Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 2024/ШЦТ/761

 

 

2024          08         12                                      2024/ШЦТ/761

 

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,   

улсын яллагч Б.Одонтуяа,

шүүгдэгч ******** (өөрийгөө өмгөөлж),

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нарыг оролцуулан эрүүгийн 2409015530431 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 19** оны ** дугаар сарын **-ны өдөр, ******** төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхийн хамт Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, *********** тоотод оршин суух,  ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, /РД: ********** / *********** овогт *************** нь:

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

 

 *********** нь 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, 7 буудлын “Бүрэн плаза”-ийн урд замд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Тоёота Приус маркийн **-** УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа ... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэх заалтыг зорчиж, “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Тээврийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн.

 

Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ************* мэдүүлэхдээ: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хувиараа барилга дээр ажиллаж, сард 7-8 сая төгрөг авдаг...” гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд согтуурал шалгасан тэмдэглэлээр ************ нь 4.11 хувь согтолттой гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 7, 23/, Цагдаагийн Ерөнхий газрын жолоодох эрхийн лавлагаа 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр эрх хасагдсан гэх /хх 75/,  Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг шийдвэрлэсэн материалын хуулбар /хх 60-74 Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 53/,  ************ яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх 46/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх 55-59/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

************* нь 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо 7 буудлын Бүрэн плаза-ийн урд замд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Тоёота Приус маркийн **-** УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа ... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэх заалтыг зорчиж, “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий  нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд: ...

 

Согтуурал шалгасан тэмдэглэлээр *********** нь 4.11 хувь согтолттой гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 7, 23/,

 Цагдаагийн Ерөнхий газрын жолоодох эрхийн лавлагаа 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр эрх хасагдсан гэх /хх 75/,  

Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг шийдвэрлэсэн материалын хуулбар /хх 60-74/,

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 53/,   

 

Иргэний нэхэмжлэгч ************:  ...Тухайн өдөр би өөрийн эзэмшлийн Тоёота приус маркийн **-** УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон 22 цагийн үед 7 буудлын Бүрэн плаза дэлгүүрийн авто зогсоолоос гараад уулзвар руу нэвтрэхээр эгнээ байр эзлээд зогсож байхад хажуу талаас приус маркийн машин жолоочийн эсрэг талын урд гупер хэсгийг шүргэчихээд чигээрээ яваад өгсөн. Би хойноос нь нүйцээд очиход жолооч нь согтуу байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Би хохирлоо барагдуулаад авсан... гэх мэдүүлэг / хх 52 /

 

“ Хас Үнэлгээ” ХХК-ний хөрөнгийн үнэлгээ / хх 29 /

 

************ яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх 46/:  ...Тухайн өдөр буюу 2024 оны 05 сарын 22-ны өдөр 19 цагийн үед би найзтайгаа Салхит зусланд 2 ширхэг 2.5л савалгаатай пиво хувааж уусан. Би анх Салхит орохдоо 7 буудал дээр машинаа үлдээчихсэн байсан юм. Тэгээд орой 19-20 цагийн үед би машинаа аваад буцаад ирье гэж бодоод 7 буудал орж машинаа авах гээд машинаа асааж хөдлөөд явж байтал утас дуугарсан. Тэгээд би утсаар ярих гээд зогсоод байж байтал нэг машин шахаж орж ирээд чи машин шүргэчихээд зугтаалаа гэж хэлээд цагдаа дуудсан юм. Тэгээд цагдаа ирээд намайг авч яваад хэлтсийн байран дээрээ ирээд үлээлгэн шалгахад 4.11 хувь гарч байсан. Би өмнө 2023 оны 12 сарын 04-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон явж байх үедээ Төв аймгийн замын цагдаагийн хэлтсийн алба хаагч нарт баригдаж 1 жилээр жолоодох эрхээ хасуулж 400.000 төгрөгөөр торгуулах арга хэмжээ авагдаж байсан. Ер нь бол би 2024 оны 05 сарын 22-ны өдөр жолоодох эрх сэргээгүй байх үедээ дахин согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон юм. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч ************ холбогдох хэргийг шийдвэрлэхэд мөрдөн байцаалтын явцад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.

 

Шүүхээс шүүгдэгч *********** үйлдэл нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж уг гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийн төрөл хэмжээг хуульчлан тогтоосон.

 

Шүүгдэгч ************ ял шийтгэл оногдуулахад анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

                                                                                                 

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, түүний гэм буруутай үйлдлийн улмаас бусдад 150.000 төгрөгний хохирол учирсан, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож эрхээ хасуулсан үедээ дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн, /4.11/ хувийн согтолттой байсан, шүүх хуралдаанд согтуу ирсэн зэрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэм буруудаа хийж байгаа дүгнэлт зэргийг харгалзан үзэж, эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж шүүгдэгчид нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэж цээрлүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Ингээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч ********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д заасан төрөл, хэмжээний дотор тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.

Бусад асуудлаар:

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсаргах, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг дурдав.

 

Шүүхээс шүүгдэгч ************ өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч, өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ********** овогт ***************Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсонгэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч *************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********** оногдуулсан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г хэргийг хадгалах хугацаа дуустал хавсаргаж, шүүгдэгч ********* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ********** тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг хорих ял эдлэж дууссан үеэс эхлэн тоолсугай.

6. Шүүгдэгч ************ урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *********** авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          С.ОЮУНЧИМЭГ