудас),
Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 27 дугаар хуудас),
Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 28 дугаар хуудас),
Иргэний оршин суугаа газрын лавлагаа (хавтаст хэргийн 29 дүгээр хуудас),
хуудас),
Тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 35 дугаар хуудас), (нийт 5 хуудас) зэрэг болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт
-
-
-
-
-
Гэм буруугийн талаар:
1.2 Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч “...Өнөөдрийн шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож байна. Шүүгдэгч нь хохирогч Г.Н-т хохирол учруулсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул гэм буруутайд тооцуулах саналтай байна гэв. Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 480.000 төгрөгийн төлбөртэй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй. Шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээх саналтай байна.” гэх саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Д “...Миний бие шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд гэм буруугийн тал дээр маргаж байгаа. Миний үйлчлүүлэгч аргагүй хамгаалалт хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь хэргийн нөхцөл байдлыг харахад нэг нь 100 кг нөгөөх нь 76 кг жинтэй тэнцвэргүй хүмүүс байна. Анхнаасаа хохирогчийн болон миний үйлчлүүлэгчийн мэдүүлгээр боосон гэсэн асуудал байна. Би тэр асуудал дээр анхаарсан. Анх хөнгөн гэмтэл гэж гараад огт бичиг үсэг мэдэхгүй хүнийг шүүх дээр аваад ирсэн. 2 согтуу хүн байхад нэг хүнийг эрүүлжүүлэхэд оруулаад нөгөөхийг нь тавиад явуулсан. Н-ын согтолтын зэрэг ямар байсан, Г-ынх ямар байсан талаар хэрэгт байхгүй байгаа. Гэрчийн эхний мэдүүлэг дээр “Н согтуу хувцсаа уруулчихсан орж ирсэн” гэсэн байна. Энэ асуудлыг яагаад шалгахгүй байгаа юм бэ. Дутуу шалгасан нөхцөл байдал их байна. Өөрсдөө хэлэх үггүй болчхож байгаа юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал нотлогдоогүй байна. 2 эрэгтэй хүн зодолдсон байлгүй гэдэг байдлаар хандсан юм шиг байгаа юм. Цаана нь зөндөө үр дагавар байгаа. Энэ хэрэг ямар шалтгаанаар үүссэн гээд маш чухал асуудал байгаа. Гэмт хэргийн сэдэл зорилго, гэм буруугийн хэлбэр зэргийг нотолж чадаагүй. “Н согтуу байсан. Надаас хамаагүй өндөр, жин илүү байсан болохоор би дороос нь гарч чадахгүй байсан” гэж хэлээд байхад ганц асуулт тавьчихаж чадахгүй байна. Сүүлд О мэдүүлэг авахад миний үйлчлүүлэгч овоо их мэдүүлэг өгсөн. Та нар ямар нөхцөл байдалд байсан, хэн нь хаана сууж байсан гээд би олон юм асууж байж энэ хэргийн нөхцөл байдал ерөнхийдөө гарч ирж байгаа юм. Ширээний 2 талд байсан, маргалдаад Наранбаатар зүүн талаар нь гарч ирээд дарах үед бачуурахдаа шилээр цохисон гэсэн нөхцөл байдал гарч ирж байгаа юм. Хэргийн нөхцөл байдлыг тодруулах ёстой болохоос биш зүгээр нэг цохичихсон асуудал биш. Хөнгөн гэмтэл учруулсан байлгүй гэсэн байдлаар хандаж байна. Анхнаасаа хайхрамжгүй хандсан. Та бичиг үсэг мэдэх үү гэж асуучхаад ганц асуулт асуугаагүй. Энэ асуудлыг нотлоогүй орж ирсэн. Хөнгөн хэрэг юм