Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 182/ШШ2022/00226

 

    2022           01            25                                            182/ШШ2022/00226

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “Г Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: А.Б-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 11,581,825.15 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, хариуцагч А.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

    

  1. Нэхэмжлэгч “Г Б” ХХКнь хариуцагч А.Бэд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 11,581,825.15 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжин “Зохигчдын хооронд кредит карт ашиглан 5,000,000 хүртэл төгрөгийн зээл олгох тухай ЗГ/КР/170523-01, КР170523-01А дугаартай зээлийн гэрээ болон түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээнүүд байгуулагдсан, зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин зээлийн төлбөрөө төлөхгүй банкийг хохироож байх тул 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөр 5,249,281.72 төгрөг, үндсэн хүү 3,439,624.27 төгрөг, зээлийн эрх хэтрүүлсний хүү 1,306,184.35 төгрөг, зээлийн хугацаа хэтрүүлсний хүү 1,586,734.81 төгрөг, нийт 11,581,825.15 төгрөгийг хариуцагчаас гаргуулах эрхтэй” гэж тайлбарлаж байна.
  2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу зээлийн үндсэн төлбөрт холбогдох хэсгийг зөвшөөрч, үндсэн ба нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг эс зөвшөөрөн маргаж байна. Тэрээр хүүгийн төлбөрийг татгалзах үндэслэлээ 1) Ковид цар тахлын улмаас эрхэлж байсан бизнес хаагдаж, ажил орлогогүй болсон. 2) давхар олон төрлийн хүү бодсон нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.2, 222 дугаар зүйлийн 222.6,232 дугаар зүйлийн 232.4-д заасныг тус тус зөрчсөн гэх агуулгаар хариу мэтгэлцэж байна.
  3. Нэхэмжлэгчээс 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн ЗГ/КР/17052301 дугаартай зээлийн гэрээ, 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн КР170523-01А дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ, кредит картны тооцооллын хүснэгт, Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 7336 дугаартай, Голомт банк ХХК-д хүргүүлсэн албан тоотыг, хариуцагчаас 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хариу тайлбараа бичгээр гарган ирүүлжээ.

Нэхэмжлэгч ба хариуцагч нар шүүх хуралдаанд нотлох баримт гаргуулах хүсэлт гаргаагүй бөгөөд хэн аль нь хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааныг хянан шийдвэрлүүлэх хүсэлттэй байв.  

ҮНДЭСЛЭХ нь:

 

  1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 8,688,905 төгрөгт холбогдох хэсгийг хангаж, үлдэх 2,892,919 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

  1. Нэхэмжлэгч “Г Б” ХХК нь хариуцагчтай Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээ байгуулсан бөгөөд тус гэрээнд заасны дагуу зээлийн үндсэн төлбөр, үндсэн хүү, эрх хэтрүүлсний хүү, хугацаа хэтрүүлсний хүүг 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хугацаагаар гаргуулах эрхтэй гэж шаардлагын үндэслэлээ тодорхойлсон болно.

 

  1. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу үндсэн, эрх хэтрүүлсний хүү, хугацаа хэтрүүлсний хүүг эс зөвшөөрч, ийнхүү олон төрлийн хүү тохирсон нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.2, 222 дугаар зүйлийн 222.6,232 дугаар зүйлийн 232.4-д заасныг тус тус зөрчсөн байх ба улс орныг хамарсан гоц халдварт цар тахал Ковид-19 өвчний улмаас тогтоосон онц байдал түүнтэй холбогдон гарсан санхүүгийн хүндрэл зэрэг давагдашгүй нөхцөл байдлуудыг харгалзан үзэж зээлийн үндсэн хүү болон бусад давхардуулсан хүүний төлбөрөөс чөлөөлөх үндэстэй гэж маргаж байна.

 

  1. Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дор дурдсан нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна.

 

  1. Зохигчид 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр ЗГ/КР/170523-01 тоот кредит картын гэрээ байгуулж, 2,000,000 төгрөгийн зээлийн эрхтэй кредит картыг хариуцагчид олгосон, уг гэрээнд 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр КР170523-01А зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж, 5,000,000 төгрөгийн эрхтэй болгон нэмэгдүүлж жилийн бэлэн бус 24 хувийн, бэлэн 42 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээл гэрээ байгуулсан үйл баримтуудын тухайд зохигчид харилцан маргаагүй. Энэ нь хавтаст хэргийн 6, 7 дугаар талд авагдсан кредит картын зээлийн гэрээ, 8 дугаар талд авагдсан Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээгээр тус тус тогтоогдож байна. Зохигчдын хооронд байгуулсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банкны зээлийн гэрээ байна.

 

  1. Зохигчдын гол маргааны зүйл нь 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацааны үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг хариуцагч төлөх үндэстэй эсэх асуудал байна.

 

