| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дарамын Мягмаржав |
| Хэргийн индекс | 187/2020/0421/Э |
| Дугаар | 1105 |
| Огноо | 2020-09-01 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Б.Соёлмаа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 09 сарын 01 өдөр
Дугаар 1105
2020 09 01 2020/ДШМ/1105
Ц.Ц, Б.Б нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Соёлмаа,
шүүгдэгч Ц.Ц, түүний өмгөөлөгч Б.Гантөмөр,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 2020/ШЦТ/403 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Ц, Б.Б нарын гаргасан давж заалдах гомдлоор тэдэнд холбогдох эрүүгийн 2010000140213 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржав илтгэснээр хянан хэлэлцэв.
1. ..................................., 19....... оны ............ дугаар сарын ..............-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 11 дүгээр байрны 29 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:Ц....................../;
2. .............., 19.......... оны ........... дүгээр сарын ................-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эцгийн хамт Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Их гачуурт, Их амын задгайд оршин суух бүртгэлтэй, /РД:.................../,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 699 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн;
Ц.Ц, Б.Б. нар нь бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 23-ны шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Кашмер холдинг” ХХК-ийн агуулахын хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, 12 кг угаасан ноолуур хулгайлж, 1.320.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Ц.Ц, Б.Баттулга нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: ...................... нарыг бүлэглэн, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Ц.Цийг 2 жилийн хорих ялаар, шүүгдэгч Б.Баттулгыг 2 жил 6 сарын хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан Ц.Ц, Б.Б.... нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, шүүгдэгч Ц.Ц, Б.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Цийн цагдан хоригдсон 2 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Ц.Ц, Б.Б нараас тус бүр 98.000 төгрөг гаргуулан “Кашмер холдинг” ХХК-нд олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Б гаргасан давж заалдах гомдолдоо: “Миний эцэг болох Ж.Төмөртэйгээ хамтдаа Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд оршин суудаг. Миний эцэг Төмөр нь 68 настай, биеийн байдал тааруу, даралт болон зүрхээр хатгуулж өвддөг, өвдөгний зөөлөн эд болон ясны ургалттай, байнга зүрхний болон үе мөчний эм тогтмол хэрэглэдэг. Иймд миний бие аавдаа эм тарианы мөнгө олохын тулд хуучин ажиллаж байсан газраасаа хулгай хийсэн нь үнэн. Тухайн үед би ажилгүй, ажил хайсан боловч олдоогүй. Дээд боловсролгүй, хөдөөний хүн болохоор ажил олдоогүй. Ийм шалтгаануудаас болж хулгай хийж, эцэг болон ах дүү нартаа сэтгэлзүйн дарамт учруулсандаа маш ихээр харамсаж байна. Намайг болон ар гэрийн минь байдлыг харгалзан үзэж, хуулийн хэм хэмжээнд ялыг багасгаж өгнө үү. Миний бие өөрийн эрхээ хамгаалахын тулд гомдол бичсэн. Мөн хохирол гомдлоо бүрэн барагдуулсан. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа маш ихээр ухамсарлаж, байгууллага болон хохирогч болох иргэнд хохирол учруулсандаа маш ихээр харамсан гэмшиж байна.” гэжээ.
Шүүгдэгч Ц.Ц давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа маш их ойлгож, нийгэмд аюултай зүйл хийснээ ухамсарлаж байна. Уг гэмт хэргийг үйлдэхдээ ийм үр дүнд хүрнэ гэж бодоогүй, өөрийн ахархан ухаандаа захирагдан өдий насанд хүрсэн эр хүн би маш их ичиж байна. Иймд гурван хүүхэд, хөгшин ээж, эхнэрийн минь амьдрал ахуйг харгалзан үзэж, хорих ялаас хөнгөлж өгнө үү. Миний хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, улмаар үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон билээ. Миний ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Ц.Цийн өмгөөлөгч Б.Гантөмөр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нарын зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж байсан. Энэ нь шүүгдэгч нар анхнаасаа хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй, гэм буруугаа ухамсарласан, хохирол төлбөрийг төлсөн байдал харагддаг. Хохирлын үнэлгээ дахин гарснаар хохирлын хэмжээ нэмэгдсэн байдаг. Нэмэгдэж гарсан хохирлыг шүүгдэгч нар төлөхөө илэрхийлж амжаагүй байхад анхан шатны шүүх шийдвэрлэсэн харагдсан. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад хохирол төлбөр төлсөн байхыг шаардаж байгаа боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх энэ зүйлд заагаагүй онцгой нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно” гэж заасан. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, хохирол хор уршиг учруулсан байдал, гэмт хэргийн сэдэлт, зорилго нь юу байсан бэ гэдгийг дүгнээд үзэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Ц.Цд 2 жилийн хорих ял оногдуулсан нь чангадаж байна. Шүүгдэгч Ц.Ц нь хулгай хийж амьдралаа залгуулдаг хүн биш, тогтвортой ажил төрөл хийж байсан. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Цд оногдуулсан 2 жилийн хорих ялыг багасгаж, уг ялын 2/1-тэй тэнцэх хэмжээний ял шийтгэлийг оногдуулж өгнө үү. Өнөөдрийн шүүх хуралдаанд хохирлын мөнгө болох 196.000 төгрөгийг төлсөн баримт, нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан талаарх баримтуудыг гаргаж өгч байна.” гэв.
Прокурор Б.Соёлмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.Баттулга, Ц.Ц нарт холбогдох хэргийг анхан шатны шүүх шийдвэрлэхдээ тэдний хувийн байдлыг харгалзсанаас гадна гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг бүрэн төлөөгүй нөхцөл байдлыг харгалзан үзээд 2 жил болон 2 жил 6 сарын хорих ялыг оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
Ц.Ц, Б.Баттулга нар нь бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 23-ны шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Кашмер холдинг” ХХК-ийн агуулахын хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, 12 кг угаасан ноолуур хулгайлж, 1.320.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч байгууллагын төлөөлөгч О.Хишигсүрэнгийн “...2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Кашмер холдинг” ХХК-ийн ноолуур угаах цехэд манай ажилчин Наранбат ороход нэг агуулахын цоожийг эвдсэн байсан. Тэгээд диспетчерийг дуудаж ороход нэг том шуудайтай ноолуурын амыг задалсан, ноолуур нь доошоо асгарсан байсан. Тэгээд хулгай орсныг мэдээд цагдаа дуудсан юм. ...” /хх 41-43/,
шүүгдэгч Ц.Цийн яллагдагчаар өгсөн “...2019 оны 12 дугаар сарын 22-ны өдөр би өөрийн машинаар таксинд явж байхдаа Б.Баттулгатай уулзсан. Б.Баттулга “шинэ жил боллоо, мөнгөний хэрэгцээ байна, бас нүүрс түлээний мөнгө хэрэгтэй байна” гэхэд би бас “надад мөнгө хэрэгтэй байна” гэсэн. Б.Баттулга “Кашмер холдинг” ХХК-иас ноолуур хулгайлж авъя, яаж орж авахыг мэднэ” гэсэн. ...Орой харанхуй болтол Б.Баттулга бид хоёр таксинд явж байгаад 12 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнийн 03 цагийн үед “Кашмер холдинг” ХХК-ийн үйлдвэрийн баруун талд машинаа тавиад хашааг нь даваад том хаалганы доогуур шургаж ороод агуулахын хаалганы цоожийг Б.Баттулга эвдээд бид хоёр орсон. Том шуудайтай ноолуур байсан. Б.Баттулга надад нэг шуудай өгөөд “амыг нь барьж бай” гээд ноолуурыг авч шуудайнд хийсэн. Бид хоёр шуудайнд хийсэн ноолуураа жинлүүр дээр тавьж жинлэхэд 12 кг болж байна гэсэн. Бид хоёр ноолуураа аваад орж ирсэн газраараа буцаад гараад явсан. ...” /хх 94-96/,
шүүгдэгч Б.Баттулгын яллагдагчаар өгсөн “...2019 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Ц.Цтэй хамт таксинд явж байгаад “шинэ жил дөхсөн, мөнгөний хэрэг гараад байна, агуулахад ноолуур байгаа, авъя” гэхэд Ц.Ц “тэгье” гэсэн. Бид хоёр 2019 оны 12 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө 03 цаг өнгөрч байхад Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байдаг “Кашмер холдинг” ХХК-ийн үйлдвэрийн хашааг давж ороод арын хаалганы цоожийг төмрөөр цохиж эвдээд агуулахад байсан шуудайтай ноолуураас уутанд хийж, орж ирсэн газраараа буцаад гарсан. ...” /хх 100-101/ гэх мэдүүлгүүд,
камерын бичлэгт үзлэг хийсэн “...цагаан өнгийн суудлын тэрэг хулгай орсон гэх хаалганы баруун талд 2019 оны 12 дугаар сарын 23-ны шөнө зогсож байв. Үзлэгийг үргэлжлүүлэн хийхэд 2019 оны 12 дугаар сарын 23-ны шөнө 3 цаг 59 минутад машин хөдөлж байгаа нь хяналтын камерт буусан байв. Камер шүүгээд биечилсэн сурвалжлага хийхэд цагаан өнгийн Соната 6 маркийн машин байв. ...” /хх 36-38/ гэх тэмдэглэл,
хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 12-20/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад үндэслэн, шүүгдэгч Ц.Ц, Б.Баттулга нарыг бүлэглэн, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч Ц.Ц, Б.Баттулга нарын “Кашмер холдинг” ХХК-ийн агуулахын хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, 12 кг угаасан ноолуур хулгайлж, 1.320.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүгдэгч Ц.Ц, Б.Баттулга нар нь “...хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж, мөн зүйлийн 1.3-д “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Ц.Цийн өмгөөлөгч Б.Гантөмөр давж заалдах шатны шүүхэд хохирлын 196.000 төгрөг төлсөн баримтыг ирүүлжээ. /2хх 3/
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан бөгөөд шүүгдэгч Ц.Ц, Б.Баттулга нарын анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийг нөхөн төлсөн болон тэдний хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан тэдэнд анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр хөнгөрүүлэн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, шүүгдэгч Ц.Ц, Б.Баттулга нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авах нь зүйтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 2020/ШЦТ/403 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Ц.Цийг 2 жилийн хорих ялаар, шүүгдэгч Б.Баттулгыг 2 жил 6 сарын хорих ялаар тус тус шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Ц.Цийг 1 жилийн хорих ялаар, шүүгдэгч Б.Баттулгыг 1 жил 6 сарын хорих ялаар тус тус шийтгэсүгэй.” гэж өөрчилж, тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
2. Шүүгдэгч Ц.Ц, Б.Баттулга нар нь хохирогч “Кашмер холдинг” ХХК-д хохирлын 196.000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ О.ЧУЛУУНЦЭЦЭГ
ШҮҮГЧ Д.МЯГМАРЖАВ