чинь яадаг юм гэж боддог юм уу, мэдэхгүй байна. Анхнаасаа хайхрамжгүй хандсан. Хохирогч болон гэрчээс мэдүүлэг авахдаа бичиг үсэг мэдэх үү гэж асууж байгаад мэдүүлэг авсан хэр нь огт бичиг үсэг мэдэхгүй миний үйлчлүүлэгчээс тэгж асуугаагүй. Хохирогч болон миний үйлчлүүлэгчийн биеийн харьцаа ямар болохыг тодорхойлоогүй. Сүүлд хэрэг буцсан хойно би О-тай очиж уулзаад нүүрэлдүүлж байцаагаач ээ, намайг байлцуулаад гэрчээс мэдүүлэг аваач гэж байхад мэдүүлэг авсан бол хурал гэрчээс болж 2 удаа хойшлохгүй байсан. Гэрчийг асуугаагүйгээс болоод хэрэг цааш үргэлжлэх боломжгүй байсан. Шүүх санаачилгаараа гэрчийг оролцуул гэсэн нөхцөл байдал гарч ирсэн. Тэгэхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалт байсан гэж үзэж байна. 2 тэнцвэргүй хүн байгаа байна. Тийм учраас хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай байна. Шүүхийн шийдвэр гараагүй байхад шүүх дээр нэхэмжлэл ирчихсэн яваа. Юу болсныг мэдэхгүй байна. Н 5.000.000 төгрөг нэхээд байгаа. Ийм хор уршигтай байгаа юм. Гэтэл хэрэг дутуу шалгасан, нөхцөл байдал тогтоогдоогүй энэ нөхцөл байдлаас болж ийм асуудал үүсэж байна. Миний үйлчлүүлэгч өнөөдөр автобус барьж гэр бүлээ тэжээдэг хүн. Шүүх, цагдаа дээр үргэлж дуудагддаг. Бичиг үсэг мэдэхгүй хүн байгаа юм. Цаана маш их хор уршигтай. Энэ бол мөрдөн байцаах ажиллагаа, ажлаа буруу, дутуу хийснээс болоод энэ хүн ийм байдалтай байна. Ширээ тойрч босож ирээд энэ хүнийг багалзуурдаж дараад буюу довтолгоо эхэлсэн гэж үзэж байна. Миний үйлчлүүлэг эхний мэдүүлэгтээ “ бие сонин болоод суларч ирээд аргагүй болохоор нь шилээр цохичихсон юмаа” гэж мэдүүлсэн. Тэгэхээр халдлага эхэлсэн хойно шил авч цохисон байгаа юм. Тэгэхээр би үүнийг аргагүй хамгаалалт гэж үзэж байна. Миний маргах болсон шалтгаан нь мөрдөн шалгах ажиллагаа муу хийсэн, прокурор маш муу хяналт тавьсанд байгаа юм. Бичиг үсэг мэдэхгүй хүнийг бичиг үсэг мэддэг гэж авчраад байж байна. Аргагүй хамгаалалт гэж үзэж байгаа учир хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай байна ” гэх дүгнэлтийг,
Хохирогч Г. “Одоо гомдол саналгүй.” гэсэн болно.
Шүүгдэгч С.Г ‘’Хэлэх зүйлгүй.’’гэв.
1.3 Хэргийн үйл баримтын талаарх дүгнэлт
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дараах хэргийн үйл баримт тогтоогдов.
-
-
-
-
1.4 Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц оролцогч нарын хуулиар баталгаажсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй.
1.5 Хууль, эрх зүйн дүгнэлт
Эрүүгийн тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй” гэж,
мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Аливаа хүн мэргэжил, тусгай бэлтгэл, албан ажлын байдал, аюултай довтолгооноос зайлсхийх, бусдаас тусламж авахаар хандах боломжтой байсан эсэхээс үл хамааран аргагүй хамгаалалт хийх эрхтэй” гэж,
мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Аргагүй хамгаалалтыг бусдын хууль бус халдлага эхэлсэн, эхлэх гэж байгаа нь тодорхой болсон үед хийнэ. Довтолгоо төгссөн хойно хийсэн үйлдлийг аргагүй хамгаалалтад тооцохгүй” гэж тус тус заасан.
Бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгаргасан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй боловч нийгэмд ашигтай, Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцогддоггүй үйлдлийг аргагүй хамгаалалт гэдэг.[1]
Аргагүй хамгаалалт нь бусдад гэм хор учруулдаг санаатай бөгөөд идэвхтэй үйлдэл учраас Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэгтэй ижил хэдий ч бодит агуулгаараа өөрийн болон бусдын амь бие, эрүүл мэндийг гэмт халдлагаас хамгаалахын тулд хийгдсэн байдаг тул нийгэмд ашигтай үйлдэл.[2]
Аргагүй хамгаалалтын агуулга нь аргагүй хамгаалалт хийж өөрийгөө хамгаалах жам ёсны эрх ба аргагүй хамгаалалтын хэм хэмжээний мөн чанар нь иргэдийг гэмт явдалтай хийх тэмцэлд татан оролцуулахад бус, харин аргагүй хамгаалалтын эрхийг амьдралд хэрэгжүүлэх иргэдийн субьектив эрх бөгөөд үйлдэгдэж буй нийгэмд аюултай халдлагуудаас үүсэж бий болдог ба амьд явах, эрх чөлөөтэй байх эрхийг хангах жинхэнэ баталгааг бий болгоход оршино.[3]
Халдлага үйлдсэн этгээдийн нийгэмд аюултай, хууль бус үйлдлийг таслан зогсоох зорилгоор хариу довтолгооны, эсрэг дайралт хийхийг хууль тогтоогч хүлээн зөвшөөрч, тухайн довтолгооноос зайлсхийж зугтах, бусдаас тусламж авах, идэвхгүй хамгаалалт хийх зэрэг боломж нөхцөлөөс үл хамааран хамгаалалт хийх эрхийг хуульчлан тогтоосон[4].
Аргагүй хамгаалалт хууль ёсны байхад гэмт халдлага нийгэмд аюултай байх, бодитой байх, хамгаалалт зөвхөн довтлогч руу чиглэсэн байх, хамгаалалт цаг үеэ олсон байх зэрэг нөхцөлүүд хангагдсан байж хууль ёсны аргагүй хамгаалалт хийгдсэн гэж үздэг.
Тогтоогдсон үйл баримтад дүгнэлт хийхэд хохирогч Г.Н нь шүүгдэгч С.Г-ыг орон дээр хэвтэж байхад нь хоолойг нь хүчтэй боосон байх бөгөөд уг хохирогчийн үйлдэл нь нийгэмд аюултай, хүний амь нас, эрүүл мэндэд шууд бодитой аюул учруулж болзошгүй буюу бодитой халдлага хийгдсэн гэж үзэхээр байна.
Шүүгдэгч С.Г-ын хоолойг нь хүчтэй боогоод болихгүй болохоор нь хохирогчийг цохиж гэмтэл учруулсан байгаа нь хохирогчийн халдлага довтолгоон төгсөөгүй үргэлжилж байх үед довтолгооны дуусаагүй байхад уг халдлага довтолгооныг зогсоох зорилгоор халдлага үйлдэгч этгээд рүү чиглэж буюу цохисон байх тул дээрх аргагүй хамгаалалт хууль ёсны байх шаардлагууд хангасан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.
шүүгдэгч хохирогчийг санаатай өдөөн хатгалт хийж, таарамжгүй харилцаа бий болгож, маргалдаж хохирогчид халдсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Иймд шүүгдэгч С.Г-ын үйлдэл нь аргагүй хамгаалалтын шинжийг бүрэн агуулж байх тул гэмт хэрэгт тооцохгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ........ овогтой С-ын Г-д холбогдох эрүүгийн 2406 00000 0250 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар хохирогч Г.Н-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч С.Г-д авсан "хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.Г нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 1.8 дэх заалт, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 5 дахь хэсэг, 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 36.6, 36.9, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос ....... овогт С-ын Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2406 00000 0250 дугаартай хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар “гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар хохирогч Г.Н-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч С.Г-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.Г нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
5. Цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
6. Цагаатгах тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Шүүгдэгч С.Г-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ШҮҮГЧ Ч.АЛДАР
[1]Г.Гантөмөр, *******, Б.Энхболд, Л.Бат-Очир, Ж.Төгс-Очир, “Эрүүгийн эрх зүйн ерөнхий анги”, Анхны хэвлэл, (2020), х.283,
[2] УДШ-ийн 2007.03.27 өдрийн Зөвлөмж https://legalinfo.mn/mn/detail/11166
[3] Г.Гантөмөр, *******, Б.Энхболд, Л.Бат-Очир, Ж.Төгс-Очир, “Эрүүгийн эрх зүйн ерөнхий анги”, Анхны хэвлэл, (2020), х.284,
[4] Л.О-д холбогдох 201419000281 эрүүгийн хэрэг, УДШ, (Эрүүгийн хэргийн танхим), 2019.09.25-ын №436 тогтоол, https://shuukh.mn/single_case/1813?daterange=2019-01-01%20-%202023-05-30&id=3&court_cat=2&bb=1