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үндсэн төлбөрт 5,249,281.72 төгрөг, үндсэн хүү 3,439,624.27 төгрөг, зээлийн эрх хэтрүүлсний хүү 1,306,184.35, хугацаа хэтрүүлсний хүү 1,586,734.81 төгрөг, нийт 11,581,825.15 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Хариуцагч нь 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 16,144,106 төгрөгийн зээл авч, 10,894,824 төгрөгийг үндсэн төлбөрт буцаан төлсөн үйл баримтын тухайд зохигчид маргаагүй, энэ нь хавтаст хэргийн 10 дугаар талд авагдсан зээлийн тооцоололд тусгагджээ. Харин үндсэн төлбөрийн хүү, хугацаа хэтрүүлсний хүү, эрх хэтрүүлсний хүүг шаардах эрхтэй талаараа нэхэмжлэгч тайлбарлаж байх ба эдгээр нь талуудын хооронд байгуулсан гэрээний хоёрдугаар хэсэг “зээлийн эрхийн үндсэн нөхцөл”, гуравдугаар хэсэг “хүү, нэмэгдүүлсэн хүү тооцох аргачлал, бусад” гэсэн зүйл заалтад тусгагдсан байна. Эдгээр зохицуулалтын дагуу зээлдэгч кредит картнаас бэлэн гүйлгээ хийсэн бол жилийн 24 хувийн хүү, бэлэн бусаар гүйлгээ хийсэн бол 42 хувийн хүү тооцохоор, зээлийн эрхийн хэмжээг хэтрүүлэн хэрэглэсэн бол сарын 2 хувийн, зээлийн хугацаа хэтрүүлсэн бол сарын 1 хувийн хүү тооцохоор тус тус зохицуулжээ. /хх-ийн 6 дугаар тал, гэрээний 2, 3.5 дугаар заалт/.

 

Нэхэмжлэгч зээлийн үндсэн хүүд 3,439,624.27 төгрөгийг нэхэмжилж байх ба зээлдэгч ихэнх гүйлгээг бэлэн бусаар хийсэн тул 24 хувийн хүү тооцсон, нийт үндсэн хүү 4,654,950 төгрөг болсон бөгөөд үүнээс зээлийн хугацаанд 1,216,418.99 төгрөгийг буцаан төлсөн гэж тайлбарлаж байна. Хариуцагч уг тайлбарыг үгүйсгэсэн аливаа баримт гаргаагүй, гагцхүү хүүгийн хэмжээ хэт өндөр бөгөөд, өөрөөс үл шалтгаалах хүндэтгэн үзэх шалтгааны улмаас зээлийг буцаан төлж чадаагүй гэх агуулгаар мэтгэлцэж байна. Цар тахлын нөхцөл байдал 2019 оноос бий болж, олон удаагийн хөл хорио тогтоон бизнесийн салбарт хүндрэл учирсан гэж үзэх үндэстэй боловч зээлийн үндсэн хүүгийн тохиролцооны хувьд зээлжих эрх бүхий картыг ашиглахаар шийдвэр гаргах тухайн цаг мөчдөө тодорхой ойлголттой байсан, картыг зохих хугацаанд хаалгах арга хэмжээ авч цаашид хүндрэл үүсэхээс сэргийлэх боломжтой байсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж үндсэн хүүг төлөх үндэсгүй гэсэн хариуцагчийн тайлбарыг шүүх хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Түүнчлэн үндсэн хүүг төлөхөөс татгалзан хариуцагчийн тайлбарласан Иргэний хуулийн Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.2, 222 дугаар зүйлийн 222.6,232 дугаар зүйлийн 232.4 дахь хэсгүүдийг энэ тохиолдолд хэрэглэх үндэслэлгүй байна.  

 

Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээнд нэхэмжлэгч нь эрх хэтрүүлсний болон хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй байхаар зохицуулсан боловч Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2.2-т “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно.” гэж,  453 дугаар зүйлийн 453.1-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөхөөр заажээ. Эдгээр зохицуулалтыг маргаан бүхий харилцаанд буулган хэрэглэхийн тулд нэхэмжлэгч нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг хэрхэн тооцож 2,892,918 төгрөг /зээлийн эрх хэтрүүлсний хүү 1,306,184.35, хугацаа хэтрүүлсний хүү 1,586,734.81 төгрөг/ гэх дүнг гаргасан аргачлал хуульд нийцсэн болохыг нотолбол зохино.

Гэвч хэргийг хэлэлцэх шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч “Голомт банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч уг тооцооллыг бүрэн дүүрэн тайлбарлаж чадаагүй, тооцооллын үндэслэл ба аргачлалын талаар өөрөө ч тодорхой ойлголтгүй байна. Тодруулбал, хэргийн баримтаас үзвэл эрх хэтрүүлсэн ба хугацаа хэтрүүлсний хүүг ялгаатай дүнгээр, ялгаатай хоног хугацаанд бодох аргачлал баримталсан байна. Гэвч чухамхүү хэдэн төгрөгөөс хэдий хугацаанд тооцож 1,306,184 төгрөг гаргасан болох, хариуцагч хэдий хэмжээгээр эрх, хэдий хэмжээгээр хугацаа хэтрүүлж байсан, эдгээр хүүгийн төлбөрийг хэд хоногоор тооцуулах үүрэг үүссэн, эдгээрийг тухайлсан ямар аргачлалаар хэрхэн тооцож 1,586,734 төгрөг гаргасан болох нь ойлгомжгүй, картын тооцооллоос нэг мөр эргэлзээгүй тогтоогдох боломжгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасны дагуу энэ асуудлыг эргэлзээгүй нотлох үүрэг хариуцагчид ногдоно. Нэгэнт уг үүргээ хариуцагч биелүүлж чадаагүй, шүүхийн тодруулга, асуултад нэг мөр хариулж чадахгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас энэ хэсэгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Эдгээр үндэслэл, үйл баримтад тулгуурлан нэхэмжлэлийн шаардлагаас 8,688,905 төгрөгт холбогдох хэсгийг хангаж, үлдэх 2,892,919 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.  

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 200,260 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч А.Бээс 153,972 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Г Б” ХХК-нд олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-д заасны дагуу хариуцагч А.Бээс зээлийн гэрээний үүрэгт 8,688,905 төгрөгт холбогдох хэсгийг хангаж, үлдэх 2,892,919 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 200,260 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч А.Бээс 153,972 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Г Б” ХХК-нд олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга, журмын дагуу шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй.

 

  1. Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАЯРМАА